| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 146/2020/0055/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/62 |
| Огноо | 2020-07-09 |
| Зүйл хэсэг | 24.6.2.3., |
| Улсын яллагч | Б.Энх-Эрдэнэ |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 2020/ШЦТ/62
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сарантуяа даргалж
Нарийн бичгийн дарга: Д.Дуламсүрэн,
Улсын яллагч: Б.Энх-Эрдэнэ,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Гандөш,
Шүүгдэгч: Д.Т- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д- овогтой Д-ийн Т-од холбогдох эрүүгийн 2027000000045 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, 1992 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эхийн хамт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 1 дүгээр баг “___” гэх газар оршин суух, гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Д- овогтой Д-ийн Т- /РД:___/.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Яллагдагч Д.Т- нь 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “___” гэх улсын тусгай хамгаалалттай газрын ойгоос зөвшөөрөлгүйгээр 10 ширхэг “Шинэс” мод хууль бусаар бэлтгэж, 2 метр 30 см урт 15 ширхэг болгон, өөрийн эзэмшлийн ___ улсын дугаартай цагаан өнгийн “hyundai porter” маркийн ачааны тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Т- нь мэдүүлэхдээ:
Би мал хариулж яваад хэдэн хөндлөн модтой таарсан. Төв рүү явахдаа түүнээс 10 ширхэг модыг 15 ширхэг болгон тайраад ачаад явсан. Сумын төв рүү орж зүсүүлж хашааны банз бөглөх гэж байсан. Ингэж явж байгаад цагдаатай таарсан гэв.
Иргэний нэхэмжлэгч Х.Ч-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
"...2020 он гараад бол ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг авч байгаагүй. Тухайн хүний хийсэн үйлдэл гэмт хэрэн болох нь тогтоогдвол Д.Т- нь Байгаль орчинд учруулсан хохирлоо бүрэн барагдуулах ёстой. Тус хүн нь байгаль орчны хяналтын улсын байцаагчийн гаргасан актанд тусгагдсан мөнгөн торгуулийг төлөх ёстой. Тэрийгээ төлчихвөл өөр ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 55 дугаар хуудас/,
Гэрч А.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
"...Намайг очиход Д.Т- өөрийнхөө машинтай байж байсан. Тухайн үед Д.Т- нь машин дээрээ мод аччихсан байсан. Тэгээд намайг ганц 2 мод машин дээрээ ачиж дийлэхгүй байна чи туслаад өг гэхээр нь би Т-ын хамт 4 ширхэг бүдүүн мод ачиж өгсөн. Тэгээд Д.Т- нь машинаа унаад яваад өгсөн..." гэх мэдүүлэг /хх-ийн 56 дугаар хуудас/,
Гэрч Б.У-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
"... Би 2019 онд өөрийнхөө эзэмшлийн ___ улсын дугаартай цагаан өнгийн Портер машин зарсан. Тухайн машиныг нутгийн хүнээс худалдаж аваад өөр дээрээ унаж байгаад Т-од зарсан. Машины бичиг баримт л шилжүүлээгүй болохоос биш тус машин бол Т-ын машин байгаа юм..." гэх мэдүүлэг /хх-ийн 62 дугаар хуудас/,
Гэрч Н.Загарзүсэмийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
"...2020 оны 04 дүгээр сарын сүүлээр байх яг он сар өдрийг нь санахгүй байна. Би тасгийн алба хаагчдын хамт Бат-Өлзий сумын 1 дүгээр багийн “___” гэх газар луу Б- нь гэртээ агсан тавиад байна гэх зөрчлийн дуудлагад явсан. ___ гэх газар луу явж байгаад цагаан өнгийн ___ улсын дугаартай Портер машинтай таарсан. Тухайн машиныг зогсоон шалгахад жолооч нь тухайн тээврийн хэрэгсэлд тохирсон жолоодох эрхийн үндэслэх байхгүй байсан бөгөөд Д.Т- гэх тус машиныг жолоодож явсан. Т- ганцаараа явж байсан. Тэгээд тус машины ачаа тээшийг шалгахад саарал өнгийн берзинтээр бүтээсэн бүтээлэгтэй байсан бөгөөд бүтээлгэний 2 метр гаран урттай гэмээр шинэс моднууд тайраад аччихсан байсан модныхоо бичиг баримтыг шалгуулна уу гэхэд гарал үүслийн гэрчилгээ зөвшөөрөл байхгүй. Хашааны хөндөл хийх гэж байгаа юм би гэрээ барих гээд байгаа юм гэж ярьж байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 57 дугаар хуудас/,
Гэрч С.Д-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
"...Т- нь сургуульд сурч байгаагүй. Эхнэр аваагүй ээжийнхээ хамтаар хөдөө ___ гэх газар мал маллаж амьдардаг. Ер нь дуу цөөнтэй даруухан хүүхэд байгаа юм. Айлын бага хүүхэд нь байгаа юм дээрээ 2 ахтай ах нар нь хөдөө мал маллаад амьдардаг. Ээж Д- нь тэтгэвэрт байдаг бөгөөд даралт ихтэй бие жаахан муутай эмчийн хяналтад байдаг..." гэх мэдүүлэг /хх-ийн 58 дугаар хуудас/,
Гэрч О.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
"...Т- нь сургуульд сурч байгаагүй. Хүнтэй дотно ярьж чаддаггүй ичимхий бүрэг хүүхэд байгаа юм. Одоо бол ээж Д-тэй хамтаар хөдөө ___ гэх газар мал маллаж амьдардаг. Ер нь дуу цөөнтэй даруухан хүүхэд байгаа юм. Т- нь өөрөө эхнэр хүүхэд аваагүй. Ээж Д- нь тэтгэвэрт байдаг бөгөөд даралт ихтэй бие жаахан муутай эмчийн хяналтад байдаг. Т- архи дарс уугаад байдаггүй төлөв даруухан л хүүхэд байгаа юм..." гэх мэдүүлэг /хх-ийн 59 дүгээр хуудас/,
Гэрч Т.Ж-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
"...Т- нь миний хариуцсан багийн иргэн байгаа юм. Надтай бол хамаатан садан бол биш ээж Д-гийн хамт хөдөө ___ гэх газар мал маллаж амьдардаг. Би Т-ыг хүүхэд байхаас нь мэднэ сургууль соёлд сурч байгаад 2 дугаар анги төгссөн байх. Айлын бага хүүхэд байгаа юм. Одоогоор эхнэр аваагүй байгаа. Цэргийн албанд явж байгаагүй. Зан байдлын хувьд дуу цөөнтэй даруухан л хүүхэд, найз нөхөд гээд байх хүн цөөн, архи дарс уугаад байдаггүй төлөв даруухан л хүүхэд байгаа юм..." гэх мэдүүлэг /хх-ийн 60 дугаар хуудас/,
Өвөрхангай аймаг сум дундын ойн ангийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 33 дугаартай
“...Өвөрхангай аймгийн Ойн сан нь 1-р мужид хамрагддаг. Энэ мод нь хуурай шинэс модны төрөлд багтах бөгөөд нэг шоо метр модны суурь үнэлгээ нь 168 655 төгрөг, нойтон шинэс модны төрөлд багтах бөгөөд нэг шоо метр модны суурь үнэлгээ нь 570 216 төгрөг Байгаль орчин, аялал жуулчлалын Сайдын 2020 оны А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтад заасны дагуу зүсмэл материалын модны ашиглалтын гарцыг итгэлцүүр 1.8-аар тооцдог. Бөөрөнхий хуурай шинэс модны хохирлын үнэлгээ 0.351 шоо метр х 168655 = 59198 х 1.8 = 106556 төгрөг. Бөөрөнхий хуурай шинэс модны хохирлыг үнэлгээ 0.551 шоо метр х 570216= 314189 х 1.8 = 565 540 төгрөг.
1. Д.Т-ын бэлтгэсэн 6 ширхэг мод нь хэрэглээний хуурай шинэс, 9 ширхэг мод нь хэрэглээний нойтон шинэс модны төрөлд орно.
2. 2 метрээс дээш урттай шинэс модыг зүсэж гэрийн унь, хана хийдэг.
3. Экологи эдийн засгийн нийт үнэлгээ 672 096 төгрөг болж байна...” гэх дүгнэлт /хх-ийн 14 дүгээр хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 1-2 дугаар хуудас/,
Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-12 дугаар хуудас/
Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, оршин суугаа газрын хаягийн тодорхойлолт, шүүгдэгчийн ээж О.Д-гийн хүсэлт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, оршин суугаа хаягийн тодорхойлолт, /хх-ийн 66, 67, 70, 85 дугаар хуудас/,
Хохирол төлсөн баримт /хх-ийн ... хуудас/ зэрэг болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Т- нь 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “___” гэх улсын тусгай хамгаалалттай газрын ойгоос зөвшөөрөлгүйгээр 10 ширхэг “Шинэс” мод хууль бусаар бэлтгэж, 2 метр 30 см урт 15 ширхэг болгон, өөрийн эзэмшлийн ___ улсын дугаартай цагаан өнгийн “hyundai porter” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь
Иргэний нэхэмжлэгч Х.Ч-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 55 дугаар хуудас/, гэрч А.Б-, Н.Загарзүсэм нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд /хх-ийн 56, 57 дугаар хуудас/, Өвөрхангай аймаг сум дундын ойн ангийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 33 дугаартай Экологи эдийн засгийн үнэлгээ /хх-ийн 14, дүгээр хуудас/, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Д.Т-ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2-т хуульчилсан.
Шүүгдэгч Д.Т- нь улсын тусгай хамгаалалттай газрын ойгоос мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас Д.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон, үндэслэлтэй ба шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй.
Иймд шүүгдэгч Д.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3-т зааснаар зөвшөөрөлгүйгээр улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ”Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.
Гэмт хэргийн улмаас байгаль орчинд экологи эдийн засгийн үнэлгээгээр 672 096 төгрөгийн хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байна.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-т ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно гэж заасан байх тул хэргийн улмаас учирсан хохирлыг 672 096 төгрөгийг 3 дахин нэмэгдүүлж 2 016 288 төгрөг гэж тогтоосон ба шүүгдэгч нь хохирлын зарим болох 900 000 төгрөгийг төлсөн байх тул үлдэх 1 116 288 төгрөгийг Д.Т-оос гаргуулж Бат-Өлзий сумын Байгаль орчин уур амьсгалын санд оруулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Т-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь Ч.Д- гэж хүний нэр дээр байдаг боловч уг автомашин нь Д.Т-ын эзэмшлийнх болох нь гэрч Ч.Д-, Б.У-, О.Д- нарын мэдүүлгээр тогтоогдсон.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг хураан авахаар заасан ба шүүгдэгч Д.Т- нь гэмт хэрэг үйлдэхдээ өөрийн эзэмшлийн 3 000 000 төгрөгийн үнэлгээ бүхий ___ улсын дугаартай цагаан өнгийн “hyundai porter” маркийн тээврийн хэрэгслийг ашигласан байна.
Иймд нийтийн ашиг сонирхол, аюулгүй байдлыг цаашид гэмт халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой тул дээрх тээврийн хэрэгслийг хурааж улсын орлого болгох, мөн хууль бусаар бэлтгэсэн 90 000 төгрөгийн үнэлгээ бүхий 15 ширхэг шинэс мод нь гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл тул улсын орлого болгох, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 25 000 төгрөгийн үнэлгээ бүхий хуучин цахилгаан хөрөөг тус тус улсын орлого болгох нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг нь нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар тогтоосон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-т заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч байгаа ба шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын заримыг төлсөн, үлдсэнийг төлөхөө илэрхийлсэн, Д.Т- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Т-ыг тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргүүдийг хүлээлгэн, тэнссэн хугацаанд бүртгэж, хяналт тавьж ажиллахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.
Харин шүүгдэгч Д.Т-ыг тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тайлбарлах нь зүйтэй.
Д.Т- нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн бичгийн баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д- овогтой Д-ийн Т-ыг зөвшөөрөлгүйгээр улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3-т зааснаар Д.Т-од хорих ял оногдуулахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.2, 2.5-т зааснаар Д.Т-ыг тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-т зааснаар үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авагдсан Д.Т-ыг тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар Д.Т-ыг тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргүүдийг биелүүлэхгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулж болохыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Д.Т-ын эзэмшлийн ___ улсын дугаартай 3 000 000 төгрөгийн үнэлгээ бүхий портер маркийн тээврийн хэрэгсэл, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хууль бусаар бэлтгэсэн 90 000 төгрөгийн үнэлгээ бүхий 15 ширхэг шинэс мод, 25 000 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө 1 ширхгийг тус тус улсын орлого болгосугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-т зааснаар Д.Т-оос ойн санд учруулсан хохиролд 1 116 288 төгрөг гаргуулан Бат-Өлзий сумын Байгаль орчин уур амьсгалын санд олгосугай.
8. Д.Т- нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Т-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.САРАНТУЯА