| Шүүх | Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Бямбацэрэн |
| Хэргийн индекс | 132/2017/0158/Э |
| Дугаар | 02 |
| Огноо | 2018-01-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Сувдаа |
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 02
Б.Б-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Хэргийн индекс 132/2017/0158/Э
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч С.Цэцэгмаа, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдаанд:
Прокурор Ц.Сувдаа
Шүүгдэгч Б.Б
Хохирогч Д.Б, Ш.Д,
Нарийн бичгийн дарга С.Гончигбал нарыг оролцуулан
Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 159 дүгээр шийтгэх тогтоолтой Б.Б-д холбогдох, 1715001230060 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч Д.Б-ийн давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Х овогт Б-ын Б.
Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Булган аймгийн Бугат сумын 2 дугаар багийн нутаг “Модон давааны ар” гэх газарт иргэн Д.Б-г цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 159 дүгээр шийтгэх тогтоолоор:
Ханжаргалант овогт Б-ын Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Б-г 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15000 /арван таван мянга/ төгрөгийг хорих ялын нэг хоногтой дүйцүүлж, хорих ялаар солихыг мэдэгдэж,
Энэ хэрэгт шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, хохирогч Д.Б нь хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ.
Хохирогч Д.Б давж заалдах гомдолдоо:
“...2017 оны 09 дүгээр сарын 02-нд Булган сумын Хан Жаргалант багийн Модон давааны ард зам дагуу урд өмнө нь хаддаггүй хагд борготой газар өвс хадаж явтал Б гэгч 2 хүү, бэрийн хамт дөрвүүлээ ирж зэвсэг хэрэглэн, бүлэглэж зодоод хадсан өвсийг минь дээрэмдсэнийг дутуу дулимаг мөрдөн байцаалтыг үндэслэж анхан шатны шүүх хууль бусаар шийдлээ....Иймд нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж үнэн мөнийг тогтоож, хадсан өвс, энэ хугацаанд хийх хөдөлмөрийн үнэлэмж, хохирлын 3 сая төгрөгийг олгуулж өгнө үү...” гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Сувдаа дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй тул хэвээр үлдээх саналтай байна...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1.д заасны дагуу тухайн хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзвэл:
Иргэн Ш.Д нь 2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Булган аймгийн Цагдаагийн газарт “...нэг эмэгтэй, гурван залуу бүлэглэн ирж сэрээгээр сэрээдэхэд хальт сэрээдүүлж, зайлахад нь эрүү нүүр лүү нь шааж, гуя руу нь өшиглөж доромжлон бүлэглэн хүч хэрэглэж заналхийлэн өвсийг нь ачиж явжээ ... сэрээний үзүүрийн ором, шанаа нь хавдсан байсан ... арга хэмжээ авч өгнө үү...” гэсэн өргөдөл гаргасан байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Б нь “...бид хоёрыг ярилцаад байж байхад над руу салаавч гаргасан хоёр залуу нэг портертой ирээд миний хадсан өвсийг ачихаар нь би “энэ газраас чинь өвс хадахаа болилоо” гэж хэлсэн чинь “чамд өгөх юм уу” гэж хэлээд миний эрүү рүү цохиж, нөгөө залуу нь өвс авдаг урт сэрээгээр миний зүүн хөл рүү хатгах гээд байхаар нь үзүүрээс нь барьж авсан чинь миний баруун хөл рүү сэрээний ишээр 3 удаа цохиж, зүүн талын хөл рүү өшиглөсөн...” гэж /хх 12, 14, 15-16/ удаа дараа мэдүүлсэн байх бөгөөд гэрч Д.Р нь “...би юу болсон талаар асуухад 4 хүн хүрч ирээд намайг зодоод өвсийг маань ачаад аваад явсан, миний шанаа руу цохиж, гуя руу сэрээгээр хатгасан гэхээр нь би хартал шанаа нь хавдсан байсан. Бас хөл рүү нь хартал сэрээгээр хатгаад хөхөрсөн байсан...” гэж /хх 19-20/ , хохирогч Ш.Д нь гэрчээр “...өвс сэрээддэг сэрээгээр гуя руу нь хатгасан байсан...” гэж /хх 22/, гэрч Б.М “...тэнд хадчихсан байсан өвсийг нь машин дээр ачаад эхэлтэл нөгөө хүн босч ирээд өвсийг ачуулахгүй гэж хэлсэн...” гэж /хх 26/, шүүгдэгч Б.Баатархүү нь яллагдагчаар “...тэр залуугийн хадсан өвсийг өөрийнхөө Портероор ачаад авчихсан юм...” гэж /хх 35/ тус тус мэдүүлсэн, мөн хавтаст хэргийн 41 дүгээр хуудас /ар талд/ авагдсан эрүүл мэндийн картад бичигдсэн эмчийн үзлэгийн хуулбарт Д.Б-н шилбэнд хөхрөлт үүссэн талаар бичигдсэн боловч шинжээчийн 273 дугаар дүгнэлтэд энэ талаар тусгагдаагүй байна. Дээрхи баримтуудаас дүгнэн үзвэл анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд буюу гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл хохирогч Д.Б-н гуя, шилбэнд гэмтэл учирсан эсэх, тухайн үед хамт байсан гэх н.Б /мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг аваагүй/ болон бусад этгээд нь тухайн гэмт хэрэгт хамтран оролцоотой эсэх, мөн Д.Б-н хадсан өвсийг авч явсан үйлдэлд гэмт хэргийн шинж байгаа эсэхийг тогтоосны эцэст хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзнэ. Иймд хохирогч Д.Б-н “...мөрдөн байцаалтыг дутуу дулимаг явуулсан...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг урьдчилан хэлэлцүүлгийн шатанд дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 159 дүгээр шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг урьдчилан хэлэлцүүлгийн шатанд дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Хохирогч Д.Б-н давж заалдах гомдлыг хүлээн авсугай.
3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ
ШҮҮГЧ С.ЦЭЦЭГМАА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ё.БЯМБАЦЭРЭН