Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 550

 

 

    2020         06         10                                     2020/ШЦТ/550

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг;

улсын яллагч: П.Эрдэнэбаатар;

шүүгдэгч: Б.Б, түүний өмгөөлөгч О.Алтанчулуу;

хохирогч: Х.Цэцэгмаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-т холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1972 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Архангай аймагт төрсөн, 47 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, цэцэрлэгийн багш мэргэжилтэй, “Номин Холдинг” ХХК-д эрх зүйн албаны хяналтын хэсэгт гарах шалган ажилтай, ам бүл 7, нөхөр, 6 хүүхдийн хамт урьд

-Сонгинохайран дүүргийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 582 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар түүний өмчлөлийн газрыг хурааж, 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

-Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 41 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 3 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Б.Б

 

Яллагдагчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Яллагдагч Б.Б нь “Бүгд Найрамдах Солонгос Улсын виз найдвартай гаргаж өгнө” хэмээн хуурч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж улмаар хохирогч Х.Цэцэгмаа нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Алтайн 25-46 тоотод байрлах гэрээсээ интернэт банк ашиглан 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 4.000.000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 500.000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 500.000 төгрөг нийт 5.000.000 төгрөгийг Х.Цэцэгмаагийн нөхөр Б.Батсүрэнгийн Худалдаа хөгжлийн банкны 415020415 дугаартай, Х.Цэцэгмаагийн “ХААН” банкны 5062164766 дугаартай данснаас өөрийн Худалдаа хөгжлийн банкны 412030749 дугаарын данс руу шилжүүлэн авч залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ:  “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.Цэцэгмаа мэдүүлэхдээ: “...2019.12.03нд хамт ажилладаг хүүхэн маань найдвартай Солонгос Улс руу гардаг эгч байгаа зуучилж өгсөн. Солонгос Улс руу виз гаргадаг. Эрүүл мэндийн шалтгаанаар тэнцээгүй хүмүүсийн оронд виз гаргаж өгнө гэж хэлсэн. Нийт 5.000.000 төгрөгийг интернэтээр банкаар шилжүүлсэн. Өнөөдөр 1.000.000 төгрөг авсан. Хохирлоо барагдуулж авмаар байна. 4.000.000 төгрөг нэхэмжилж байна” гэв.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд Б.Б-ийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 4-7/, хохирогч Х.Цэцэгмаа /хх-ийн 18-19/, гэрч Б.Батсүрэн /хх-ийн 24/, гэрч Д.Ганбаяр /хх-ийн 25-27/, гэрч Б.Батжаргал /хх-ийн 28/, гэрч Г.Пүрэвдаваа /хх-ийн 29-30/ нарын мэдүүлэг, хохирогчийн мөнгө шилжүүлсэн баримт /хх-ийн 61-63/, Б.Бийн Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга /хх-ийн 64-67/, бусад баримтууд 71-86/, Х.Цэцэгмаагийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 96-98/, Б.Б-ийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 35-36, 43, 46-48, 52, 56, 57, 90-94/, зэрэг  болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Б нь “Бүгд Найрамдах Солонгос Улсын виз найдвартай гаргаж өгнө” хэмээн ямар нэгэн баталгаагүй амлалт өгч, итгүүлэн үнэмшүүлж, хуурч мэхлэн үүргээ биелүүлэхээс зайлсхийх байдлаар иргэн Х.Цэцэгмаагаас 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 4.000.000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 500.000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 500.000 төгрөг нийт 5.000.000 төгрөгийг Х.Цэцэгмаагийн нөхөр Б.Батсүрэнгийн Худалдаа хөгжлийн банкны 415020415 дугаартай, Х.Цэцэгмаагийн “ХААН” банкны 5062164766 дугаартай данснаас өөрийн Худалдаа хөгжлийн банкны 412030749 дугаарын данс руу шилжүүлэн авч залилсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

 

хохирогч Х.Цэцэгмаагийн /хх-ийн 18-19/: “...2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр цалингын зээл аваад ажил дээрээ 15 цагийн үед ирсэн. Хамт ажилладаг Г.Пүрэвдаваа мөнгөө юунд зарцуулах гэж байгаа талаар асуухаар нь “нөхрийгөө Солонгос Улс руу гаргах гэж байгаа” гэж хэлсэн. Маргааш нь ...Г.Пүрэвдаваа “4.500.000 төгрөгөөр гэрээгээр найдвартай 10 хоногийн дотор гаргаж өгдөг хүн байна” гээд Б.Батжаргалын гэх хүний утасны дугаарыг өгсөн. Б.Батжаргалтай утсаар ярихад “би бас өөрөө явах гэж байгаа, манай хамаатнууд эрүүл мэндийн үзлэгт тэнцээгүй, хүний оронд оруулж өгөхөд 6.500.000 төгрөг” гэж хэлсэн. ...манай эгч гэж Б.Бийн утасны дугаарыг өгсөн. ...Б.Бийн ажил болох хорооллын “Билэг” их дэлгүүрийн ажлын байран дээр нь очиж уулзахад “манай хамаатнууд гаргаж байгаа, манай 2 хүүхэд, танай нөхөр, бас нэг эгч байгаа, 12 дугаар сарын 20-ны өдрийн нислэгээр явуулна, сургалтад суугаад сертификат авчих” гэж хэлээд утасны дугаар өгсөн. Тэгээд ... “манай хүү Хишигтогтох гадаа ирчихсэн байна, сургалтын төвийн багшийн утасны дугаарыг явуулчихлаа, өнөөдөр яаралтай мөнгөө хийгээрэй, эрүүл мэндийн шинжилгээг хувиараа өгөөрэй, сертификатыг чинь 7 хоногийн дотор гаргана, мөнгөө Худалдаа хөгжлийн банкны дансаар авна” гэж хэлсэн. ...орой нь 21:00 цагийн үед өөрийнхөө данснаас нөхрийнхөө Худалдаа хөгжпийн данс руу шилжүүлж байгаад интернэт банк ашиглаж 4.000.000 төгрөг шилжүүлсэн. ...Хороололд сургалтад манай нөхөр Б.Батсүрэн сургалтад суусан. 7 хоногийн дараа сертификат нь гарсан. Хувиараа шинжилгээнүүдээ өгсөн. ...12 дугаар сарын 18-ны өдөр Б.Б над руу залгаад “үлдэгдэл 1.000.000 төгрөгөө яаралтай шилжүүл” гэж хэлэхээр нь 2 хуваагаад шилжүүлсэн. 12 дугаар сарын 20-ны өдөр Б.Б лүү залгахад “150 хүн 25, 25-аараа гарах болохоор жаахан сүүл рүү ирнэ, эхний ээлжийн хүмүүс явах гэж байгаа” гэж хэлсэн. ...28-ны өдөр дахиж холбогдоход бас л энэ үгийг хэлсэн. Оны дараа залгахад “2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр манай 2 хүн нисэхээр болсон, танай хүн дараа нь 20-нд ниснэ, хүлээж бай” гэж хэлсэн.  ...2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр дахиж ажил дээр нь очиж уулзахад “Д.Ганбаяр Солонгосоос Баянхонгорт ирчихсэн байна, би очиж уулзаад виз чинь гараагүй бол нөхрийн чинь мөнгийг авч өгье, 27-ны өдөр Баянхонгор явна” гэж хэлсэн.  Тэгээд ажил дээр нь очихоор байдаггүй, утас руу нь залгахаар утсаа авдаггүй, хааяа утсаа авахаараа “би 5-6 жилийн ялаа аваад явчихна, чи харин амьд үлдэхгүй шүү” гэх мэтээр сүрдүүлж эхэлсэн. Би мөнгөө олж авмаар байна...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Б.Батсүрэнгийн /хх-ийн 24/: “...өөрийнхөө 415020415 дугаарын данснаас эхнэрийн биз гаргана гэж хэлсэн хүний 412030749 дугаарын данс руу 4.000.000 төгрөгийг гэрээсээ интернэт банкаар шилжүүлсэн. ...7 хоногий дараа гэсээр байгаад бараг 2 сар болсон. ...үлдэгдэл мөнгөө шаардахаар нь 1.000.000 төгрөгийг дахиж шилжүүлсэн. ...мөнгө шилжүүлсний дараа хороололд байрладаг Солонгос хэлний сургалтын төвд түргэвчилсэн хугацаагаар 14 хоногийн сургалтад суугаад сертификат авсан. ...Б.Б нь манай эхнэрт анх хэлэхдээ “2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гэхэд Солонгосын виз гарчихна гэж хэлээд намайг сургалтад суу” гэсэн байсан...” гэх мэдүүлгээр

 

гэрч Д.Ганбаярын / хх-ийн 25-27/: “...2019 оны 08 дугаар сараас хойш Солонгос хэлний анхан шатны сургалтанд Баянхонгор аймгаас 150 хүний сургалтыг эхлүүлж дууссан. Мөн Өвөрхангай аймгаас 200 иргэнийг сургалтад хамруулж Баянхонгор аймгийн эхний 150 хүнийг 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр явуулах гэж байтал коронавирусийн улмаас тодорхойгүй хугацаагаар хойшилсон. Баянхонгор аймгийн засаг дарга Б.Батжаргал нь Солонгос Улсын Кимпү хотын даргатай гэрээ байгуулсан. Өвөрхангай аймгийн засаг дарга нь Солонгос Улсын Янжу хоттой гэрээ байгуулж дээрх хүмүүсийг гаргахаар болсон. ...Би бүртгэлийн ажилтнаараа Х.Цэцэгмаа гэх хүнийг шүүлгэж үзсэн. Х.Цэцэгмаа гэсэн нэр байхгүй байсан учир Х.Цэцэгмаа гэх хүнийг танихгүй. Б.Б гэгч нь ямар нэгэн хүн зуучилсан зүйл байхгүй. Би Батчулууны Батдэлгэр гэх хүнийг танихгүй гэхдээ Батсуурь, Хишигтогтох гэх хүмүүс бүртгүүлсэн байна. 2020 оны 02 дугаар сарын 20-ны үеэр Хишигтогтох нь бүртгүүлсэн төлбөр болох 1.500.000 төгрөгөө буцаан авсан. Манай компанийн дансанд 5.000.000 төгрөг орж ирээгүй. ...Батсуурь, Хишигтогтох нар нь сүүлд бүртгүүлсэн байсан учир ямар нэгэн сургалтад хамрагдаагүй. ... Өвөрхангай аймгаас 200 хүн бүртгэж сургалтад хамруулж шалгалтаа аваагүй байгаа бөгөөд Солонгосын талаас хүн ирж шалгалт авах байсан. ...Баянхонгор аймгаас бүртгэсэн 150 хүн бэлэн болсон. Энэ байдал гайгүй болбол явуулна...” гэх мэдүүлгээр,

 

Б.Б-ийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 4-7/: “...Өвөрхангай, Баянхонгор аймагт ажилгүйдлийг бууруулах төслийг манай нөхрийн хамаатны дүү Д.Ганбаяр хэрэгжүүлээд 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Солонгос Улс руу гэрээ байгуулсан хүмүүсийг явуулах байсан. ...Х.Цэцэгмаа гэх хүнийг оруулаад мөнгө авсан. ...Би Х.Цэцэгмаагаас 5.000.000 төгрөг аваад явуулж чадаагүйдээ гэмшиж байна. ...Би 5.000.000 төгрөгийг өөрийн Худалдаа хөгжлийн банкны 412030794 дугаарын дансаар 4.000.000 төгрөгөөр, 500.000 төгрөгөөр 2 удаа шилжүүлэн авсан. Би Х.Цэцэгмаагаас шилжүүлсэн мөнгийг хүүхдийнхээ сургалтын төлбөрт хэрэглэсэн.  ...2019 оны 09 дүгээр сард манай хүүхэд Хишигтогтох, Батсуурь нар “Ганбаяр ах 6 сарын гэрээгээр Солонгос Улс руу явуулж байгаа гэнэ” гэж хэлээд бүртгүүлсэн. Би Д.Ганбаяр гэж хүний талаар сонсож байсан, тэрнээс бол уулзаж байгаагүй...” гэх мэдүүлэг хохирогчийн мөнгө шилжүүлсэн баримт /хх-ийн 61-63/, Б.Бийн Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга /хх-ийн 64-67/ зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хохирогч нь шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар Б.Б-ийн үг, үйлдэлд хууртагдан, төөрөгдөж түүнд эд хөрөнгийг шилжүүлэн өгснөө тодорхой мэдүүлдэг бөгөөд хохирогчийн мөнгө шилжүүлсэн баримт зэргээр хохирогчид учирсан хохирлын хэмжээ тогтоогдсон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч Б.Б-ийн эрхэлж байсан ажил, албан тушаал нь гадаад орны виз олгох асуудалтай холбоогүй, энэ талаар эдлэх эрх, давуу байдал үгүй байсан бөгөөд иргэнд тухайн улсын виз олгогдох эсэх нь дан ганц тухайн улсын дипломат төлөөлөгчийн газар, эрх бүхий албан тушаалтнаас гадны нөлөөгүйгээр шийдвэрлэх асуудал бөгөөд Б.Бээс үл хамаарахаар байтал өөрийгөө виз баталгаатай гаргаж өгнө гэж өөрт байхгүй эрх хэмжээнд иргэдэд амлалт өгч, өөрөөс нь үл хамаарах, биелэгдэх боломж багатай асуудлын үр дүнгийн талаар зохиомол амлалт өгч мэдсээр байж бусдыг төөрөгдүүлэн эд хөрөнгийг нь бодитой бус үйл ажиллагааны төлбөрт авч байгаа нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийн шинжийг бүрэн тодорхойлж байгаа болно.

 

Хохирогч Х.Цэцэгмаа нь хэрхэн ямар арга замаар мөнгөний эх үүсвэрээ бүрдүүлсний эцэст Б.Б-т уг мөнгөө өгсөн нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн  “Өвөрхангай, Баянхонгор аймагт ажилгүйдлийг бууруулах төслийг манай нөхрийн хамаатны дүү Д.Ганбаяр хэрэгжүүлээд 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Солонгос Улс руу гэрээ байгуулсан хүмүүсийг явуулах байсан. ...Х.Цэцэгмаа гэх хүнийг оруулаад мөнгө авсан” гэх мэдүүлэг бодитой бус гэж шүүх дүгнэв.

 

Ийнхүү шүүгдэгч Б.Б-ийн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгч, эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэм буруу нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь үндэстэй.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нөхөн төлбөрийн асуудлыг шүүх дараах байдлаар шийдвэрлэв.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг шийдвэрлэхдээ мөрдөн байцаалтаар гаргуулах үндэслэл, хэмжээ нь тогтоогдсон бүрэн нөхөн төлөгдөөгүй хохирол, гэм хор болох хохирогч Х.Цэцэгмаад учирсан 5.000.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Б.Бээс гаргуулах үндэслэлтэй.

 

Дээрх хохирлоос шүүгдэгч нь 1.000.000 төгрөгийг нөхөн төлсөн тул үлдэх 4.000.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Б.Бээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг зэргийг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял шийтгэхээр шийдвэрлэв.

Мөн дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж түүнд оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

Шүүгдэгч Б.Б нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 3 жилийн хугацаагаар хянан харгалзсан хугацаанд буюу оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан журмын дагуу түүний нийт эдлэх ялын хэмжээг тогтоох нь зүйтэй.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийг 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т энэ тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан буюу Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялын хэмжээг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

6. Шүүгдэгч Б.Б нь урьд цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус  дурдсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Бээс нийт 4.000.000 төгрөгийг гаргуулж  хохирогч Х.Цэцэгмаад олгосугай.

 

8. Шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолыг биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                      

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.МӨНХ-ЭРДЭНЭ