Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 560

 

Өсөх Таван Эрдэнэ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2016/1455 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Өсөх Таван Эрдэнэ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газарт холбогдох

 

Хамтран ажиллах гэрээний дагуу барилгын ажлыг үргэлжлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Булгантамир

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэгэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч Өсөх таван эрдэнэ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны Засаг даргын ажлын алба ба цагдаагийн хэсгийн барилга барих зориулалтаар Нийслэлийн Засаг даргын 2013 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 125 тоот захирамж гарч Сүхбаатар дүүргийн тамгын газар, Өсөх таван эрдэнэ ХХК нар хамтарч ажиллах гэрээ байгуулсан. Гэрээгээр 5 давхар барилга барих, барьсан барилгаас хорооны засаг даргын ажлын алба цагдаагийн хэсэгт 80 м.кв талбайг өгөх, Тамгын газар барилгын газрыг компанийн нэр дээр шилжүүлэх талаар тохиролцсон. Өсөх таван эрдэнэ ХХК нь барилгын зураг эскизийг боловсруулж, холбогдох газруудаас зохих зөвшөөрлүүдийг авч хот төлөвлөлтөд тусгуулсан ба барилгын ажлын явцад 4 метрийн гүнээс Америкийн элчин рүү явсан холбоо мэдээллийн том магистрал шугам гарч ажил зогссон. Магистрал шугам мэдээллийн санд ороогүй байсан учир уг мэдээллийг дүүргийн Засаг даргын тамгын газар, компани аль аль нь мэдэх боломжгүй байсан.

Засаг дарга өөрчлөгдсөнөөр гэрээг удсан гэдэг шалтгаанаар сунгаагүй атлаа Дэлгэр интернэшнл ХХК-тай давхар гэрээ хийж, уг газар дээр цагдаагийн ажилчдын 9 давхар барилга бариулахаар газар нэмж олгоно гэж оруулсан байв. Ийнхүү гэрээний дагуу ажлаа хийх боломжгүй,магистрал шугам гарснаас үүдэж учирсан саадыг арилгах, байршил өөрчлөх, зөвшөөрөл авах зэргээр хугацаа алдсан. Их хэмжээний хөдөлмөр, хөлс, мөнгөө энэ газарт оруулсан. Зөвхөн гэрээнээс учирсан хохиролд 20 000 000 төгрөг зарцуулсан. Газрын төлбөрийг 10 жилээр төлсөн. Иймд  дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж гэрээний дагуу үүргээ гүйцэтгэхийг Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газарт даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Булгантамир шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Хамтран ажиллах тухай 09/г тоот гэрээ байгуулан ажилласан боловч гэрээг цуцалсан. Барилгын ажлыг үргэлжлүүлэхээр Өсөх таван эрдэнэ ХХК-тай 2005 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хамтран ажиллах тухай 01/01 дүгээр гэрээг байгуулсан.

Гэрээний 2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар хорооны цогцолбор барилгын ажлыг 2005 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс эхэлж, 2005 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ашиглалтад оруулах талууд тохиролцсон. Нэхэмжлэгч нь гэрээний хугацаа дуусахад барилгын ажлыг зохих ёсоор гүйцэтгээгүй, хугацаа алдсан тул Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга 2006 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Өсөх таван эрдэнэ ХХК-ийн захирал С.Шийпэлд 3/684 тоот албан бичгээр гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул гэрээг 2006 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөр дуусгавар болгон цуцлах болсныг мэдэгдсэн. Ингэж гэрээг 2006 онд цуцлах тухай саналаа нөгөө талдаа хүргүүлж, тус гэрээнээс татгалзан гарч гэрээг дуусгавар болгосон. Нэгэнт нэхэмжлэгч тал гэрээний үүргээ биелүүлээгүй учир хариуцагчийн зүгээс гэрээ цуцлах саналыг хүргүүлсэн байхад нэхэмжлэгч нь холбогдох арга хэмжээг авч ажиллаагүй, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1.1 дэх заалтад заасны дагуу гэрээний үүргийн биелэлтийг шаардлага гаргах хугацаа нь 3 жил байхаар зохицуулсан байхад шүүхэд гомдол гаргаагүй зэрэг нь хөөн хэлэлцэх хугацаа дууссаныг харуулж байна. Засаг даргын Тамгын газрын зүгээс нэхэмжлэгчийг гэрээний үүргээ хэрэгжүүлэх боломжоор ханган ажиллаж байсан боловч өөрсдийн буруу буюу хөрөнгө оруулалт зэрэг олон янзын шалтаг тавьсаар гэрээний үүргээ биелүүлэлгүй өдий хүргэсэн. Нийслэлийн Засаг даргын 2003 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 125 тоот захирамжаар тус газрыг Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газарт эзэмшүүлсэн. Нийслэлийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/1051 дүгээр захирамжаар талбайн хэмжээ, зориулалт өөрчлөгдсөн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

 

Шүүх: Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 343 дугаар зүйлийн 343.1, 348 дугаар зүйлийн 348.1-д тус тус заасныг баримтлан 2005 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 01/01 тоот Хамтран ажиллах гэрээ-ний дагуу барилгын ажлыг үргэлжлүүлэхийг Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газарт даалгах тухай Өсөх таван эрдэнэ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж  шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг уншиж үзээд шүүх хуралдааны бичлэгийг сонсоход бүх зүйл эхнээсээ худлаа бичигдсэн байна. А.Эрдэнэбилэг нь шүүх хуралдаанд оролцсон ба шүүх хурал эхлэхийн өмнө хариуцагчтай нэг тал мэт загнаж нэхэмжлэгч тал өөрөө олж чадахгүй төрийн байгууллагаас хуулиа зөрчин нэхэмжлэгч талд гаргаж өгөхгүй гээд байгаа нэхэмжлэлийн үндэслэл болсон баримтыг гаргуулахаас татгалзаж шүүх төр иргэн хоёр тэгш эрхтэй оролцох зарчмыг хангаж чадаагүй, хэргийг шударга шийдвэрлэхгүй болох нь тодорхой болсон учир ИХШХШТХ-ийн 91.1.3-д зааснаар шүүгчээс татгалзахад шүүгч татгалзыг шийдвэрлэж хүлээн авахаас татгалзсан.

Монгол улсын хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиудад шүүгч өөрийг нь татгалзсан, ерөнхий шүүгчийг татгалзсан, нийт шүүгчдийг татгалзсан асуудлыг дангаараа шийдвэрлэж болдог хууль байхгүй. Шүүгчийг нийт 8 удаа татгалзлыг шийдсэн. Ингээд шүүгчийг татгалзаж болохгүй журам зөрчсөн гэж хуралдааны танхимаас гаргасан. Миний бие 2000 гаруй шүүх хуралд орсон. Анх удаа ийм хачин хуралд оролцлоо. Шүүхийн  шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү  гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөний улмаас анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 

Нэхэмжлэгч Өсөх таван эрдэнэ ХХК нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газарт холбогдуулан гэрээний үүргээ гүйцэтгэхийг даалгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “талуудын хоорондын гэрээ 2006 онд цуцлагдсан” гэж маргажээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг нь 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдаан дээр шүүгчээс татгалзаж, мөн Ерөнхий шүүгч болон нийт шүүгч нараас татгалзсан байхад шүүгч өөрөө татгалзлыг шийдвэрлэсэн нь буруу болжээ. /хх-ийн 174, 186/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.8 дах хэсэгт Ерөнхий шүүгч дангаар хэрэг хянан шийдвэрлэх явцад түүнийг татгалзсан буюу тухайн шүүхийн бүх шүүгчдийг татгалзсан бол шүүгчдийн зөвлөлгөөн олонхийн саналаар шийдвэрлэн тогтоол гаргах байтал шүүгч захирамж гарган хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байна.

 

Түүнчлэн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн шүүгчийн захирамжаар Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас нотлох баримт гаргуулахаар шаардсан боловч тус байгууллагад тухайн баримт байхгүй уг баримтын талаарх мэдээллийг Хөрөнгө оруулалтын газар хариуцагч зохион байгуулдаг тухай хариуг ирүүлжээ. /хх-ийн 166, 168/ Гэтэл шүүх нотлох баримтыг зохих газраас гаргуулах нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШЗ2016/05031 дугаар захирамжийн биелэлтийг хангалгүй хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-т заасан нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн үндэслэлд хамаарч байна.

 

Мөн шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэхдээ нэхэмжлэлийн шаардлагыг орхигдуулж, ямар шаардлага бүхий маргаанд иргэний хэрэг үүсгэж байгаа болох нь тодорхойгүй болсоныг дурдах нь зүйтэй.

Дээрх ажиллагаануудыг давж заалдах шатны шүүхээс нөхөж гүйцэтгэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2016/1455 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Э.ЗОЛЗАЯА

     ШҮҮГЧИД                                         Г.ДАВААДОРЖ

                                                                                                               Ш.ОЮУНХАНД