Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 2020/ШЦТ/24

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж,

Улсын яллагч: Н.Өнөрбаяр,

Нарийн бичгийн дарга: Г.Ишээ

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөш

Шүүгдэгч С.Т- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Д- овогт С-ын Т-эд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2027000120009 дугаартай, 146/2020/0021/Э индекстэй хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1988 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, яс үндэс халх, боловсролгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, малчин, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 2 дугаар баг, ___ гэх газар оршин суух хаягтай, гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, ___ регистрийн дугаартай, Д- овогт С-ын Т-

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Т- нь 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 03-ны өдөр хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 2 дугаар багийн нутаг “___” гэх улсын тусгай хамгаалалттай газрын ойд зөвшөөрөлгүйгээр 20 ширхэг нойтон хуш, 6 ширхэг хуурай хуш мод нийт 26 ширхэг хуш мод хууль бусаар бэлтгэсэн, иргэн Б.Б-ын эзэмшлийн ___ улсын дугаартай УАЗ фурагон маркийн тээврийн хэрэгслээр гарал үүслийн гэрчилгээгүйгээр тухайн модыг тээвэрлэсэн гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар шүүгдэгч С.Т- улсын тусгай хамгаалалттай газрын ойд зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдон тогтоогдож байна Үүнд:

Шүүгдэгч С.Т- шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Би зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэм буруутай гэв.

Иргэний нэхэмжлэгч М.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “___” гэх газар нь Улсын тусгай хамгаалалтанд авсан газар мөн. Иргэн С.Т- нь миний хариуцсан талбайгаас зохих зөвшөөрөлгүй хуш мод бэлтгэсэн байна. Байгаль орчинд учирсан хохирлыг төлчихвөл өөр ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 18-19-р хуудас/

Гэрч Б.Я-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би одоо Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Байгаль орчны улсын байцаагчаар ажиллаж байна. Би сумын ЗДТГ-т харьяалагдан ажилдаг. Миний ажлын чиг үүрэг бол байгаль орчны чиглэлээр гарал үүслийн гэрчилгээ, мод модон материал бэлтгэх эрхийн бичигт хяналт тавьдаг. Энэ ажлыг хийгээд 15 жил болж байна.  Тусгай хамгаалалтай газар нутаг гэдэг нь улсын тусгай хамгаалалтанд байгаа газар юм. Тусгай хамгаалалтай газар нутаг гэдгийг дотор нь 4 ангилдаг. Дархан цаазат газар, Байгалийн нөөц газар, Байгалийн цогцолборт газар, Байгалийн дурсгалт газар гэж ангилдаг. Манай сумын газар нутгийн хувьд бол Байгалийн цогцолбор газар байгаа юм. Байгалийн цогцолборт газраас бол тухайн газарт амьдарч байгаа ард иргэд ахуйн зориулалтаар мод, модон материал бэлтгэж болдог. Харин ашиг олох, худалдах борлуулах зорилгоор мод бэлтгэж болохгүй. Орчны бүс гэдэг нь тусгай хамгаалалттай газрын гадна талд байрлаж байгаа газрыг орчны бүс гэдэг. Энэ бүсээс мод, модон материал бэлтгэж болдог. Гэхдээ зөвшөөрөлтэй хуулийн дагуу бэлтгэдэг гэх мэдүүлэг /хх-ийн 83-84 дүгээр хуудас/,

Гэрч Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: ...Би 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өглөө хөдөө Зэгэстэй гэх газраас малын өвс, тэжээл авах гээд Бат-Өлзий сумын төв орсон. Суманд ирээд байж байтал манай хамаатны ах С.Т- гэх хүн миний утас руу залгаад зөвшөөрөлтэй түлээний мод сумын төв рүү оруулах гэсэн юм. Чи машинаа манайд хүргээд өгөөч гэж хэлэхээр нь би найз болох Б- гэх залуутай хамт С.Т-ийн хөдөө байдаг гэр болох ___ гэх газар луу явсан. С.Т- ахын гэрт орой 22 цагийн орчимд очсон. Намайг С.Т- ахын гэрт очиход эхнэр болон 2 хүүхэд нь байсан. Тэгээд би машинаа өгчихөөд сумын төв рүү эргээд найз Б-гийн хамт С.Т- ахын мотоциклийг унаад явсан. Би найз Б-тай хамт Бат-Өлзий сумын 8 булан гэх газар очоод байж байтал С.Т- ах аавтайгаа цуг араас ирсэн. Бид найман булан гэх газар мотоциклийн дугуй хагарсан гээд яриад байж байтал цагдаа нар машиныг шалгаад машин болон С.Т- ахыг аваад явсан. Би тухайн модыг зөвшөөрөлгүй гэж мэдээгүй. С.Т- ах надад хэлэхдээ зөвшөөрөлтэй мод гэж хэлсэн болохоор би машинаа аваачиж өгсөн. Цагдаа нарыг шалгаж байхад би зөвшөөрөлгүй бэлтгэсэн мод гэж мэдсэн. С.Т- ахын жолоодож явсан ___ улсын дугаартай фургон маркийн тээврийн хэрэгсэл нь Д.А- гэж хүний нэр дээр байдаг. Би тухайн тээврийн хэрэгслийг Д.А- гэж хүнээс 2019 оны 11 дүгээр сард 1,800,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Өөрийнхөө нэр дээр шилжүүлж чадаагүй байгаа гэх мэдүүлэг /хх-ийн 85-86 дугаар хуудас,

Гэрч Н.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт:  ... Намайг шөнө 23 цагийн үед сумын төв явахаар С.Т- дээр очиход ганцаараа цагаан өнгийн фургон унасан ард нь мод аччихсан байсан. Надад хэлэхдээ хэдэн хөндөл мод тайраад түлээний мод аччихлаа гэж хэлсэн. Өөр зүйл хэлээгүй. Бид хоёр сумын төв рүү орж ирж байхад найман булангийн үзүүр гэх газарт мотоциклийн дугуй хагарсан гээд 2 залуу таарсан. Тэр 2 залуу манай хүү С.Т-ийн мотоциклийг уначихсан явж байсан. Тэр хоёртой уулзаад зогсож байтал цагдаа нар ирээд С.Т-ийн ачиж явсан модыг шалгасан. Тухайн мод нь зохих зөвшөөрөлгүй байсан тул цагдаа нар шалгахаар аваад явсан. Би тухайн ачиж явсан модыг зөвшөөрөлгүй гэж мэдээгүй. Надад хэлэхдээ гэрийнхээ урд талаас бэлтгэсэн гэж хэлж байсан гэх мэдүүлэг, /хх-ийн 89-90 дүгээр хуудас/  

Гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: “...2020 оны 01 дүгээр сарын 05-ны орой 18 цаг өнгөрч байхад Д.Б- ах манайд ирээд надад хэлэхдээ манай хамаатны ах түлээний мод сумын төв рүү оруулж ирэх гэж байгаа. Хоёулаа манай ахынд очоод машин хүргэж өгчихөөд ирье гэж хэлсэн. Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын ___ гэх газар луу Д.Б-ын ___ улсын дугаартай машинтай явсан. Бид хоёр С.Т- гэх айлд очсон. Бид хоёрыг С.Т- ахынд очиход гэрийн гадаа болон ойр орчимд бэлдсэн мод харагдаагүй. Тэр ахыг Б- гэж дууддаг юм байна. Д.Б- ах бид хоёр С.Т- гэх айлд машинаа үлдээчихээд С.Т- ахын улаан өнгийн Даюун маркийн мотоциклийг унаад буцаад сумын төв рүү явсан. Сумын төв дээр бид нарыг уулзаад зогсож байхад цагдаа нар ирээд шалгахад машин дотор мод ачиж байгааг мэдсэн. Тухайн модыг зөвшөөрөлгүй гэж мэдээгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 91-92-р хуудас/

Гэрч Д.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт:  Би ___ улсын дугаартай УАЗ фургон маркийн тээврийн хэрэгслийг 2019 оны 10 дугаар сард дүү Д.Б-д худалдсан. Тухайн машин нь миний нэр дээр байгаа боловч манай дүү Д.Б-ын эзэмшлийн машин бичиг баримтаа шилжүүлж амжаагүй  гэх мэдүүлэг, /хх-ийн 93 дугаар хуудас/,

Гэрч Д.Д-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: С.Т- нь манай багийн малчин. Одоогоор эхнэр, хүүхдүүдтэйгээ хамт сумын төв дээр амьдардаг. Хавар мал төллөх үеэр хөдөө мал дээрээ гардаг. Хөдөөний гэр нь ___ гэх газарт байдаг. Архи дарс огт уудаггүй. Төлөв даруу зантай. Үг дуу цөөтэй. Багийн иргэдийн дунд нэр хүнд сайтай. Амьдрал ахуй боломжийн хүн байгаа. Урд нь гэмт хэрэгт зөрчилд холбогдож байгаагүй гэх мэдүүлэг /хх-ийн 94 дүгээр хуудас/,

Гэрч Д.П-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт:   Би 2020 оны 01 дүгээр сарын эхээр сумын төвд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх үед шөнийн 23 цаг өнгөрч байхад сумын төвийн ___ гэх газар ___ улсын дугаартай Фургон маркийн автомашин сумын төв рүү орох чиглэлтэй явж байхад нь зогсоож шалгасан. Очоод шалгахад манай сумын иргэн болох С.Т- гэж хүн тус машиныг жолоодож явсан. Мөн тухайн машины урд БНХАУ-д үйлдвэрлэсэн улаан өнгийн Даюун маркийн мотоциклийн хажуу талд хоёр залуу зогсож байсан. Тэр мотоциклийнх нэг дугуй нь хагарсан байдалтай байсан. Фургон машины хаалгыг онгойлгон шалгаж үзэхэд хуш моднууд ачаатай байсан. Машины жолоочоос модныхоо бичиг баримтыг шалгуулна уу зөвшөөрөлтэй юу гэж асуухад зөвшөөрөл байхгүй гэсэн тул тухайн тээврийн хэрэгслийг Цагдаагийн хэсгийн тээврийн хэрэгсэл түр саатуулах байранд саатуулсан гэх мэдүүлэг, /хх-ийн 102-р хуудас/,

Сум дундын ойн ангийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 02 дугаартай экологи эдийн засгийн үнэлгээ тогтоосон дүгнэлтэнд:

1. Тус мод нь хэрэглээний нойтон хуш модны төрөлд орно.

2. Экологи эдийн засгийн нийт үнэлгээ 936846 төгрөг болж байна гэжээ. /хх-ийн 23 дугаар хуудас/

Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын БОХ-ын улсын байцаагчийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн №15-04-0336/02 дугаартай нөхөн төлбөр тогтоох тухай актанд: Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын иргэн С.Т-эд Сум дундын ой ангийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн №02 тоотоор ойд учруулсан хохирлын экологи эдийн засгийн үнэлгээ болох 936846 төгрөгийн үнэлгээг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх заалтыг үндэслэн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлж 2,810,538 төгрөгөөр нөхөн төлбөр оногдуулахаар шийдвэрлэв гэжээ.  /хх-ийн 20 дугаар хуудас/,

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 2 дугаар багийн нутаг "___” гэх газар нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарагдаж байгааг харуулсан Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 24 тоот албан бичиг, хилийн зураглал /хх-ийн 14-15 дугаар хуудас/,

Шүүгдэгч С.Т-ийн зөвшөөрөлгүй мод бэлтгэхдээ ашигласан 30.000 төгрөгийн үнэ бүхий БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цахилгаан хөрөө, 10.000 төгрөгийн үнэ бүхий модон иштэй сүх зэргийг хураан авах мөрдөгчийн санал, прокурорын тогтоол, хураан авсан болон үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, үнэлгээ, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /хх-ийн 58-67, 74 дүгээр хуудас/,

2.4 см урттай 26 ширхэг хуш модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, үнэлгээ, модыг Бат-Өлзий сумын үнэлгээний комисст үзлэгийн тэмдэглэлээр хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 76-78 дугаар хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, прокурорын тогтоолыг танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 1-5 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 11 дүгээр хуудас/,

Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-13 дугаар хуудас/,

Шүүгдэгч С.Т-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх шалгах хуудас /хх-ийн 103 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч С.Т- нь 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 03-ны өдрийг хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 2 дугаар багийн нутаг “___” гэх улсын тусгай хамгаалалттай газрын ойд зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн нь дээрх нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байх тул улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч С.Т- нь байгаль орчинд 936846 төгрөгийн хохирол учруулсныг Байгаль орчныг хамгаалах тухай хуульд 3 дахин нэмэгдүүлж нөхөн төлбөр ногдуулахаар заасны дагуу 2810538 төгрөгийн нөхөн төлбөр ногдуулж акт тавьсан нь хуульд нийцэж байна.

Уг нөхөн төлбөрийг шүүгдэгч С.Т- нь 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын сум хөгжүүлэх сангийн 100100355401 тоот дансанд төлж барагдуулсан байна. /хх-ийн 21 дүгээр хуудас/ 

Харин  нөхөн төлбөрийг Байгаль орчныг хамгаалах тухай хуульд зааснаар Байгаль орчин уур амьсгалын санд оруулахаар хуулийн зохицуулалттай байхад Бат-Өлзий сумын сум хөгжүүлэх сангийн торгуулийн дансанд оруулсныг залруулж Хамрын ам гэх газар нь тусгай хамгаалалттай газар нутаг тул Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд харъяалагдаж байх тул  шүүгдэгчийн төлсөн нөхөн төлбөр 2810538 төгрөгийг Бат-Өлзий сумын Сум хөгжүүлэх сангийн торгуулийн данс болох 100100355401 дансанд тушаасныг залруулж Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 100101813001 тоот данс руу шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц оруулахыг Бат-Өлзий сумын Засаг даргад үүрэг болгох нь зүйтэй.

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Засаг даргын тамгын газрын хашаанд хадгалагдаж байгаа 300000 төгрөгийн үнэлгээтэй 26 ширхэг хуш модыг худалдан борлуулж үнийг улсын орлогод оруулж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цахилгаан хөрөө 1, модон иштэй сүх 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц худалдан борлуулж үнийг улсын орлогод оруулж, шүүгдэгч С.Т-ийн эзэмшлийн 5,000,000 төгрөгийн үнэ бүхий 5 адуу битүүмжилсэн тогтоолыг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 4,000,000 төгрөгийг улсын орлогод оруулах хүртэл хугацаанд хэвээр үлдээв.

Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан ___ улсын дугаартай УАЗ-69 маркийн тээврийн хэрэгсэл нь бусдын өмчлөлийнх болох нь гэрч Д.Б-, Д.А- нарын мэдүүлэг, тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогдож байх тул Вендо ХХК-ний ___ улсын дугаартай УАЗ-69 маркийн тээврийн хэрэгслийг 4000000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээгээр  4,000,000 төгрөгийг шүүгдэгч С.Т-ээс гаргуулж улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.

Учир нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл нь бусдын өмчлөлийнх бол үнийг гаргуулж, өөрийнх нь өмчлөлийнх бол тээврийн хэрэгслийг хурааж улсын орлогод оруулах хуулийн зохицуулалттай.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар шүүгдэгч  анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлсөн, байгаль орчинд учруулсан гэм  хорыг арилгахаар хичээж суулгац худалдан авч тарихаар бэлдэж байгаа зэргийг харгалзан түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг хүлээлгэж  шийдвэрлэв.

Шүүгдэгч С.Т-эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв.

 

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл, 36.5 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл. 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д- овогт С-ын Т-ийг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зөвшөөрөлгүйгээр  мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д- овогт С-ын Т-ийг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 06 /зургаан/ сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Т-эд тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг хүлээлгэж, үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүй болохыг тус тус дурдсугай.

5. Шүүгдэгч С.Т-ийн хохирол, нөхөн төлбөрт төлсөн 2810538 төгрөгийг Бат-Өлзий сумын Сум хөгжүүлэх сангийн торгуулийн данс болох 100100355401 дансанд тушаасныг залруулга хийж Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 100101813001 тоот данс руу шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц оруулахыг Бат-Өлзий сумын Засаг даргад үүрэг болгосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар 3,4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт тус тус зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 30,000 төгрөгийн үнэлгээтэй цахилгаан хөрөө 1 ширхэг, 10,000 төгрөгийн үнэлгээтэй модон иштэй сүх 1 ширхэг, гэмт хэрэг үйлдэж олсон 300,000 төгрөгийн үнэлгээтэй  хөрөнгө болох 20 ширхэг нойтон хуш мод, 6 ширхэг хуурай хуш модыг худалдан борлуулж,  үнийг тус тус улсын орлогод оруулж, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан бусдын өмчлөлийн тээврийн хэрэгсэл болох ___ улсын дугаартай УАЗ-69 маркийн тээврийн хэрэгслийн үнэ 4,000,000 төгрөгийг шүүгдэгч С.Т-ээс гаргуулж улсын орлогод оруулсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дах хэсэгт зааснаар Д.Б-ын эзэмшлийн ___ улсын дугаартай УАЗ-69 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, шүүгдэгчийн эзэмшлийн 5,000,000 төгрөгийн үнэ бүхий 5 тооны адуу битүүмжилсэн тогтоолыг шүүгдэгчийг 4,000,000 төгрөгийг улсын орлогод оруулах хүртэл хугацаанд хэвээр үлдээсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Т-эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Э.ДУЛМАА