Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 110

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Л.Батжаргал би

Нэхэмжлэгч: Капитал банкны Замын-Үүд салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Дорноговь аймаг, Замын-Үүд сум, 1 дүгээр баг, ШНО-ын 28-03 тоотод оршин суух, Сартуул овогт Шараагийн Оюунцацрал /РД:ВЭ65062369/,

Хариуцагч: Дорноговь аймаг, Замын-Үүд сум, 1 дүгээр баг, ШНО-ын 28-03 тоотод оршин суух,  Боржигон овогт Даваагийн Батсанаа /РД:УС65092559/ нарт холбогдох

Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 37.033.504 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Капитал банкны Замын-Үүд салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Капитал банк нь иргэн Шараагийн Оюунцацрал Даваагийн Батсанаа нартай 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн ЗГ-430 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 48.000.000 /Дөчин найман сая / төгрөгийг 3 жилийн хугацаатайгаар, сарын 1,90 хувь жилийн 22,80 xувийн хүүтэйгээр олгосон.

Тус Зээлийн гэрээний үүргийн баталгаа болгож

• Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 6-р хороо Бага тойруу 28 дугаар байрны 9 тоот хаягтай байрлалтай 32мкв талбайтай 2 өрөө орон сууц , Эрхийн улсын бүртгэлийн Ү-2203006738 дугаартай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан байдаг.

Зээлдэгч нь өнөөдрийг хүртэлх хугацаанд үндсэн зээлээс 19.646.112 төгрөг төлсөн бөгөөд 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөр зээлийн үлдэгдэл 28.353.888 төгрөг, зээлийн хүү 8.048.544 , нэмэгдүүлсэн хүү 631.072 төгрөг нийт 37.033.504 /Гучин долоон сая гучин гурван мянга таван зуун дөрвөн / төгрөгийн төлөлт хийгдээгүй байна.

Иймээс хариуцагчийн зээлийн төлбөрт 37.033.504 /Гучин долоон сая гучин гурван мянга таван зуун дөрвөн / төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Батсанаа, Ш.Оюунцацрал нар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Капитал банкны нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 37.033.504 төгрөгийг өөрийн боломж бололцоогоор бүрэн төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонцэцэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Капитал банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонцэцэг миний бие нь хариуцагчийн хариу тайлбартаа танилцлаа. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү болох 37.033.504 төгрөгийг төлнө гэж байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Капитал банк нь хариуцагч Ш.Оюунцацрал, Д.Батсанаа нарт холбогдуулан зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 37.033.504 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ш.Оюунцацрал, Д.Батсанаа нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 37.033.504 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Монгол Улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Капитал банкны Замын-Үүд салбарын зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 37.033.504 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ш.Оюунцацрал, Д.Батсанаа нар нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 370.118 төгрөгийн 50 хувь болох 185.059 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын татварын тасгийн 061400941 тоот данснаас  буюу улсын орлогоос 185.059 төгрөгийг, хариуцагч Ш.Оюунцацрал, Д.Батсанаа нараас 185.059 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Капитал банкны Замын-Үүд салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ш.Оюунцацрал, Д.Батсанаа нь захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

ШҮҮГЧ   Л.БАТЖАРГАЛ