Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 2020/ШЦТ/30

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж,

Улсын яллагч: Д.Алимаа,

Нарийн бичгийн дарга: Г.Ишээ

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Гандөш,

Шүүгдэгч: Д.У- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны

танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Д.Алимаа, шүүгдэгч Г- овогт Д-ын У-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2027000440017 дугаартай, 146/2020/0022/Э индекстэй хэргийг 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, аав, эмээ, өвөө нарын хамт Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нарийн хүр баг “___” гэх газар оршин суух, гавъяа шагналгүй,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2020/ШЦТ/11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссэн, РД:___ регистрийн дугаартай, Г- овогт Д-ын У-,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.У- нь 2019 оны 10 дугаар сарын дундуур Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нарийн хүр багийн нутгаас хохирогч П.Д-ийн 1 тооны хонийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.У- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Би П.Д-ийн 1 тооныг хонийг бусдад худалдсан нь үнэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

Хохирогч П.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: 2019 оны 10 дугаар сарын дундуур намайг Улаанбаатар хот явсан хойгуур Д.У- надад хэлэлгүй манай нэг хонийг аваад явчихсан байсан. Намайг хотоос ирэхэд энэ талаараа надад хэлэхгүй байсан. Д.У- манай ах Д-ийн том хүү нь байгаа юм.  Манай хониноос улаан толгойтой эр хонийг хулгайлан авч бусдад зарж борлуулсан талаар би сүүлд айл саахалт байдаг Т- гэж хүнээс мэдсэн. Надад одоо нэхэмжлэх зүйл, гомдол санал, хохирол байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр хуудас/,

Гэрч П.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: ... Манай хонь Д.У-ын хоньтой хамт байдаг. Малын А данс тусдаа байдаг ... гэжээ. /хх 6-7 хуудас/

Гэрч Ц.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: Би 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Т- ахтай утсаар ярьж нэг төлөг 90,000 төгрөгөөр худалдаж авахаар болж Хархорин сумын Нарийн хүр баг, ___ гэх газар байх Т- ахын гэрт өөрийн эзэмшлийн мотоцикльтой Хархорин сумын төвөөс очсон. Би Т- ахаас худалдаж авсан хонио аваад төв рүү хөдлөх гэж байтал Д.У- морьтой ирсэн. Би Д.У-аас хавар зээлсэн 30,000 төгрөгөө авъя гэж хэлэхэд би танд хонь бариад өгье та харин надад зөрүү мөнгийг нь өгчих гэж хэлсэн. Д.У- уулнаас хонь тууж ирээд улаан толгойтой эр хонь барьж хөлийг нь уяж өөрийнхөө мотоцикль дээр ачсан. Би Д.У-т зээлсэн 30,000 төгрөгөө хасаад 90,000 төгрөг өгөх байснаас 70,000 төгрөгийг Д.У-т өгөхөд Т- ах Д.У-т хандаж чи архи уугаад дуусгачихна гэж хэлээд 50,000 төгрөгийг Д.У-аас авч 20,000 төгрөгийг бензин хийгээрэй гээд өгсөн. Тэгээд бид хоёр Хархорин сумын төв рүү өөр өөрсдийн мотоцикльтой хонио ачаад орж ирсэн. Тухайн үед Д.У- надад хонио өгөхдөө миний хонь гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 12 дугаар хуудас/,

Гэрч П.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: Би 2 хүүхэдтэй манай том хүүг Д.У- гэдэг надтай цуг Хархорин сумын Нарийн хүр баг, ___ гэх газар мал маллаж амьдардаг. ... Манай том хүү ерөөсөө сургуульд сураагүй мал маллаж өссөн хүүхэд байгаа юм. Д.У- нь ааш зан гайгүй. Багасаа мал дээр өссөн сургууль соёлд суугаагүй болохоор л жоохон сонин байгаад байдаг. П.Д- намар Улаанбаатар хот орчихоод ирье гэж хэлээд надад малаа захиж үлдээсэн. Д.У-ыг, П.Д-ийн хониноос зарсан талаар огт мэдээгүй. Би төв дээр 2-3 хоноод гэртээ очсон...гэх мэдүүлэг/хх-ийн 13-14 дүгээр хуудас/,

Гэрч Б.Ч-ын /Т-/ мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: 2019 оны 10 дугаар сарын дундуур Ц.Б- гэх залуу манайд Хархорин сумын төвөөс хонь худалдаж авахаар ирсэн. Би Ц.Б-д өөрийнхөө хониноос 1 тооны төлөг зарсан. Түүний дараа Ц.Б-, Д.У-тай уулзаж байгаад Д.У- нь манай өвөлжөөний хонь байсан өөрийнхөө хониноос 1 тооны улаан толгойтой шүдлэн хонь барьж аваад Ц.Б-д зарсан. Хэдэн төгрөгөөр зарсаныг нь сайн мэдэхгүй байна. Тухайн үед би Д.У-ыг өөрийнхөө хониноос зарж байна гэж бодсон. Сүүлд П.Д- надаас хонь сурахаар нь Д.У-ыг хонь зарсан талаар хэлсэн. Намайг манай нутгийн хүмүүс дуудахдаа Т- гэж хочилж дууддаг гэх мэдүүлэг...” /хх-ийн 16 дугаар хуудас/,  

Хөрөнгийн үнэлгээний Вендо компанийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 23-24 дүгээр хуудас/ зэрэг болно.

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Д.У-ыг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Шүүгдэгч Д.У- нь 2019 оны 10 дугаар сарын дундуур  өөрийн маллаж байсан хонин дотроос хохирогч П.Д-ийн 1 тооны хонийг бусдад худалдсан нь гэрч Б.Ч-, Ц.Б-, хохирогч П.Д-, гэрч П.Д- нарын мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.У-ын дээрх үйлдэл нь мал хулгайлах гэмт хэргийн шинжгүй харин бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.  

Учир нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч П.Д-, хохирогч П.Д- нарын мэдүүлэг, шүүх хуралдаанд шүүгдэгч Д.У-ын мэдүүлгээр Д.У- нь аав П.Д-, ах П.Д- нарын хамт мал маллаж амьдардаг байх ба П.Д-, П.Д- нарын эзгүйд өөрийн маллаж байсан хониноос П.Д-ийн нэг тооны хонийг бусдад худалдаж өөрөөр хэлбэл бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох нэг тооны хонийг бусдад худалдаж хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэн байна. 

Иймд шүүгдэгч Д.У-ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох П.Д-ийн нэг тооны хонийг бусдад худалдаж  хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.    

Хохирогч П.Д- нь хохирол, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн байх тул шүүгдэгч Д.У-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч хохирол төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.У-ыг  Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн байна.

Шүүгдэгч Д.У- тус шүүхээр шийтгүүлэхээс өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бөгөөд өмнөх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож нэгтгэн шийдвэрлэх үндэслэл тогтоогдохгүй, шүүхээс тэнссэн хугацаанд гэмт хэрэг үйлдээгүй байх тул энэ гэмт хэрэгт нь ял оногдуулж тэнссэн болон нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан адуу болон мотоциклийг хурааж улсын орлого болгох буюу хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ авах саналыг улсын яллагчаас гаргасан бөгөөд мотоцикль болон адууг хураах үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүхээс үзлээ.

Учир нь шүүгдэгч  тэр өдөр мориороо хонио хариулж байсан бөгөөд хохирогч П.Д-ийн нэг тооны хонийг бусдад худалдаж, гэмт хэрэг төгссөний дараа хонийг төв рүү оруулаад өг гэсний дагуу мотоциклиор хонийг ганзаглаж төв рүү оруулж өгсөн байна. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдэхийн тулд морийг урдаас бэлдэж ашигласан үйлдэл байхгүй байна.

Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэв.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Д.У-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч Г- овогт Д-ын У-ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг худалдаж хөрөнгө завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г- овогт Д-ын У-ыг 300 /гурван зуун/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагаар тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, бусад эрхийг хязгаарлаагүйг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.У-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Э.ДУЛМАА