Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 539

 

 

   2020        06         04                                      2020/ШЦТ/539

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг;

улсын яллагч: С.Болорзул;  

шүүгдэгч: Б.Ц (өөрийгөө өмгөөлж);

шүүгдэгч: М.У (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,        

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллахаар дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Ц, М.У нарт холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

1. Монгол Улсын иргэн, 1995 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Таван толгой” ХХК-д өрмийн туслахаар ажилладаг, ам бүл 4, эх, эхнэр, хүүхдийн хамт урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 172 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, Б.Ц

 

2. Монгол Улсын иргэн, 1995 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсон, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Таван толгой” ХХК-д тэсэлгээний өрмийн туслахаар ажилладаг, ам бүл 5,  эмэг эх, өвөг эцэг, дүү нарын хамт урьд Хан-Уул, Сонгинохайрхан, Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн  964 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,  хэрэг хариуцах чадвартай, М.У    

           

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Б.Ц, М.У нар нь бүлэглэж 2020 оны 03 дугаар сарын 01-ний шөнийн 01 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Х.Баасандоржийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ц мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.У мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Х.Баасандорж /хх-ийн 7-8, 9/, гэрч Ц.Нэргүй /хх-ийн 10-11/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 3176 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 16-17/, шинжээч Ш.Цэцэгмаагийн мэдүүлэг /хх-ийн 18/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 24-25/, Б.Ц-н эрүүлжүүлэгдсэн бүртгэл /хх-ийн 53-54/, Б.Ц-н яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 42-43/, М.У-н яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 44-45/, Б.Ц-н хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 51, 55, 58-60, 61-65/, М.У-н хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 67-68, 74, 77-80, /, Б.Ц, М.У нарын хохирол төлсөн баримтууд /хх-ийн 86-88/, Х.Баасандоржийн хүсэлт /хх-ийн 92/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:      

 

Шүүгдэгч Б.Ц, М.У нар нь бүлэглэж 2020 оны 03 дугаар сарын 01-ний шөнийн 01 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутагт таксины төлбөр төлөхөөс үүдэлтэйгээр иргэн Х.Баасандоржтой маргалдаж улмаар түүнийг бүлэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

           

хохирогч Х.Баасандоржийн /хх-ийн 7-8, 9/: “...2020 оны 03 дугаар 01-ний 23:00 цагийн үед өөрийн найз Ц.Нэргүйгийн хамт 9149 УНД дугаарын ягаан саарал өнгийн “Приус-10” маркийн тээврийн хэрэгслээр таксинд явж халтуур хийсэн. 01:40 цагийн үед Соёл, Урлагийн их сургуулийн урд талд 3 залуу гар өргөхөөр нь аваад Дэнжийн 1000-ийн Цагаан байрны тэнд 1 залуу нь буусан. 2 залуу нь “6-н буудал орно” гэхээр нь хүргэж өгөх гээд явж байтал тэр 2 залуу “архи авна” гээд архи шаглаж зардаг дэлгүүрийн гадаа очсон. Цагдаа байхаар нь бид нар өнгөрөөд явсан. ...нөгөө 2 залуу буцаад дахиад оч гэхээр нь очиход цагдаа байсан. Бид нар цагдаагийн ард явган хүний зам руу орж замаа чөлөөлөөд 100 метрийн зайтай зогссон. Би тэр 2 залууд “тэр дэлгүүр рүү бол очихгүй, цагдаа байна, та 2 мөнгөө өгөөд эндээ буучих” гэж хэлэхэд жижиг биетэй залуу нь махлаг том биетэй залуугаа “мобайлаар шилжүүлчих” гэж хэлсэн. Жижиг биетэй залуу бид хоёр руу хараад “за ахаа одоо мөнгөө шилжүүллээ” гэж хэлэхэд махлаг том биетэй залуу нь “ийм ах байдаг юм уу, би бол хараачгүй юм байна” гээд өөдөөс томроод байсан. Мөнгөө шилжүүлэхгүй удаад байсан. Тухайн үед жижиг биетэй залуу нь “чи гялс шилжүүлчих л дээ” гэж хэлэхэд “мөнгө байна” гээд суугаад байсан. Би тэр хоёрыг машинаасаа буулгах гээд буугаад хаалга ойлгох гэтэл хаалгаа тайлахгүй байсан. ... “Та хоёр буу, цагдаад өгнө” гэж хэлээд буцаад машиндаа суусан. Машиндаа суухад манай найз Ц.Нэргүйгийн хувцаснаас махлаг том биетэй залуу нь татсан. Би тэр залууг “хувцаснаас нь тавь, буу” гээд хэлсэн. Бид нар зэрэг машинаас бууцгаасан. Тэр үед махлаг биетэй залуу Ц.Нэргүйг цохиж байх шиг харагдаж байсан. Тэр үед жижиг биетэй залуу нь намайг бариад авахаар нь “намайг цохих гэж байна” гэж бодоод шууд газарт дарж аваад  “чамайг цохиогүй шүү, чи зүгээр найзаасаа таксины мөнгөө авч өгөөд та 2 яв” гэж хэлсэн. Ц.Нэргүй цагдаа руу хашгираад цагдааг ирэх болов уу гээд хүлээхэд цагдаа нар ирээгүй. ...би махлаг том биетэй залуутай зууралдаж байгаад салаад цагдаагийн зүг рүү дөхөөд зогсоход намайг махлаг том биетэй залуу уруул  руу 1 удаа унатал цохисон. Тэр 2 залуу зугтааж гүйсэн. ...би махлаг том биетэй залууг нь барьж авахад жижиг биетэй залуу нь миний толгойны баруун хэсэгт 1 удаа чулуугаар цохисон. Би жижиг биетэй залууд “чи миний толгойг хагалчихлаа ш дээ” гэж хэлэхэд тэр 2 шууд зам гарч зугтаагаад гүүрэн доогуур орж ус зайлуулах хоолой руу орцгоосон. ... надад 500.000 төгрөгийн хохирол учирсан байсныг буруутай этгээдүүд бүрэн төлж барагдуулсан. Надад одоо ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ...надаас уучлалт гуйж бид нар сайн дурын үндсэн дээр эвлэрцгээсэн...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Ц.Нэргүйгийн /хх-ийн 10-11/: “...Би өөрийн найз Х.Баасандоржийн хамт 2020 оны 02 дугаар сарын 29-ний орой 23:00 цагийн үед уулзаад хамт таксинд явцгаасан. Таксинд явж байгаад 2020 оны 03 дугаар сарын 01-ний шөнийн 01:20 цагийн үед Соёл Урлагийн Их сургуулийн баруун уулзвар дээр 3 залуу гараа өргөхөөр нь аваад 1 залуу нь Дэнжийн 1000-ийн цагаан байран дээр буусан. Нөгөө 2 залуу 6-н буудал орно гэхээр нь хүргэж өгөх гээд 32-ын буудал дээр явж байхад 2 залуу 57 дугаар сургуулийн автобусны буудлын хойд талд байрлах дэлгүүр орж “архи авна” гэсэн. Тухайн үед тэр 2 согтуу залуу бид хоёрыг хэл амаар доромжлоод янз бүр хэлээд байхаар нь “та таксины мөнгөө өгөөд эндээ буу, өөр такси авчих” гэж хэлсэн. Улаан куртиктэй том биетэй залуу “би 32-ын атаман байна, хүмүүс надад юм хэлдэггүй, та нар хаанаас гарч ирсэн бацаанууд вэ” гээд дайраад байсан. Тэр үед туранхай жижиг биетэй хар куртик өмссөн залуу найзыгаа хориод байсан. Тэгээд тарган том биетэй залуу нь миний цамцны малгайнаас хойш таттал жижиг биетэй нь болиулсан. Тэгээд хоорондоо таксины мөнгөө өгөх талаар маргалдаж байгаад тэр 2 залуу машинаас буухаар нь бид 2 дагаад буух үед улаан куртик өмссөн том биетэй залуу намайг 1 удаа хамар руу цохисон. Би түлхээд найз дээрээ очиход жижиг биетэй залуутай зууралдаад байж байсан. ...Х.Баасандорж тарган залууг барьж аваад таксины мөнгөө өгөөч гэхэд туранхай жижиг биетэй залуу гартаа барьсан чулуугаараа манай найзын толгой руу цохихоор нь машины хажуугаас гүйж очоод “хүний толгой хагалчихлаа ш дээ” гэж хэлэхэд нөгөө 2 залуу зугтсан. ...Миний хамарнаас тухайн үед бага зэргийн цус гарсан. Одоо зүгээр байна. Надад ямар нэгэн гомдол байхгүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй....” гэх мэдүүлгээр,

 

Б.Ц-н яллагдагчаар мэдүүлсэн / хх-ийн 42-43/: “... “бид хоёрт бэлэн мөнгө байхгүй, архиа аваад хүрээд ирье” гэж хэлээд буух үед хоорондоо муудалцаж таксины жолоочтой маргалдсан. Таксины жолооч миний нүүрэн тус газарт 1 удаа мөргөж, бид 2 заамдалцаж, хоорондоо зууралдсан. Би таксины жолоочийг 1 удаа гараараа нүүрэн тус газарт нь цохисон. Бид 2 зууралдаад байж байхад манай найз М.Уцаанаас ирээд бид хоёрыг салгаад намайг аваад бид 2 зугтсан.  Тэгээд нөгөө жолоочид баригдаад хоорондоо юм яриад байж байтал цагдаа ирээд намайг бариад эрүүлжүүлэхэд хийсэн. Би өөрийн үйлдсэн хэрэгтээ маш их харамсаж байна...” гэх мэдүүлгээр,

 

М.У-н яллагдагчаар мэдүүлсэн / хх-ийн 44-45/: “...57 дугаар сургуулийн тэнд очоод дэлгүүр ороод архи авах гэж явж байгаад таскины жолоочтой Б.Цтаксины мөнгө нь дээрээс болж маргалдсан. Бид хоёрыг таксинаас буухад ардаас таксины жолооч, түүнтэй хамт явж байсан залуу бууж ирээд хэрүүл маргаан хийж байгаад таксины жолооч шууд Б.Цэрэнбатыг нүүр рүү 1 удаа мөргөсөн. Би тэр хоёрыг салгах гэж очоод бид нар бужигнаж, зууралдаж байгаад таксины жолоочийн толгойн тус газарт чулуугаар 1 удаа цохисон. Би найз Б.Цэрэнбатыг салгаж аваад зугтааснаа санаж байна. Нэг мэдэхэд гэртээ шал согтуу ирээд унтаад өгсөн. Би хүний биед хөнгөн гэмтэл учруулсандаа харамсаж байна. Хохирогч Х.Баасандоржоос уучлалт гуйж түүний эмчилгээний зардал болон тухайн үед алга болсон мөнгөн гинжний төлбөр, учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Б.Цбид 2 тэр залуугаас уучлалт гуйж бид нар сайн дурын үндсэн дээр хоорондоо эвлэрцгээсэн...” гэх мэдүүлгээр,

 

Х.Баасандоржийн биед “баруун зулайд шарх, хүзүү, дээд уруулд цус хуралт” бүхий гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 3176 дугаар шинжээчийн дүгнэлтээр  /хх-ийн 16-17/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

           Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирогчийг 2 хүн зодсоныг хохирогч, шүүгдэгч, гэрч нар хэн аль нь мэдүүлсэн, хохирогч нь бусдад зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

           

Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар хохирогчийг бүлэглэн зодож, үйлдэлээсээ учирч болох хор уршгийг ухамсарлан ойлгож, учрах хор уршгийг урьдаас мэдсэн, улмаар уг хор уршигт зориуд хүргэсэн буюу хохирогчийг хөнгөн гэмтээсэн Б.Ц, М.У нарын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул тэднийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Хохирогч Х.Баасандоржийн “...миний хохирол болон эмчилгээний зардлыг бүрэн төлж барагдуулсан. Надаас уучлалт гуйж бид  нар сайн дурын үндсэн дээр эвлэрцгээсэн тул гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлт хавтаст хэргийн 92 дугаар талд авагдсан байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгч Б.Ц, М.У нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн” гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналын хүрээнд шүүгдэгч тус бүрийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц, М.Унар нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно. 

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн” гэм буруутайд,

 

 шүүгдэгч М.У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар

шүүгдэгч Б.Ц-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван  зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.У-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван  зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц, М.Унар торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч Б.Ц, М.Унар нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ц, М.Унарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.МӨНХ-ЭРДЭНЭ