| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 137/2017/0031/И |
| Дугаар | 79 |
| Огноо | 2017-02-14 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 79
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хаан банкны Замын-Үүд салбарын /утас 70527375/ нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дорноговь аймаг Замын-Үүд сум 3-р баг Боомт гудамж 1-3 тоотод оршин суух Боржигон овогт Даваасүрэнгийн Отгонжаргал /РД:ЕС83120218/-д холбогдох
“Зээлийн төлбөр 2,667,993.93 төгрөг, хүүгийн төлбөр 379,454.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 53,707.25 төгрөг нийт 3,101,155.71 төгрөг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батболд, хариуцагч Д.Отгонжаргал, нарийн бичгийн дарга Г.Энхмөрөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хаан банкны Замын-Үүд салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Д.Бадам /нас барсан/ Д.Отгонжаргал нар нь 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдөр ЗГ150/14 тоот зээлийн гэрээ байгуулан 6,363,900 /зураан сая гурван зуун жаран гурван мянга есөн зуун / төгрөгийн зээлийг жилийн 16,8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар цалингийн зээлийн бүтээгдэхүүнээр авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.4.1-т хэсэгт заасны дагуу зээл хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлийн төлбөрт 3,688,323.85 төгрөг зээлийн хүүгийн төлбөрт 1,024,129.15 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2,143.4 төгрөг нийт 4,714,596.4 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулсан болно. Зээлдэгч Д.Бадам Д.Отгонжаргал нар нь барьцаат зээлийн гэрээний 4.2.12-т зааснаар яг адилхан эрх эдэлж үүрэг хүлээнэ. Д.Отгонжаргал нь Замын-Үүд Эргэх депод засварчинаар ажилладаг зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.3, 7.1.5, 7.1.7 -дахь хэсэгт заасан заалтуудыг удаа дараа зөрчсөн ба зээлээ төлөхийг олон удаа шаардсан боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй өнөөдрийн байдлаар 431 хоног хугацаа хэтэрч байна. Иймд банкны санаачилгаар гэрээг цуцалж зээлийн үлдэгдэл төлбөрийг Д.Отгонжаргалаар төлүүлэхээр нэхэмжилж байна. Үндсэн зээлийн төлбөр 2,667,993.93 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 379,454.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 53,707.25 төгрөг, зээлийн нийт төлбөр 3,101,155.71 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 64,568.49 төгрөг, нийт 3,101,155.71 төгрөгийг нэхэмжилж байна” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батболд шүүх хуралдаанд: “...Д.Бадам, Д.Отгонжаргал нар нь 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдөр ЗГ150/14 тоот зээлийн гэрээ байгуулан 6,363,900 төгрөгийн зээлийг жилийн 16,8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар цалингийн зээлийн бүтээгдэхүүнээр авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.4.1-т хэсэгт заасны дагуу зээл төлөх төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлийн төлбөрт 3,688,323.85 төгрөг зээлийн хүүгийн төлбөрт 1,024,129.15 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2,143.4 төгрөг нийт 4,714,596.4 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулсан болно. Зээлдэгч Д.Бадам нь нас барсан учраас хамтран үүрэг гүйцэтгэгч Д.Отгонжаргалаас манай банк нэхэмжилж байгаа. Учир нь барьцаат зээлийн гэрээний 4.2.12-т зааснаар хамран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчтэй адилхан эрх эдэлж үүрэг хүлээж байгаа. Бид гэрээний дагуу Д.Отгонжаргалын данснаас 1,216,500 төгрөгийг суутгаж төлөлтийг хийсэн. 2016 оны 09 дүгээр сарын 21-нд зээлээ төлөх талаар шаардсан, мэдэгдэл өгсөн ба мэдэгдэл өгснөөс хойш хүү, нэмэгдүүлсэн хүүг бодсон. Зээлийн төлөлт хийхгүй хугацаа хэтрээд 431 хоног болж байна. Иймд Д.Отгонжаргалаас зээлийн төлбөр 2,667,993.93 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 379,454.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 53,707.25 төгрөг, нийт 3,101,155.71 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагч Д.Отгонжаргал шүүхэд гаргасан тайлбараа: “Д.Отгонжаргал миний бие нь Хаан банкны нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа бөгөөд уг зээлийг Д.Бадам өөрөө хувьдаа авч хэрэглэсэн байгаа. Би мөнгөнөөс нь авч хэрэглээгүй Д.Бадамыг нас барснаас хойшхи хугацаанд чадах ядахаараа төлж байсан. Цаашид зээлийн үлдэгдлийг төлж чадахгүй эхнэр, эгч ах нараар нь төлүүлнэ үү” гэжээ.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтууд, зохигчдын тайлбарыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хаан банкны Замын-Үүд салбар нь хариуцагч Д.Отгонжаргалд холбогдуулан зээлийн төлбөр 2,667,993.93 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 379,454.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 53,707.25 төгрөг, нийт 3,101,155.71 төгрөг гаргуулах шаардлага гаргасан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй.
Шүүх хариуцагч Д.Отгонжаргалд шүүх хуралдааны товыг 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр мэдэгдсэн /хх-31/ боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хаан банкны Замын-Үүд салбар нь 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Д.Бадам, Л.Буянхишиг нартай барьцаат зээлийн гэрээ байгуулж 8,332,259 төгрөгийг 18 сарын хугацаатай, жилийн 16,8 хувийн хүүтэй зээлдүүлж, 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдөр нэмэлт зээл олгож, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг Д.Бадам, Д.Отгонжаргал нартай байгуулж, 6,363,900 төгрөгийг 33 сарын хугацаатай жилийн 16,8 хувийн хүүтэй зээлдүүлсэн, зээлдэгч Д.Бадамын цалингийн орлогыг барьцаалсан, Д.Бадам зээлийг цалингаасаа төлж байгаад 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр нас барсан, Д.Бадам нас барсны дараагаар хамтран үүрэг гүйцэтгэгч Д.Отгонжаргалын цалингаас зээлийг татаж төлүүлж байсан болох нь зохигчдын тайлбар, барьцаат зээлийн гэрээ, нэмэлт зээл олгох, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, зээл буцаан төлөх хуваарь, Д.Отгонжаргалын депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд, Д.Бадамын нас барсан талаарх Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 60 дугаартай албан тоот, бүртгэлийн дэвтрийн хуулбар зэргээр нотлогдож байна.
Нэхэмжлэгч хамтран үүрэг гүйцэтгэгч Д.Отгонжаргалаас үндсэн зээлийн үлдэгдэл 2,667,993.93 төгрөг, хүү 379,454.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 53,707.25 төгрөг, нийт 3,101,155.71 төгрөгийг гаргуулахаар шаардсан.
Хариуцагч Д.Отгонжаргал нь зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр гарын үсэг зурсан эсэх талаар маргаагүй, “...зээлийг Д.Бадам өөрөө хувьдаа авч хэрэглэсэн, би мөнгөнөөс нь авч хэрэглээгүй...” гэж маргаж байгаа болно.
Нэхэмжлэгч 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Д.Бадам, Л.Буянхишиг нартай барьцаат зээлийн гэрээ байгуулж 8,332,259 төгрөгийг 18 сарын хугацаатай, жилийн 16,8 хувийн хүүтэй зээлдүүлж дахин 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдөр нэмэлт зээл олгож, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг Д.Бадам, Д.Отгонжаргал нартай байгуулж, 6,363,900 төгрөгийг 33 сарын хугацаатай жилийн 16,8 хувийн хүүтэй зээл олгож, хамтран үүрэг гүйцэтгэгч Л.Буянхишигийг Д.Отгонжаргалаар сольж гэрээ байгуулсан байх тул Д.Отгонжаргалаас шаардах эрхтэй гэж үзнэ.
Зохигчдын байгуулсан зээлийн гэрээний 2.3.2-д “... тухайн дансанд хүрэлцэхүйц хэмжээний мөнгө байхгүй тохиолдолд зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн бусад данснуудаас зээлийн төлбөрийг үл маргах журмаар бэлэн бусаар төлүүлнэ” гэж, 5.1-ийн 5.1.3, 3.1.4-д “... хамтран үүрэг гүйцэтгэгчийн бусад данснаас үл маргах журмаар суутган авах, ... хадгаламжийн данснаас барилт хийх, ... төлбөрийг суутган авах” гэж, 4.1, 4.2-д зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчийн эрх үүргийг зааж зохицуулсан байх ба 4.2.12-д “Хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж, үүрэг хүлээнэ” гэж тус тус хамтран үүрэг гүйцэтгэгчийн үүргийг зааж тохиролцсон байна. Гэрээний эдгээр заалтаас үзвэл Д.Бадам, Д.Отгонжаргал нар нь үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө үл хуваагдах, нэг үүрэг хүлээсэн байна. Өөрөөр хэлбэл хэн нь ч үүргийг хариуцан гүйцэтгэж болох ижил түвшний үүрэг хүлээжээ.
Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-т “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ” гэж заасанд зохигчдын байгуулсан гэрээний дээрхи заалтууд нийцэж байна гэж үзнэ.
Мөн Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгч өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэж заасан тул нэхэмжлэгч Хаан банкны Замын-Үүд салбар нь хариуцагч Д.Отгонжаргалаас үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь шаардах эрхтэй. Хариуцагч Д.Отгонжаргал Д.Бадамын үүргийг хамтран гүйцэтгэхээр барьцаат зээлийн гэрээнд гарын үсэг зурсан байх тул тэрээр үүргээ гүйцэтгэх нь зүйн хэрэг юм.
Зээлдэгч Д.Бадам нь зээл буцаан төлөх хуваарийн дагуу хугацаандаа төлж байгаад 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр нас барснаар зээл төлөгдөөгүй, нэхэмжлэгч гэрээний дагуу хамтран үүрэг гүйцэтгэгч Д.Отгонжаргалын данснаас зээлийг татаж 1,216,500 төгрөгийг төлүүлсэн байх ба зээлийн үлдэгдэл 2,667,993.93 төгрөг үлдсэн байх ба уг төлбөрийг хариуцагч Д.Отгонжаргалаас гаргуулах үндэслэлтэй. Харин нэхэмжлэгч хүү 379,454.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 53,707.25 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэлээ нотлоогүй, энэ талаар хэрэгт баримт авагдаагүй байх тул хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 433,161.77 төгрөгийг хариуцагч Д.Отгонжаргал хариуцуулах үндэслэлгүй байна. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2-т зааснаар хариуцагч Д.Отгонжаргалаас 2,667,993.93 төгрөгийг гаргуулан Хаан банкны Замын-Үүд салбарт олгож, шаардах эрхийн үндэслэл нотлогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 433,161.77 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Хаан банкны Замын-Үүд салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64,568.49 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Д.Отгонжаргалаас 57,637 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ