Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2018/00060

 

Х.Ч-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2017/01558 дугаар шийдвэр,

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 2013 дугаар магадлалтай        

Х.Ч-ын нэхэмжлэлтэй,

Нийслэлийн Засаг даргад холбогдох

Нийслэлийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/80 тоот захирамжийг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.Ч-, түүний өмгөөлөгч Н.Жамъян, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч Х.Ч-ын нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолын дагуу 2014 оны 4 сард зохион байгуулсан захирлын албан тушаалд томилогдох төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтын дүнгээр хамгийн өндөр оноо авч, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Б/114 тоот захирамжаар Хан-Уул дүүргийн 18 дугаар сургуулийн захирлаар томилогдон ажилласан. Миний бие боловсролын байгууллагад 20 гаруй жил ажиллахдаа Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон хүний сурч боловсрох эрхийг дээдлэн Боловсролын тухай хууль, Төсвийн тухай хууль болон бусад хууль тогтоомж, сургуулийн дотоод дүрэм, журмыг чанд сахин биелүүлж хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэн ажиллаж ирсэн. Хан-Уул дүүргийн 18 дугаар сургуулийн захирлаар ажиллаж эхэлсэн үеэс аливаа удирдамжит шалгалт, бусад мэргэжлийн болон хууль хяналтын байгууллагын удаа дараагийн шалгалтын дор дарамт шахалттай ажиллаж байсан ч ямар нэгэн зөрчил дутагдалгүй, үүргээ сайн гүйцэтгэж, ажил үүргээ зөв зохион байгуулж ажиллаж ирсэн. Гэвч Нийслэлийн засаг дарга 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/80 тоот захирамж гарган намайг ажлаас халсан. Уг захирамжийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа тул Б/80 тоот захирамжийг хүчингүй болгож, 18 дугаар сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн томилж өгнө үү, мөн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ууганбаярын гаргасан тайлбарт: Нийслэлийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/80 тоот захирамжаар Хан-Уул дүүргийн 18 дугаар сургуулийн захирал Х.Ч-ыг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Нийслэлийн Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаагийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн удирдамжаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтээр 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 07 хүртэлх хугацааны тэмдэглэлийг нэг бүрчлэн үзэхэд спорт зааланд нийт 69 өдөр гадны хүмүүсийг тоглуулж /цагийн 40.000 төгрөг/ төлбөр хураамж авсан байх бөгөөд сургуулийн захирал арга хэмжээ аваагүй, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хамт олныг төлөвшүүлэх, дотоод дэг журмыг сахиулах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг хангалтгүй зохион байгуулсан үйлдэл, эс үйлдэхүй нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т “Хууль тогтоомжоор болон Засгийн газар, орон нутгийн эрх бүхий байгууллагын шийдвэрээр төлбөр авахаар тогтоосон бол нэмэлт төлбөр авахыг хориглоно” гэснийг, Ерөнхий боловсролын 18 дугаар сургуулийн заалыг гадны аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд үнэ төлбөртэй түрээслүүлдэг нь тогтоогдсон бөгөөд энэ нь Боловсролын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.5-д “Боловсролын сургалтын байгууллагын барилга байгууламж, эдэлбэр газрыг зориулалтын дагуу ашиглана”, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.1-д “Өөрт олгогдсон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангаж, үйл ажиллагааныхаа зорилгод нийцүүлэн зориулалтын дагуу эзэмшиж, ашиглах” гэж заасныг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 55 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан Нийслэлийн өмчийг эзэмшүүлэх гэрээний үлгэрчилсэн загвар-ын 3 дугаар хэсгийн 3.1, 3.11 дэх заалтыг Хөдөлмөрийн гэрээг байгуулахдаа байнгын ажлын байранд 1 болон 4 жилийн хугацаатай гэрээ байгуулж Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д заасан “байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах үүрэгтэй” гэснийг тус тус зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй нь тус сургуулийн захирал өөрт олгогдсон эрхээ хэтрүүлсэн гэж дүгнэсэн. Энэ нь Х.Ч-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.2.6-д “Ажилтанд хариуцуулсан эд хөрөнгийг үр ашиггүйгээр зарцуулсан албан үүргээ хангалтгүй биелүүлж, ажил олгогчоос олгосон эрх мэдлийг хэтрүүлсэн нь тогтоогдсон”, Нийслэлийн өмчийг эзэмшүүлэх гэрээний 2.6-д заасныг зөрчсөн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалтыг үндэслэн ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Иймээс Х.Ч-ын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2017/01558 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Х.Ч-ыг урьд эрхэлж байсан ажил буюу Хан-Уул дүүргийн 18 дугаар сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны олговор 2.751.168 төгрөгийг хариуцагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас гаргуулж, нэхэмжлэгч Х.Ч-ад олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Ч-ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар Х.Ч-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг буцаан олгож, мөн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хариуцагч Нийслэлийн Засаг даргын тамгын газраас 58.968 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 2013 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2017/01558 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхижээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хандмаагийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 182/ШШ2017/01558 дугаартай шийдвэр болон Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 2013 дугаартай магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. 1. Шүүх захиргааны хэргийн шүүхийн харьяаллын маргаанд дүгнэлт өгч үүн дээрээ үндэслэж шүүхийн шийдвэрээ гаргасан. Төрийн хяналт шалгалтын хууль зөрчиж төлөвлөгөөт бус хяналт шалгалт явуулсан гэж захиргааны актад үнэлэлт дүгнэлт өгсөн. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1.4-т “Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд зааснаас бусад байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа болон тэдгээрийн гаргасан захиргааны актын талаар гаргасан гомдлыг хянан шийдвэрлэнэ” гэснийг зөрчиж Захиргааны ерөнхий хуулийн 5-д заасан байгууллагын шийдвэрт үнэлэлт дүгнэлт өгч, түүн дээрээ үндэслэж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

2. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн үйл баримтад шүүх дүгнэлт хийсэн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Нийслэлийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/80 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан. Шүүх уг захирамжийн үндэслэх хэсэг нь хууль зүйн үндэслэлтэй эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөх байтал шалгалт хийсэн удирдамж болох Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаагийн баталсан ажлын хэсгийн удирдамж нь хууль зүйн үндэслэлтэй байсан эсэхэд үнэлэлт дүгнэлт өгсөн. Энэ нь нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаагүй, иргэний хэргийн шүүхийн харьяаллын бус акт болох захиргааны хэргийн шүүхийн харьяаллын актад эрх мэдлээ хэтрүүлж, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтрүүлж удирдамжийн хууль зүйн үндэслэлийг хянаж, Төрийн хяналт шалгалтын хууль зөрчсөн, төлөвлөгөөт бус шалгалт явуулсан, уг шалгалтыг явуулах эрхтэй байсныг хариуцагч нотлоогүй, шалгалт хийх эрхийг шилжүүлсэн эсэх нь тодорхойгүй гэх зэргээр дүгнэсэн.

3. Шүүх Боловсрол, соёл шинжлэх ухааны яамны сайдын 2008 оны 98 болон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг биөлүүлээгүй, зөрчсөн байдалд дүгнэлт өгөхөөс зайлсхийсэн. Ингэснээрээ нэхэмжлэгчийн Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн. Нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээний 6.2-т ноцтой зөрчлийг заасан бөгөөд гэрээний 6.2.6-д “...ажил олгогчоос олгосон эрх мэдлээ хэтрүүлсэн нь холбогдох байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон” гэж заасан. Гэтэл шүүх холбогдох байгууллагын албан тушаалтны явуулсан шалгалтаар нийслэлийн өмчийн эд хөрөнгийг зөвшөөрөлгүй түрээслэсэн, түрээслэсэн орлогоо Нийслэлийн өмчийн харилцааны газарт шилжүүлээгүй байдал тогтоогдсон болох нь ажлын хэсгийн удирдамж, холбогдох байгууллагын тодорхойлолтоор тогтоогдсоор байтал шүүх хэрэгт хамааралгүй, иргэний хэргийн шүүхийн харьяаллын бус ажлын хэсгийн дүгнэлт болох захиргааны актад дүгнэлт хийж хэргийн бодитоор тогтоогдсон байдалд дүгнэлт хийхээс санаатайгаар зайлсхийсэн.

4. 3ахиргааны байгууллагад гаргаж өгсөн нотлох баримтыг харьяалал зөрчиж нотлох баримтыг буруу үнэлж, үүн дээрээ үндэслэж хэргийг шийдвэрлэсэн. Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлд захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай, ач холбогдол бүхий мэдээллийг цуглуулах оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах, гэрч, гуравдагч этгээдээс тайлбар гаргуулах үүрэгтэй байхаар хуульчилсан байдаг. Энэ үүргээ хэрэгжүүлж шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтоож, Захиргааны ерөнхий хуулийн 25.1.4-т заасны дагуу гаргуулсан нотлох баримтыг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.5-д заасныг зөрчсөн гэж үзсэн нь захиргааны байгууллагад гаргаж өгсөн нотлох баримтыг иргэний хэргийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримт хэмээн үзэж, Захиргааны ерөнхий хуулийн 25.1.4-г зөрчсөн, хууль буруу хэрэглэж нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн үйл баримтад шүүх дүгнэлт хийсэн, захиргааны хэргийн шүүхийн харьяаллын маргаанд дүгнэлт өгч үүн дээрээ үндэслэж шийдвэрээ гаргасан, Боловсрол, соёл шинжлэх ухааны яамны сайдын 2008 оны 98 болон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг биелүүлээгүй, зөрчсөн байдалд дүгнэлт өгөхөөс зайлсхийсэн, захиргааны байгууллагад гаргаж өгсөн нотлох баримтыг хууль зөрчиж нотлох баримтыг буруу үнэлсэн байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Х.Ч- нь Нийслэлийн Засаг даргад холбогдуулан Хан-Уул дүүргийн 18 дугаар сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалтыг үндэслэн ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн гэж маргажээ.

Нийслэлийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөрийн Б/114 дугаартай захирамжийн дагуу Х.Ч-ыг Хан-Уул дүүргийн 18 дугаар сургуулийн захирлын албан тушаалд томилж, Нийслэлийн Боловсролын газар нь түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/80 дугаар захирамжаар түүнийг ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан үйл баримт тогтоогдсон байх бөгөөд Х.Ч-ыг ажлаас чөлөөлөхдөө Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15, 48 дугаар зүйлийн 48.1, Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 11 дүгээр зүйлийн 11.5, 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Сангийн сайдын 2012 оны 276 дугаар тушаалыг тус тус үндэслэн Сургуулийн спорт заалыг 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн хооронд түрээслэсэн нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2008 оны 98 дугаар тушаал, Хөдөлмөрийн гэрээний 6.2.6-д заасныг зөрчсөн гэсэн үндэслэлийг заасан байна.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаагийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн удирдамжаар байгуулагдсан ажлын хэсгийн шалгалтын дүнгээр ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.6-д заасан зөрчил тогтоогдсон гэж хариуцагч тайлбарласан байх бөгөөд ажилтны хөдөлмөрийн гэрээнд “Байгууллагын эд хөрөнгийг үр ашиггүйгээр зарцуулсан, үрэгдүүлсэн, ажил олгогчоос олгосон эрх мэдлээ хэтрүүлсэн нь холбогдох байгууллагын дүгнэлтээр тогтоогдвол ноцтой зөрчил” гэж тохиролцжээ.

Хариуцагчийн зарим сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, зөвлөн тусалж, дүгнэлт гарган илэрсэн зөрчлийг арилгах чиглэлээр хяналт шалгалт хийсэн үндэслэлийг Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаагийн баталсан 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн удирдамж гэж заасан байх бөгөөд энэ шалгалтыг явуулах шийдвэр гаргах болон удирдамжид гарын үсэг зурсан этгээдийг эрх бүхий этгээд гэж үзэх баримтгүй,  Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй байхад төлөвлөгөөт бус хяналт шалгалт явуулсан нь буруу гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.   

Хэрэгт авагдсан сургуулийн жижүүрийн тэмдэглэлд спорт зааланд хүмүүс тоглуулсан н.Энх-Од, н.Нэргүй, н.Хөвсгөл, н.Уранчимэг, Да.Баярмаа, хариуцсан багш н.Энхтүвшин гэсэн нэр байх бөгөөд нэхэмжлэгчийн нэр бичигдээгүй, түүнчлэн биеийн тамирын багш Ц.Энх-Од, Д.Баярмаа, Г.Нэргүй, нягтлан бодогч О.Болормаа нарын гаргасан тодорхойлолтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан арга журмын дагуу цуглуулсан гэж үзэхгүй гэж  анхан шатны шүүх дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчөөгүй байна.

Ажилтны хөдөлмөрийн гэрээнд заасан “Байгууллагын эд хөрөнгийг үр ашиггүйгээр зарцуулсан, үрэгдүүлсэн, ажил олгогчоос олгосон эрх мэдлээ хэтрүүлсэн” гэсэн ноцтой зөрчлийг ажилтан Х.Ч- нь гаргасан гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг баримтлан ажлаас чөлөөлсөн тушаал нь хууль зүйн үндэслэлгүй тул анхан шатны шүүх түүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажлаас үндэслэлгүй халагдсаны үр дагавар болох олговрыг хариуцагчаас гаргуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д нийцжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т

заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2017/01558 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 2013 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хандмаагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.           

2. Хариуцагч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                        Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                  Д.ЦОЛМОН