| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 137/2016/0095/И |
| Дугаар | 81 |
| Огноо | 2017-02-14 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 81
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Дорноговь аймгийн Өргөн сумын 2-р багт оршин суух Мөнх овогт Нямхүүгийн Эрхэмбаяр /РД: ЕЦ65041769/-ын хүсэлттэй
“Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Н.Эрхэмбаяр, гэрч М.Төмөрбаатар, П.Дугуйцагаан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхмөрөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Н.Эрхэмбаяр шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд: “Миний бие нь Дорноговь аймгийн Өргөн сумын “Шинэ амьдрал” нэгдэлд 1983 оны 5 сараас аав ээжээ даган туслах малчнаар нэг наст мал малласан. 1990 он буюу нэгдэл тартал мал малласан. Одоо ч мал маллаж байгаа. Хөдөлмөрийн дэвтэрээ үрэгдүүлсэн учир ажилласан жилээ тогтоолгож чадаагүй байгаа учраас 1983 оны 05 дугаар сараас 1990 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү” гэжээ.
Гэрч М.Төмөрбаатар шүүх хуралдаанд: “Миний бие нь 1982 оноос Дорноговь аймгийн Өргөн суманд нэгдэлийн дарга, нарийн бичгийн дарга гээд ажлуудыг хийж байсан. Н.Эрхэмбаяр нь 1983 оноос эхлэн Өргөн сумын Шинэ Амьдрал нэгдэлд хонь, ямаа малладаг удам залгасан малчин. Ээж аав нь мал малладаг хүмүүс байсан, эцэг эхийг нь би бас сайн мэднэ. Н.Эрхэмбаяр нь мал маллаж байхдаа тэргүүний сайн малчин байсан шагнал урамшуулал их авч байсан юм” гэв.
Гэрч П.Дугуйцагаан шүүх хуралдаанд: “Би 1981 оноос 1985 он хүртэл Дорноговь аймгийн Өргөн сумын Шинэ Амьдрал нэгдэлд тэжээлийн аж ахуйд нэг настай мал малладаг байсан. Тэр нь ядарсан малыг хэлдэг байсан. Тэгэхэд Н.Эрхэмбаяртай цуг ажиллаж байсан. Би 1985 оноос мал маллахаа больсон. Харин Н.Эрхэмбаяр нь одоог хүртэл мал маллаж байгаа” гэв.
Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Н.Эрхэмбаярын нь улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
Хүсэлт гаргагч Н.Эрхэмбаяр нь 1983 оны 05 дугаар сарын 01-нээс 1990 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл Дорноговь аймгийн Өргөн сумын Шинэ амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан Дорноговь аймаг Засаг даргын тамгын газрын архивын тасгийн цалингийн тодорхойлолт, 1989 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Шинэ амьдрал нэгдлийн даргын ээлжийн амралтын мөнгө олгох тухай тушаал, 1994 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Шинэ амьдрал бүрэн бус хариуцлагатай компаний захиралын ажлаас чөлөөх тушаал, 1989 оны 06 дугаар сарын 14-ний Шинэ Амьдрал нэгдлийн даргын тушаал нөхөн гаргах тушаал, гэрч М.Төмөрбаатар, П.Дугуйцагаан нарын тодорхойлолт болон мэдүүлгээр тогтоогдож байх тул хүсэлт гаргагч Н.Эрхэмбаярын улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Мөнх овогт Нямхүүгийн Эрхэмбаяр /РД: ЕЦ65041769/-ыг 1983 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл Дорноговь аймгийн Өргөн сумын Шинэ Амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоосугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ