Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 2020/ШЦТ/97

 

2020 оны 06 дугаар сарын 15                              Дугаар 2020/ШЦТ/­­­­97                                             Ханбогд сум

 

               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,

Нарийн бичгийн дарга Ц.Тэгшдүүрэн,

Улсын яллагч Б.Амармөрөн,

Шүүгдэгч Б.Ө,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Огниуд овогт Батмөнхийн Өт холбогдох 2029000000077 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Ө нь 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Баян 04 дүгээр багийн Баянхөөвөрийн 1241 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр А.Эрдэнэ-Ундрахтай маргалдан толгойн тус газар нь төмрөөр цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ө мэдүүлэхдээ: “Би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн эхнэр болох А.Ундрах-Эрдэнэд гар хүрсэн. Өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Одоо эхнэртэйгээ учраа олоод хамт амьдарч байгаа гэв.” гэв.

Хохирогч А.Эрдэнэ-Ундрахын “...Лхагвасүрэн, Ө 2 гэрээс гараад хоорондоо маргалдаад байсан. тэгсэн Ө нь шанага аваад Лхагвасүрэнгийн хамар дундуур цохих шиг болсон тэгэхээр нь би очоод яаж байгаа юм гээд шанагийг нь булааж авахад Ө уурлаад хашаанд амбаарын хажуу талд байсан урт төмрийг аваад шууд миний толгойн баруун талд цохисон тэгэхэд нь би газар унаад босоод зугтаахад Ө нь төмөрөө аваад миний араас хөөгөөд зүүн тал хэсэгт дахин цохисон тэгэхэд нь би өнхөрөөд газар унахад араас Ангирмаа, Лхагвасүрэн, Батхишиг нар ирээд Өыг салгасан...” гэх мэдүүлэг /хх-н 19-22-р хуудас/

Гэрч А.Ангирмаагийн: “...намайг гэрт байж байхад Лхагвасүрэн, Ө хоёр гараад маргалдаад байх шиг байсан тэгээд удалгүй Эрдэнэ-Ундрах эгч араас нь гарсан тэгээд гадаа дахиад их шуугиад хүн орилоод байхаар нь гарахад Ө ах урт төмөр барьчихсан Эрдэнэ-Ундрах эгч газар уначихсан байсан тэгээд Ө ах нөгөө барьж байсан төмөрөө Эрдэнэ-Ундрах эгчийн төв хэсэгт цохиж байгаа юм шиг харагдсан тэгэхээр би очоод Өын гарнаас нь бариад Лхагвасүрэн болон хамт ирсэн танихгүй эмэгтэй нар барьж байсан төмөрийг нь аваад цагдаа дуудсан” гэх мэдүүлэг /хх-н 23-25-р хуудас/

Гэрч Лхагвасүрэнгийн: ”...Ажлын Эрдэнэ-Ундрах, Батхишиг, Ө бид дөрөв Өын гэрт 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 15 цагийн үед очсон. Тэгээд би гэрт байсан 0,75 литрийн “Хараа” архийг аваад очсон. Өын гэрт очоод тухайн архийг бид нар хувааж дуусгаад байж байхдаа гэрийн гадна талд миний хажууд ирээд чи хашааны эзэн гээд томроод байна уу гээд надтай хэрүүл хийх гээд байсан тэгэхэд нь би хүний бодоогүй юм бодох юм гэхэд намайг шанагабариад цохих гэсэн тэгэхэд Эрдэнэ-Ундрах ирээд Өыг салгасан тэгсэн гэрийн хажуу талаас лоом аваад Эрдэнэ-Ундрахын толгой хэсэгт цохисон тэгэхэд Эрдэнэ-Ундрах газар унасан тэгэхэд нь би очоод лоомыг нь булааж авсан. Эрдэнэ-Ундрахын дүү гарч ирээд хамт салгасан” гэх мэдүүлэг /хх-н 29-31-р хуудас/

Гэрч Г.Батхишигийн: “...Ажлын Эрдэнэ-Ундрах, Батхишиг, Ө бид дөрөв Өын гэрт 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 15 цагийн үед очсон. Тэгээд би гэрт байсан 0,75 литрийн “Хараа” архийг аваад очсон. Өын гэрт очоод тухайн архийг бид нар хувааж ууж дуусгаад байж байхдаа гэрийн гадна Лхагвасүрэн, Ө хочр хоорондоо маргалдаад Эрдэнэ-Ундрах тэр хоёрыг салгасан тэгсэн Ө хашааны баруун талаас лоом аваад Эрдэнэ-Ундрахын толгой хэсэгт цохисон тэгэхэд Эрдэнэ-Ундрах толгойгоо бариад газар суусан тэгэхэд нь Лхагвасүрэн болон Эрдэнэ-Ундрахын дүү нар очиж Өаас лоомыг нь салгаж аваад явцгаасан” гэх мэдүүлэг /хх-н 32-33-р хуудас/

Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 319 дугаартай дүгнэлт “А.Эрдэнэ-Ундрахын биед толгойн баруун зулайн хэсгийн хуйханд няцарсан шарх, зүүн мөр, баруун шилбэний зөөлөн эдэд битүү няцрал үүссэн гэмтлүүдтэй байна. Учирсан гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Уг гэмтэл нь цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. А.Эрдэнэ-Ундрахын биед учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэг тус тус хамаарна....” /хх-н 29-р хуудас/

Шүүгдэгч Б.Өын хувийн байдалтай холбогдох баримт /хх-н 51-53, 55-64 дугаар хуудас/,

Б.Өын арилжааны банкнуудад хадгаламжийн данстай эсэх талаарх мэдээлэл / хх-н 67-78-р хуудас/,

Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-н 79-82-р хуудаст/,

Б.Өын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-н 48-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

  1. Гэм буруугийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.

Шүүгдэгч Б.Ө нь 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Баян 4 дүгээр багийн Баянхөөвөрийн 1241 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр А.Эрдэнэ-Ундрахтай маргалдан толгойн тус газар нь төмрөөр цохиж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд хохирогч А.Эрдэнэ-Ундрахын биед учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Б.Өын хохирогчийн толгойн тус газарт нь төмрөөр цохисон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэмт үйлдэл болох юм. 

Иймд шүүгдэгч Б.Өыг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

  1. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

Хохирогч А.Эрдэнэ-Ундрахын биед хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн №319 дугаартай дүгнэлт “А.Эрдэнэ-Ундрахын биед толгойн баруун зулайн хэсгийн хуйханд няцарсан шарх, зүүн мөр, баруун шилбэний зөөлөн эдэд битүү няцрал үүссэн гэмтлүүдтэй байна. Учирсан гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Уг гэмтэл нь цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. А.Эрдэнэ-Ундрахын биед учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэг тус тус хамаарна....” /хх-н 29-р хуудас/ гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна.

Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” хэдий ч энэ хэргийн  хохирогч А.Эрдэнэ-Ундрах нь “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй тухайгаа прокурорын шатанд илэрхийлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан үндэслэл болох хохирогчид төлөх төлбөргүй, хийсэн хэрэгтээ үнэн санаасаа гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан, улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар  гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянган /-н төгрөгөөр торгох саналын хүрээнд ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Б.Ө нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 5/05 дугаартай Прокурорын тогтоолоор эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн “Лоом” төмөрийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Б.Өт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.