| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2020/0084/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/95 |
| Огноо | 2020-06-12 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | В.Төгсбаяр |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 2020/ШЦТ/95
2020 оны 06 дугаар сарын 12 өдөр Дугаар 2020/ШЦТ/95 Ханбогд сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,
Нарийн бичгийн дарга: Ө.Цэвэгмэд,
Улсын яллагч: В.Төгсбаяр
Шүүгдэгч: Ц.А /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хунцагаан овгийн Цэцэгжаргалын Ад холбогдох 2029000000020 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.А нь 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Т.Амартүвшинтэй бүлэглэн Өмнөговь аймгийн Баян-овоо сумын нутаг дэвсгэрт 10-46 ТЧ улсын дугаар бүхий чиргүүлтэй, 95-73 ӨМҮ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслээс 250 литр түлш, 10 ширхэг дугуйг тус тус завшиж, бусдад 4.122.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.А нь мэдүүлэхдээ: 2019 оны 08 дугаар сарын 11-ний өдөр гэртээ байж байхад Амартүвшин намайг дуудаад 6 дахь километрийн кемпийн цайны газар дээр хүрээд ир гэсэн. Амартүвшин ойрын онд надтай уулзаагүй гээд нэг шил архи авч өгсөн. Тэгээд архи ууж байхад Амартүвшин найз нь хувьдаа машинтай болсон чамаар бариулах гэсэн юм. 400,000 төгрөгөөр цалин аваад барих уу? гэж хэлэхэд би тэгье гэж хэлээд машиныг бариад бид хоёр хамт явсан. Хамт яваад 46 дахь км дээр очоод дугуй зарахад нь болж байгаа юм уу? андаа гэж асуухад зүгээрээ би өөрөө өөрийнхөө зүйлийг мэдэж байна гэсэн. Өөрийнхөө санамсар болгоомжгүй үйлдлээс болж ийм хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж байна. Хохирогч Э.Мөнхбаярт хохирол төлбөрийг төлөхөөр тохиролцсон байгаа” гэв.
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-20-р хуудас/,
Хохирогчийн Э.Мөнхбаярын өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 04-ний өдөр “Менд транс” ХХК-ийн кемп дээр Т.Амартүвшинд 95-73 ӨМҮ Нордбенз маркийн шланзны жолоочоор ажиллуулахаар хүлээлгэн өгч гэрээ хийсэн. Тэгээд 08 дугаар сарын 06-нд Амартүвшин нүүрсээ ачуулчихлаа одоо Цагаан хадруу явж байна гэж хэлсэн. Тэгээд машины Жи Пи Эс унтраагаад сураггүй байж байгаад утсаар ярихдаа цагаан хаданд буулгах гэж байна гэж хэлсэн. Тэгээд ахиад утсаа авахгүй 2 хоносны дараа Энх-Амар нь машиныг нэг газар үлдээсэн юм шиг байна, Амартүвшин архи уугаад явж байх шиг байна гэж надад хэлсэн тэгээд аймгаас машиныг олохоор ирээд машинаа 70 дээр байхад нь олсон. Тэгээд цагдаад мэдэгдсэн. Тэгээд машиныг шалгахад 10 ширхэг дугуй солигдсон, 250 литр түлш, хойд дугуйны шпилка, чиргүүлийн ард талын баруун нум хугарсан, 2 обуд нь хэрэглэх боломжгүй болсон байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27-р хуудас/,
Гэрч Р.Жамбалын өгсөн: “...Яндан нь дундуураа салсан, машин хий алдагддаг, асааж үзэхэд түлш байхгүй, маргааш нь компани нь 250 литр түлшний бичиг өгсөн,” “жолоочийн эсрэг талын чиргүүлийн арын 2 дугуй нь боорцгон хээтэй бусад дугуйг бодвол гайгүй харагдаж байсан. Бусад дугуй 50-70%-д орсон байдалтай байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 38-р хуудас/,
Гэрч С.Банзрагчийн өгсөн: “...Яндан нь салсан, хоёр боорцгон хээтэй дугуй нь 80% гайгүй дугуй байсан. Бусад дугуй нь жигд муудсан 30%-д орсон, халзандуу хээтэй байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 42-р хуудас/,
Гэрч Б.Төгөлдөрийн өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 10 цагийн үед цагаан өнгийн Нордбензтэй 2 эрэгтэй хүн 47 дээр байдаг манай дугуй засварт ирсэн. Манай гэр цайны газарт хоол хийлгэж идээд “надад 2 дугуй байна нэгийг нь 150 000 төгрөгөөр бодоод авчих аа, манай хүүгийн бие муудаад мөнгөгүй хэцүү байна” гэж ярьж байсан. Би тухайн үед 2 цаг гаруй бодож байгаад авахаар болсон. Залуурын 2 усан хээтэй дугуйг нь аваад оронд нь усан хээтэй 2 дугуй тавьж өгөхөөр болсон. Толгойны баруун талын 2 дугуйг нь аваад залуур тавиад оронд нь би өөрийн 2 дугуйг тавьж өгсөн. Намайг машинаас хэрэгтэй бүх зүйлээ ав гэж байсан. Би хэний машин юм гэж асуухад жижиг хар царайтай залуу нь энэ бол миний хувийн машин гэж байсан. Өндөр сахалтай залуу нь би энэ машиныг бариад 5 сар болж байна, цалингаа аваагүй удаж байна гэж хэлээд надад 2 дугуйгаа зарсан. Тэгээд дугуйгаа зарчихаад намайг 45руу архинд явуулаад надад 50 000 төгрөг өгсөн. Миний хажууд байхпаа машины дугуй зарна гээд жолооч нараас асуугаад явж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 44-р хуудас/,
“Ашид Билгүүн” ХХК-ийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн ӨМА396 дугаартай дүгнэлт /хх-ийн 59-60-р хуудас/,
Яллагдагч Ц.Агийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 74-р хуудас/,
Шүүгдэгч Ц.Агийн хувийн байдлын талаар:
Шүүгдэгч Ц.Агийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 80-р хуудас/,
Шүүгдэгч Ц.Агийн иргэний үнэмлэхний лавлагаа, иргэний мэдээлэл, гарын дардас /хх-ийн 75-78-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Ц.А нь 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Т.Амартүвшинтэй бүлэглэн Өмнөговь аймгийн Баян-овоо сумын нутаг дэвсгэрт 10-46 ТЧ улсын дугаар бүхий чиргүүлтэй, 95-73 ӨМҮ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслээс 250 литр түлш, 10 ширхэг дугуйг тус тус завшиж, бусдад 4.122.500 төгрөгийн хохирол учруулсан буруутай байдал тогтоогдсон.
Шүүгдэгч Ц.А нь бусдын итгэмжлэн хариуцуулж өгсөн эд хөрөнгийг завших үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутай гэж үзнэ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Ц.Ад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн байдал тогтоогдсон байна гэж үзэв.
Иймд шүүгдэгч Ц.А нь “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: Хохирогч “Менд транс” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнхбаяр: “Манай байгууллагаас гомдол санал байхгүй.” гэх хүсэлт байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
-Улсын яллагчаас Ц.Ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, цагдан хоригдсон 28 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлэх ялд нь оруулан тооцуулах дүгнэлтийг,
Шүүх шүүгдэгч Ц.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хохирогчийн гаргасан гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг гэм буруутайд тооцож, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.
Бусад асуудлаар: Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ц.А нь энэ хэрэгт 28 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө байхгүйг дурдах нь зүйтэй.