Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 248

 

 

“Капитал банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2016/05688 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Капитал банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Г.Батсүхэд холбогдох,

 

Гэрээнээс учирсан хохиролд 33 768 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Дүүрэнбилэг, С.Бямбацэцэг

Хариуцагч: Г.Батсүх

Хариуцагчийн өмгөөлөгч: О.Чулуунчимэг, Н.Наранбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Ариунболд шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Дүүрэнбилэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус банкны хяналт шалгалтын газрын ахлах мэргэжилтэн болон захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Г.Батсүх нь 2013 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 24 дугаар “Ажиллагсдын ипотекийн зээлийн урьдчилгаа төлөх, тогтвортой ажиллах нөхцөлт гэрээ”-г байгуулан Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, “Шинэ дэлхий” ХХК-ийн 108 айлын орон сууц, 81 дүгээр байрны 1 дүгээр орц, 5 тоотод байрлах 94.44 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг ипотекийн зээлээр авахад Капитал банк зээлийн урьдчилгааг төлөх, Г.Батсүх нь дээрх гэрээний 2 дугаар зүйлийн 2.4, 2.5-д зааснаар 10 жил тогтвортой, үр бүтээлтэй, тогтвор сууршилтай Капитал банкинд ажиллах нөхцөлтэйгээр харилцан тохиролцон олгосон. Г.Батсүх нь 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 309 дугаар гүйцэтгэх захирлын тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлөгдөж, хөдөлмөрийн гэрээг цуцлагдсан тул “Ажиллагсдын ипотекийн зээлийн урьдчилгаа төлөх, тогтвортой ажиллах нөхцөлт гэрээ”-ний 2 дугаар зүйлийн 2.4, 2.5, 3 дугаар зүйлийн 3.3 дэх заалтуудыг зөрчсөн тул гэрээний 2.6, 3.4 дэх хэсэгт заасны дагуу Капитал банкнаас ипотекийн зээлийн урьдчилгаанд төлсөн 25 200 000 төгрөг, зээлийн хүү /20 сар/ 8 568 000 төгрөг, нийт 33 768 000 төгрөгийг Г.Батсүхээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.Батсүх шүүхэд болон түүний өмгөөлөгч О.Чулуунчимэг, Б.Батжаргал нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би 2012 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр “Шинэ дэлхий” ХХК-ийн Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа “Итгэл хотхон” орон сууцны хорооллын барилгын ажил захиалгаар гүйцэтгэх гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээний 1.4, 1.5 дахь заалтуудад орон сууцны м.кв-ын үнийг тодорхой заасан байдаг. Мөн 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдөр "Орон сууцны санхүүжилтийн гэрээ” байгуулсан, тус гэрээний 1.1, 1.3-д зааснаар захиалагч, гүйцэтгэгч, банк тус бүрийн гэрээний дагуу эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлага тодорхой тусгагдсанаас харахад банкны хувьд барилгын компанитай байгуулсан хамтран ажиллах гэрээний хүрээнд ажилтны зээлийг шийдвэрлэхтэй холбоогой харилцаанд оролцдог. Дээрх гэрээтэй холбоотой харилцаанаас үүдэлтэй 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдөр банк болон Г.Батсүх нарын хооронд “ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээ”, 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдөр “Зээлийн гэрээ” тус тус байгуулсан. Нэхэмжлэгчийн зүгээс “Ажиллагсдын ипотекийн зээлийн урьдчилгаа төлөх, тогтвортой ажиллах нөхцөлт гэрээ”-ний үүргийг шаардаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд шаардах эрхийн үндэслэл болгож буй гэрээ нь Монгол Улсын хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой холбогдох хууль тогтоомжийг зөрчиж байгаа болно. Тухайн үед сайн ажилласан ажилчиддаа хөнгөлттэй байрыг өгдөг байсан. Капитал банкны хувьд тухайн байрыг 2012 онд зээлээр авч байсан. Байрыг худалдаж аваад жил болсоны дараа тухайн гэрээг хүчингүй болгосон. Ямар үндэслэлээр хүчингүй болгосон гэхээр захирлыг ажилчиддаа хавтгайруулан байр худалдлаа гэж хэлээд гэрээг хүчингүй болгосон. Хэрвээ байрыг үргэлжлүүлж авна гэвэл 1 800 000 төгрөгөөр гэрээ байгуул гэсэн. Тухайн үед байрыг аваад ажилчид өөрсдийн хөрөнгөөр байрыг тохижуулж, байрны зээлийг төлсөн байсан. Гэтэл энэ гэрээг хүчингүй болгож ажилчдыг энэ зөрүүг төлөөд гэрээг байгуулахгүй бол байрыг буцааж өг гэсэн зүйл хэлсэн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Батсүхэд холбогдох 33 768 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Капитал банкны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 326 790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Ариунболд давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

...Капитал банкны зүгээс Г.Батсүхэд холбогдуулан гэрээний үүрэгт зээлийн гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 25 200 000 төгрөг, зээлийн хүүд 8 568 000 төгрөг, нийт            33 768 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад анхан шатны шүүх талуудын маргаагүй асуудлыг дурдсан буюу хөдөлмөрийн маргаан мэтээр "хариуцагчийг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн дээрх тушаалд хариуцагч нэхэмжлэгчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан шийдвэрт гомдол гаргаагүй нь түүнийг ноцтой зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрсөн гэх үндэслэл болохгүй", "Г.Батсүхийг сахилгын ноцтой зөрчил гаргасан болохыг нэхэмжлэгч шүүхэд баримтаар нотлоогүй" гэх үндэслэлгүй тайлбарыг хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2013 оны 08 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан "Ажиллагсдын ипотекийн зээлийн урьдчилгааг төлөх, тогтвортой ажиллах нөхцөлт гэрээ"-ний 2.6-д заасан "ажилтан тогтвортой ажиллах хугацаа дуусахаас өмнө... хөдөлмөрийн гэрээ цуцалсан тохиолдолд... ажилтны өмнөөс банкны төлсөн төлбөрийг сарын 1,7 хувийн хүүгийн хамт банкинд буцааж төлж барагдуулна" гэснийг үндэслэн шаардсан, холбогдох нотлох баримтыг анхан шатны шүүхэд нэхэмжлэлдээ хавсарган өгсөн. Гэтэл шүүх талуудын шаардлага болон татгалзлын үндэс болгосон нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй, хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэлгүйгээр шийдвэрлэсэн. Мөн "Ажиллагсдын ипотекийн зээлийн урьдчилгааг төлөх, тогтвортой ажиллах нөхцөлт гэрээ"-ний 2.6-д заасан үндэслэл бүрдсэн нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний биет байдлаар болон түүний ашиг болох нийт 33 768 000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхгүй" гэх тайлбарыг хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэрэглэх ёстой хуулийн зүйл, заалтыг хэрэглээгүй гэж үзэж байна. Учир нь Капитал банк ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, улмаар ажилчиддаа тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийт бүрдүүлэх зорилгоор байрны урьдчилгаа төлж, улмаар ажилтан нь гэрээнд заасан нөхцөл болзол, нөхцөлийг хангасан тохиолдолд урьдчилгаа төлбөрийг банк буцаан авахгүй байх, харин дээрх гэрээнд заасан тодорхой нөхцөлөөр ажлаас чөлөөлөгдсөн тохиолдолд уг урьдчилгаа төлбөрийг, хүүгийн хамт буцаан шаардах нөхцөлтэйгээр дээрх гэрээ байгуулагдсан байх ба талууд өөрсдийн хүсэл зоригийн дагуу гэрээг байгуулж гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг. Энэхүү гэрээг Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 208 дугаар зүйлийн 208.7 дахь хэсэгт заасан болзол тавьж хийсэн хэлцэл гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагчаас 33 768 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч “Капитал банк” ХХК нь хариуцагч Г.Батсүхэд холбогдуулж гэрээнээс учирсан хохиролд 33 768 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч “Капитал банк” ХХК болон хариуцагч Г.Батсүх нарын хооронд “Ажиллагсдын ипотекийн зээлийн урьдчилгааг төлөх, тогтвортой ажиллах нөхцөлт” нэртэй гэрээг 2013 оны 08 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан ба уг гэрээгээр “Капитал банк” ХХК нь ажилтан Г.Батсүхийн худалдан авч буй, Баянгол дүүргийн 5 дугаар хороо 81 дүгээр байрны 05 тоот, 94.44 м.кв талбай бүхий орон сууцны урьдчилгаа төлбөр болох    25 200 000 төгрөгийг төлөх, ажилтан Г.Батсүх нь 10 жилээс доошгүй хугацаагаар тогтвортой, үр бүтээлтэй ажиллах үүргийг тус тус хүлээж, ажилтан үүргээ биелүүлээгүй тохиолдолд орон сууцны урьдчилгаанд төлүүлсэн төлбөрийг, сарын 1.7 хувийн хүүтэй буцаан төлөх талаар харилцан тохирчээ.

Капитал банкны гүйцэтгэх захирлын 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 309 тоот тушаалаар Г.Батсүхийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан /хх 9 дэх тал/, энэ тушаалын талаар гомдол гаргаагүй, уг тушаал хүчинтэй, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан үйл баримтын талаар маргаангүй байна.

Иймд талуудын хооронд байгуулагдсан “Ажиллагсдын ипотекийн зээлийн урьдчилгааг төлөх, тогтвортой ажиллах нөхцөлт” гэрээний 2.4 дэх хэсэгт заасан ажилтан доод тал нь 10 жил тогтвортой ажиллах үүргээ биелүүлээгүй, 2.6 дахь хэсэгт заасан ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ захиргааны санаачилгаар цуцлагдсан нөхцөл бүрдсэн тул нэхэмжлэгч Капитал банк нь гэрээний үүрэг зөрчсөнтэй холбоотой учирсан хохирлоо Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасны дагуу шаардах боломжтой юм.

Гэтэл ажилтныг ажлаас халсан ажил олгогчийн тушаалд ажилтан гомдол гараагүй, тушаал хүчинтэй байхад анхан шатны шүүх ажилтан Г.Батсүхыг тушаалын талаар гомдол гаргаагүй нь сахилгын ноцтой зөрчил гаргасныг хүлээн зөвшөөрсөн, хөдөлмөрийн гэрээ цуцалсанд ажилтан буруугүй гэсэн агуулга бүхий өрөөсгөл дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг үнэлэх журамд нийцэхгүй. Түүнчлэн гэрээний 2.4 дэх заалтаас үзвэл ажилтны болон ажил олгогчийн хэн алины санаачилгаар хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан тохиолдолд “Ажиллагсдын ипотекийн зээлийн урьдчилгааг төлөх, тогтвортой ажиллах нөхцөлт” гэрээний дагуу мөнгө төлүүлэх агуулга заагдсан, энэ талаар талууд маргаангүй байхад шүүх санаачилгаараа талуудын тохиролцоог өөрөөр тайлбарласан нь Иргэний хуулийн 198 дугаар зүйлд заасан гэрээний агуулгыг тодорхойлох зарчимд нийцэхгүй.

Нэхэмжлэгчийн хувьд хариуцагчийн буруугаас гэрээ цуцлагдсантай холбоотойгоор түүнд шилжүүлсэн хөрөнгөө буцаан шаардаагүй, харин гэрээ биелэгдээгүйтэй холбоотойгоор бусад этгээдэд хариуцагчийн өмнөөс мөнгө төлж, зардал гарч хохирсон гэх агуулгаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.

“Ажиллагсдын ипотекийн зээлийн урьдчилгааг төлөх, тогтвортой ажиллах нөхцөлт” гэрээний 2.4 дэх заалт нь гэрээ цуцалснаар үүссэн үр дагавар буюу Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасан хохирлыг шаардах эрхийн зохицуулалт байхад шүүх гэрээнээс татгалзсны үр дагавар болох Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ. 

Харин хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд нэхэмжлэгч нь 25 200 000 төгрөгийг хариуцагчийн өмнөөс гуравдагч этгээд болох “Шинэ дэлхий” ХХК-д төлсөн гэдгийг нотолсон эргэлзээгүй нотлох баримт авагдаагүй байхад нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нотолсон гэж дүгнэх боломжгүй болно.

Хэрэгт авагдсан 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Мемориалын баримт 201309274986015416-0 /хх 70 дах тал/ гэх баримтад ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрт 243 285 000 төгрөгийг “Шинэ дэлхий” ХХК-д Капитал банкнаас төлсөн гэж тэмдэглэгдсэн боловч энэ баримтыг хариуцагч Г.Батсүх, “Шинэ дэлхий” ХХК-тай 2012 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр байгуулагдсан барилгын ажил гүйцэтгэх гэрээ /хх 78-79 дэх тал/, уг гэрээнд орон сууцны 1 м.кв талбайг талууд 1 350 000 төгрөг, нийт орон сууцны үнийг 127 494 000 төгрөгөөр тодорхойлсон, Капитал банк ХХК болон Г.Батсүх нарын хооронд 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээ /хх 40-43 дахь тал/, зээлийн гэрээний үнэ 130 200 000 төгрөг байгаа үйл баримттай харьцуулан дүгнэвэл нэхэмжлэгч “Капитал банк” ХХК хариуцагчийн өмнөөс байрны урьдчилгаа төлбөрийг төлж хохирсон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2016/05688 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...205 дугаар зүйлийн 205.1...” гэснийг “...227 дугаар зүйлийн 227.1...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 326 790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                      ШҮҮГЧИД                                 Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                        Э.ЗОЛЗАЯА