| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2020/0540/Э |
| Дугаар | 536 |
| Огноо | 2020-06-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 23.1.1, |
| Улсын яллагч | Г.Сундуй |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 536
2020 06 04 2020/ШЦТ/536
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
улсын яллагч: Г.Сундуй;
нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг;
шүүгдэгч: Б.П/өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдэд яллахаар дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.П-т холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1994 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Хэнтий аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “Орчлон” сургуульд цахилгаанчин ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт урьд ял шийтгэлгүй, Б.П,
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч Б.Пнь 2020 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 12 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, 17 дугаар сургуулийн 4 замын уулзвар дээр үүрэг гүйцэтгэж байсан Сүхбаатар дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч цагдаа Б.Амарсайханы “бичиг баримт хураалгах” шаардлагыг эсэргүүцэж, албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан нүүрэн тус газар мөргөх, хоолойг боох, түлхэх зэргээр хүч хэрэглэн эсэргүүцэж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.П мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд Б.П-н яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 4-6, 7-9, 12-14/, яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол /хх-ийн 10-11/, эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол /хх-ийн 21/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 22-28/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 29-32/, хохирогч Б.Амарсайхан /хх-ийн 35-37/, гэрч Б.Анхбаяр /хх-ийн 38-40, 41-42/, гэрч Д.Бат-Эрдэнэ /хх-ийн 46-47/, гэрч Б.Бадамцэцэг /хх-ийн 53-55/, гэрч М.Пүрэвдорж /хх-ийн 56-57/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 5131 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 59-60/, хохирогчийн эрүүл мэндтэй холбоотой баримт /хх-ийн 61/, Б.П-н хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 77-91, 110/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Пнь 2020 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 12 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, 17 дугаар сургуулийн 4 замын уулзвар дээр Сүхбаатар дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч цагдаа Б.Амарсайханг албан үүргээ гүйцэтгэх үед нь буюу тээврийн хэрэгслийн баримт бичгийг түр хураан авлаа хэмээн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн, мөн түүнийг дээрх байдлаар эсэргүүцэхдээ эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:
хохирогч Б.Амарсайханы /хх-ийн 35-37/: “...2020 оны 04 дүгээр сарын 26-ны өглөөний 8 цагаас орой 20 цаг хүртэл 426 дугаар постон дээр буюу 17 дугаар сургуулийн 4 замын уулзвар дээр үүрэг гүйцэтгэсэн. Өдөр 12 цаг өнгөрч байхад Хайлаастаас орж ирсэн замаар 3313 УНТ дугаартай “приус” маркийн машин орж ирээд замын хаалт тавьсан байсныг аваад шууд чигээрээ Дарь Эхийн зам руу орох гэсэн. Замын ачаалал их байсан учраас нөгөө жолоочийг чигээрээ явах шаардлага тавьтал шууд хөдөлгөөнөө үргэлжлүүлсэн. Би хаалганы бариулаас татаж хаалгыг нь онгойлгосон. Харин манай цагдаа Б.Анхбаяр урд нь зогсож хаасан. Тэгтэл нөгөө залуу бууж ирээд намайг түлхэж мөн мөрлөсөн. Бичиг баримт шаардахад “чамд шалгуулахгүй пизда минь” гэж хэлсэн. Дахин шаардлага тавьтал бичиг баримтаа өгсөн. Бичиг баримтыг нь хурааж авах гэтэл надаас бичиг баримтаа булааж авах гээд миний нүүр лүү толгойгоороо мөргөж, хоолой боож танхайрсан. Миний шүдэнд гэмтэл учирсан” гэх мэдүүлгээр,
гэрч Б.Анхбаярын /хх-ийн 38-40, 41-42/: “...2020 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 12 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, 17 дугаар сургуулийн пост 426, 4 замын уулзвар дээр үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 3313 УНТ дугаартай мөнгөлөг өнгийн “Тоёота приус-20” маркийн автомашины жолооч шаардлага биелүүлэхгүй уулзварыг хааж тавьсан хаалтыг авсан. Машинаасаа бууж ирээд хамт үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн дэд ахлагч Б.Амарсайханы нүүрэн тус газарт мөргөж, хоолой хэсгээс нь цааш түлхсэн. Тэгээд бичиг баримтаа шалгуулахаар шаардлага тавихад шалгуулж байхдаа булааж аван хамт үүрэг гүйцэтгэж байсан цагдааг цамцных нь захаар боож цааш түлхэн машиндаа сууж хөдлөн явсан...” гэх мэдүүлгээр,
гэрч Д.Бат-Эрдэнийн /хх-ийн 46-47/: “...Тухайн өдрийн хуваарийг харахад цагдаа зохицуулагч дэд ахлагч Б.Амарсайхан 426 буюу 17 дугаар сургуулийн 4 замын уулзвар дээр өглөө 09:00 цагаас орой 20:00 цаг хүртэл үүрэг гүйцэтгэсэн байсан. Харин Цагдаагийн дэд ахлагч Б.Анхбаяр нь 426 буюу 32-н тойрог дээр мөн 09:00 цагаас 20:00 цаг хүртэл гүйцэтгэсэн. Ачаалал ихтэй үед тухайн хоёр постны аль ачаалал ихтэй байгаа газарт нэмэгдлээр ажиллах ёстой. Тухайн үед 17 дугаар сургуулийн уулзвар ачаалал ихтэй байсан болохоор 426 буюу дэд ахлагч Б.Анхбаяр 17 дугаар сургуулийн уулзвар дээр нэмэгдлээр ирж ажиллаж байсан...” гэх мэдүүлгээр,
гэрч М.Пүрэвдоржийн /хх-ийн 56-57/: “...Тухайн өдөр албан үүргээ гүйцэтгэж байсан. ...12 цаг өнгөрч байхад хэлтсийн үүдэн дээр зогсож байтал ...урд талын замын уулзвар дээр цагаан приус автомашин замын голд зогссон дотроос нь эрэгтэй, эмэгтэй хоёр хүн гарч ирээд хоёр замын цагдаа руу дайрч түлхэж, толгойгоороо мөргөх гэж байгаа байдалтай дайраад байсан. Би очоод болсон асуудлын талаар асууж цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүл гэдэг шаардлага тавьсан...” гэх мэдүүлгээр,
Б.Амарсайханы биед “баруун дээд 1-р шүдний сулрал” бүхий гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 5131 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 59-60/,
Б.П-няллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 7-9, 12-14/: “...Тэр өдөр эхнэр, хүүхдүүдийн хамт хороололд хадмын гэрт хоноод гэр лүүгээ явсан. Тэгээд 32-н тойргоор явтал түгжрээ ихтэй байхаар нь буцаж тойроод Дэнжийн мянгаар даваад Хайлаастын замаар 17 дугаар сургуулийн уулзвар руу орж ирсэн. Тэгтэл 17 дугаар сургуулийн уулзвар Дарь Эх рүү гардаг замыг хаасан зөвхөн хоёр тийш нь явуулж байсан. ...би чигээрээ гарах гэтэл миний өмнө хаалт тавьсан. Би машинтайгаа хаалтанд тулж очоод “гарчихъя, сая та нар машин зүүн тийш нь эргүүлээд байсан шүү дээ” гэж хэлтэл замын цагдаа миний хаалгыг онгойлгоод “бичиг баримтаа өг” гэж нэхсэн. Би бичиг баримтаа өгөөд “гаръя” гэтэл гаргахгүй байсан. Бичиг баримтаа авъя гээд маргаан болсон. ...Хийсэн үйлдэлдээ харамсаж байна...” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн, эсэргүүцсэн, хохирогчийг зодсон болохыг гэрч, шүүгдэгч, хохирогчийн хэн аль нь зөрүүгүй гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь бусдад зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан болохыг тогтоосон” байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар Б.П-нхууль сахиулагч Б.Амарсайханг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг, дээрх байдлаар хүч хэрэглэн эсэргүүцэхдээ хууль сахиулагчийн “бичиг баримт хураалгах” шаардлагыг биелүүлэлгүй эсэргүүцэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Ийнхүү шүүгдэгч Б.П-н“Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн”, “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.
Шүүгдэгч нь хохирогчид учруулсан материаллаг хохирлыг төлсөн нь /хх-ийн 110/ эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал болсноос гадна хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэл болов. Харин шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгч Б.П-ийг “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн”, “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /1 нэгж=1000 төгрөг/ 2.700.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /1 нэгж=1000 төгрөг/ 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.П-нүйлдсэн гэмт хэрэг тус бүрд оногдуулсан дээрх торгох ялуудыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялын төрөл хэмжээг 3.150.000 /гурван сая нэг зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар тогтоов.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Пнь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.
Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй бөгөөд эд мөрийн баримтаар хураагдсан CD 2 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 3, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б.П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн” гэмт хэрэг үйлдсэн,
мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П-ийг 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.П-н үйлдсэн гэмт хэрэг тус бүрд оногдуулсан торгох ялуудыг нэмж нэгтгэх буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Б.П-н нийт эдлэх ялын төрөл хэмжээг 3.150.000 /гурван сая нэг зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан CD 2 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.П-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ