| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 146/2020/0049/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/61 |
| Огноо | 2020-07-07 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 2020/ШЦТ/61
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сарантуяа даргалж,
Нарийн бичгийн дарга: Ишээ,
Улсын яллагч: Д.Алимаа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Дашцэрэн, П.Дониддолгор,
Шүүгдэгч: Б.Ц-, Б.Д- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б- овогтой Б-гийн Ц-, Т овогтой Б-ийн Д- нарт холбогдох эрүүгийн 1927001170038 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
1. Монгол Улсын иргэн, 1983 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа амьдардаг, Өвөрхангай аймгийн Хархорин сумын ___ багт оршин суух, хаягийн бүртгэлтэй боловч уг хаягтаа оршин суудаггүй, тогтмол оршин суух хаяггүй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд
-Хархорин Сум дахь Сум дундын шүүхийн 2001 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 45 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлд зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар,
-Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2004 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,
-Өвөрхангай аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 2010 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэгдэж байсан Б- овогтой Б-гийн Ц-, /РД:___/,
2. Монгол Улсын иргэн, 1985 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ах нарын хамт Өвөрхангай аймгийн Хархорин сумын ___ гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Т овогтой Б-ийн Д-, /РД:___/,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Шүүгдэгч Б.Ц-, Б.Д- нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын дундуур Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой баг ___ тоотод оршин суух иргэн Д.Ө-ы эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий байшингийн цонхоор нь нууцаар, хууль бусаар нэвтрэн орж эрэгтэй, эмэгтэй хүний хурган дотортой хуучин дээл 2 ширхэг, 8 суваг гардаг тоон төхөөрөмж зэргийг хүч хэрэглэхгүйгээр авч хохирогч Д.Ө-д нийт 1 365 000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ц- мэдүүлэхдээ: Би Б.Д- гэдэг хүнтэй анх удаа өргөн чөлөөнд явж байхад нь таарсан. Дээл зарах гээд явж байсан тухайн дээлийг нь хамт зарсан. Би орон байранд нэвтэрсэн зүйл байхгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д- мэдүүлэхдээ: Би Б.Ц-тэй өргөн чөлөөнд таарсан. Б.Ц- гэрт нь орсон. Би гадаа нь байсан. Хүн харж байсан юм. Авсан дээлээ хамт явж зарсан гэв.
Хохирогч Д.Ө-ы мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“... 2018 оны 10 дугаар сарын дундуур Улаанбаатар хот руу дүүгийн хамт ажил хийх гээд явсан. Тэр хойгуур манай байшингийн цонхоор орж унтлагын өрөөнд байх авдар дотор байсан 2 хурган дээл, 8 суваг гардаг хар өнгийн тоон систем алга болсон байсан. Эрэгтэй хар пүүсүү дээл, эмэгтэй улаан торгон дээл зэрэг алга болсон. Хар өнгийн 8 суваг гардаг тоон систем. Тухайн үед Б.Д- надад хэлэхдээ таныг Улаанбаатар хот руу явсан хойгуур танай байшин руу орж 2 дээлийг Шар Б.Ц-тэй хамт орж авсан. Тэгээд гуталчин О.О-т 1 дээлийг нь хамар П- гэх хүнд 1 дээл нь байгаа талаар хэлсэн. Тухайн хүмүүст хэдэн төгрөгөөр зарсан талаараа надад хэлээгүй. Би хар дээлээ 1 000 000, улаан дээлээ 1 000 000, тоон системээ 60 000 төгрөгөөр үнэлж байна. Гомдолтой байна. 2 дээл болон хар өнгийн 8 суваг гардаг тоон системээ буцааж олж авмаар байна. Би дээл оёулах 50 000 төгрөг, 8 суваг гардаг тоон системийн 36 000 төгрөг, нийт 86 000 төгрөг нэхэмжилж байна шүүх хуралд суухгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-28 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч О.О-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Би яг хэдний өдрийг нь санахгүй байна. 2018 оны 10 дугаар сарын дундуур намайг ажил дээрээ гутал засч байхад архичин Б.Д-, аавыг нь Б- гэх хүний хүү шар гэж дууддаг Б.Ц- нар орж ирсэн. Б.Д- эхлээд ногоон тортой дээл барьж орж ирсэн яг араас нь Б.Ц- орж ирсэн. Б.Д- энэ дээлийг та авчих гээд намайг шалгаагаад байсан тэгэхээр нь би хэний дээл юм гэж асуусан чинь Б.Ц- миний дээл байгаа юм та авчих асуудал байхгүй гэж надад хэлсэн тэгэхээр нь би тэр дээлийг нь уутнаас нь гаргаж үзээд 40 000 /дөчин мянган/ төгрөг байна гэж хэлсэн чинь Б.Д- тэг тэг гээд надаас мөнгө аваад дээлээ үлдээгээд явсан. Би тэр дээлийг хулгайн дээл гэж мэдээгүй Б.Ц-гийн дээл юм байх гэж бодсон. Би дээл худалдаж авсан 40 000 төгрөгөө нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-31 дүгээр хуудас/,
Гэрч М.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Би гэртээ байхгүй байж байгаад ирсэн чинь дээд өргөн чөлөөнд манай аавыг алхаад явж байхад Б.Ц- хойноос нь хүрч ирээд хот руу явах гээд зардлын мөнгө байхгүй гээд мөнгө хэрэгтэй байна гэж араас нь дагаж гүйсээр байгаад гэрт нь очоод гуйсаар байгаад манай талийгаач аав Д-д 40 000 төгрөгөөр зарсан гэж манай аав надад хэлсэн. Манай аав надад хэлэхдээ Б.Ц-гээс одоо юу авхав дээ бид хоёрын дунд ямар нэгэн тооцоо гэх зүйл одоо байхгүй гэж надад хэлсэн. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 56 дугаар хуудас/,
Гэрч Д.Д-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Д.Ө- ах бид хоёр дээд өргөн чөлөөнд Б.Д-тай таараад хэн манай гэрт орж хулгай хийсэн гэж асуусан чинь Б.Ц-тэй хамт Шар буюу Б.Ц- цонхоор орсон би цуг байсан гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 59 дүгээр хуудас/,
Гэрч Ч.О-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Би нөхөр, 5 хүүхдийн хамт ам бүл долуулаа амьдардаг. Б.Ц- гэж хүнийг сайн танихгүй. Манай нөхөртэй хамт цэргийн алба хаасан гэж би сонсож байсан. Б.Ц- нь Хархорин суманд л явж байдаг. Манай нөхрийн нэрийг хүмүүс дуудахдаа Х- гэж дууддаг. Манай нөхрийн нэрийг Б- гэдэг. Б.Ц- нь манай гэрт орж ирдэггүй. Би Хархорин сумын Эрдэнэтолгой баг, ___ тоотод байх хашаандаа хүүхдүүдээ хараад байж байдаг. Манай нөхөр Б- Завхан аймагт хөдөө ажил хийж байгаа. Тухайн газар сүлжээ барьдаггүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 53 дугаар хуудас/,
Гэрч М.Б-ы мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...2018 оны 10 дугаар сард шар хочит Б.Ц-, хамар хочит Б.Д- нар орой 10 цагийн үед манайд ирж бид 3 архи хувааж уусан. Манайд хоночихоод өглөө 09 цагийн үед гараад явсан. Манайд орж ирэхдээ архи барьж орж ирсэн. Өөр янз бүрийн зүйл бариагүй байсан. Архи ууж байхдаа онц зүйл яриагүй. Манайд хоносон өдрөөс хойш ахиж манайд орж ирээгүй. Би Б.Д-, Б.Ц- хоёрыг хэдэн сарын хэдний өдөр орж ирж манайд хоносныг нь сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 54-55 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.Д-ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 89 дүгээр хуудас/,
Хөрөнгийн үнэлгээний “Вендо” компанийн №ӨХЦ19-44 дугаартай дүгнэлт /хх-ийн 34-35 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Ц-, Б.Д- нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын дундуур Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой баг ___ тоотод оршин суух иргэн Д.Ө-ы эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий байшингийн цонхоор нь нууцаар, хууль бусаар нэвтрэн орж эрэгтэй, эмэгтэй хүний хурган дотортой хуучин дээл 2 ширхэг, 8 суваг гардаг тоон төхөөрөмж зэргийг хулгайлсан болох нь
хохирогч Д.Ө-ы мөрдөн байцаалтын шатанд хэрхэн хохирсон талаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 25-28 дугаар хуудас/, иргэний нэхэмжлэгч О.О-, гэрч М.Б-, Д.Д- нарын мэдүүлгүүд /хх-ийн 29-31, 56, 59 дүгээр хуудас/, шүүгдэгч Б.Д-ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн -с хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2-т хуульчилсан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан “Хулгайлах” гэмт хэрэг нь эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах байдлаар илрэх бөгөөд уг авсан эд юмс, эд хөрөнгөө захиран зарцуулах бодит боломж бололцоо бүрдсэнээр хулгайлах гэмт хэрэг төгс үйлдэгдсэнд тооцогдох юм.
Түүнчлэн хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч үйлдсэн нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинж болохоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т хуульчилжээ.
Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч нарын дээрх гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар зүйлчлэн яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлжээ.
Шүүгдэгч Б.Ц-, Б.Д- нар нь дээрх үйлдэлдээ санаатай, шунахай сэдэлттэй хандаж бусдын өмчлөх эрхэд халдсан, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч нар нь санаатай гэмт хэрэг үйлдсэнд тооцогдоно.
Иймд шүүхээс шүүгдэгч Б.Ц-, Б.Д- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан бүлэглэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Ц-, Б.Д- нарын үйлдсэн дээрх хулгайлах гэмт хэргийн -с хохирогч Д.Ө-д 1 365 000 төгрөг, иргэний нэхэмжлэгч О.О-т 40 000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг зэрэг баримтаар тогтоогдсон ба дээрх эд хөрөнгийн үнэлгээ дүгнэлтэд хохирогч болон шүүгдэгч талууд тус тус маргаагүй, шүүгдэгч нар нь хохирлыг нөхөн төлж барагдуулсан ба хохирогч, иргэний нэхэмжлэгч нараас хохирол бүрэн нөхөн төлөгдсөн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар тайлбараа шүүхэд ирүүлсэн тул гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт шүүгдэгч нараас гаргуулах хохирол төлбөргүй байна.
Шүүх, шүүгдэгч Б.Ц-, Б.Д- нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож шийдвэрлэсэн тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших Эрүүгийн хуулийн шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч нарт ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирол төлсөн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэг нь хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар тогтоосон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1-т заасан хүнд ангиллын гэмт хэрэгт хамаарч байгаа боловч гэмт хэргийн -с учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч Б.Д- нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байна.
Иймд шүүх шүүгдэгч Б.Д-д ял оногдуулахдаа дээрх нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2-т заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял буюу 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулав. Харин шүүгдэгч Б.Ц- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөггүй тул түүнд хуулийн дээрх зохицуулалтыг хэрэглэх боломжгүй тул 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т заасан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Б.Ц- нь 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаж, 2020 оны 07 дугаар дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд яллагдагч, шүүгдэгчээр цагдан хоригдсон нийт 57 хоногийг “...баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцох” Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т заасан журмын дагуу түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.
Шүүгдэгч нарт шүүхээс хорих ял оногдуулсан тул шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Ц-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Б.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс өөрчилж, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн Цагдан хорих байр нь засвартай хүн хүлээж авахгүй байгаа тул улсын яллагчийн саналыг харгалзан тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарыг Өвөрхангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байранд цагдан хорихоор шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Д- нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарын бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б- овогтой Б-гийн Ц-, Т- овогтой Б-ийн Д- нарыг бүлэглэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.Д-ыг 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.Ц-г 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар Б.Д-д оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ялыг, Б.Ц-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар Б.Ц-гийн цагдан хоригдсон 59 /тавин ес/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Шүүгдэгч Б.Ц-, Б.Д- нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, тэдний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Ц-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Б.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс өөрчилж, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, Өвөрхангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байранд цагдан хорьсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Д-, Б.Ц- нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.САРАНТУЯА