| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Хишигдэлгэр |
| Хэргийн индекс | 139/2016/00363/И |
| Дугаар | 02 |
| Огноо | 2017-01-05 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 02
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дундговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Хишигдэлгэр би ХААН банк Дундговь салбарын нэхэмжлэлтэй, Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8-р баг, Айраг 6-6 тоотод оршин суух Боржигон овогт Хүүхэнмаамын Эрдэнэ-Очир /ЗЮ70091414/, Боржигон овогт Цэрэндоржийн Энхнасан /ЦИ69022105/ нарт холбогдох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал, улсын бүртгэлийн лавлагааны үнэ 17516889 /арван долоон сая таван зуун арван зургаан мянга найман зуун наян есөн/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ХААН банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Зандраабодь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Х.Эрдэнэ-Очир, Ц.Энхнасан нар нь 2016 оны 01 сарын 18-ны өдөр тус банкнаас 14500000 төгрөгийг 36 сарын хугацаатай жилийн 22.8 хувийн хүүтэй ахуйн хэрэгцээний зориулалтаар, зээлийн барьцаанд Дундговь аймаг Сайнцагаан сумын 8 дугаар баг, айргийн 6 дугаар гудамж 6 тоотод байрлах 47 инчийн зурагт, хөргөгч, хөлдөөгч, үсчний тоног төхөөрмж зэргийг барьцаалуулан зээл авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 7.1.1, 7.1.3-т заасан нөхцлийг зөрчин удаа дараа шаардсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн болон хүүний төлбөрийг барагдуулаагүй байна. Иймд банк дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар үндсэн зээл 15547717 төгрөг, зээлийн хүү 1922976 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 33696 төгрөг, улсын бүртгэлийн лавлагааны үнэ 10000 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 25000 төгрөг, нийт 17516889 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Х.Эрдэнэ-Очир, Ц.Энхнасан нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Зээлдэгч би 2016 онд Дундговь аймаг дахь ХААН банкнаас 14500000 /арван дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгийг 36 сарын хугацаатай жилийн 22.8 хувийн хүүтэй зээлийг авсан. 2016 оны 6 сараас зээлийг хугацаанд төлж чадаагүй болно. Дундговь аймаг дахь ХААН банкнаас анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ дурдсан үндсэн зээлийн төлбөр 15547717 төгрөг, зээлийн хүү 1922976 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 33696 төгрөг, улсын бүртгэлийн лавлагааны үнэ 10000 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 25000 төгрөг, нийт 17516889 төгрөгийн нэхэмжлэлийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
ХААН банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Зандраабодь нь зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал, улсын бүртгэлийн лавлагааны үнэ 17516889 /арван долоон сая таван зуун арван зургаан мянга найман зуун наян есөн/ төгрөгийг Х.Эрдэнэ-Очир, Ц.Энхнасан нараас гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Х.Эрдэнэ-Очир, Ц.Энхнасан нар нь нэхэмжлэлийн шаардлага зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал, улсын бүртгэлийн лавлагааны үнэ 17516889 /арван долоон сая таван зуун арван зургаан мянга найман зуун наян есөн/ төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрсөн нь шүүхэд бичгээр гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагч нарын зөвшөөрөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Х.Эрдэнэ-Очир, Ц.Энхнасан нар нь нэхэмжлэлийн шаардлага зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал, улсын бүртгэлийн лавлагааны үнэ 17516889 /арван долоон сая таван зуун арван зургаан мянга найман зуун наян есөн/ төгрөгийг нэхэмжлэгч ХААН банкны Дундговь салбарт төлж барагдуулахыг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчээс улсын орлогод төлсөн 245534 /хоёр зуун дөчин таван мянга таван зуун гучин дөрөв/ төгрөгөөс 122767 /нэг зуун хорин хоёр мянга долоон зуун жаран долоо/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 122767 /нэг зуун хорин хоёр мянга долоон зуун жаран долоо/ төгрөгийг, хариуцагч Х.Эрдэнэ-Очир, Ц.Энхнасан нараас улсын тэмдэгтийн хураамжийн 122767 /нэг зуун хорин хоёр мянга долоон зуун жаран долоо/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ХААН банкны Дундговь салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Л.ХИШИГДЭЛГЭР