Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 506

 

 

     2020       05          26                                    2020/ШЦТ/506    

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг;

улсын яллагч: Ц.Амгаланбаатар;

хохирогч: Г.Дондов;

шүүгдэгч: Б.О /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.О-т холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 29-ний  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1978 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймагт төрсөн, 42 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сантехникийн инженер мэргэжилтэй, үсчин ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт, ял шийтгэлгүй, Б.О

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Б.О 2020 оны 03 дугаар сарын 09-ний шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг 46/3 дугаар байрны жижүүрийн өрөөнд автомашины зогсоол дээр өөр автомашин байрлууллаа гэх шалтгаанаар Г.Дондовтой маргалдаж толгой руу цүнхээр 2 удаа, нүүр хэсэг рүү гараараа 2-3 удаа цохиж биед баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, алимны салстад цус харвалт, хамрын нуруунд зулгаралт буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр байсан. Би ажлыхантайгаа хуралд орчихоод орой нь гадаадаас ирсэн найзтайгаа 2 пиво уусан.  Пиво уусан учраас дуудлагын жолооч дуудсан. Байрны доод талын гражийг манайх  6 сараар 1.000.000 төгрөгөөр түрээсэлсэн. Г.Дондов ах удаа дараа 5256  дугаартай машиныг тавьсан байдаг. Тэр өдөр  тухайн зогсоол дээр машин тавьсан байхаар нь “та энэ машинаа холдуулаад өгөөч” гэсэн чинь “түлхүүр нь байгаа, өөрөө гарга” гээд өөдөөс хэрүүлийн чанартай хэлсэн. Тэгэхээр нь би “пиво уучихсан байна, дуудлагын жолоочоор машинаа бариулж ирсэн учраас та өөрөө гаргаад өгчих” гэж хэлсэн. Тэгээд намайг “хэдэн цагт ирж байгаа юм согтуу, галзуу авгай минь” гээд шууд хэрэлдээд эхэлсэн. Бид хоёр өмнө ерөөсөө ингэж хэрэлдэж байгаагүй. Г.Дондов ах байнгын халамцуу байдаг. Намайг түрүүлж түлхэж гаргасан. Би хаалганых нь гадна унасан. Хаалгаа онгойлгохгүй болохоор нь хаалга руу өшиглөсөн. Тэгтэл миний гинжийг тасартал хоолойноос боосон. Хэр барагтаа миний гинж тасардаггүй. Намайг гэзэгдэж дараад 10-аад минут болсон. Энэ хүн анхнаасаа тэр машиныг тавиулсан юм чинь гаргах үүрэгтэй. 1.000.000 гаруй төгрөгийн гинжээр хохирсон. Тасарсан нь ч олдоогүй. Би гомдолтой байгаа. Надад өөр ярих юм байхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Дондов мэдүүлэхдээ: “...2020 оны 03 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө Б.О согтуу ирсэн. “Машин холдуулаад өг” гэхээр нь “түлхүүр нь байгаа, чи өөрөө машинаа гаргаад авчих” гэж хэлсэн. Тэгсэн чинь өөдөөс агсраад цохиод авахаар нь би цээжнээс нь мушгиж унагаагаад дарж байгаад цагдаа дуудсан. Гаргаад байж байтал буцаж орж ирээд дайраад нүд рүү цохисон. Заамдаж мушгиад “чи одоо боль” гэж хэлсэн. Нөхөр нь бууж ирээд “та машиныг нь холдуулахгүй яасан юм” гэхээр нь би “согтуу хүнтэй учраа олж чадахгүй байна” гэдгээ хэлсэн. Цагдаагийн газар дээр очоод мэдүүлэг өгөөд Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэсээс нэгдүгээр эмнэлэг рүү алхаж очтол “өглөө ажиллана” гэхээр нь гэртээ ирсэн. Шүүх эмнэлэг дээр үзүүлсэн чинь толгойндоо гэмтэл учирсан байх магадлалтай учраас томографт үзүүлэх шаардлагатай гэсэн. Тухайн үедээ мөнгөгүй байсан учраас томографт үзүүлж чадаагүй. Цагдаа дээр хүсэлт өгсөн. Би энэ хүнийг боогоогүй. Энэ хүн “чам шиг жижүүрт цагдаа ирдэггүй юм” гээд өөрөө цагдаа дуудсан. “Өвгөн минь чамайг ална шүү” гээд хашгирч орилсон. Толгойгоо томографт харуулсны дараа хохирлоо нэхэмжлэх хүсэлтэй байна. Надад ямар гэмтэл учирсныг мэдэхгүй байна. Өнөөдрийг хүртэл надаас уучлалт гуйгаагүй...” гэв.  

 

  Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Дондовын мэдүүлэг /хх-ийн 4, 5/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 3443, 3444 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд /хх-ийн 13-14, 15-16/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 18-19/, Б.О-н яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 34-35/, Б.О-н хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 36-43/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүгдэгч Б.О 2020 оны 03 дугаар сарын 09-ний шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг 46/3 дугаар байрны жижүүрийн өрөөнд иргэн Г.Дондовтой “автомашины зогсоол дээр өөр автомашин байрлууллаа” гэх шалтгаанаар маргалдан зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

 

хохирогч Г.Дондовын /хх-ийн 4, 5/: “...2020 оны 03 дугаар сарын 09-ний орой 46/3 дугаар байрны жижүүрийн өрөөнд ганцаараа амарч байхад манай байрны оршин суугч Чимгээ гэх эмэгтэй орж ирээд “машинаа тавья” гэхээр нь “...машины түлхүүр хамран дээр нь байгаа, чи тавьчихаач” гэсэн чинь өөдөөс “хуц” гээд дайраад хаалга татаж орж ирээд миний толгой хэсэг рүү цүнхээрээ цохисон. Тэгээд дахиад 2-3 удаа нүүр хэсэг рүү цохих үед хамгаалаад баруун гарыг нь барьж аваад зүүн гараараа ...хувцаснаас нь базаж аваад хажуу тийш унагаад дээрээс нь дарж байгаад ширээн дээр байсан утсаа аваад цагдаа дуудсан. ...удалгүй нэг залуу ирэхээр нь “энэ хүүхэн чинь надад агсам тавиад зодоод болохгүй байна” гэсэн чинь аваад гарсан. ...буцаж орж ирээд цүнхээрээ, гараараа цохиод хөлөөрөө өшиглөөд байсан. Би “чи боль архи чинь яасан гардаггүй юм бэ, би цагдаа дуудсан” гэж хэлсэн. ...Тэгээд гэнэт миний хажуугаас ...баруун нүд хэсэг рүү нэг удаа цохисон...” гэх мэдүүлгээр,

 

Б.О-н яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн хх-ийн 34-35/: “...2020 оны 03 дугаар сарын 8-9-нд шилжих шөнийн 02 цаг өнгөрч байх үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 46/3 дугаар байрны гражинд машинаа тавих гэтэл урд талын зогсоол дээр зогсох ёсгүй машин зогссон байсан. Би жижүүрийн өрөө рүү очоод Г.Дондов гэх хүнд “энэ машинаа холдуул” гэж хэлсэн. Тэгтэл “чи хэдэн цагт ирж байгаа юм өөрөө холдуул, машин дээр түлхүүр нь байгаа” гэж хэлсэн. ...би хаалгыг нь 2-3 удаа өшиглөсөн чинь Г.Дондов “хаалгаа онгойлгосон” гэхээр нь “та хурдан машинаа холдуул, би хүний машинд хүрч чадахгүй” гэж хэлсэн чинь “балиар согтуу архичин авгай” гэхээр нь миний уур хүрээд бие хэсэг рүү нь цүнхээрээ 2-3 удаа цохисон. Г.Дондов гэх хүн миний цээж хэсгээс боож аваад өөр лүүгээ татаад доош нь хэвтүүлэх гээд байхаар нь би нүүр хэсэг рүү нь 1 удаа цохисон. Намайг үстээд доош нь дараад цагдаа руу дуудлага өгсөн...” гэх мэдүүлгээр,

 

Г.Дондовын биед “баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, алимны салстад цус харвалт, хамрын нуруунд зулгаралт” бүхий гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 3443 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 13-14/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь хохирогчийг зодсон болохыг шүүгдэгч, хохирогчийн хэн аль нь зөрүүгүй гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь бусдад зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан Б.О-н гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Дондов “толгойгоо томографт харуулсны дараа хохирлоо нэхэмжилнэ. Надад ямар гэмтэл учирсныг мэдэхгүй байна” гэж мэдүүлсэн бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой баримтаа гаргаж өгөөгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Харин хохирогч Г.Дондов нь гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан эмчилгээтэй холбоотой шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 700 нэгж буюу /1 нэгж=1000 төгрөг/ 700.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдаж байна.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно. 

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-ийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч Б.О нь урьд цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Хохирогч Г.Дондов нь гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан эмчилгээтэй холбоотой шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.МӨНХ-ЭРДЭНЭ