| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 146/2020/0025/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/28 |
| Огноо | 2020-04-06 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 2020/ШЦТ/28
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж
Нарийн бичгийн дарга: Т.Энхжин,
Улсын яллагч: Б.Оюунцэцэг, /Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны танхимаас онлайнаар/
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Болормаа, /Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны танхимаас онлайнаар/
Шүүгдэгч: Э.Т- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, Б.Оюунцэцэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Б- овогт Э-ийн Т-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1927001690010 дугаартай, 146/2020/0025/Э индекстэй хэргийг хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин, ам бүл 2, хүүгийн хамт Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ___ багт оршин суух, урд ял шийтгэлгүй, ___ регистрийн дугаартай, Б- овогт Э-ийн Т-
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э-ийн Т- нь 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 5 цагийн орчим Өвөрхангай аймгийн Өлзийт сумын 1 дүгээр багийн нутаг Зэгстэй гэх газар улсын чанартай хатуу хучилттай асфальтан замын 360 дугаарын шонгийн хажууд ___ улсын дугаартай, хьюндэй портер маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-ийн б-д заасан “...хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, 3.7-ийн а-д заасан “...мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 18.3 дахь хэсэгт заасан “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэсэн заалтуудыг зөрчсний улмаас онхолдож зорчигч Б.Б-гийн амь насыг хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.Т- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр миний хань, талийгаач Б.Б-, хүү Т.Ч- бид 3 Улаанбаатар хотоос Говь-Алтай аймгийн чиглэлд ___ улсын дугаартай, хьюндэй портер маркийн тээврийн хэрэгслийг би жолоодон явсан. Төв аймгийн Лүн сум өнгөрөөд явж байгаад машин эвдэрээд машинаа засуулаад маргааш орой нь 18 цагийн үед Говь-Алтай аймгийн зүгт явсан. Төв аймгийн Эрдэнэсант суманд ирж хонох гэтэл нойр хүрэхгүй болохоор Говь-Алтай аймгийн зүг явж байгаад Булган аймгийн Рашаант сум өнгөрөөд нэг байшинтай айлын гадаа хонох гээд ирээд зогссон. Гэтэл миний эхнэр Б.Б- нь би айлд хонохгүй нохойноос айгаад байна. Мөн хүүхэд уйлаад байна гээд байхаар нь бид гурав цаашаа явж Шартын даваа даваад явж байтал миний нойр хүрээд бид гурав машиндаа унтаж байтал өглөө үүрээр манай хүүхэд уйлаад бид хоёр сэрсэн. Манай эхнэр Б.Б- хэлэхдээ явахаар хүүхэд уйлахгүй гайгүй болох байх гэж хэлэхээр нь бид гурав машинтайгаа хөдлөөд явсан. Тэгээд явж байтал ойролцоогоор 20-30 км яваад өөдөөс 200-300 метрийн зайтай машин ирж байсан. Тухайн машин маш хурц гэрэлтэй машин байсан болохоор би гэрлээ шилжүүл гээд дохисон боловч гэрлээ шилжүүлэхгүй өмнөөс дөхөөд ирэхээр нь би машины рүлээ баруун гар тал руугаа дартал миний машин замын баруун тал руу ойртоод ирэхэд эсрэг тал руугаа дархад миний машин тогтоогүй. Нэг сэхээ ортол манай хүүхэд уйлаад байсан. Хүүхдээ аваад эхнэр дээр очиход манай эхнэр амьсгаатай ёолж байсан. Би машин зогсоогоод надад туслаарай гэхэд замаар явж байсан гурван машин зогссон. Баянхонгор аймгийн дугаартай Жийп маркийн машинтай хүмүүс намайг эмнэлэгт хүргээд өгье гэж надад хэлсэн. Би тэр хүмүүст эхнэрээ орхиж явахгүй. Манай эхнэрийг аваад явъя гэхэд тэр хүмүүс надад хэлэхдээ эхнэрийг чинь авч явж чадахгүй сүүлд нь бид нар хэрэгт орно гэж хэлсэн. Намайг Өвөрхангай аймагт очиход манай эхнэрийг өөд болсон гэж хэн ч надад хэлээгүй. Улаанбаатар хотод байдаг манай хамаатнууд надад энэ мэдээг дуулгасан. Би маш их харамсаж байна гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ш-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: 2019 оны 06 дугаар сарын 27-ны үед манай хүргэн Э.Т-, эхнэр Б.Б-, зээ хүү Т.Ч- нар Улаанбаатар хот руу машин худалдаж авахаар явсан. 2019 оны 07 дугаар сарын эхээр байх би өдрийг нь сайн санахгүй байна. Манай хүргэн Э.Т- над руу утсаар ярихдаа 10,000,000 төгрөгөнд портер машин худалдаж авлаа гэж ярьсан. 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүргэн Э.Т-, охин Б.Б-, зээ хүү Т.Ч- нар Улаанбаатар хотоос Говь-Алтай аймаг руу гарах гэж байна гэж хэлсэн. Маргааш өглөө нь буюу 2019 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүргэн Э.Т- над руу утсаар ярихдаа машин болохгүй байна машины сэлбэг худалдаж авах гэсэн юм мөнгө явуул гэж надад хэлсэн. Би хүргэн Э.Т- руу 100,000 төгрөг шилжүүлсэн. Тухайн өдрийн орой нь гурван хүүхэд Говь-Алтай аймаг руу явж байгаад осол болсон гэх газраас 4-5 километр газарт байх нэг айлын гадаа машиндаа хоносон байсан. Үүрээр 04 цагийн үед сэрээд Говь-Алтай аймаг зүг рүү явж байгаад тухайн осол гарсан гэж байсан. Би хэргийн газар дээр очиж үзээгүй болохоор нарийн учрыг нь сайн мэдэхгүй байна. Тухайн портер машиныг манай хүргэн Э.Т-, миний охин Б.Б- хоёр өөрсдийнхөө мөнгөөр Улаанбаатар хотоос худалдаж авсан. Манай хоёр хүүхэд 2017 онд танилцаж улмаар 2018 оны 08 дугаар сард гэр бүл болж байсан. Албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй. Манай хүргэн Э.Т-, охин Б.Б- хоёрын дундаас 2018 оны 03 дугаар сард хүү Т.Ч- төрсөн. Хоёр хүүхэд маань хоорондоо маш эвтэй амьдардаг байсан. Одоо надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. Би одоо хүргэн Э.Т-, хүү Г.Х-, зээ хүү Т.Ч- нарын хамт Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Наран багт оршин суудаг гэх мэдүүлэг /хх-ийн 125-126 дугаар хуудас/
Гэрч Б.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг: Би Э-ийн Т- гэж залууг танина. Манай багийн малчин залуу байгаа. Одоогийн байдлаар Говь-Алтай аймгийн Халиун сумын Гүү бариач багийн иргэн хадам ээж Ц-гийн Ш-, хадам дүү Г.Х-, өөрийн хүү Т.Ч- нарын хамтаар Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Наран багийн “___” гэдэг газарт ганц гэрээр өвөлжиж байгаа. Э.Т- нь хувь хүний тухайд сургуульд сурч байгаад багаасаа мал дээр гарсан. Төлөв даруу зантай. Архи дарс хэрэглэж, тамхи татдаггүй тийм хүн. 2018 оны 08 дугаар сард талийгаач эхнэр Б.Б-тай Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Наран багийн “___” гэх газар хурим найраа хийж байсан. 2019 оны 07 дугаар сард Улаанбаатар хот руу ачааны машин авах гэж яваад замдаа эхнэр нь зам тээврийн осолд орж нас барсан юм. Э.Т- нь машин худалдаж авахаасаа нэг жилийн өмнө жолооны курст сурч жолооч болж байсныг би мэднэ. Тэрнээс хойш жолооч болоод 2 жил орчим болж байгаа. Э.Т- нь одоо Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Наран багийн нутагт хадам ээж Ц.Ш-гийн гэрт хүү Т.Ч-, хадам дүү Г.Х- нарын хамт амьдардаг гэх мэдүүлэг /хх-ийн 127 дугаар хуудас/,
Гэрч Ж.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: “... Би тухайн осол болох үед хамт байгаагүй. Тухайн үйл явдал болсноос хойш 6 орчим цагийн дараа манай аав Я.Ж- надад хэлэхдээ нөгөө хоёр хүүхэд Говь-Алтай аймаг руу явж байх замдаа аваарт орж гэр бүлийн хүн нь нас барсан байна гэж хэлсэн. Тэгээд би 2 дүүгээ дагуулаад Улаанбаатар хотоос Өвөрхангай аймаг руу осол болсон гэх газар руу явсан. Осол аваар болсон гэх газарт очиход машины кабин нь цөмөрсөн, нилээн эвдрэлтэй, ачиж явсан будаг бараа нь энд тэндгүй цацагдсан байсан. Би дагуулж явсан хоёр дүүгээ осол болсон гэх газар үлдээгээд цаашаа Өвөрхангай аймгийн нэгдсэн эмнэлэг рүү Э.Т- дээр очихоор явсан. Э.Т- дээр очиход Э.Т- нэг хүнтэй утсаар яриад би эхнэрийгээ алдчихлаа гээд уйлчихсан, түргэн тусламжийн орон дээр хэвтэж байсан. Би ямар шалтгааны улмаас осол аваар болсон талаар Э.Т-ас асуухад тухайн аваар болсон өдрийн урьд орой нь өргөмөл ах болох Ж-ы А-тай утсаар холбогдож ярихдаа миний машин халаад ражатерын ус цацчихаар нь Төв аймгийн Лүн сум нь дээр янзалчихаад явж байна гэж ярьчихаад, цааш яваад шөнө дунд япон тэрэгтэй, айхтар нохойтой айлын гадна жоохон унтаж амарчихаад эхнэр явъя гээд байхаар нь хөдлөөд 10 километр орчим газар явж байтал урдаас нэг хурц гэрэлтэй машин зам голлоод яваад ирэхээр нь би замаас гараад, тухайн машиныг өнгөрөөд явангуут эргээд зам руугаа дарсан нэг мэдсэн чинь ийм зүйл болчихсон байсан гэж надад хэлсэн. Э.Т- нь ямаа самнасан мөнгөөрөө машин авах, мөн эхнэрийнхээ толгойг үзүүлэх гэж Улаанбаатар хот руу орж ирсэн. Би 2-3 хоног эхнэрийг нь эмнэлэгээр үзүүлэхэд машинаараа үйлчилсэн. Талийгаач Б.Б- толгой нь өвддөг, байнга эм уудаг байсан. Бага байхдаа тархины хагалгаанд орж байсан гэж сонссон гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/,
Гэрч Э.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: “...2019 оны 07 дугаар сарын 08-ны өглөө үүрийн 05 цаг 40 минутын үед манай эгч Г.Я- над руу залгаж ярихдаа “хойд зам дээр аваар гарчихлаа, яваад ир” гэж хэлсэн. Би машинаа асаагаад Г.Я-г эмнэлэг дээрээс аваад тухайн осол болсон гэх газарт очсон. Тухайн газарт очиход машин нь замын хажуу руу ойччихсон, ачиж явсан зүйлүүд нь газраар тарчихсан, талийгаачийн дээгүүр юмаар бүтээчихсэн байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр хуудас/,
Гэрч Б.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: ... Би Э.Т- гэх залуутай садан төрлийн холбоотой. Манай ээжийн дүүгийн хүүхэд байгаа юм. Би Э.Т-ар Улаанбаатар хотоос 5,000,000-6,000,000 төгрөгийн үнэтэй барилгын лаазтай будаг болон ойр зуурын барилгын материал захиж авахуулсан. Ингээд 3 хоногийн дараа Э.Т-ыг Өвөрхангай аймгийн нутагт машинтайгаа явж байгаад осолдож эхнэр нь нас барсан гэдгийг дуулсан. Манай ах, дүү нар яваад буцаж ирэхдээ миний захисан ачааг тоо ёсоор нь бүрэн бүтэн авчирч өгсөн. Надад учирсан хохирол байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 129 дүгээр хуудас/
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Л.Амгалангийн 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 87 дугаартай дүгнэлтэнд: 1. Талийгаач Б.Б-гийн биед их тархины зулай хэсэгт цус харвалт, элэгний язарсан шарх, хэвлийн хөндий дэхь шингэн, баруун гар, зүүн мөр, хэвлийд зулгаралт, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэл буюу зам тээврийн осолын үед үүсэх боломжтой.
3. Хэргийн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна.
4. Дээрхи цус хуралт, зулгаралт нь гэмтлийн хөнгөн зэрэгт, тархины гэмтэл, элэгний шарх нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
5. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
6. Эмнэлэгийн тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй.
7. Талийгаач гавал тархины болон хэвлийн эрхтнүүдийн хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас баржээ гэжээ. /хх-ийн 40-42 дугаар хуудас/,
Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын харьяа Хархорин сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч Б.Алтансүхийн 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 11 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: ... 1. ___ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийн жолооч Э-ийн Т- нь /___/ дамын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэж үзэж байна. Э.Т- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4Б, 3.7А “Хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, "Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) , эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” дахь заалтуудыг зөрчиж явсан байх үндэслэлтэй байна.
2. Э.Т- нь тээврийн хэрэгсэл жолоодох “А, В” ангиллын №___ үнэмлэхтэй байна.
3. Уг зам тээврийн осол гарах шалтгаан нь ___ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийн жолооч Э-ийн Т- Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7А “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”-г зөрчсөний улмаас гарсан байх үндэслэлтэй байна гэжээ. /хх-ийн 57 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Авто техникийн шинжилгээний лабораторийн шинжээч, цагдаагийн дэслэгч С.Дарханбаатарын 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 5201 дугаартай шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 63-65 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Э-ийн Т- нь 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 5 цагийн орчим Өвөрхангай аймгийн Өлзийт сумын 1 дүгээр багийн нутаг Зэгстэй гэх газар улсын чанартай хатуу хучилттай асфальтан замын 360 дугаарын шонгийн хажууд ___ улсын дугаартай, Хьюндэй старекс либеро маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-ийн б-д заасан “...хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, 3.7-ийн а-д заасан “...мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 18.3 дахь хэсэгт заасан “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэсэн заалтуудыг зөрчсний улмаас зам тээврийн осол гаргаж зорчигч Б.Б-гийн амь насыг хохироосон нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хавтаст хэрэгт авагдсан гэрч Б.Х-, гэрч Э.Д-, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ш-, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Л.Амгалангийн 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 87 дугаартай шинжээчийн дүгнэлт, Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын харьяа Хархорин сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч Б.Алтансүхийн 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 11 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Э.Тулгыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Талийгаач Б.Б-гийн хууль ёсны төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тул Э.Т-д хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан.
Шүүгдэгч Э.Т- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлт гаргаснаар Говь-Алтай аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т-д 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсгийг журамлан 2 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дах хэсэгт заасан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахуулах ялын санал бичгээр гаргаж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, талийгаач нь шүүгдэгчийн эхнэр байсан бөгөөд шүүгдэгч нь 2 настай хүүгийн хамт амьдарч байгаа зэрэг хувийн байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гомдол, санал байхгүй, түүнд оногдуулах ялыг хөнгөрүүлж өгөхийг хүссэн хүсэлт гаргасан зэрэг нөхцөл байдлыг прокурорын ялын саналын хүрээнд шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Э.Т-д тэнссэн хугацаанд оршин суух газар, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бичиг баримт хураагдаж ирээгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5201 тоот дүгнэлтээр шүүгдэгч Э.Т-ын жолоодож зам тээврийн осол гаргасан тээврийн хэрэгсэл нь Хьюндэй старекс либеро маркийнх байх бөгөөд яллах дүгнэлтэнд хьюндэй протер маркийн тээврийн хэрэгсэл гэж алдаа гаргасныг дурдах нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Э.-ын ___ дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг Говь-Алтай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, Э.Т-ын өмчлөлийн ___ улсын дугаартай, Хьюндэй старекс либеро маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ, иргэний үнэмлэхийг шүүгдэгч Э.Т-д буцаан олгохыг дурдав.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэх нь зүйтэй.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дах хэсэг, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б- овогт Э-ийн Тулгыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б- овогт Э-ийн Тулгыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурван/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т-ыг тэнссэн хугацаанд оршин суух газар, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаад шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусад эрхийг нь хязгаарлаагүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Тулгын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын эдлэх хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураагдан ирсэн ___ улсын дугаартай, Хьюндэй старекс либеро маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ, иргэний үнэмлэхийг шүүгдэгчид буцаан олгож, ___ дугаартай Э.Т-ын жолоочийн үнэмлэхийг Говь-Алтай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ДУЛМАА