Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 2020/ШЦТ/25

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж,

Улсын яллагч: Н.Өнөрбаяр,

Нарийн бичгийн дарга: Т.Энхжин, 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Гандөш

Шүүгдэгч: П.Ц- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Н.Өнөрбаярын шүүгдэгч Ш- овогт П-ын Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1927002530010 дугаартай, 146/2020/0020/Э индекстэй хэргийг 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1983 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, малчин, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар баг, ___ тоотод оршин суух, гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, РД:___ регистрийн дугаартай, Ш- овогт П-ын Ц-

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч П.Ц- нь 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 5 дугаар багийн “___” гэх газраас нойтон шинэс  мод хууль бусаар бэлтгэсэн, өөрийн эзэмшлийн ___ улсын дугаартай киа пронтер маркийн тээврийн хэрэгслээр гарал үүслийн гэрчилгээгүйгээр тухайн модыг тээвэрлэсэн гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар шүүгдэгч П.Ц- нь 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 5 дугаар багийн “___” гэх газраас нойтон  шинэс мод хууль бусаар бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Үүнд: Шүүгдэгч П.Ц-ийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт: ...Би Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “___” гэх газраас мод ачаад явж байгаад цагдаад саатуулагдсан . Миний буруу. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна гэв.

Иргэний нэхэмжлэгч Н.Пүрэвтогтохын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: П.Ц-ийн мод бэлтгэсэн газар миний хариуцсан талбайд ордог. Мод бэлтгэсэн газар нь Улсын тусгай хамгаалалттай газар нутагт орохгүй харин орчны бүсэд ордог газар байгаа юм. Байгаль орчинд учруулсан хохирлоо бүрэн төлөөд барагдуулчихвал өөр ямар нэгэн гомдол санал байхгүй... гэх мэдүүлэг, /хх-ийн 20 дугаар хуудас/,

Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,

Гэрч Н.Лхагвасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...2019 оны 09 дүгээр сард байсан санагдаж байна. Тухайн үед би Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын цагдаагийн хэсгийн цагдаа зохицуулагч ажилтай байсан. Тэр өдөр сумын төв дээр эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа ___ улсын дугаартай Пронтер маркийн тээврийн хэрэгслийг зогсоон шалгасан. Тухайн тээврийн хэрэгсэл нь зөвшөөрлийн баримт бичиггүй мод тээвэрлэж явсан зөрчилтэй байсан учраас тээврийн хэрэгслийг журмын хашаанд ачиж явсан модтой нь хамт саатуулж жолоочийг нь эрх бүхий албан тушаалтанд шалгуулахаар шилжүүлэн өгсөн... гэх мэдүүлэг, /хх-ийн 60-р хуудас/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 65-68 дугаар хуудас/,

Гэрч Д.Пүрэвдоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: “... 2019 оны 09 дүгээр сарын эхээр би сумын төвд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Эргүүлийн үүрэг гүйцэтгэх үед шөнийн 22 цаг өнгөрч байсан байх сумын төвийн ___ гэх газар явж байхад ___ улсын дугаартай пронтер маркийн автомашин сумын төвд явж байсан бөгөөд шалгахаар очиход шууд 1 хашаа руу яваад орчихсон. Би ардаас нь буюу тухайн хашаа руу ороход тухайн машин дээрээ мод ачсан байсан тул машиныг жолоодож явсан жолоочоос нь модныхоо зөвшөөрлийн бичгийг шалгуулна уу гэхэд зөвшөөрлийн бичиггүй байсан... гэх мэдүүлэг, /хх-ийн 59 дүгээр хуудас/,

Өвөрхангай аймгийн Сум дундын ойн ангийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 22 дугаартай экологи эдийн засгийн үнэлгээ тогтоох дүгнэлтэнд:

1 П.Ц-ийн бэлтгэсэн мод нь хэрглээний нойтон шинэс модны төрөлд орно.

2.Тухайн модыг бэлтгэсэн гэх ___ гэх газрын ойн сан нь ОХБЦГазрын ойн санд орохгүй.

З.Экологи эдийн засгийн нийт үнэлгээ 572832 төгрөг болж байна гэжээ. /хх-ийн 23 дугаар хуудас/,

2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 15/04/336/04 дугаартай Улсын байцаагчийн акт /хх-ийн 21 дүгээр хуудас/

Шүүгдэгч П.Ц-ийн мод тээвэрлэхдээ ашигласан ___ улсын дугаартай киа пронтер маркийн автомашиныг битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 29-31 дүгээр хуудас,/

Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 78 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч П.Ц- нь 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 5 дугаар багийн “___” гэх газраас нойтон шинэс мод хууль бусаар бэлтгэж, ___ улсын дугаартай пронтер маркийн тээврийн хэрэгслээр гарал үүслийн гэрчилгээгүйгээр модыг тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн нь дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд  шүүгдэгч П.Ц-ийг  зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх тул шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан торгох ялаар шийтгэв.

Шүүгдэгч П.Ц- нь нойтон шинэс мод хууль бусаар бэлтгэж, өөрийн эзэмшлийн ___ улсын дугаартай киа пронтер маркийн тээврийн хэрэгслээр гарал үүслийн гэрчилгээгүйгээр модыг тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдэж, байгаль орчинд 572,832 төгрөгийн хохирол учруулсан, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д зааснаар ойн санд учруулсан хохирлыг тухайн төрлийн байгалийн нөөцийн экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлбөр ногдуулахаар заасан байна.

Шүүгдэгч нь 1718496 төгрөгийн нөхөн төлбөрийг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгчээс 1718496 төгрөгийг гаргуулж Бат-Өлзий сумын Байгаль орчин уур амьсгалын санд оруулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч анх удаа хөнгөн ангилалын гэмт хэрэг үйлдснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бичиг баримт хураагдаж ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, бусад эрхийг нь хязгаарлаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч П.Ц- нь гарал үүслийн гэрчилгээгүйгээр хууль бусаар мод тээвэрлэх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн эзэмшлийн 3,000,000 төгрөгийн үнэ бүхий ___ улсын дугаартай, киа пронтер маркийн автомашиныг ашигласан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар уг тээврийн хэрэгслийг хурааж хохирлыг нөхөн төлүүлж, илүүг нь улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.

Вендо ХХК-ний  автомашны техникийн үнэлгээний тайлангаар ___ улсын дугаартай, киа пронтер маркийн тээврийн хэрэгслийг 3000000 /гурван сая/ төгрөгөөр үнэлсэн байна. /хх 35-36 хуудас/

Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан эд мөрийн баримтаар хураагдсан 30,000 төгрөгийн үнэлгээтэй 1 ширхэг цахилгаан хөрөө, 100,000 төгрөгийн үнэлгээтэй 13 ширхэг шинэс модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүйд тооцож, худалдан борлуулж үнийг улсын орлогод оруулах нь зүйтэй.

Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид авсан хувийн батгалгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.

 

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл, 36.5 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл. 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш- овогт П-ын Ц-ийг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч Ш- овогт П-ын Ц-ийг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д  зааснаар шүүгдэгч П.Ц-с байгаль орчинд учруулсан хохиролын нөхөн төлбөрт 1,718,496 төгрөгийг гаргуулж Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын байгаль орчны санд оруулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан эд мөрийн баримтаар хураагдсан 30,000 төгрөгийн үнэлгээтэй 1 ширхэг цахилгаан хөрөө, 100,000 төгрөгийн үнэлгээтэй 13 ширхэг шинэс модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц битүүмжилсэн прокурорын тогтоолыг тус тус хүчингүйд тооцож, худалдан борлуулж үнийг улсын орлогод оруулсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгчийн өмчлөлийн ___ улсын дугаартай киа пронтер маркийн 3,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийг хурааж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц битүүмжилснийг хүчингүйд тооцож, худалдан борлуулж үнийг хохирол төлүүлж, илүү гарсныг улсын орлогод оруулсугай.

7. Шүүгдэгч энэ хэрэг цагдан хоригдоогүй, бичиг баримт хураагдаж ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, бусад эрхийг нь хязгаарлаагүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Э.ДУЛМАА