Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 108

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Л.Батжаргал би

Нэхэмжлэгч: Капитал банкны Замын-Үүд салбарын /РД:2556375/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймаг, Замын-Үүд сум, 3 дугаар баг, 1-21 тоотод оршин суух, Авга хариад овогт Дамдингийн Далантай /РД:РД67112014/-д холбогдох,

Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 10876.379 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр  хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Капитал банкны Замын-Үүд салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Капитал банк иргэн Дамдингийн Далантайтай 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн ЗГ-463 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 30000.000 /гучин сая / төгрөгийг 3 жилийн хугацаатайгаар, сарын 2,20 хувь жилийн 26,40 хувийн хүүтэйгээр олгосон.

Тус Зээлийн гэрээний үүргийн баталгаа болгож

• Дорноговь аймаг Замын-Үүд сумын 2-р баг Босын 2-38 тоот хаягтай байрлалтай 0660ГЧ улсын дугаартай QDG маркийн 2004 онд үйлдвэрлэгдсэн улаан өнгийн тэвш, 0660ДГО дугаартай BEIBEN маркийн 2004 онд үйлдвэрлэгдсэн Монгол Улсад 2012 оны 02 дугаар сарын 13-нд орж ирсэн цагаан өнгийн зүтгүүр, 0581ДГА улсын дугаартай FAW маркын ногоон өнгийн 2002 үйлдвэрлэгдсэн ачааны машин зэргийг барьцаалсан байдаг.

Зээлдэгч нь өнөөдрийг хүртэлх хугацаанд үндсэн зээлээс 20168.477 төгрөг төлсөн бөгөөд 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөр зээлийн үлдэгдэл  9831.523 төгрөг, зээлийн хүү 967664 , нэмэгдүүлсэн хүү  77192 төгрөг нийт 10876.379 / Арван сая найман зуун далан зургаан мянга гурван зуун далан есөн/ төгрөгийн төлөлт хийгдээгүй байна.

Иймээс хариуцагчийн зээлийн төлбөрт 10876.379 /Арван сая найман зуун далан зургаан мянга гурван зуун далан есөн/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Далантай нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.Далантай миний бие Капитал банкны нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Миний бие 2017 оны 01 дүгээр сар, 2 дугаар сард нийт 2480.000 төгрөг зээлийн төлөлтөндөө төлсөн бөгөөд одоо миний зээлийн төлбөрийн үлдэгдэл 8396.379 төгрөг үлдсэн. Уг мөнгийг төлөхөд татгалзах зүйл алга. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Капитал банкны Замын-Үүд салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонцэцэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Капитал банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонцэцэг миний бие Д.Далантайд холбогдуулан 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр зээл, зээлийн хүү нийт 10876.379 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч 2017 оны 01 дүгээр сарын 28-нд 1230.000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 1250.000 төгрөг, нийт 2480.000 төгрөг төлсөн тул зээлийн үлдэгдэл 8396.379 төгрөгийг гаргуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Капитал банкны Замын-Үүд салбар нь хариуцагч Д.Далантайд холбогдуулан зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 10876.379 төгрөг  гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Далантай нь нэхэмжлэлийн шаардлагаас 2480.000 төгрөгийг төлж, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч үлдэх зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 8396.379 төгрөгийг нэхэмжилжээ.

 Хариуцагч Д.Далантай нь нэхэмжлэлийн шаардлага болох 8396.379 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Монгол Улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Капитал банкны Замын-Үүд салбарын зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 10876.379 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын 2480.000 төгрөгийг хариуцагч Д.Далантай нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлсөн ба үлдэх зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 8396.379 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 188972 төгрөгийн 50 хувь болох 94486 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын татварын тасгийн 061400941 тоот данснаас  буюу улсын орлогоос 94486 төгрөгийг, хариуцагч Д.Далантайгаас 94486 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Капитал банкны Замын-Үүд салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Далантай нь захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

ШҮҮГЧ   Л.БАТЖАРГАЛ