Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 2020/ШЦТ/46

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж,

Улсын яллагч: Н.Өнөрбаяр,

Нарийн бичгийн дарга: Г.Ишээ, 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Гандөш

Шүүгдэгч: М.Л- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Н.Өнөрбаярын шүүгдэгч Ш- овогт М-ын Л-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2026000180028 дугаартай, 146/2020/0044/Э индекстэй хэргийг 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1986 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, яс үндэс халх, боловсролгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 2 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, РД:___, Ш- овогт М-ын Л-

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Л- нь 2019 оны 12 дугаар сард Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 2 дугаар багийн “___” гэх газраас нойтон шинэс мод хууль бусаар бэлтгэж 2 метрийн урттай 249 ширхэг унины цуудас мод болгон, 2020 оны 01 дүгээр сарын 08-наас 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн хооронд Бат-Өлзий сумаас өөрийн эзэмшлийн ___ улсын дугаартай Хьюндай гресс маркийн тээврийн хэрэгслээр гарал үүслийн гэрчилгээгүйгээр тухайн модыг Өвөрхангай аймгийн Арвайхээр сум руу тээвэрлэсэн гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд: Шүүгдэгч М.Л-гийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт: Бат-Өлзий суманд модон дотор 2 мод унагаж орхисон байсан. Тэр модыг унь хийхээр бэлтгэж, бэлтгэсэн модоо худалдахаар аймаг руу өөрийн эзэмшлийн машиндаа ачиж явсан. 249 ширхэг унины цуудас мод болгон бэлтгэсэн. Энэ нь гурван гэрийн унь болох юм. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний буруу гэв.

Иргэний нэхэмжлэгч Ж.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: М.Л-гийн мод бэлтгэсэн газар миний хариуцсан талбайд ордог. Байгаль орчинд учруулсан хохирлоо бүрэн төлөөд барагдуулчихвал өөр нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг, /хх-ийн 28 дугаар хуудас/,

Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-17 дугаар хуудас/,

Гэрч Д.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... Би 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 17-18 цагийн үед гэртээ ирчихээд А- гэх найзындаа хоноод маргааш өглөө нь 12 цагийн үед гэртээ ирсэн. Намайг гэртээ ирэхэд хураалттай модон дээр шинээр мод нэмэгдээд хураачихсан байсан... гэх мэдүүлэг, /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,

Гэрч Б.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: “... Манайх Мөнгөн өргөө модны үйлдвэр ажиллуулдаг. 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өглөө Бат-Өлзий сумаас М.Л- гэх залуу саарал микротой мод ачиж ирээд авчихаач ээжийн бие муу мөнгө яаралтай хэрэг болоод байна гэж хэлээд гуйгаад байхаар нь би өрөвдөөд за яахав модоо буулгачих гарал үүслийн бичигээ авчирахаар чинь би тооцоогоо хийе гэж хэлсэн. Тэр залуу гарал үүслийн бичиг авчирч өгнө гэж хэлээд явсан, Цагдаа нар ирээд шалгаснаас хойш би тэр залуу руу өчнөөн удаа залгахад очиж явна гэж хэлээд утсаа салгасан. Надад ямар нэгэн гарал үүслийн гэрчилгээ тэр хүн өгөөгүй. Гурван гэрийн цуулбар мод гэж надад утсаар хэлж байсан. Би тухайн модыг өөрөө харж хашаандаа буулгаагүй. Бичиг баримтгүй мод буулгасан гэдгийг хойно нь мэдээд тооцоогоо хийгээгүй бичгээ аваад ир гэж хэлсэн... гэх мэдүүлэг, /хх-ийн 32-33 дугаар хуудас/,

2020 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 40/612 дугаартай Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дүгнэлтэнд:

1. М.Л-гийн бэлтгэсэн мод нь хэрэглээний нойтон шинэс модны төрөлд орно.

2.Тухайн модыг бэлтгэсэн гэх “___” гэх газрын ойн сан нь ОХБЦГазрын ойн санд орохгүй.

 З.Экологи эдийн засгийн нийт үнэлгээ 1068552 төгрөг болж байна гэжээ. /хх-ийн 40-41 дугаар хуудас/,

2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 15/04/336/07 дугаартай Улсын байцаагчийн акт /хх-ийн 55 дугаар хуудас/

Шүүгдэгч М.Л-гийн мод тээвэрлэхдээ ашигласан ___ улсын дугаартай Хьюндай гресс маркийн автомашиныг битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 48-52 дугаар хуудас,/

Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 96 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч М.Л- нь 2019 оны 12 дугаар сард Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 2 дугаар багийн “___” гэх газраас нойтон шинэс мод хууль бусаар бэлтгэж 2 метрийн урттай 249 ширхэг унины цуудас мод болгон, 2020 оны 01 дүгээр сарын 08-наас 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн хооронд Бат-Өлзий сумаас өөрийн эзэмшлийн ___ улсын дугаартай Хьюндай гресс маркийн тээврийн хэрэгслээр гарал үүслийн гэрчилгээгүйгээр модыг Өвөрхангай аймгийн Арвайхээр сум руу тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг, гэрч Б.Д-ын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын шинжээчийн дүгнэлт, Бат-Өлзий сумын улсын байцаагчийн акт, эд мөрийн баримтаар хураан авсан 249 ширхэг цуудас мод, гэрэл зургууд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Иймд шүүгдэгч М.Л-г зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр модыг тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.Л- нь нойтон шинэс мод хууль бусаар бэлтгэж, өөрийн эзэмшлийн ___ улсын дугаартай Хьюндай гресс маркийн тээврийн хэрэгслээр гарал үүслийн гэрчилгээгүйгээр модыг тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдэж, байгаль орчинд 356184 төгрөгийн хохирол учруулсан, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д зааснаар ойн санд учруулсан хохирлыг тухайн төрлийн байгалийн нөөцийн экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлбөр ногдуулахаар заасан байна.

Шүүгдэгч нь 1068552 төгрөгийн нөхөн төлбөрийг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгчээс 1068552 төгрөгийг гаргуулж Бат-Өлзий сумын Байгаль орчин уур амьсгалын санд оруулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бичиг баримт хураагдаж ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, бусад эрхийг нь хязгаарлаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Вендо ХХК-ийн авто машины техникийн үнэлгээний тайлангаар ___ улсын дугаартай, Хьюндай гресс маркийн тээврийн хэрэгслийг 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр үнэлсэн байх тул /хх-ийн 46-48 хуудас/, шүүгдэгчийн гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн эзэмшлийн 500,000 төгрөгийн үнэ бүхий ___ улсын дугаартай, Хьюндай гресс маркийн автомашиныг ашигласан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар уг тээврийн хэрэгслийг хурааж хохирлыг нөхөн төлүүлж, илүүг нь улсын орлогод оруулах нь зүйтэй .  

Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг цахилгаан хөрөө, 1 ширхэг сүхийг улсын орлогод оруулж, 3 метрийн урттай уяаг устгаж, 2 метрийн урттай 249 ширхэг унины цуудсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүйд тооцож, худалдан борлуулж үнийг улсын орлогод оруулж, шүүгдэгчийн өмчлөлийн 4 тооны адууг битүүмжилсэн тогтоолыг шүүгдэгчийг хохирол төлж барагдуулах хүртэл хугацаанд хэвээр үлдээх нь зүйтэй.

Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргээ хүлээн мэдүүлж, хийсэн хэрэгтээ гэмшиж байгааг харгалзан торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.

 

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсгүүд, 36.5 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл. 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш- овогт М-ын Л-г зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр модыг тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш- овогт М-ын Л-г 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянган/  төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д  зааснаар шүүгдэгч М.Л-гээс  байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөрт 1068552 төгрөгийг гаргуулж Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Байгаль орчны санд оруулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг цахилгаан хөрөө, 1 ширхэг сүхийг улсын орлогод оруулж, 3 метрийн урттай уяаг устгаж, 2 метрийн урттай 249 ширхэг унины цуудсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүйд тооцож, худалдан борлуулж үнийг улсын орлогод оруулсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгчийн өмчлөлийн ___ улсын дугаартай Хьюндай гресс маркийн 500000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийг хурааж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц битүүмжилснийг хүчингүйд тооцож, худалдан борлуулж үнийг хохирол төлүүлж, илүү гарсныг улсын орлогод оруулж, шүүгдэгчийн өмчлөлийн 4 тооны адууг битүүмжилсэн тогтоолыг хохирол барагдуулах хүртэл хэвээр үлдээсүгэй.  

7. Шүүгдэгч энэ хэрэг цагдан хоригдоогүй, бичиг баримт хураагдаж ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, бусад эрхийг нь хязгаарлаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Л-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Э.ДУЛМАА