Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 543

 

 

   2020         06          09                                      2020/ШЦТ/543

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг;

улсын яллагч: П.Бямбасүрэн;

            шүүгдэгч: С.У (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллахаар дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн С.У-д холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

   Монгол Улсын иргэн, 1993 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, нөхөр, хүүхдийн хамт улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, С.У

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч С.Унь 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 18 цагийн үед Сүхбаатар дүүргийн 16 хороо, Бэлхийн 33 дугаар гудамж, 5-180 тоотод оршин суугч М.Энхтулгын гэрт хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан хохирогч Ч.Дэлгэрсайханы эзэмшлийн “Самсунг A 50” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр хохирогчид мэдэгдэхгүй нууцаар, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хууль бусаар авч бусдад 671.200 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.У мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ч.Дэлгэрсайхан /хх-ийн 25-28/, гэрч М.Энхтулга /хх-ийн 29-31/, гэрч Д.Сүхбаатар /хх-ийн 32-33/ нарын мэдүүлэг, С.У-н яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 47-49/, эд зүйл хүлэлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 22/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 37-38/, “Мобиком” ХХК-ний “... гар утас, төхөөрөмж хөнгөлөлттэй болон зээлийн нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ №40407919 /хх-ийн 21/,  С.У-н хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 50, 52-59, 66/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч С.У нь 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 18 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33-5 дугаар гудамжны 180 тоотод ошин суух М.Энхтулгын гэрт ирсэн үедээ иргэн Ч.Дэлгэрсайханы “Самсунг А50” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 671.200 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

хохирогч Ч.Дэлгэрсайханы /хх-ийн 25-28/: “...Би Төмөр замын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр эмнэлгээс гарахад найз М.Энхтулга 14 цагийн үед ирж намайг авч Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33-5-180 тоотод ирсэн. Гэрт нь очиход хэн ч байгаагүй, М.Энхтулга нь гал тогоондоо гал түлээд хоол хийж байх үед гэр хүйтэн байсан тул бид хоёр миний авчирсан “Титэм” гэдэг нэртэй архийг задлаад хоол болох хооронд бараг дууссан. Хоол идчихээд унтаад өгсөн. Орой 6, 7 цагийн үед сэрээд, босоод гарч шээх гэхэд М.Энхтулга нэг хүүхэнтэй зогсож байсан. М.Энхтулга “энэ манай хоёр хүүхдийг өсгөсөн охин байгаа юм, одоо тэгээд хөөрхий ажил төрөлгүй 2 билүү 4 хүүхэдтэй” гэж хэлээд “хүүхдийн солих памперсны мөнгөгүй юм байна, би 20.000 төгрөг өгөх гээд байж байна” гэсэн. Тэгээд үлдсэн нэг шил архиа задалж бид 2 гурав, гурав татсан. Тэр охин “би архи уудаггүй” гээд уугаагүй. Би тэгээд шууд унтаад өгсөн. Өглөө 05 цагийн үед би гарч бие засах гээд боссон. Босоод утсаа хайсан утас байдаггүй ээ. Тэгээд найз М.Энхтулгаас асуусан чинь “өөрийнхөө юмыг өөрөө маллахгүй яасан юм” гэхээр нь “чи юу яриад байгаа юм, би утсаа цэнэглээд тавьсан, чи бид хоёроос өөр хүн байхгүй байсан” гэж хэлсэн. Бид хоёр маргалдаж эхэлсэн. Найз М.Энхтулга “ямар сонин юм манай авгайгийн хамаатан охин ирээд явсан юм. Тэр авмааргүй л юм даа” гэж хэлсэн. Бид хоёр хайгаад олоогүй. Би М.Энхтулгаас охины дугаарыг авч гадаа унагачихсан байж магадгүй гээд гадуур хайгаад баахан явсан. Тэгээд хашааны гадаа хайж байхад нэг эмэгтэй хүн явж байхад нь гуйгаад “залгаад өгөөч” гэхэд тэр эмэгтэй өөрөө залгасан чинь утсаа авсан. Нөгөө эмэгтэй “чи хүний утас аваад явчихсан юм байна, өгөөч” гээд хэлэхэд “би утсыг нь аваагүй” гээд тэр хоёр хэрэлдээд, тэгээд нөгөө хүүхэн утсаа салгасан. Гэрт нь дахиад хайсан байхгүй байсан. ...Гар утасны бүрэн бүтэн байдлыг шалгуулж надад өгсөн...” гэх мэдүүлгээр,

 

гэрч М.Энхтулгын /хх-ийн 29-31/: “...Найз Ч.Дэлгэрсайхан ганцаараа ирсэн юм. Бид хоёр архи хувааж уусан...С.У “Тоосгоны эцэст” ирсэн байхаар нь тосож аваад гэртээ харьсан. Ч.Дэлгэрсайхан мөнгө өгөөд С.У-аар архи авхуулсан. Би С.У-д “аавдаа аваачиж өгөөрэй” гээд 20.000 төгрөг өгөөд тэр
мөнгөнөөс 2 лааз пиво авхуулаад С.Ундрамд өгсөн. С.У-ыг явахад Ч.Дэлгэрсайхан нилээд согтоод унтсан байсан. Маргааш өглөө нь 07 цагт босоход Ч.Дэлгэрсайхан босчихсон гар утсаа хайж байхаар нь хамт гар утсыг нь хайсан боловч олоогүй...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Д.Сүхбаатарын /хх-ийн 32-33/: “... Баз хүргэн М.Энхтулга нь миний охин С.У-ыг гар утсаар дуудаад “хэдэн төгрөг аваатах” гэж хэлсэн юм байна лээ. Над руу М.Энхтулга залгаж яриагүй. Сүүлд сонсоход охин С.Унь М.Энхтулгын найзын гар утсыг хулгайлж авсан гэж сонссон...” гэх мэдүүлгээр,

 

С.У-н яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 47-49/: “...Би М.Энхтулга ахын гэрээс гарах гэж байхад ширээн дээр цэнхэр өнгийн Самсунг маркийн гар утас байхаар нь аваад гарсан нв үнэн...” гэх мэдүүлгээр болон эд зүйл хүлэлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 22/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 37-38/, Ч.Дэлгэрсайхан “A 50 Самсунг” гар утсыг 839.000 төгрөгөөр зээлээр худалдан авсан талаарх баримт /хх-ийн 21/ зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.         

           

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь бусдын хөрөнгийг зөвшөөрөлгүйгээр, нууц далд аргаар авч явсныг өөрөө болон гэрч нар гэрчилж мэдүүлсэн, хохирогчийн хулгайд алдсан эд зүйлсийн үнийг хөрөнгийн үнэлгээгээр тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар бусдын эд хөрөнгийг шунахай сэдэлтээр, зөвшөөрөлгүйгээр, нууц далд аргаар авч өөрийн өмчлөлд авч, иргэнд бага  хэмжээнээс дээш хохирол учруулж буй С.У-н гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийн бүх шинжийг бүрэн агуулж байх тул түүийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нөхөн төлбөрийн асуудлыг шүүх дараах байдлаар шийдвэрлэв.

 

Хохирогч Ч.Дэлгэрсайхан “...ямар нэгэн гомдолгүй...” гэх хүсэлт хавтаст хэргийн 25-28, 82 дугаар талд авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгч С.У-ыг “бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналын хүрээнд, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүх С.У-д тодорхой нийтэд тустай ажил хийлгэхийг даалгаагүй учир нийтэд тустай ажлыг нутгийн захиргааны байгууллагын саналыг үндэслэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллагаас баталсан жагсаалтад заасан байгууллагад гүйцэтгэх учиртайг дурьдаж байна.

  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.

 

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч С.У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.У-ыг 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.У-д оногдуулсан  нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.У нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

5. Шүүгдэгч  С.Унь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

            6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг  дурдсугай.

 

          7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.У-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                             

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.МӨНХ-ЭРДЭНЭ