| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2020/0421/Э |
| Дугаар | 513 |
| Огноо | 2020-05-27 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., |
| Улсын яллагч | Г.Цогтгэрэл |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 513
2020 05 27 2020/ШЦТ/513
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг;
улсын яллагч: Г.Цогтгэрэл;
хохирогч: Э.Батдорж, түүний өмгөөлөгч Л.Очбаяр;
шүүгдэгч: Л.М, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг;
шүүгдэгч: Б.Ч, түүний өмгөөлөгч Д.Энхтунгалаг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ч, Л.М нарт холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:
1. Монгол Улсын иргэн, 1968 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, бетон арматурчин мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ “Ви Си Эйч Трейд” ХХК-д харуулын ажилтай байсан, одоо эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, УО68111012 регистерийн дугаартай, Б.Ч
2. Монгол Улсын иргэн, 1966 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Баянхонгор аймгийн Баацагаан суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт урьд Төв аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2002 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 145 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлийн 222.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 123.675 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Л.М
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч Б.Ч, Л.М нар нь бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жи” зочид буудлын гадна хохирогч Э.Батдоржийг “...машинаа олон хоног гадаа орхилоо, холдуулсангүй...” гэж маргалдаж нүүрэн тус газар нь гараараа цохиж, газар унасан байхад нь дээрээс нь өшиглөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжпэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ч мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 08 дугаар сарын 26-нд ажил хүлээж авсан. Өглөө ажил дээр Л.М бид хоёр цуг байж байгаад Л.М манай өрөөнөөс гараад явсан. Би араас нь гарсан чинь Л.М хохирогч хоёр маргалдаад, хэрэлдээд түлхэлцээд байж байсан. Хохирогч хойшоо ухрахдаа машиныхаа толийг нугалсан. Хохирогч Л.М-г цохиод авах шиг болохоор нь би баруун гараа зангидаад баруун хацар руу нь нэг удаа цохисон. Тэгээд хохирогч доошоо тонгойж суугаад нүднээс нь цус гарч байсан. Хохирогч нэг удаа орилоход хажуу талын зочид буудлаас нэг залуу гүйж ирсэн. Тэгээд цагдаа хүрч ирээд Л.М, хохирогч хоёрыг аваад явсан. Би өрөөндөө ороод байж байтал удалгүй хаалга тогшсон. Онгойлготол хохирогч ахтайгаа байсан. “Энэ намайг зодсон” гээд хохирогч миний баруун хөл рүү өшиглөсөн. Ах нь “энэ яахаараа энд байж байдаг юм, цагдаа дууд” гээд цагдаа дуудсан” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.М мэдүүлэхдээ: “...2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр эхнэрийнхээ ажил дээр хогийг нь машинд ачуулахаар очсон. Тэгээд жижүүр Б.Ч-тай ярьсан чинь “энэ машин хогны машин тавьдаг зогсоол дээр тавиад 2-3 хоночихлоо, ачдаг машин дуудаж ачуулдаг юм уу” гэж хэлсэн. Би гараад үүдэнд байж байсан чинь Э.Батдорж буудлаас гараад машин дээрээ ирэхэд нь “миний дүү машинынхаа цонхон дээр дугаараа тавихгүй яасан юм, чиний машин 2-3 хоносон, ачуулна гээд байж байна” гэж хэлээд зогсон байтал Б.Ч гарч ирж харагдсан. Миний араар явж очоод цохисон. Цохих үед нүдний шил нь унахаар нь тонгойгоод авч өгч байгаа харагдсан. Би ерөөсөө гар хүрээгүй, ойртоогүй. Тэгээд байж байтал цагдаа ирээд аваад явсан. Намайг эрүүлжүүлэхэд хийсэн” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Батдорж мэдүүлэхдээ: “...2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр машинаасаа юм авах гээд гарсан чинь Б.Ч гэх хүн “пизда минь машинаа авахгүй яасан юм, ачуулах байсан юм” гэж хэлсэн. Б.Мөнх-Эрдэнэ нь ирээд намайг нилээн хэд дэвссэн. Ямар шалтгаанаар цохисныг нь мэдэхгүй. Эхлээд Б.Ч гэх хүн намайг цохисон. Нилээн согтуу байсан учраас намайг зодох гээд дайраад байсан. Мөн цагдаагийн хажууд цохисон. 15.859.855 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ нь эмнэлгийн зардлууд байгаа. Хагалгаа, нөхөн сэргээх эмчилгээ, ажилгүй байсан хугацааны цалин, гар утас, нүдний шил хагалсан төлбөрүүд багтаж байгаа...” гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Э.Батдорж /хх-ийн 6-8, 9-12/, гэрч И.Баатарцогт /хх-ийн 17/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 10347 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 22/, мөн хүрээлэнгийн дүрс бичлэгт шинжилгээ хийсэн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 4272 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 28-32/, материалаар хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1163, 1365 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 33-35, 36-41/, шинжээч Ц.Нандинцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 52/, хохирогчийн эрүүл мэндтэй холбоотой баримтууд /хх-ийн 54-81/, хохиролтой холбоотой баримтууд /хх-ийн 86-87, 88-97, Б.Ч-ын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх- ийн 116-120, 138, 140, 144/, Л.М-н хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 124-130, 139, 167, 170-172, 192-193/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 159-165/, гэрч Л.Энхболдын мэдүүлэг /хх-ийн 166/, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах мөрдөгчийн тогтоол /хх-ийн 184-189/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 196-197/, Л.М-н яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 107-108, 109-110, 202-203/, Б.Ч-ын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 111-113, 114-115, 204-205/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Ч, Л.М нар нь бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байрлах “Жи” зочид буудлын гадна иргэн Э.Батдоржийг “...машинаа олон хоног гадаа орхилоо, холдуулсангүй...” гэж маргалдан зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:
хохирогч Э.Батдоржийн /хх-ийн 6-8, 9-12/: “...2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо “Жи” зочид буудалд Монгол Улсад аялаж байгаа жуулчдыг оруулж өгчихөөд гарч ирээд буудлын хажуу талын зогсоол дээр өөрийн машин дээрээ очсон. Хойд тээшийн хаалгаа онгойлгох үед “Жи” зочид буудлын хажуу талын “MARQ 27” баарны 2 хамгаалагчаас нэг нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байсан. Харуул нь “пизда минь машинаа зайлуулаач, ...машиныг чинь ачуулах байсан юм” гэж хэлэхээр нь би “ачуулах нь яасан юм бэ” гэж хэлсэн. Тэгсэн чинь эрүүл хамгаалагч нь намайг түлхээд миний нүүр хэсэг рүү цохисон. Яг хаашаа аль хэсэгт цохисныг мэдэхгүй байна. Намайг түлхэх үед миний гар утас гарнаас уначихсан. ...би түлхэгдээд арагшлах үедээ өөрийн машины толийг нь хойшоо нугалчихсан. Тэгээд би хариу үйлдэл үзүүлж цохих гэтэл хажуу талаас согтуу хүн нь гарч ирээд намайг тэр 2 нийлж байгаад газар унагасан. Тэгээд газар унасан байх үед миний нүүр лүү олон удаа өшиглөсөн. Тэгээд нүднээс цус гараад байсан учраас хэн нь хэдэн удаа өшиглөснийг мэдэхгүй байна. Тэгээд цагдаа ирээд цагдаагийн машинд согтуу хүнтэй нь цуг суугаад явсан. Тухайн согтуу хүн намайг “шүрүүпдэж ална” гээд элэг хэсэг рүү 2-3 удаа цохисон...” гэх мэдүүлгээр,
гэрч И.Баатарцогтын /хх-ийн 17/: “...Би тухайн өдөр жуулчдаа “Жи” зочид буудлын гадаа буулгаад сандлаа хойшоо болгож байгаад хэвтэж байсан чинь хүмүүс маргалдах шиг болсон. ...би босоод машинаасаа буугаад харсан чинь манайд орчуулагч хийдэг Э.Батдорж явган суучихсан хамраас нь цус гарчихсан байсан. Тэр үед Э.Батдоржийн хажууд 2 хүн зүгээр зогсож байсан. Тэр үед Э.Батдорж “цагдаа дуудаарай, энэ 2 намайг зодчихлоо” гэж хэлсэн. Тэр хоёр хүн ажлын өрөө рүүгээ яваад орчихсон. ...нэг нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, нэг нь эрүүл байсан. ...баруун нүднийх нь доод хэсэгт шалбарчихсан байсан...” гэх мэдүүлгээр,
гэрч Л.Энхболдын /хх-ийн 166/: “...2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр манай байгууллага жуулчидаа “Жи” зочид буудалд буулгасан. Тэр үед манай хөтөч Э.Батдорж автобуснаас буугаад жуулчдыг оруулж өгсөн. ... “Маркү” баарны өнцөг хэсэгт манай компанийн нэг автобус зогсож байсан. Жолоочоор нь Баатараа ах явж байсан. ...Автобус дотроо хэвтэж байсан чинь манай хөтөч залуу орилох шиг болсон. ...Э.Батдорж нүдээ дараад доошоо явган суучихсан байсан. Хажууд нь манай жолооч ах Баатар зогсож байсан. Өөр үл таних 2 эрэгтэй хүн цаана нь зогсож байсан. ...нэг нь согтуу, нэг нь эрүүл байсан. ...согтуу залуу нь гараа зангидчихсан байдалтай Баатараа ах бид хоёр руу дайраад “ална” гээд байсан. Үл таних 2 залуу “машинаа аваад явцгаа” гээд байсан. ...Э.Батдоржийн баруун нүднийх нь доод зовхи хэсэг нь язарч ангайчихсан, нүд нь час улаан болчихсон, доороо хавдчихсан байсан. Нүднийх нь доод зовхи хэсгээс цус гоожоод байсан...” гэх мэдүүлгээр,
Э.Батдоржийн биед “баруун нүдний ухархайн доод ханын хугарал, баруун нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, шарх, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамар ясны хугарал, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дух, уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт” бүхий мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 10347 дугаар шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 22/,
мөн хүрээлэнгийн “...№10347 тоот дүгнэлт тухайн үедээ үндэслэлтэй байна. Э.Батдоржийн биед “гэмтлийн шалтгаант нүүрний гурвалсан мэдрэлийн эмгэгшил, баруун нүдний ухархайн доод ханын хугарал, тархи доргилт, баруун зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, шарх, хамрын нуруу, баруун хацар, уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий учирчээ. Э.Батдоржийн биед учирсан гэмтлийн шалтгаант нүүрний гурвалсан мэдрэлийн эмгэгшил нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь дангаараа болон нийлээд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1365 дугаартай шинжээчдийн дүгнэлт /хх-ийн 36-41/, хохирогчийн эрүүл мэндтэй холбоотой баримтууд /хх-ийн 54-81/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 159-165/, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах мөрдөгчийн тогтоол /хх-ийн 184-189/ зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, өөрийг нь зодсон хүмүүсийг хохирогч шууд заасан, хохирогч, шүүгдэгч нар өөр хоорондоо маргалдсаныг гэрч нар гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь шүүгдэгч нарт зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Хохирогчийг зодож, үйлдэлээсээ учирч болох хор уршгийг ухамсарлан ойлгож, учрах хор уршгийг урьдаас мэдсэн, улмаар уг хор уршигт зориуд хүргэсэн буюу хохирогчийг хүндэвтэр гэмтээсэн Л.М, Б.Ч нарын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэн үйлдсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул тэднийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч Л.М, түүний өмгөөлөгчөөс “Э.Батдоржийг хүндэвтэр гэмтээсэн хэрэгт Л.М оролцоогүй, хохирогч, гэрч нарын мэдүүлэг зөрүүтэй, эргэлзээтэй” гэх зэрэг хүсэлт, гомдлыг гаргаж байх боловч шүүх шүүгдэгч, хохирогч, гэрч нарын хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгүүдийг нягтлан шалгаж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулж, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нарын сэдэл, санаа зорилго зэрэгт дүгнэлт хийсний эцэст дараах байдлаар няцаалт өгсөн болно.
Тухайн үед “машинаа холдуулсангүй” гэх шалтгааны улмаас өөрийг нь Б.М, Л.Ч нар зодсоныг хохирогч удаа дараагийн мэдүүлэгтээ тогтвортойгоор шууд зааж мэдүүлсэн, “манай хөтөч залуу орилох шиг болсон. ...Э.Батдорж нүдээ дараад доошоо явган суучихсан, нүүрнээс нь цус гарчихсан байсан” талаар хэргийн гэрч нар дэлгэрэнгүй мэдүүлцгээсэн байна.
Дээрх нөхцөл байдлууд нь Э.Батдорж тухайн үед зодуулж гэмтсэн байдалтай, өөрийг нь зодсон хүмүүсийг зааж байсныг, Б.Ч, Л.М нараас өөр хүнтэй хохирогч маргалдаагүй болохыг нотолж байх бөгөөд “хохирогчийг цохиогүй” гэх Л.М-нтайлбар бодитой бус, хохирогч, хэргийн бусад гэрч нарын мэдүүлэгт эргэлзээ төрүүлэхээр ач холбогдолтой байж чадахааргүй байна.
Иймд шүүгдэгч Л.М, түүний өмгөөлөгчөөс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, анхан шатны шүүх хуралдаанд гаргасан хүсэлт, гомдол хууль зүйн үндэслэлгүй байна.
Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар шүүгдэгч Л.М, Б.Ч нарын хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж тэдэнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлын төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Хохирогч Э.Батдорж нийт 17.285.855 төгрөг нэхэмжилсэн бөгөөд үүнээс ажилгүй байсан хугацааны цалинд 9.570.155 төгрөг нэхэмжилснийг хэлэлцэхгүй орхиж, өмгөөлөгчийн хөлс 500.000 төгрөгийн хувьд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг хэмээн үзэхгүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Харин мөрдөн байцаалтаар гаргуулах үндэслэл, хэмжээ нь тогтоогдсон бүрэн нөхөн төлөгдөөгүй хохирол, гэм хор болох нийт 5.789.700 төгрөгийг шүүгдэгч Л.М, Б.Ч нараас гаргуулж хохирогч Э.Батдоржид олгохоор шийдвэрлэв.
Л.М, Б.Ч нар нь шүүх хуралдааныг тодорхой хугацаанд завсарлуулсны эцэст хохирогч Э.Батдоржид 5.789.700 төгрөгийн хохирлыг бүрэн нөхөн төлсөн тул тэднийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Хохирогч Э.Батдорж гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан эмчилгээтэй холбоотой шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлсний эцэст гэм буруутай этгээдээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр тогтов.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан (хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэн үйлдсэн) гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлага 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуулийн өөрчлөлтөөр эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээнд хорихоос өөр төрлийн ял буюу торгох ял нэмэгдэж эрүүгийн хариуцлага хөнгөрч орсон байх тул Л.М, Б.Ч нарын үйлдсэн гэмт хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуулийн өөрчлөлтөөр эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Иймд шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Л.М, Б.Ч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан төрөл, хэмжээний дотор тус бүрийг 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 2.700.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М, Б.Ч нар нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурдаж байна.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б.Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэн үйлдсэн” гэм буруутайд,
шүүгдэгч Л.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэн үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.Ч-ыг 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Л.М-г 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Ч, Л.М нар торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Хохирогч Э.Батдорж нийт 17.285.855 төгрөг нэхэмжилсэн бөгөөд үүнээс ажилгүй байсан хугацааны цалинд 9.570.155 төгрөг нэхэмжилснийг хэлэлцэхгүй орхиж, өмгөөлөгчийн хөлс 500.000 төгрөгийн хувьд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг хэмээн үзэхгүй тул хэрэгсэхгүй болгох, хохирогч Э.Батдорж гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан эмчилгээтэй холбоотой шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлсний эцэст гэм буруутай этгээдээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ч, Л.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ