Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 505

 

 

       2020       05           26                                    2020/ШЦТ/505

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг;

улсын яллагч: Б.Мөнгөншагай;  

шүүгдэгч: Н.Б (өөрийгөө өмгөөлж);

шүүгдэгч: А.Д (өөрийгөө өмгөөлж);

шүүгдэгч: Б.Н(өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,        

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Б, А.Д, Б.Н нарт холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

1. Монгол Улсын иргэн, 1995 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Тэнгис” авто угаалгын газар угаагч ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Н.Б,

 

2. Монгол Улсын иргэн, 1997 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мод боловсруулах дизайнер мэргэжилтэй, “Тэнгис” авто угаалгын газар угаагч ажилтай, ам бүл 3, эх, ах нарын хамт урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б.Н

 

3. Монгол Улсын иргэн, 1999 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Тэнгис” авто угаалгын газар угаагч ажилтай, ам бүл 5, эцэг, эх, эгч нарын хамт урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, А.Д   

           

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Н.Б, Б.Н, А.Д нар бүлэглэж Сүх-

баатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тамир” дэлгүүр дотор 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө 03 цагийн орчимд хохирогч С.Энхболдыг зодож “биед зүүн хацар, зүүн доод зовхинд зөөлөн эдийн няцрал, зүүн доод зовхинд цус хуралт, зүүн хацарт шарх, зулгаралт, дээд уруул, уруулын дотор салстад шарх, баруун тохойд зулгаралт гэмтэл” эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Б мэдүүлэхдээ: Би тухайн үед дэлгүүрээс гарч ирэхэд Наранбаярыг зодож байсан. Наранбаярыг өмөөрөөд тэр хэдтэй муудалцаж зодолдсон. Тэнд байгаа хүмүүс бид нарыг салгаад явуулсан. Зам гараад явж байтал хохирогч залуу чаддаг юм бол хүрээд ир гээд орилоод байсан. Тэгэхээр нь бид гурав очсон. Тэгээд нилээн зодоон болсон. Дэлгүүр дотор зодсон юм байхгүй. Дэлгүүрийн хаалга хаах гэж байсан чинь хохирогч залуу өөрөө түлхээд ороод ирсэн. Цагдаа ирээд Дэмбэрэлдодовыг аваад явсан. Наранбаяр бид хоёр араас нь өөрсдөө очсон” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Н мэдүүлэхдээ: “Би хохирогчийн өгсөн мэдүүлэгтээ санал нийлэхгүй байна. Хохирогч мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэг өгөхдөө гурван удаа өөрчилсөн байдаг. Эхлээд Энхжаргал гэх эмэгтэй мөрдөгчид дээр мэдүүлэг өгсөн. Болсон үйл явдлыг өөрөөр яриад хүн нэмж хэлсэн. Тэр хүмүүс өөрсдөө асуудлыг эхэлсэн. Улаан куртиктэй байсан нь намайг өшиглөөд хажуунаас өөр нэг нь цохисон. Цагдаа ирэхэд тэд нар цагдаа нартаа зодолдох гээд байсан. Өөр нэмж хэлэх зүйлгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Д мэдүүлэхдээ: “Өөрсдөө асуудлыг эхлээд бид нарыг хохироосон. Эхлээд 2.000.000 төгрөг нэхэмжилсэн. Дараа нь 1.500.000 төгрөг өгчих гэсэн. Бид нар ярилцаж тохиролцсон боловч хохирогч таг чимээгүй болсон. Тэр хүн эхнэрийгээ зодоод эмэгтэй хүнд гар хүрч байсан. Хохирогчид ил гэмтэл үүссэн боловч бид нарт ч гэсэн гэмтэл үүссэн” гэв.   

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч С.Энхболд /хх-ийн 5, 6-7/, гэрч З.Оргил /хх-ийн 16-17/, гэрч Ч.Ундармаа /хх-ийн 18/, гэрч Ц.Мягмардорж /хх-ийн 19/, гэрч Б.Бөхжавхлан /хх-ийн 21/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 1433 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 24-25/, С.Энхболдын цусанд шинжилгээ хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 20, 24-ний өдрийн 614, 613 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд /хх-ийн 30-37/, хохирлын баримтууд /хх-ийн 38-41/, Б.Н-н яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 62-63/, Н.Б-н яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 64-67/, А.Д-н яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 68-69/, Н.Б-н хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 74-78, 101/, Б.Н-н хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 79-83, 99/, А.Д-н хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 84-88, 100/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:      

 

Шүүгдэгч Н.Б, Б.Н, А.Д нар нь бүлэглэж Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутагт байрлах “Тамир” дэлгүүр дотор 2020 оны 01 дүгээр сарын 10-11-нд шилжих шөнө 03 цагийн орчимд иргэн С.Энхболдыг зодож “биед зүүн хацар, зүүн доод зовхинд зөөлөн эдийн няцрал, зүүн доод зовхинд цус хуралт, зүүн хацарт шарх, зулгаралт, дээд уруул, уруулын дотор салстад шарх, баруун тохойд зулгаралт гэмтэл” эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсанүйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

           

хохирогч С.Энхболдын /хх-ийн 5, 6-7/: “...2020 оны 01 дүгээр сарын 10-нд шилжих шөнө 02 цагийн үед найз Ц.Мягмардорж, Билгүүн, эхнэр Ч.Ундармаа нарын хамт “Тамир” дэлгүүрээс архи авахаар очсон. Нэг мэдсэн дэлгүүрийн үүдэнд Ч.Ундармаа хүнтэй хэрэлдэж байхаар нь бид хоёр очоод болиулаад Билгүүн Ч.Ундармааг аваад цаашаа явсан. Ц.Мягмардорж бид хоёр үлдээд “нэг шил архи авъя, карт уншуулна” гэсэн чинь “та нарт зарахгүй” гээд жаахан маргаан үүссэн. Бид нар такси барих гээд зам гараад алхаад явж байтал араас нөгөө залуучууд дуудаад “наанаа байж бай” гэсэн. Машинтай 2 цагдаа ирээд “хэрүүл хийхгүй, явцгаа” гэж хэлээд яваад өгсөн. Тэгтэл нөгөө 6 залуу ирсэн. Барзгар нүүртэй залуу нь тоосго барьж ирээд “цохино” гэж далайсан. Тоосгоо хаяад цээж рүү өшиглөж унагаагаад нүүр лүү нилээн хэд өшиглөсөн. Тэр үед нүдний дороос цус гарсан. Хар хувцастай өндөр залуу бас нүүр, цээж, нуруу руу өшиглөсөн. Би “та нар яасан гэж намайг зодож байгаа юм” гэж хэлэхэд “зайл” гэж хэлсэн. Би “та нар тийм чадалтай юм бол дахиад зод” гэсэн чинь барзгар царайтай залуу нь “дагаад хүрээд ир” гэхээр нь би дагаж яваад “Тамир” дэлгүүр лүү орсон. Намайг оруулаад хаалгаа цоожилсон. Ороод арзгар үстэй залуу нь миний нүүр лүү гараараа нэг удаа цохихоор нь нүүрээ дараад тонгойсон. Хажуунаас нүүр лүү нилээн хэд өшиглөсөн. Хар хувцастай өндөр залуу архины шилээр цохих гээд далайгаад байсан. Намайг хана налуулж зогсоогоод тэд нар тойроод зогсож байсан. Би нүүрээ хамгаалаад гараараа дарсан байсан. Тэгтэл нэг нь /хэнийг нь мэдэхгүй/ нүүр лүү цохиход хажуу талаараа газар унасан. Унасан чинь нэг нь уруул руу өшиглөсөн. Энэ тэндээс өшиглөөд дэвсээд байсан. Нэг нь босгоод “цусаа угаа” гэж хэлэхээр нь цусаа угааж байтал доороос “наад залуугаа хурдан гарга гээд байна, авгай нь цагдаа дуудаад байна” гэж хэлсэн. Тэгсэн намайг түлхэж гаргаад хаалгаа хаасан. Би нүүрээ хамгаалаад гараараа дарсан байсан болохоор яг хэдэн хүн өшиглөсөн гэдгийг мэдэхгүй байна. Санаж байгаагаар 2-3 залуу тойроод зогсож байсан. Толгойн томограф 130.000 төгрөг, эм тариа 10.000 төгрөг нийт 140.000 төгрөгийн зардал гарсан. Одоо сорвины тос авна...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Ч.Ундармаагийн /хх-ийн 18/: “...2020 оны 01 дүгээр сарын 10-11-нд шилжих шөнө 02 цагийн үед найз Билгүүн, Доржоо, нөхөр С.Энхболд бид дөрөв архи авах гэж “Тамир” дэлгүүр дээр очсон. Үүдэнд зогсож байсан хар куртиктай өндөр залууд картаа өгсөн чинь хажуунаас Доржоо бас картаа өгөхөөр нь “эндээс уншуулчих” гэсэн чинь тэр залуу “нэг карт уншина” гэхээр нь би “юу гээд байгаа юм” гээд маргасан чинь миний цээж рүү “цаашаа” гээд түлхсэн. Архиа аваагүй зам гараад зогсож байхад 4-5 залуу ирж байсан. Араас 2-3 залуу ирээд нөхрийг цохиод байсан. Би салгах гээд оролдсон. ...Цагдаа дуудах гээд утсаар ярьж байх хооронд манай нөхөр дэлгүүр лүү орсон байсан. Тэгээд цагдаа ирээд хаалгыг нь цохиод байсан. Манай нөхөр гараад ирсэн. Нүүр нь нил цус болсон байсан. Маргаан болсон замын эсрэг талд такси барих гэж байхад араас ирсэн залуучууд найз Доржоо, Билгүүн хоёрыг зодоод байсан. Туранхай, хар куртиктай залуу нь манай нөхрийн гуя руу 1 удаа өшиглөөд, цээж рүү нь цохиод байсан...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Ц.Мягмардоржийн /хх-ийн 19/: “...2020 оны 01 дүгээр сарын 10-11-нд шилжих шөнө найз С.Энхболд, Ч.Ундармаа, Билгүүн нарын хамт архи авах гэж тэнд очсон. Нэг мэдсэн Ч.Ундармаа руу нэг залуу орилж чарлаад байхаар нь “та нар согтуу хүмүүстэй харьцаж байж аятайхан үйлчилчих” гэж хэлсэн. Тэгээд маргалдаж байгаад бид нар такси барих гээд зам гарсан. Тэгсэн 4-5 залуу араас хүрч ирээд бид нарын толгой руу цохичихоод буцаад явчихаар нь С.Энхболд араас нь очоод “та нар ямар их хүн зоддог юм, зодолдъё” гэсэн чинь татаж оруулаад хаалгаа түгжсэн. Бид нар нүдээд онгойлгохгүй болохоор нь цагдаа дуудсан. 10 орчим минутын дараа С.Энхболдыг түлхэж гаргаад хаалгаа түгжсэн. С.Энхболдын уруул шанаа нь хавдсан, цус болсон байсан...” гэх мэдүүлгээр,

 

Б.Н-н яллагдагчаар мэдүүлсэн /62-63/: “...2020 оны 01 дүгээр сарын 10-11-нд шилжих шөнө 02 цагийн Н.Б, А.Д бид 3 архи авах гэж 57 дугаар сургуулийн замын урд талын автобусны буудал дээр очоод Н.Б, А.Д хоёр тэнд байсан зочид буудал руу “өрөө байна уу” гэж үзэх гээд дотогш орсон. Би гадаа нь тамхи татаад зогсож байхад хажууд хүмүүс маргалдаад байсан. ...дэлгүүрийн гадаа орилж чарлаад бид нар руу дайраад байсан. Тэгээд маргалдсан...” гэх мэдүүлгээр

 

Н.Б-н яллагдагчаар мэдүүлсэн /64-67/: “...Б.Н-ыг нэг эмэгтэй үстээд, улаан куртиктай залуу хажуу талаас нь өшиглөж байхаар нь би очоод салгах явцдаа тэр залуугийн нүүр рүү нь гараараа хэд хэд цохисон. Б.Н бид хоёр цагдаар ирэхээрнь сандраад дотогш ороод хаалгаа түгжих гээд хохирогч залууг “цаашаа бай” гээд түлхсэн чинь надтай заамдалцаад ороод ирсэн. ...Тэр залуу заамдаад тавихгүй болохоор нь “тавь” гэж хэлээд нүд, нүүр рүү нь хэд хэд цохисон. ...дэлгүүрийн дотор хажуунаас нэг гар орж ирээд хохирогч гэх залууг бас цохисон. Дэлгүүр дотор ороход хохирогч  гэх залуу, А.Д, Б.Н бид нар байсан. Өөр хүн байгаагүй. ...Б.Н, А.Д бид 3 тухайн залуугийн нүүрэн тус газар цохиж учруулсан. Тухайн үед бид 3 ярилцаад “намайг зодсон болгож мэдүүлэг өгье” ярьсан. Б.Н, А.Д нар тухайн залууг цохисон талаараа ярихгүй байгаа байх. Би хэргийг даагаад тэр 2 надад хохирлын мөнгийг цуг барагдуулна гэж ярьсан юм...” гэх мэдүүлгээр,

 

А.Д-н яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 68-69/: “...бид 3 гадаа гараад хохирогч гэх залуутай маргалдсан. ...Би дүгнэлт дээр тусгагдсан гэмтлийг хүлээн зөвшөөрч байна. Би хэн хэрхэн яаж учруулсанг мэдэхгүй байна...” гэх мэдүүлгээр,

 

С.Энхболдын биед “зүүн хацар, зүүн доод зовхинд зөөлөн эдийн няцрал, зүүн доод зовхинд цус хуралт, зүүн хацарт шарх, зулгаралт, дээд уруул, уруулын дотор салстад шарх, баруун тохойд зулгаралт” бүхий гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 1433 дугаар дүгнэлтээр  /хх-ийн 24-25/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

           Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирогчийг 3 хүн зодсоныг хохирогч, шүүгдэгч, гэрч нар хэн аль нь мэдүүлсэн, хохирогч нь бусдад зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

           

Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар хохирогчийг бүлэглэн зодож, үйлдэлээсээ учирч болох хор уршгийг ухамсарлан ойлгож, учрах хор уршгийг урьдаас мэдсэн, улмаар уг хор уршигт зориуд хүргэсэн буюу хохирогчийг хөнгөн гэмтээсэн Б.Н, Н.Б, А.Д нарын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул тэднийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг шийдвэрлэхдээ мөрдөн байцаалтаар гаргуулах үндэслэл, хэмжээ нь тогтоогдсон бүрэн нөхөн төлөгдөөгүй хохирол, гэм хор болох нийт 130.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж буюу тус бүрээс 43.333 төгрөгийг гаргуулж хохирогч С.Энхболдод олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Мөн хохирогч С.Энхболд нь гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл  мэндэд учирсан хохиролтой холбоотой шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Б.Н, Н.Б, А.Д нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор тус бүрийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н, Н.Б, А.Д нар нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурдаж байна.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно. 

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Н.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн” гэм буруутайд,

 

 шүүгдэгч Б.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн” гэм буруутайд,

 

шүүгдэгч А.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар

шүүгдэгч Б.Ныг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван  зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван  зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Дыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван  зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н, Н.Б, А.Д нар торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч Б.Н, Н.Б, А.Д нар нь урьд цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Б.Н, Н.Б, А.Д нараас нийт 130.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж буюу тус бүрээс 43.333 төгрөгийг гаргуулж хохирогч С.Энхболдод олгох, хохирогч нь эмчилгээтэй холбоотой шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлсний эцэст Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н, Н.Б, А.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.МӨНХ-ЭРДЭНЭ