Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 03

 

О.А-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                                                                           Хэргийн индекс 132/2017/0135/Э

         Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч С.Цэцэгмаа, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,                                                                               

           Шүүх хуралдаанд:

           Прокурор                                                  Ц.Сувдаа

           Шүүгдэгч                                                   О.А-д

           Шүүгдэгчийн өмгөөлөгч                           П.Ган-Очир, С.Батмөнх-Очир

           Хохирогч                                                   Г.Б

           Нарийн бичгийн дарга                             С.Гончигбал нарыг оролцуулан

      Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 154 дүгээр шийтгэх тогтоолтой О.А-д холбогдох 1715000080009 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батмөнх-Очир, П.Ган-Очир нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн  илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн,  ... А овогт О-ын А.

          О.А нь 2017 оны 06, 07 дугаар саруудад Булган аймгийн Бүрэгхангай сумын 3 дугаар багийн нутаг “Тосонгийн тохой” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж байгаль экологид 32.528.090 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

       Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 154 дүгээр шийтгэх тогтоолоор:

         А овогт О-ын А-ыг хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч О.А-д хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж,

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар шүүгдэгч нь оршин суух газар, ажил, зорчин явахдаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд мэдэгдэж,

        Шүүгдэгч О.А нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурьдаж,

    Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч О.А-оос 32.528.090.94 төгрөгийг гаргуулж, хохирогч Б аймгийн Б сумын З д-ын тамгын газарт олгож,

     Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

     Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж,

      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ.

        Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батмөнх-Очир давж заалдах гомдолдоо:

        ... О-ын А-ыг Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэх шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл болсон Шинжээчийн "..." ХХК-ийн дүгнэлт нь О-ын А гэх шүүгдэгчээс өөр хүний буруутай үйлдлээс байгаль орчинд учруулсан хохирлыг тооцсон дүгнэлт байхаас гадна хэн гэдэг шинжээч, хэзээ гаргасан дүгнэлт болох нь тодорхойгүйгээс шүүхийн шийтгэх тогтоолд тухайн дүгнэлтийг 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дүгнэлт гэж тодорхойлсон нь тухайн дүгнэлтийг гаргахад голлох үүрэгтэй байж болох маркшейдер С.Ц-ын 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр гаргасан хэмжилт, зураглалыг харгалзан үзэлгүй гаргасан дүгнэлт байна гэж тооцохоор байна. Зүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.6 дугаар зүйлийн 1-ийн 1.1, 1.4, 1.6-д тус тус заасан мэдээллийг орхигдуулахгүй байх шаардлагатай.

       Энэ мэтчилэн дээрх дүгнэлтийг нягтлан үзвээс дүгнэх хэсгийн 13 дугаар хүснэгтэд байх ургамлан нөмрөгт учрах хохирол 23.406.00 хөрсөнд учрах 3.847.812 тоон үзүүлэлтүүд нь аргачлалаар тогтоогдоогүй, яг хэдэн төгрөгний хохирол учирсан эсхүл учрах байсан нь тодорхойгүй ойлгомжгүй байхад шүүх энэхүү нотлох баримтыг шийтгэх тогтоолынхоо гол үндэслэл болгосон.

       Дээрх дүгнэлтийг гаргуулахаар шинжээч томилсон тогтоол нь   О.А-д танилцуулагдаагүй, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эмчид үүрэг хүлээлгэсэн тогтоол байгаа нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд зааснаар явагдсан эсэхэд эргэлзээ төрөхөөр байна.

    Хэргийн газрын үзлэгийг хийхдээ хөндлөнгийн гэрч оролцуулаагүй бөгөөд бэхжүүлж авсан гэх хавтаст хэргийн 19 дугаартай талд байгаа 6 ширхэг гэрэл зураг нь олборлолт явуулсан гэх газрын зураг биш болохыг шүүгдэгч О.А-д шүүх хуралдаанаас хойш мэдсэн бөгөөд дээрх зураг нь шүүгдэгчээс учруулсан хохирлын хэмжээг тооцоход ноцтой нөлөөлсөн болохыг үгүйсгэхгүй,   О.А-ын эрх зүйн байдлыг дордуулсан байна.

         Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1-ийн 1.1, 1.6, 1.7 дахь заалтуудыг зөрчсөн байна. Мөн энэ хэргийг прокуророос шүүхэд шилжүүлэхэд үйлдсэн яллах дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3-ын 3.1 дэх хэсэгт заасан мэдээлэл дутуу байсныг өмгөөлөх болон яллах талын аль нэг нь засуулах талаар шүүхийн урьдчилан хэлэлцүүлгээр хэлэлцүүлээгүй, дээр дурьдсан хэрэгт огт хамааралгүй гэрэл зургууд хавтаст хэрэгт байгааг шүүгдэгч сүүлд мэдсэн зэргээс үзэхэд яллагдагч, шүүгдэгчийн хуульд заасан эрхийг хангаагүй гэж үзэхээр байна.

        Эдгээр үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэвэл анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дутаар зүйлийн 1-ийн 1.2, 39.8 дугаар зүйлийн 1-ийн 1.6 -д заасанд хамаарч байна. Иймд ... 154 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.

           Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ган-Очир давж заалдах гомдолдоо:

        “... Өмгөөлөгчийн зүгээс О.А-д Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 1 жилийн тэнсэн харгалзах ял оногдуулж байгааг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд хүлээн зөвшөөрч болох боловч энэ холбогдсон хэрэгт нь төр болон төрийн албан хаагч нарыг буруутгах хууль зүйн тодорхой үндэслэлүүд байна. Тухайлбал: Шүүгдэгч гэх А-ыг тухайн газарт техник хэрэгсэл байршуулсан байхыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч буюу тухайн орон нутгийн удирдлага болох улсын байцаагч өөрөө мэдсэн, харсан байсан мөртлөө хууль зөрчүүлсэн байдаг. Үүнийгээ ч шүүх хураллын хохирогчийн зүгээс хүлээн зөвшөөрдөг юм. Мөн О.А-оос юуны учир 32.528.090 төгрөгийг гаргуулах гээд байгаа нь ч тодорхойгүй болно. Иймд О.А-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.  

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Сувдаа дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй тул хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1.д заасны дагуу тухайн хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

          О.А-д холбогдох эрүүгийн хэрэгт нотолбол зохих асуудлууд бүрэн нотлогдоогүй байхад анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, түүнд ял шийтгэл оногдуулсан нь хуульд нийцээгүй байна.

         Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг гарсан газар, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг шиийдвэрлэжээ.

       Тухайлбал: Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч нь 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоолоор уг хэрэгт байгаль орчинд учирсан хохирлыг тогтоохыг “...” ХХК-ны шинжээчид /Б.Б-д/ даалгаж,

а/...О.А-ын ухсан газрын улмаас байгаль экологид хохирол учирсан эсэх,

б/ хэрэв хохирол учирсан бол уг хохирол нь хичнээн төгрөгний хохирол болох,

в/ уг ухсан газар нь өмнө нь ашиглаж байсан газар уу, эсвэл эрүүл газар байсан уу гэсэн асуулт тавьжээ.

       Гэтэл шүүх “...” ХХК-ны гаргасан “... хоосон орон зайг нөхөн дүүргэхэд шаардлагатай зардалд тулгуурлан хохирлын хэмжээг тооцсон болно ... байгаль экологид 32.528.090 төгрөгийн хохирол учруулсан /хх 79/...” гэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.6 дугаар зүйлд заасан шинжээчийн дүгнэлтэд тусгавал зохих зүйлс /шинжилгээ хийсэн он, сар, өдөр ... шинжээчид өгсөн хариулт/-ийг бүрэн тусгаагүй дүгнэлтийг шийтгэх тогтоолын үндэслэл болгож хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна.

        Мөн гэмт хэрэг үйлдэгдсэн газар болох Булган аймгийн Бүрэгхангай сумын 3 дугаар багийн нутаг “...” гэх газар нь Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т заасанчлан энгийн хамгаалалтын бүсэд хамаарах эсэхийг тогтоолгох,

        шүүгдэгч О.А нь техникийн нөхөн сэргээлт явуулсан гэх бөгөөд биологийн нөхөн сэргээлт хийхэд шаардлагатай зардлыг тогтоолгох, газрын хэвлийд учруулах хохирол хэмээн тогтоогдсон 19.202.148 төгрөг нь биологийн нөхөн сэргээлт хийхэд шаардлагатай зардал мөн эсэхийг тодруулах шаардлагатай гэж үзнэ.

        Түүнчлэн Булган аймгийн Прокурорын газраас О.А-ыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал хайх, ашиглах, олборлолт явуулах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд О.А нь ашигт малтмал ашигласан эсэх, олборлолт явуулсан /олборлосон алтыг хураан авсан гэсэн тайлбар гаргасан/ эсэх зэргийг Ашигт малтмалын тухай хууль зөрчсөн үйлдэл бүрээр нь нарийвчлан тогтоосны эцэст хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

          Мөн шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар нь хавтаст хэрэг /хх 19/-т авагдсан гэрэл зураг нь хэргийн газрын зураг биш гэсэн тайлбарыг гаргасан бөгөөд уг зураг нь тухайн хэрэгт хамааралтай эсэх, хохирлыг тооцон гаргахад нөлөөлөх эсэх нь тодорхойгүй байна.

       Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батмөнх-Очирын гомдолд дурьдсан зарим хэсгийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг урьдчилан хэлэлцүүлгийн шатанд дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

          Прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан тусгавал зохих зүйлийг бүрэн тусгаагүй яллах дүгнэлтийг О.А-д гардуулсан, хавтаст хэрэгт авагдсан яллах дүгнэлт нь яллагдагчид гардуулсан гэх яллах дүгнэлтээс зөрүүтэй байгааг цаашид анхаарвал зохино.

       Шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй тул шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ган-Очирын гаргасан гомдлыг хэлэлцээгүй болно.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1.3., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 154 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, О.А-д холбогдох хэргийг урьдчилан хэлэлцүүлгийн шатанд дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батмөнх-Очирын гомдлын зарим хэсгийг хүлээн авч, шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ган-Очирын давж заалдах гомдлыг хэлэлцээгүй болохыг дурьдсугай.

3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч О.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

          ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Ё.БЯМБАЦЭРЭН                                                                                                            

         ШҮҮГЧИД                                                               С.ЦЭЦЭГМАА

                                                                                                                                                                                                                                                                        С.УРАНЧИМЭГ