Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2022/0051

 

2022 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2022/0051

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

               “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч С.Мөнхжаргал

Илтгэсэн шүүгч Н.Долгорсүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, У.А, Б.Д

Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар дүүргийн татварын улсын байцаагчийн 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 250022968 дугаар актыг хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 739 дүгээр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х, Н.Б, өмгөөлөгч Б.М,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, У.А, Б.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул

Хэргийн индекс: 128/2021/0652/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч  “Э” ХХК нь Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ж.Э, Д.А нарт холбогдуулан “Сүхбаатар дүүргийн Татварын улсын байцаагчийн 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 250022968 дугаар актыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 739 дүгээр шийдвэрээр Татварын ерөнхий хууль /2008 оны/-ийн 30 дугаар зүйлийн 30.1.1, 30.1.9, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2-т тус тус заасныг баримтлан Сүхбаатар дүүргийн татварын улсын байцаагч нарын 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 250022968 дугаар актыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, У.А, Б.Д нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

            3.1. Нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн нь нэхэмжлэл гаргасан хугацааг хэтрүүлсэн тухайд. “Э” ХХК нь хуулиар олгогдсон эрхийн хүрээнд маргаан бүхий акттай холбоотой нэхэмжлэлийн шаардлагаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийздвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-т зааснаар “илт хууль бус болохыг тогтоолгох” гэж тодорхойлж, шүүх тэрхүү шаардлагаар захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “хүчингүй болгуулах” гэж өөрчилсөн. Энэ тохиолдолд хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлд тавигдах үндсэн шаардлагыг хангуулах ёстой.

3.2. Өөрөөр хэлбэл, хүчингүй болгуулах шаардлагын хувьд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн талаарх шийдвэрийг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд хандах зохицуулалттай. Гэтэл “Э” ХХК нь хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр анх гаргасан байхад шүүх хугацааг буруу тооцож, тайлбарлаж хэрэглэж, хэргийг шийдвэрлэсэн.  

3.3. Тухайлбал, Маргаан таслах зөвлөлийн тогтоолыг 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 21/93 дугаар албан бичгээр хүргүүлснийг 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүхэд 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэл гаргасан, шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 5224 дүгээр захирамжаар бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтоосон. Мөн 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр дахин нэхэмжлэл гаргасныг шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 5836 дугаар захирамжаар бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтоож, улмаар 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр дахин шүүхэд хандаж, шүүгчийн 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 6182 дугаар захирамжаар маргаан бүхий актыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагаар татварын улсын байцаагч нарт холбогдуулан захиргааны хэрэг үүсгэсэн. Дээрхээс үзвэл нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлээгүй нөхцөл байдал тогтоогдож байгаа боловч энэ нь 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “хүчингүй болгуулах” гэж өөрчлөхөд харгалзан үзэх, уг шаардлагыг шүүх хүлээн авах үндэслэл болохгүй. 

3.4.  Өөрөөр хэлбэл, шүүхэд хугацаандаа хандсан үйл баримт нь “илт хууль бусад тооцуулах” шаардлагаар нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаа болохоос, “хүчингүй болгуулах” шаардлага гаргах хүртэлх буюу 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацааг хэтрүүлээгүй гэж үзэх боломжгүй. Энэ нь нэхэмжлэл гаргах хугацаа зогссон, тасалдсан гэж үзэж шаардлагаа өөрчлөх боломжийг олгох үндэслэл болохгүй. Иймд “Э” ХХК-ийн “хүчингүй болгуулах” нэхэмжлэл гаргах хугацааг “илт хууль бусад тооцуулах” шаардлага гаргасан хугацаагаар буруу тооцсон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг зөрчсөн.

3.5. Актаар тогтоогдсон зөрчлүүдийн тухайд. Маргааны үйл баримт, хэрэгт авагдсан баримтад тал бүрээс нь үнэлж дүгнээгүй, хэт нэг талыг барьж хийсвэр дүгнэлт өгч нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй.

3.6. Тухайлбал, Хяналт шалгалтын хэлтсийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 25160400290 дугаар томилолтоор “Э” ХХК-ийн 2011-2022 оныг дуусталх хугацааны татвар ногдуулалт төлөлтийн байдалд хэсэгчилсэн татварын хяналт шалгалт хийхээр Ж.Э, Д.А нар томилогдсон.

3.7. Энэхүү акт гарахаас өмнө мөн дүүргийн татварын улсын байцаагч нарын 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 250040, 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 360001103 дугаар дүгнэлтүүд гарч, Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс мөрдөн шалгах ажиллагаа явуулж байх явцад “Э” ХХК-ийн захирал С.Н татвар төлөхөөс зайлсхийсэн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, 536 сая төгрөгийг төлж барагдуулан, үлдэх төлбөрийг төлөхөө илэрхийлсний үндсэн дээр Баянгол дүүргийн Прокурорын газрын 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 267 дугаар тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэхүү тогтоол хүчин төгөлдөр болсон бөгөөд Э” ХХК нь дээрх үйл баримттай маргаагүй, гагцхүү хяналт шалгалтын процесс ажиллагаатай холбоотой байдаг.

3.8. 2011-2012 онд хамаарах 14,912,054,000 төгрөгийн зөрчилд хамаарах үндэслэлийн тухайд, шүүх дээрх зөрчилтэй холбоотойгоор Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Мөн томилолтоор хэсэгчилсэн шалгалт хийгдсэн, 2 актад дурдагдсан хий бичилттэй падааны борлуулагч тал болон падаан өөр болохыг анхаарч судлаагүй бөгөөд тухайн оныг шалгасан бол тухайн зөрчил шалгагдсан, татварын давхардуулж тавьсан мэтээр хийсвэр дүгнэлт өгч шийдвэрлэсэн.

3.9. Тухайлбал, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хувь хүн, хуулийн этгээд бусдын нэр дээр бүртгүүлсэн, нуун дарагдуулсан өөрийн өмчлөлийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй адилтгах бусад хөрөнгө, олсон орлого, үзүүлсэн үйлчилгээгээ ил тод болгон үнэн зөв, шударгаар санхүү, татварын болон нийгмийн даатгалын тайланд тусгаж, шинээр тайлагнасан, гаалийн байгууллагад нөхөн мэдүүлсэн, улсын бүртгэлд шинээр бүртгүүлсэн байх ба эдгээр үйл ажиллагаа нь хувь хүн, хуулийн этгээдийн зүгээс сайн дурын үндсэн дээр хийгдсэн тохиолдолд тэдгээрийг хуульд заасан хариуцлага болон албан татвараас нэг удаа чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” 5 дугаар зүйлийн 5.1-д “Албан татвар ногдох орлого, орлогоос бусад албан татвар ногдох зүйл, нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогыг 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх хугацаанд нуун дарагдуулсан боловч энэ хуулийн 3.1-д заасан хугацаанд сайн дурын үндсэн дээр ил болгож, санхүүгийн болон албан татварын, нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг шинээр гаргаж харьяалах татварын алба, нийгмийн даатгалын байгууллагад сайн дурын үндсэн дээр мэдүүлсэн бол тухайн хувь хүн, хуулийн этгээдийг энэ хуулийн 4.1-д заасан хуульд заасан хариуцлагаас нэг удаа чөлөөлнө” гэж, мөн Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хүрээнд гарсан Засгийн газрын 2015 оны 348 дугаар тогтоолоор баталсан “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх журам”-ын 2.1.1-д “ “нуун дарагдуулсан” гэж хувь хүн, хуулийн этгээд хөрөнгө, орлого, үйл ажиллагаагаа Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 4.1-д заасны дагуу 2015 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө мэдүүлэх, бүртгүүлэх, тайлагнах үүргээ биелүүлээгүйн улмаас холбогдох албан татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй, дутуу төлсөн байхыг ойлгох бөгөөд энэ нь холбогдох төрийн байгууллага, албан тушаалтны аливаа хяналт шалгалтаар тогтоогдоогүй байхыг” ойлгохоор тус тус заасан.

  3.10. Дээрх зохицуулалтаас үзэхэд хуь хүн, хуулийн этгээдийн 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх хугацаанд нуун дарагдуулсан орлогоо ил болгож, хуульд заасан хугацаанд сайн дурын үндсэн дээр тайланг шинээр гаргаж мэдүүлсэн, энэ нь төрийн байгууллага, албан тушаалтны аливаа хяналт шалгалтаар тогтоогдохгүй бол хуульд заасан хариуцлага болон албан татвараас нэг удаа чөлөөлөхөөр зохицуулалттай.  

  3.11. “Э” ХХК-ийн 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 2500229 дугаар актад дурдагдсан 2 зөрчлүүд нь өмнө нь татварын хяналт шалгалтаар илэрч, 2013 онд 250040, 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 360001103 дугаар дүгнэлтүүдээр тогтоогдсон тул дээрх хуулийн үйлчлэлд хамаарахгүй.

  3.12. Гэтэл 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 2500229, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 250011097 дугаар актуудад дурдагдсан зөрчлүүд нь өөр хоорондоо ажилгүй, хий бичилттэй падаан борлуулагч болон падааны дугаар, огноо, үнийн дүн өөр, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 250011097 дугаар актад дурдагдсан зөрчилтэй холбоотойгоор өмнө нь хяналт шалгалт хийгдээгүй, дүгнэлт гараагүй учраас Маргаан таслах зөвлөлийн 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 59 дүгээр тогтоолоор Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн үйлчлэлд хамруулж шийдвэрлэсэн ялгаатай нөхцөл байдлуудыг шийдвэрлэсэн ялгаатай нөхцөл байдлуудыг шүүх анхаарч үзээгүй бөгөөд маргаан бүхий акт нь сүүлд тавигдсан акттай утга агуулга адил бөгөөд Маргаан таслах зөвлөлийн 2017 оны 59 дүгээр тогтоолоор сүүлд гарсан 25001197 дугаар актыг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг үндэслэн хүчингүй болгон шийдвэрлэсэн тул өмнөх актыг өөр гэж үзэх, энэ талаарх хариуцагчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй гэж хийсвэр дүгнэлт хийсэн. Нэхэмжлэгч “Э” ХХК-д холбогдох эдгээр дүгнэлт актуудаас харахад тус татвар төлөгч нь маш их хий бичилттэй падаан худалдан авч улсад төлөх татвараа бууруулдаг болох нь тодорхой байна.

3.13. Татварын албанаас нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй падаантай холбоотой борлуулагч талыг шалгахад худалдан авагч тал илэрдэг бөгөөд үүнтэй холбоотойгоор хэсэгчилсэн хяналт шалгалтаар татвар төлөгчийн илэрсэн зөрчил тухай бүр 1 он дээр хэдэн ч удаа хийгдэх шаардлага гардаг ба энэ нь 1 зөрчилд олон дахин хариуцлага ногдуулсан гэсэн үг биш. Гэтэл шүүгч хэргийн нотлох баримтыг тал бүрээс нь шинжлэн судлахгүйгээр 1 онд гарсан 2 актыг ялгаж салгалгүйгээр “сүүлд гарсан захиргааны акт хүчингүй болсон байхад өмнөх нь адил хүчингүй болох ёстой” гэх агуулгаар шийдвэрлэсэн нь  шүүхийг шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна.

3.14. 2012-2013 онд хамаарах 18,883,862,300 төгрөгийн зөрчилд хамаарах үндэслэлийн тухайд, Татварын улсын байцаагчид Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1, 30.1.9 дэх хэсэгт тус тус заасныг зөрчөөгүй. Учир нь “Э” ХХК-ийн татвар ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалтыг 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 25160400290 дугаар томилолт олгогдсоны үндсэн дээр татварын улсын байцаагч Ж.Э, Д.А нар татварын хяналт шалгалт хийсэн. Мөн өмнө нь тус компанийн татвар ногдуулалт, төлөлтийн байдалд ерөнхий удирдамж болон 2013 онд (25/13)5731 дугаартай томилолтоор татварын улсын байцаагч Ц.З, Н.Э нар 250040 дугаартай дүгнэлт, 2014 онд 36140400098 дугаартай томилолтоор татварын улсын байцаагч З.Б, Ц.О, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч О.Э нар шалгалт хийж, 360001103 дугаартай дүгнэлтийг тус тус үйлдэн цагдаагийн байгууллагад шилжүүлснээр 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 267 дугаартай хэрэгсэхгүй болгох тухай тогтоол гарсан. Дээрх онууд буюу 2011-2013 оныг хамарсан хугацааны хяналт шалгалтыг (25/13)5731, 36140400098 гэсэн томилолтуудын дагуу хийж гүйцэтгэж байсан тул удирдамж томилолтгүйгээр хяналт шалгалт хийсэн гэх шүүхийн дүгнэлт үндэслэлгүй.

3.15. Нөгөөтэйгүүр томилолт нь тухайн аж ахуйн нэгжийг шалгахаар хэн гэдэг, хэдэн татварын улсын байцаагч хэдий хугацаанд шалгах талаар мэдээллийг агуулсан баримт бөгөөд хяналт шалгалтаар хэдий хугацааг хамааруулахтай холбоотой процессийн ажиллагаа /формаль/ нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг ноцтой зөрчсөн, их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн Э” ХХК-ийн зөрчил /үйлдэл/-ийг шууд үгүйсгэх, маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

3.16. Өөрөөр хэлбэл, Татварын ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2-т заасан татварын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, 28 дугаар зүйлийн 28.1.10, 29 дүгээр зүйлийн 29.1.6-д зааснаар хууль тогтоомж зөрчсөн үйлчлэлд хариуцлага хүлээлгэх үндсэн  чиг үүргээ хэрэгжүүлэх хүрээнд татварын улсын байцаагчид татвар төлөгч хуулиар тогтоосон диспозицийг зөрчсөн үйлдэлд материаллаг хуулийг хэрэглэж хариуцлага хүлээлгэснийг буруутгах үндэслэлгүй.

3.17. Нэхэмжлэгч Э” ХХК нь 2011-2013 онуудад хий бичилттэй падаанаар худалдан авалт хийж, улсад төлөх татвараа бууруулсан болох нь тогтоогдсон, түүнийгээ хүлээн зөвшөөрч, хохирлын тодорхой хэсгийг төлж барагдуулан, улмаар эрүүгийн хэргээ хэрэгсэхгүй болгуулсан байх тул актыг томилолтгүй хийгдсэн гэж үгүйсгэх боломжгүй. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 739 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, “Э” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгч давж заалдах гомдлыг үгүйсгэж, бичгээр тайлбар гаргаагүй байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

3. Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ. Үүнд:

                   3.1. Нэхэмжлэгч Э” ХХК-иас анх шүүхэд 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр “Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 250022968 тоот акт болон Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 15 дугаартай тогтоолуудыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.5, 47.1.6, 47.1.7, 47.3-д тус тус заасны дагуу бүхэлд нь хүчин төгөлдөр бусд тооцуулах”-аар нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн аваад нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулахаар мөн оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 5224 дүгээр захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар шийдвэрлэсэн, улмаар нэхэмжлэгч 07 дугаар сарын 21-ний өдөр “Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ж.Э, Д.А нарын 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 250022968 дугаар актыг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсныг шүүх хүлээн авч, 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 5636 дугаар захирамжаар дахин нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар шийдвэрлэсэн, эцэст нь 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр “Сүхбаатар дүүргийн татварын улсын байцаагчийн 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 250022968 дугаар актыг илт хууль бус болохыг тогтоолгох” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсны дагуу уг шаардлагаар 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр захиргааны хэрэг үүсгэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэгч “Сүхбаатар дүүргийн татварын улсын байцаагчийн 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 250022968 дугаар актыг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ.

           3.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана”, 14.1.1-д “Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол” гэж тус тус заасан. 

            3.3. Хариуцагчаас “... нэхэмжлэгч нь актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн нь хуульд заасан нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн” гэх боловч маргаан бүхий 250022968 дугаар актыг хянасан Маргаан таслах зөвлөлийн 15 дугаар тогтоолыг 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 21/93 дугаар албан бичгээр нэхэмжлэгчид хүргүүлснийг 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүхэд 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэл гаргасан нь уг акттай холбогдуулж хуульд заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргасан, түүнчлэн дээр дурдсанаар нэхэмжлэгчээс удаа дараа нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байсан үйл баримтуудаас үзвэл Сүхбаатар дүүргийн татварын улсын байцаагчийн 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 250022968 дугаар актыг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилснийг уг шаардлагаар шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй.

3.4. Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ж.Э, Д.А нар нь Э” ХХК-ийн 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийх томилолт, татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, Сүхбаатар дүүргийн ТЗХЭЗТ-ийн 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 01/674 дүгээр албан бичиг /хүсэлт/-ийн дагуу хэсэгчилсэн шалгалтыг 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хийж, “... тус компани нь 2011-2012 онд 14,912,054,000.0 төгрөгийн, 2012-2013 онд 18,883,962,300.0 төгрөгийн хий бичилттэй нэмэгдсэн өртгийн албан татварын падаан худалдан авч татвар ногдох орлогоо бууруулж, нийт 33,796,013,300.0 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөхөөс зайлсхийсэн” гэж үзээд Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх заалтыг үндэслэн 33,796,013,300.0 төгрөгийн нөхөн татварыг төлүүлэхээр 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 250022968 дугаар актыг үйлдсэн, Маргаан таслах зөвлөлийн 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 15 дугаар тогтоолоор уг актыг хэвээр үлдээсэн байна.

            3.5. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзвэл Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Н.Э, Ц.З нар нь “Э” ХХК-ийн 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг санхүүгийн анхан шатны баримт болон нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлан, хөндлөнгийн мэдээлэл зэрэг баримтад үндэслэн хэсэгчилсэн шалгалт хийж, “... нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусган төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулсан 14,912,054,000.0 төгрөгийн” зөрчилд 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 250040 дүгээр дүгнэлтийг үйлдсэн, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч О.Э, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч З.Б, Ц.О нар нь Э” ХХК-ийн 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хэсэгчилсэн шалгалт хийж, “... нийт 18,883,962,238.61 төгрөгийн бараа материал авсан гэж анхан шатны баримтаар бүртгэж төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулсан” зөрчилд 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 360001103 дугаартай дүгнэлтийг үйлдэж, цагдаагийн байгууллагаар шалгуулахаар шийдвэрлэжээ.

3.6. Дээрх 250040, 360001103 дугаар дүгнэлтүүдийг цагдаагийн байгууллагад шилжүүлсний дагуу Баянгол дүүргийн Прокурорын газрын 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 267 дугаартай тогтоолд дээрх дүгнэлтүүдтэй холбоотойгоор Э” ХХК-ийн гаргасан зөрчлүүдийг нэг бүрчлэн тодорхой дурдаад “...Э” ХХК-ийн захирал С.Н нь бүгд 3 379 601,6 мянган төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулж татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахад 536 сая төгрөгийн нөхөн татварыг сайн дураараа төлсөн, үлдэгдэл төлбөрөө төлөхөө илэрхийлж, Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн дагуу тайлагнаж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн” гэж дүгнээд “... холбогдох албан тушаалтанд холбогдох татвар төлөхөөс зайлсхийсэн үйлдлүүдийг гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, тодорхой хэмжээний хохирлоо сайн дураараа төлсөн” гэх үндэслэлээр Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10-д “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтныг энэ хуульд заасан эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр нэг удаа өршөөлд хамааруулна” гэж заасныг баримтлан тус эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, уг тогтоолд нэхэмжлэгчээс гомдол гаргаагүй бөгөөд тогтоол хуулийн хүчин төгөлдөр байна. 

3.7. Үүний дараагаар маргаан бүхий 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 250022968 дугаар акт гарсан, нэхэмжлэгчээс уг актыг эс зөвшөөрч 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Нийслэлийн татварын газрын Маргаан таслах зөвлөлд “... 250040, 360001103 дугаартай дүгнэлтүүдийг хүлээн зөвшөөрөөгүй, ... Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 4.1-6.1 дүгээр заалтад заасны дагуу дээрх дүгнэлтүүдийг тайландаа оруулж, орлого, борлуулалтаа нэмж тайлагнан, хуулийн хугацаанд тайлангаа хүлээлгэн өгсөн, манай компанийн 2013 онд 546,000,000 төгрөгийг буцаан олгох” гэх 01/2016-550, 01/2016-556 дугаартай албан бичгүүдийг явуулжээ.

3.8. Гэтэл хэрэгт авагдсан 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн яллагдагчийг байцаасан тэмдэглэлд “... танд 3 379 601,6 мянган төгрөгийн хохирол учруулж татвар төлөхөөс зайлсхийсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 166 дугаар зүйлийн 166.2-т зааснаар ял сонсгож байна. Танд сонсгож байгаа ялыг та хүлээн зөвшөөрч байна уу” гэхэд С.Н-гаас “... ялыг би хүлээн зөвшөөрч байна. Төлөх ёстой татварыг өнөөдрийг хүртэл цувуулан төлсөөр байна. ... энэхүү 536 сая төгрөг бол зөвхөн энэ 2 татварын улсын байцаагчтай холбоотой төлж байгаа татвар, ... хий бичилттэй падаан авч ашигласан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд үлдэгдэл татварын асуудлаа Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих  тухай хуульд зааснаар тайлагнаж байгаа” гэж мэдүүлсэн, харин нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүх хуралдаанд “... тооцооллын алдаа биш, эрх хэмжээгээ хэтрүүлэн ашигласан, томилолтгүйгээр шалгалт явуулсан гэж үзэж байгаа, ... Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх нэг нөхцөл нь зөрчил үйлдсэн болохоо сайн дураараа зөвшөөрөх гэдэг шаардлага байдаг. Үүний үндсэн дээр Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамрагдах боломжтой байсан гэж үзээд тодорхой хэмжээнд зөвшөөрсөн зүйл байгаа, ... гол нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль, Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамрагдахын тулд бид арга буюу тодорхой хэмжээнд зөвшөөрсөн, ... ийм үйлчлэлүүдэд хамрагдахын тулд хүлээн зөвшөөрч байж хамрагдаж байгаа” гэх зөрүүтэй тайлбарыг хийсэн нь ойлгомжгүй. Хэрэв нэхэмжлэгч дээр дурдсанаар татварын тухай холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй, эрүүгийн хариуцлага хүлээх үндэслэлгүй гэж үзсэн бол тухайн үед уг зөрчлийг хүлээн зөвшөөрөх шаардлагагүй бөгөөд 536 сая төгрөгийг “...зөвхөн энэ 2 татварын улсын байцаагчтай холбоотой төлж байгаа татвар” гэж төлсөн нь С.Н-гийн зөрчлөө хүлээн зөвшөөрсөн тайлбараар тогтоогдож байна. 

3.9. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хувь хүн, хуулийн этгээд бусдын нэр дээр бүртгүүлсэн, нуун дарагдуулсан өөрийн өмчлөлийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй адилтгах бусад хөрөнгө, олсон орлого, үзүүлсэн үйлчилгээгээ ил тод болгон үнэн зөв, шударгаар санхүү, татварын болон нийгмийн даатгалын тайланд тусгаж, шинээр тайлагнасан, гаалийн байгууллагад нөхөн мэдүүлсэн, улсын бүртгэлд шинээр бүртгүүлсэн байх ба эдгээр үйл ажиллагаа нь хувь хүн, хуулийн этгээдийн зүгээс сайн дурын үндсэн дээр хийгдсэн тохиолдолд тэдгээрийг хуульд заасан хариуцлага болон албан татвараас нэг удаа чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 5 дугаар зүйлийн 5.1-д “Албан татвар ногдох орлого, орлогоос бусад албан татвар ногдох зүйл, нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогыг 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх хугацаанд нуун дарагдуулсан боловч энэ хуулийн 3.1-д заасан хугацаанд сайн дурын үндсэн дээр ил болгож, санхүүгийн болон албан татварын, нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг шинээр гаргаж харьяалах татварын алба, нийгмийн даатгалын байгууллагад сайн дурын үндсэн дээр мэдүүлсэн бол тухайн хувь хүн, хуулийн этгээдийг энэ хуулийн 4.1-д заасан хуульд заасан хариуцлагаас нэг удаа чөлөөлнө” гэж, мөн Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хүрээнд гарсан Засгийн газрын 2015 оны 348 дугаар тогтоолоор баталсан “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх журам”-ын 2.1.1-д “ “нуун дарагдуулсан” гэж хувь хүн, хуулийн этгээд хөрөнгө, орлого, үйл ажиллагаагаа Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 4.1-д заасны дагуу 2015 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө мэдүүлэх, бүртгүүлэх, тайлагнах үүргээ биелүүлээгүйн улмаас холбогдох албан татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй, дутуу төлсөн байхыг ойлгох бөгөөд энэ нь холбогдох төрийн байгууллага, албан тушаалтны аливаа хяналт шалгалтаар тогтоогдоогүй байхыг” ойлгохоор тус тус заасан.

3.10. Дээрх хууль, журмын зохицуулалтуудаас үзвэл хувь хүн, хуулийн этгээдийн 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх хугацаанд нуун дарагдуулсан орлогоо ил болгож, хуульд заасан хугацаанд сайн дурын үндсэн дээр тайланг шинээр гаргаж мэдүүлсэн, энэ нь төрийн байгууллага, албан тушаалтны аливаа хяналт шалгалтаар тогтоогдохгүй бол хуульд заасан хариуцлага болон албан татвараас нэг удаа чөлөөлөхөөр байна.

3.11. Нэхэмжлэгчийн хувьд татварын улсын байцаагч нарын хэсэгчилсэн шалгалтаар нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөхөөс зайлсхийсэн зөрчил гаргасан, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.3-д тус тус заасныг зөрчсөн болохыг илрүүлж, 250040, 360001103 дугаар дүгнэлтүүдээр баталгаажуулж, цагдаагийн байгууллагад шилжүүлсний дагуу, өөрт холбогдох эрүүгийн хариуцлагаас Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7-д “Энэ хуулийн 7.1-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгоход сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж зааснаар чөлөөлөгдсөн. Иймд Татварын ерөнхий хууль /2008 оны/-ийн 33 дугаар зүйлийн 33.2.6-д “Татварын алба нь татварын хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн, эсхүл их хэмжээний татвар ногдох орлогыг нуусан буюу бусад хэлбэрээр татвар төлөхөөс зайлсхийсэн этгээдэд эрүүгийн хэрэг бүртгэлт хийлгэхээр дүгнэлт бичих бөгөөд түүнд эрүүгийн хэрэг үүсгүүлэх болсон зөрчлийн тухай тэмдэглэл, холбогдох баримтууд, татварын албаны даргын болон татварын улсын байцаагчийн овог, эцэг /эх/-ийн нэр, нэр, гарын үсэг тухайн зөрчилд холбогдох этгээдийн тайлбар, уг дүгнэлтийг үйлдсэн болон холбогдох этгээдэд нь танилцуулсан он, сар, өдрийг тусгана”, 35 дугаар зүйлийн 35.3-д “Энэ хуулийн 33.2.6-д заасан дүгнэлтийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүчингүй болгосон нь зөрчил гаргасан этгээдийг Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч захиргааны хариуцлагаа хүлээх нь хууль дээдлэх, хууль шүүхийн өмнө эрх тэгш байх шударга ёсны зарчимд нийцнэ.

3.12. Хэдийгээр 25160400290 дугаартай “Татварын хяналт шалгалт хийх томилолт”-д хяналт шалгалтад хамрагдах хугацааг 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал байхаар заасан боловч Сүхбаатар дүүргийн Татварын хяналт шалгалтын хэлтсийн даргын 2013 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн (25/13) 5731 дугаартай томилолтод “... шалгалтад хамрагдах хугацаа: 2011.11.01-2012.12.31” гэсэн, уг томилолтын дагуу 250040 дүгээр дүгнэлтийг үйлдсэн, Татварын хяналт шалгалт, удирдлага арга зүйн газрын даргын 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 36140400098 дугаартай томилолтод “... шалгалтад хамрагдах хугацаа: 2012.01.01-2013.12.31-нийг дуустал” гэсэн, уг томилолтын дагуу 360001103 дугаартай дүгнэлтийг үйлдсэн, эдгээр дүгнэлтүүдээр тогтоосон зөрчлийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрснөөр эрүүгийн  хэргийг хэрэгсэхгүй болгосон байх тул энэ тохиолдолд хариуцагч нарыг томилолтод заагаагүй хугацааны хяналт шалгалтыг хийсэн гэж үзэхээргүй байна. Түүнчлэн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, талуудын тайлбар болон нэхэмжлэгчийг зөрчил гаргасан болохыг тогтоосон актуудаас үзвэл нэхэмжлэгчийг хуулийн хариуцлагаас чөлөөлөх боломжгүй. 

3.13. Мөн маргаан бүхий актад хамаарах зөрчил, Маргаан таслах зөвлөлийн 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 59 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ж.Э, З.Т нарын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 250011097 дугаартай актад дурдагдсан зөрчлөөс өөр бөгөөд хариуцагчаас “...тухайн аж ахуйн нэгжид шийтгэл ногдуулсан байгууллага, падааны дүн, падааны дугаар нь өмнө нь гарсан хоёр дүгнэлт болон сүүлд гарсан акттай огт холбоогүй, давхцаагүй”, ... бид нарын маргаад байгаа акт нь бүхэлдээ Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль батлагдахаас өмнө татварын улсын байцаагчийн хяналт шалгалтаар тогтоогдсон зөрчлүүд. Тийм учраас энэ хуулийн үйлчлэл бүхэлдээ хамаарахгүй” гэж тайлбарлаж байгааг үгүйсгэх боломжгүй тул “... 250011097 дугаар актыг Татварын маргаан таслах зөвлөл 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүчингүй болгосон, ... 2011 оноос 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх актыг хүчингүй болгосон байхад дахин давхар акт тавьсан” гэж үзэхээргүй байна. Татварын ерөнхий хууль /2008 оны/-ийн 18 дугаар зүйлийн 18.1-д татвар төлөгчийн хүлээх үүргийг нэрлэн заасан бөгөөд 18.1.1-д зааснаар нэхэмжлэгч татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд нь төлөх үүрэгтэй байх тул хариуцагчийн маргаан бүхий 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 250022968 дугаар акт нь мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасныг зөрчөөгүй байна. 

Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, хэргийн бодит нөхцөл байдалд бүрэн дүүрэн дүгнэлт хийгээгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 739 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Татварын ерөнхий хууль /2008 оны/-ийн 18 дугаар зүйлийн 18.1, 33 дугаар зүйлийн 33.2.6, 74 дүгээр зүйлийн 74.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2015 оны/-ийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.3, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7-д тус тус зааснаар нэхэмжлэгч Э” ХХК-ийн “Сүхбаатар дүүргийн татварын улсын байцаагчийн 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 250022968 дугаар актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                      Д.БАТБААТАР    

ШҮҮГЧ                                                                           С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                                           Н.ДОЛГОРСҮРЭН