Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2022/0086

 

  

 

 

                    Ю.К, Ю.Э, Ю.В нарын

    нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч С.Мөнхжаргал

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн

Илтгэсэн шүүгч Н.Долгорсүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О

Нэхэмжлэлийн шаардлага: “Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 23 дугаар гудамжны 460 тоот 700 м.кв хашааны газрын эзэмших эрхийг 2003 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Ю овогтой А-д шилжүүлсэн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны Засаг даргын үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн Засаг даргын 2004 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 522 дугаар захирамжийн Ю.А-д холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/518 дугаар захирамжийн Ю.А-д холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 780 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О, түүний өмгөөлөгч Х.Б

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул

Хэргийн индекс: 128/2021/0569/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ю.К, Ю.Э, Ю.В нар нь Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны Засаг даргад тус тус холбогдуулан “Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 23 дугаар гудамжны 460 тоот 700 м.кв хашааны газрын эзэмших эрхийг 2003 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Ю овогтой А-д шилжүүлсэн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны Засаг даргын үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн Засаг даргын 2004 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 522 дугаар захирамжийн Ю.А-д холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/518 дугаар захирамжийн Ю.А-д холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох”-оор маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 780 дугаар шийдвэрээр Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 20 дугаар зүйлийн 20.1, 20.2, 21 дүгээр зүйлийн 21.1, Газрын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2002 оны/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.1.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ю.К, Ю.Э, Ю.В нарын гаргасан “Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 23 дугаар гудамжны 460 тоот 700 м.кв хашааны газрын эзэмших эрхийг 2003 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Ю овогтой Ад шилжүүлсэн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны Засаг даргын үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “Нийслэлийн Засаг даргын 2004 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 522 дугаар захирамжийн Ю.А-д холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/518 дугаар захирамжийн Ю.А-д холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

            3.1. 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуралд Ю.К, Ю.Э, Ю.В нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О болон гэрч болох талийгаач Х.Э-ын эхнэр Л.О нар оролцсон болно. Хурлаас гарсан 2 шийдвэрийг хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа тул дахин хянан шийдвэрлэж өгнө үү.

3.2. “Нийслэлийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/518 дугаар захирамжийн Ю.А-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нэгэнт уг шийдвэрийн үндэслэл болсон Ю.А-д эзэмших газрын эрхийг олгосон Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны Засаг даргын үйлдлийг илт хууль бус болохыг тогтоосонтой холбоотойгоор нэгэнт Ю.А-д газар эзэмших эрх байхгүй байна. Газар эзэмших эрхгүй этгээдэд газар өмчлүүлэх ойлголт мөн байхгүй болно.

3.3. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн “Нийслэлийн Засаг даргын 2004 оны 522 дугаар захирамжийн, мөн 2014 оны А/518 дугаар захирамжийн Ю.А-д холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох тухай” шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. Хууль зүйн үндэслэлийг шүүх хуралдаан дээр дэлгэрэнгүй тайлбарлах болно гэжээ.

4. Хариуцагч, гуравдагч этгээд нараас нэхэмжлэгч нарын гомдлыг үгүйсгэж, бичгээр тайлбар гаргаагүй байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ. Үүнд:

            2.1. Нэхэмжлэгч нарын Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2004 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 522 дугаар захирамжийн Ю.А-д холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/518 дугаар захирамжийн Ю.А-д холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагын тухайд.

2.1.1 Нэхэмжлэгч Ю.К, Ю.Э, Ю.В нар нь өөрийн төрсөн эцэг Б.Ю-гийн нэр дээрх маргаан бүхий Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 23 дугаар гудамж, 460 тоот хашааны газрыг тус хорооны зохион байгуулагчийн гараар бичсэн “Хүү нь болох Ю-гийн Э-т шилжүүлэв” гэсэн цохолттой холбогдуулж маргаагүй, харин уг газрыг 2003 оны 05 дугаар сарын 05-ны өдөр төрсөн дүү /гуравдагч этгээд/ болох Ю.А-д шилжүүлсэн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны Засаг даргын үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгож, Нийслэлийн Засаг даргын 2004 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 522 дугаар захирамжаар нэхэмжлэгч нарын дүү Ю.А-д маргаан бүхий газрыг өмчлүүлэхээр олгосон, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/518 дугаар захирамжаар М.Ж-ын нэрийг өмчлөгчөөс хасч, Ю.А-ийг өмчлөгчөөр үлдээсэнтэй холбогдуулан дээрх захирамжуудыг тус тус илт хууль бус болохыг тогтоолгохоор маргаж байна.

            2.1.2. Захиргааны хэргийн шүүх хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулдаг бөгөөд ийнхүү нэхэмжлэл гаргасан этгээдийг “нэхэмжлэгч” гэж ойлгоно.

            2.1.3. Маргааны үйл баримт, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, талуудын тайлбараас үзвэл нэхэмжлэгч нар нь маргаан бүхий захирамжууд, тус захирамжуудаар Ю.А-д газар өмчлүүлсэнтэй холбогдуулж шүүхэд маргах эрхтэй эсэх нь тогтоогдохгүй, захиргааны байгууллагын үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч нарын ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн, мөн маргаан бүхий уг захирамжуудыг илт хууль бус болохыг тогтоолгосноор тэдгээрийн хууль ёсны эрх, ашиг сонирхол хэрхэн сэргэх нь тодорхойгүй бөгөөд уг захирамжууд нь тэдгээрийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

            2.1.4. Тодруулбал, Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т зааснаар “ “газар өмчлөх” гэж тухайн газрыг захиран зарцуулах эрхтэйгээр хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг”, 3.1.3-т зааснаар “ “Газар эзэмших” гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг” тус тус ойлгох бөгөөд нэхэмжлэгч нарын тухайд өнөөдрийг хүртэл маргаан бүхий газрыг эзэмшиж, өмчлөхөөр хуульд зааснаар зохих журмын дагуу эрх бүхий этгээдэд хандаагүй, эдгээр асуудлуудыг эрх бүхий байгууллагаар шийдвэрлүүлж байгаагүй тул газар эзэмших, өмчлөх эрх хуульд зааснаар үүсээгүй гэж үзнэ.

            2.1.5. Нийслэлийн Засаг даргын 2004 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 522 дугаар захирамжаар нэхэмжлэгч нарын дүү Ю.А, эх М.Ж нарт маргаан бүхий газрыг өмчлүүлэхээр шийдвэрлэж, 2011 оны 03 дугаар сарын 07-ны өдөр газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон байх ба нэхэмжлэгч нар нь уг захирамжийн М.Ж-д холбогдох хэсэгтэй маргаагүй атлаа М.Ж-ын Ю.А-тай байгуулсан 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлөөс хамтран өмчлөлийг хасах хэлцэл”-ийн дагуу Нийслэлийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/518 дугаар захирамжаар М.Ж-ын нэрийг өмчлөгчөөс хасч, Ю.А-ийг өмчлөгчөөр үлдээсэнтэй холбогдуулан маргаснаар нэхэмжлэгч нарын ямар нэгэн зөрчигдсөн гэх хууль ёсоор хамгаалагдах эрх, ашиг сонирхол байхгүй байна.

2.1.6. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д “... нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан”, 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч Ю.К, Ю.Э, Ю.В нарын  “...Нийслэлийн Засаг даргын 2004 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 522 дугаар захирамжийн Ю.А-д холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/518 дугаар захирамжийн Ю.А-д холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох...” шаардлага бүхий хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

2.2. Нэхэмжлэгч нарын “...Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны Засаг даргад холбогдуулан гаргасан “Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 23 дугаар гудамжны 460 тоот 700 м.кв хашааны газрын эзэмших эрхийг 2003 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Ю овогтой А-д шилжүүлсэн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны Засаг даргын үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгох...” нэхэмжлэлийн шаардлагын тухайд.

 2.2.1. Шүүхийн шийдвэрт “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 16 зүйлийн 16.1.1-16.1.3 дахь заалтад Баг, хорооны Засаг даргын бүрэн эрхийг, Газрын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.1-22.2.3 дахь заалтад Баг, хорооны Засаг даргын газрын харилцааны асуудлаар хэрэгжүүлэх бүрэн эрхийг тусгайлан зааснаас үзэхэд газар өмчлөх болон эзэмших эрхийн харилцааны алинд ч хорооны Засаг даргад бусдын өмчлөл, эзэмшилд газар өмчлөх, эзэмших эрх олгож, шилжүүлэх хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй” талаар зөв дүгнэсэн боловч нэхэмжлэлийн энэ шаардлагыг хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь буруу. 

         2.2.2. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар  зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж зааснаас үзэхэд “Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 23 дугаар гудамжны 460 тоот 700 м.кв хашааны газрын эзэмших эрхийг 2003 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Ю овогтой Ад шилжүүлсэн” гэх цохолт хийсэн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны Засаг даргын үйлдэл нь газар эзэмшүүлэх эрх зүйн шууд үр дагавар бий болгосон, захирамжилсан шинжийг агуулаагүй байна.

          2.2.3. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн холбогдох заалтууд болох 20 дугаар зүйлийн 20.1, 20.2, 21 дүгээр зүйлийн 21.1-т тус тус зааснаар эрх бүхий Засаг дарга нь иргэнд газар өмчлүүлэхдээ түүний өргөдлийг холбогдох материалын хамт хүлээж авсны үндсэн дээр тухайн иргэнд хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны дараа өмчлүүлэх тухай захирамж гаргахаар зохицуулсан байх тул эрх зүйн үр дагавар үүсгэж буй захирамжилсан шийдвэр нь Нийслэлийн Засаг даргын дээр дурдсан 522, А/518 дугаар захирамжуудыг гэж ойлгоно.

2.2.4. Түүнчлэн нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...уг газрыг Ю.Э-ын нэр дээр байгаа гэж бодож байсан, энэ хүний нэр дээр байгаа гээд лавлагаа авахаар Газрын албанд очсон, ... Ю.Э-аас Ю.А-д шилжээгүй” гэх тайлбараас үзвэл уг газрыг Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны зохион байгуулагч Д.А-Эийн гараар бичсэн “Хүү нь болох Югийн Э-т шилжүүлэв” гэсэн цохолттой холбогдуулж маргаагүй бөгөөд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзвэл “...Ю-гийн Э-т шилжүүлэв” гэсэн цохолт хийгдсэн ч үүнийг үндэслэн  Ю.Э-ын нэр дээр газар эзэмших, өмчлөх эрх хуульд зааснаар үүсээгүй, эрх бүхий Засаг даргын захирамж гараагүй бөгөөд уг газрыг эзэмших, өмчлөх эрхийн гэрчилгээ байхгүй болохыг дурдах нь зүйтэй. 

2.2.5. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус”, 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч Ю.К, Ю.Э, Ю.В нарын “Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 23 дугаар гудамжны 460 тоот 700 м.кв хашааны газрын эзэмших эрхийг 2003 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Ю овогтой А-д шилжүүлсэн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны Засаг даргын үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.3 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 780 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 54.1.5, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ю.К, Ю.Э, Ю.В нарын Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны Засаг даргад тус тус холбогдуулан гаргасан “Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 23 дугаар гудамжны 460 тоот 700 м.кв хашааны газрын эзэмших эрхийг 2003 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Ю овогтой А-д шилжүүлсэн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны Засаг даргын үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн Засаг даргын 2004 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 522 дугаар захирамжийн Ю.А-д холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/518 дугаар захирамжийн Ю.А-д холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч нараас шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг буцаан олгож, давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                       С.МӨНХЖАРГАЛ                  

ШҮҮГЧ                                                    Г.БИЛГҮҮН                                 

ШҮҮГЧ                                                        Н.ДОЛГОРСҮРЭН