Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2022/0090

 

 

 

 

 

 

 

 

                   Б.Л-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч С.Мөнхжаргал

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн

Илтгэсэн шүүгч Н.Долгорсүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагч С.Ө

Нэхэмжлэлийн шаардлага: “Увс аймгийн Өмнөговь сумын Засаг даргын 2021 ны 02 дугаар сарын 25-ны өдрийн “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” Б/10 дугаар захирамжийг хүчингүй болгуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгуулах, Өмнөговь сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн “Ажлаас чөлөөлж, үүрэг гүйцэтгэгчээр томилох тухай” Б/02 дугаартай захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгох”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 53 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э

Хариуцагч С.Ө

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батмаа

Хэргийн индекс: 124/2021/0017/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Л нь Увс аймгийн Өмнөговь сумын Засаг даргад холбогдуулан “Увс аймгийн Өмнөговь сумын Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” Б/10 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, тус захирамжаар хүчингүй болсон 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн “Ажлаас чөлөөлж, үүрэг гүйцэтгэгчээр томилох тухай” Б/02 дугаар захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгох, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх”-ээр маргасан байна.

2. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 53 дугаар шийдвэрийн

          2.1. 1 дэх заалтаар Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Л-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Увс аймгийн Өмнөговь сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн “Ажлаас чөлөөлж, үүрэг гүйцэтгэгчээр томилох тухай” Б/02 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоож, мөн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” Б/10 дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг Өмнөговь сумын Ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож,

         2.2. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Л-ийн өнөөдрийг хүртэл буюу 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг олгох болон холбогдох хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шийтгэлийг төлөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч С.Ө дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

            3.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийг татгалзан гаргахтай холбоотой acyyдлыг шийдвэрлэсэн тухайд Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр тус хэргийн шүүх хуралдаан товлон зарлагдаж, шүүх хуралдаан үргэлжилж байх явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э-ы зүгээс “Шүүх хуралдааны даргалагч Т.О-ийг татгалзан гаргах тухай” хүсэлтийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1.3-т “Хэргийн оролцогчтой хувийн харилцаатай, эсхүл уг хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байвал” гэж заасан үндэслэлээр гаргасан. Улмаар тухайн өдрийн шүүх хуралдааныг дээрх асуудлыг шийдвэрлэхээр хойшлуулж, тус өдрөөс хойш ажлын 5 хоногийн дараа буюу 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн шүүх хуралдааныг шүүгч Д.А даргалж, тус шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэсэн.

3.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.6-д “Ерөнхий шүүгч дангаар хэрэг хянан шийдвэрлэх явцад түүнийг татгалзсан, эсхүл тухайн шүүхийн бүх шүүгчдийг татгалзсан бол шүүгчдийн зөвлөгөөн олонхийн саналаар шийдвэрлэнэ” гэж заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байсан “тухайн шүүхийн Ерөнхий шүүгч Т.О-ийг татгалзан гаргах тухай” нэхэмжлэгч талын хүсэлтийг дээрх хуулийн заалтын дагуу тухайн шүүгчдийн зөвлөгөөн олонхын саналаар шийдвэрлэх ёстой байсан гэж ойлгогдож байна.

3.3. Харин Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь 2 шүүгчийн бүрэлдэхүүнтэй. Тус 2 шүүгчийн нэгийг буюу Ерөнхий шүүгчийг хэрэг хянан шийдвэрлэх явцад татгалзсан хүсэлтийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.6-д заасны дагуу тус шүүх шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, Ерөнхий шүүгчийг татгалзан гаргах асуудлыг хуулийн заалтын хүрээнд үлдэх нэг шуугч нь зөвлөгөөн хийж, олонхийн саналаар шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн юм. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86 дугаар зүйлийн 86.2-т “Тухайн шүүхийн бүх шүүгчийг татгалзан гаргасан, эсхүл бүх шүүгч уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуульд заасан үндэслэлээр дахин оролцох боломжгүй болсон тохиолдолд хэргийг анхан шатны өөр захиргааны хэргийн шүүхээр хянан шийдвэрлүүлэхээр тухайн шүүхийн Ерөнхий шүүгч шилжүүлнэ” гэж зааснаар “ ... Тухайн шүүхийн бүх шүүгч уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуульд заасан үндэслэлээр дахин оролцох боломжгүй болсон ...” гэж үзэж хэргийг анхан шатны өөр захиргааны хэргийн шүүхээр хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлэх ёстой байсан.

3.4.   Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.2-т “Хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн” гэх үндэслэлээр 121.1.4-т зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.

3.5. Шүүхийн шийдвэрийг гаргахдаа хэрэгт ач холбогдолтой нотлох баримтыг зохих ёсоор үнэлээгүй, хуулийг буруу хэрэглэсэн тухайд. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн өдрийн 53 дугаар шийдвэрийн Үндэслэх хэсэгт “ ... Б.Л-ийн хувьд тэргүүлэх зэргийг хассан шийдвэр гараагүй байхад Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2020 оны тушаалаар батлагдсан “Захирлыг албан тушаалын үлгэрчилсэн тушаал”-ыг баримтлан ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй болжээ” гэжээ.

3.6. Дээрх асуудалтай холбоотойгоор Увс аймгийн Боловсролын газрын дарга А.Б шүүхэд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “ ... Б.Л нь 2002 онд багшийн мэргэжлийн зэрэг авч байсан ба 2007 онд энэ хугацаанд мэргэжлийн зэргээ сунгуулах талаар ямар нэгэн хүсэлт гаргаж шийдвэрлүүлээгүй байсан. Сургуулийн захирлын мэргэжлийн зэрэг олгох асуудлыг түүнийг томилох, чөлөөлөх эрх бүхий албан тушаалтан шийдвэрлэдэг” талаар мэдүүлсэн байдаг. Мөн аймгийн Боловсролын газраас ирүүлсэн албан бичигт нэхэмжлэгчийн мэргэжлийн тэргүүлэх зэрэг нь 2007 онд дуусгавар болсон тухай дурдсаар байхад уг асуудалтай холбогдох нотлох баримтыг зохих ёсоор үнэлэлгүй шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрт дурдсан 2013 оны А/305 дугаар тушаал болон 2018 оны А/812 дугаар тушаалаас өмнө багшид мэргэжлийн зэрэг олгох асуудлыг 2008 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 73 дугаар тушаалаар батлагдсан “Багшид мэргэжлийн зэрэг олгох, хасах журам”-аар багшид мэргэжлийн зэрэг олгох асуудлыг зохицуулж байсан. Мөн тушаалын 2 дахь хэсэгт “Энэхүү журам батлагдсантай холбогдуулан 2008 онд мэргэжлийн зэргийн хүчинтэй байх хугацаа нь дууссан багш нарт мэргэжлийн зэргээ хамгаалах, ахиулах болон мэргэжлийн зэрэг шинээр авах багш нарын хүсэлтийг 2009 оны 02 дугаар сард багтаан шийдвэрлэхийг Бага, дунд боловсролын газар (Н.Энхбат), аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газар, сургууль, цэцэрлэг, Гэгээрлийн төвийн удирдлага нарт үүрэг болгосугай” гэж заасан байх бөгөөд уг заалтын дагуу нэхэмжлэгч нь 2007 онд дуусгавар болсон тул 2009 оны 02 дугаар сард багтаан мэргэжлийн зэрэгтэй холбоотой асуудлаа шийдвэрлүүлэхээр зохих ёсоор хандах ёстой байсан.

3.7. Мөн 2008 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 73 дугаар тушаалаар батлагдсан “Багшид мэргэжлийн зэрэг олгох, хасах журам”-ын 5.4-т “Энэхүү журмын 5.7-д заасан нөхцөлөөс бусад тохиолдолд мэргэжлийн зэргээ хамгаалах хугацаа хэтэрсэн болон мэргэжлийн зэргээ хамгаалах, ахиулахаар хүсэлт гаргаж, зэрэг олгох үнэлгээнд ороод, тухайн зэрэгт тавигдах шалгуур үзүүлэлтийг хангаагүй бол багшийн эзэмшиж байсан мэргэжлийн зэргийг шууд хүчингүй болсонд тооцно” гэж заасан. Уг заалтаас үзэхэд нэхэмжлэгч нь 2007 онд дуусгавар болсон мэргэжлийн тэргүүлэх зэргээ сэргээлгэхээр 2009 оны 02 дугаар сард багтаан хандаж шийдвэрлүүлээгүй тул түүний мэргэжлийн зэргийг шууд хүчингүй болсонд тооцохоор байна. Мөн дээрх журмаас үзэхэд мэргэжлийн зэргийн хугацаа дуусахад тухайн мэргэжлийн зэргийг хасах тухай ямар нэгэн шийдвэр бичгээр гаргах талаар зохицуулалт тусгагдаагүй. Гэтэл шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “... Б.Л-ийн хувьд тэргүүлэх зэргийг хассан шийдвэр гараагүй байхад ажлаас чөлөөлөх нь үндэслэлгүй болжээ” гэсэн нь тухайн үйл баримтад холбогдох журмын заалтыг зохих ёсоор тайлбарлан хэрэглээгүй гэж үзэх үндэслэлтэй.

3.8. Мөн шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “ ... Өмнөговь сумын Засаг дарга болон сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирал нарын хооронд ажлын байрны тодорхойлолтыг баталж танилцуулаагүй, 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс шинээр томилох болсон эрх бүхий албан тушаалтан болох сумын Засаг дарга, сургуулийн захирал нар шинэчилж байгуулаагүй байх тул “гүйцэтгэлийн төлөвлөгөөг дүгнүүлээгүй” гэх асуудалд ганцхан нэхэмжлэгчийг буруутгах ... боломжгүй, нэхэмжлэгч Б.Л нь 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг төсвийн жил эхлэхээс өмнө боловсруулан сумын Засаг даргаар батлуулсан талаарх баримт хэрэгт авагдаагүй” гэж тус тус дурджээ. Нэхэмжлэгч нь Төсвийн тухай хуулийн дагуу төсвийн шууд захирагч болох бөгөөд үүнийхээ дагуу холбогдох хууль тогтоомжид заасны дагуу үр дүнгийн гэрээ, байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөг жил бүр батлуулан, жилийн эцэст үр дүнг дүгнүүлэн ажиллах үүрэгтэй этгээд байдаг. Гүйцэтгэлийн төлөвлөгөө, үр дүнгийн гэрээг дүгнэж гаргаснаар тухайн төсвийн шууд захирагчид хариуцлага тооцох зохицуулалтыг бий болгодог.

3.9. Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас тус шүүхэд ирүүлсэн 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 2/1324 дугаартай албан бичгээр “нэхэмжлэгч нь 2018 онд үр дүнгийн гэрээ байгуулсан хэдий ч түүнийгээ дүгнүүлээгүй, 2019, 2020 онд үр дүнгийн гэрээ байгуулж ажиллаагүй” нь нотлогддог. Мөн Увс аймгийн Боловсролын газраас тус шүүхэд ирүүлсэн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 291 дугаартай албан бичгээр зөвхөн 2019 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө, түүний биелэлтийн баримтыг ирүүлсэн. Харин 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Боловсролын тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнөх 7 сарын хугацаан дахь гүйцэтгэлийн төлөвлөгөөний талаарх асуудлыг тодруулж тайлбарлаагүй буюу тус шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 144 дугаартай албан бичгээр үүрэг болгосон 2019, 2020 онуудын гүйцэтгэлийн төлөвлөгөөтэй холбоотой асуудлаар тайлбар ирүүлээгүй байна. Мөн Увс аймгийн Боловсролын газраас тус шүүхэд 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 291 дугаартай албан бичгийн хамт ирүүлсэн 2019 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг дүгнэсэн баримт дахь “2019 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт”-ийн үнэлгээ хэсэгт тавьсан тоон үнэлгээ нь сургуулиудын гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийн нэгдсэн хүснэгтийн хэсэг дэх тоон үнэлгээнээс зөрүүтэй байгааг нягтлан үзээгүй байна. Уг асуудлыг миний зүгээс шүүх хуралдааны үеэр удаа дараа тодруулж байсныг шүүх шийдвэр гаргахдаа анхаарч үзээгүй.

          3.10. Гэтэл шүүхээс нэхэмжлэгчийн үр дүнгийн гэрээ, гүйцэтгэлийн төлөвлөгөөтэй холбоотой асуудлаар хэрэгт цугларсан нотлох баримтыг зохих ёсоор, ач холбогдолтой талаас нь үнэлэлгүй шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт Өмнөговь сумын Засаг дарга болон сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирал нарын хооронд ажлын байрны тодорхойлолтыг танилцуулаагүй, 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс шинээр томилох болсон эрх бүхий албан тушаалтан болох сумын Засаг дарга, сургуулийн захирал нар шинэчилж байгуулаагүй байх тул “гүйцэтгэлийн төлөвлөгөөг дүгнүүлээгүй” гэх асуудалд ганцхан нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй нэхэмжлэгч Б.Л нь 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг төсвийн жил эхлэхээс өмнө боловсруулан сумын Засаг даргаар батлуулсан талаарх баримт хэрэгт авагдаагүй” гэж дурдан шийдвэрлэсэн.

  3.11. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.2-т “Хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт цугларсан, шүүх хуралдаан болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан боловч шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, эсхүл хуулийг буруу хэрэглэсэн бол давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх хуулийн 121.1.1, 121.1.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргана” гэж зааснаар нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.

3.12. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.2-т “Хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн” гэх үндэслэлээр мөн хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4-т зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах эсхүл мөн хуулийн 121.1.1-д зааснаар нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэжээ.

4. Гуравдагч этгээд Ш.Батчулуун болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э нар гомдлыг үгүйсгэж, бичгээр тайлбар гаргаагүй, харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э давж заалдах гомдлыг буцаах хүсэлтийг бичгээр гаргасан байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

3. Шүүх хариуцагчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ. Үүнд:

            3.1. Нэхэмжлэгч Б.Л нь анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагаа “Увс аймгийн Өмнөговь сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн “Ажлаас чөлөөлж, үүрэг гүйцэтгэгчээр томилох тухай” Б/02 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” гэж тодорхойлж, уг шаардлагаар хэрэг үүсгэсэн, улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Увс аймгийн Өмнөговь сумын Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” Б/10 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, тус захирамжаар хүчингүй болсон 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн “Ажлаас чөлөөлж, үүрэг гүйцэтгэгчээр томилох тухай” Б/02 дугаар захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгох, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

         3.2. Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн тодорхойлсон шаардлагаас өөрөөр буюу Увс аймгийн Өмнөговь сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн “Ажлаас чөлөөлж, үүрэг гүйцэтгэгчээр томилох тухай” Б/02 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоож, мөн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” Б/10 дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг Өмнөговь сумын Ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, нэхэмжлэгч Б.Л-ийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг олгох, холбогдох хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн байна.

            3.3. Гэвч энэ үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгоогүй бөгөөд давж заалдах шатны шүүх маргааны үйл баримт, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, талуудын тайлбарыг үндэслэн маргаан бүхий захирамжуудын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол бодит байдалд хөндөгдсөн эсэх, тэдгээрийг хууль бус байсан болохыг тогтоож, хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн ямар зөрчигдсөн болоод зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн сэргэх боломжтой тухайд дүгнэлт өгч хэргийг нэг мөр шийдвэрлэх нь гэж үзлээ.

            3.4. Хариуцагчийн 2021 оны Б/02 дугаар захирамжаар “нэхэмжлэгч Б.Л нь Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Б/03 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалын үргэлжилсэн тодорхойлолт”-ын зарим шаардлагыг хангахгүй байгаа болон сумын Засаг даргаас өгсөн удаа дараагийн үүрэг даалгавруудыг хангалтгүй биелүүлсэн” гэж үзээд мөн оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлж, түр орлон гүйцэтгэгчээр томилжээ.

            3.5. Харин хариуцагчийн 2021 оны Б/10 дугаар захирамжаар Б.Л нь “ “Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалын үргэлжилсэн тодорхойлолт”, “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-д заасан тусгай шаардлагыг хангахгүй байгаа, сумын Засаг даргаас өгсөн хугацаат үүргийг цаг тухайд нь биелүүлж ажиллагаагүй, Ковид-19 цар тахлын үед дээд шатны байгууллагаас өгөгдсөн үүргийг хангалтгүй биелүүлсэн” гэж үзэж 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, тус сургуулийн захирлын түр орлон гүйцэтгэгчээр Ш.Батчулууныг томилж, дээрх Б/02 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцжээ.

3.6. Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн “Албан тушаалын үлгэрчилсэн тодорхойлолт батлах тухай” Б/03 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар “Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалын үлгэрчилсэн тодорхойлолт”-ыг баталсан, уг тодорхойлолтод “641-1200 суралцагчтай сургуульд ерөнхий боловсролын сургуульд 5-аас доошгүй жил багшилсан, тэргүүлэх ба түүнээс дээш зэрэгтэй, 3-аас доошгүй жил удирдах ажил эрхэлсэн байх” шаардлагыг заасан,  Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны 08  сарын 15-ны  өдрийн А/305 дугаар тушаал /Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2018 оны А/812 дугаар тушаалаар хүчингүй болсон/-ын хавсралтаар батлагдсан “Багшлах эрх, мэргэжлийн зэрэг олгох, хасах журам”-ын 6.2-т “ “Заах аргач багш”, “Тэргүүлэх багш” мэргэжлийн зэрэг нь таван жилийн хугацаанд хүчинтэй байна” гэж,  Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/812 дугаар тушаалаар батлагдсан “Мэргэжлийн зэрэг олгох, хасах журам”-ын 5.1-д “Мэргэжлийн зэргийн хүчинтэй хугацаа 5 жил байна” гэж тус тус зохицуулжээ. Нэхэмжлэгчийн хувьд 2016 оноос хойш хүчин төгөлдөр мэргэжлийн зэрэггүй болсон нь Увс аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 178 дугаар, 06 дугаар сарын 28-ны өдрийн 188 дугаар албан бичгүүд, Увс аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн А/54 дүгээр тушаалын хавсралт, тус аймгийн Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/30 дугаар захирамжийн хавсралтаар тус тус нотлогддог бөгөөд нэхэмжлэгчээс хүчин төгөлдөр тэргүүлэх зэрэгтэй эсэхэд маргаж 2003 оны 05 дугаар сарын 05-ний өдөр олгогдсон Тэргүүлэх зэргийн үнэмлэхийг шүүхэд ирүүлсэн байх боловч уг баримтын “Сунгалт” гэх 2 хэсэгт тэмдэглэгээ хийгдээгүй байхад анхан шатны шүүх “... тэргүүлэх зэргийг хассан шийдвэр гараагүй, Увс аймгийн Боловсрол, соёлын газраас ажлаас чөлөөлөх санал гаргаагүй байхад үлгэрчилсэн тушаалыг баримтлан ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй” гэж дүгнэсэн нь учир ойлгомжгүй байна.

3.7. Төрийн албаны тухай хууль /2002 оны/-ийн 16 дугаар зүйлийн 16.2.1-д хуульд өөрөөр заагаагүй бол Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлсэн, эсхүл бусад төрлийн гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлээд ялгүйд тооцох буюу ялгүй болох хугацаа нь дуусаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд авч ажиллуулахыг хориглохоор, Төрийн албаны тухай хууль /2017 оны/-ийн 22 дугаар зүйлийн 22.1.3-т “Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй байх” нийтлэг шаардлагыг хангасан иргэнийг томилохоор тус тус заасан нь төрийн жинхэнэ албан хаагчид хамааралтай боловч уг маргааны хувьд нэхэмжлэгч нь Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1-д зааснаар боловсролын талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих, биелэлтийг дүгнэх, тайлагнах, 20.2.9-д зааснаар багш, суралцагч, ажилтны хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлэх, 2.2.10-д зааснаар сургалтын агуулга, багшийн арга зүйн чиглэлээр мэргэжлийн багшид зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах зэрэг чиг үүргийг хэрэгжүүлэх тухайн сумын хэмжээний ерөнхий боловсролын сургуулийн  захирлын албан тушаалд томилогдсон хариуцлага, ёс зүйтэй төрийн албан хаагч байхаар, мөн Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 25 дугаар  тогтоолын 1 дүгээр хавсралтын “Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах журам”-ын 4.1.2-т “Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй” гэх шаардлагыг хангасан байхаар тус тус зохицуулсан байхад анхан шатны шүүх “... энэхүү тусгай шаардлагыг шинээр шалгалт өгч буй хүмүүст хамааралтай зохицуулалт тул энэ үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь буруу” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.

3.8. Увс аймгийн Өмнөговь сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 159 дүгээр албан бичгээр “... дурдсан асуудлуудыг анхаарч хугацаа заагдсан үүргүүдийг биелүүлж ажиллахыг мэдэгдсэн”, 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 47 дугаар албан бичгээр “... дурдсан арга хэмжээнүүдийг авч ажиллахыг зөвлөөд, 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө гаргаж ирүүлэхийг мэдэгдсэн”, Увс аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн А/93 дугаар захирамжаар “... Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчдад танхимаар давтлага өгөх бэлтгэл ажлыг хангах, халдвар хамгааллын дэглэмийг сайтар хангуулсны үндсэн дээр 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс эхлүүлэхийг сумдын Засаг дарга болон бусад холбогдох албан тушаалтнуудад даалгасан”, мөн оны 02 дугаар сарын 22-ны өдөр уг захирамжийн дагуу халдвар хамгаалал, танхимын ариун цэвэр, хаягжилт зэрэг бусад асуудлын хүрээнд шалгахад “хангалтгүй” үнэлгээ авсан зэргээс үзэхэд нэхэмжлэгчийг тухайн албан тушаалыг хаших хугацаанд үүрэгт ажлаа бүрэн дүүрэн гүйцэтгэж байсан гэж үзэхээргүй байна.

3.9. Тодруулбал, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д “Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн тухай хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно”, мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Төсвийн шууд захирагч тухайн жилийн Төсвийн тухай хуульд заасан өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлэх хөтөлбөр, арга хэмжээний биелэлтийг зохион байгуулах зорилгоор гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулан баталж, жил бүрийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд хэрэгжүүлнэ”, Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Төсвийн шууд захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагч нь харьяалагдах дээд шатныхаа төсвийн захирагчтай төсвийн жил эхлэхээс өмнө үр дүнгийн гэрээ байгуулна” гэж тус тус зааснаар үр дүнгийн гэрээ байгуулах үүргээ биелүүлээгүй болох нь Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 2/1324 дүгээр албан бичигт “... 2019, 2020 онд аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээ, түүний биелэлт, 2018 оны үр дүнгийн гэрээний биелэлт аймгийн Засаг даргын Тамгын газрын архивд байхгүй” гэсэн, мөн түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... үр дүнгийн гэрээ байгуулах шаардлагагүй гэсэн учир 2021 онд үр дүнгийн гэрээ байгуулаагүй, 2018 онд үр дүнгийн гэрээ байгуулсан эсэхийг мэдэхгүй” гэх тайлбараар тогтоогдож байна.

3.10. Мөн нэхэмжлэгч нь “анх 2011 онд тус сургуулийн захирлаар томилогдсон” гэж тайлбарладаг бөгөөд тэрээр Увс аймгийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/09 дүгээр захирамжаар Өмнөговь сумын ахлах сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн томилогдсон байх ба тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Төрийн албаны тухай хууль /2002 оны/-ийн 13 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч нь тухайн албан тушаалыг хашиж байхдаа өргөсөн тангарагтаа үнэнч байх, албан тушаалтны хууль бус, шударга бус явдалтай эвлэршгүй байх, төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх үүрэгтэй.

3.11. Увс аймаг дахь Цагдаагийн газрын 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 44-6/82 дугаар албан бичигт “... Б.Л нь Сум дундын 24 дүгээр шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 255 цагийн албадан ажил хийлгэх ялаар, Баян-Өлгий аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 4 дугаартай тогтоолоор /хүчингүй болсон/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-т зааснаар 5 жил, 1 сарын хорих ялаар, Ховд аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1-д зааснаар албан тушаал эрхлэх эрхийг 1 жилээр хасаж, 28080000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн” гэсэн, 65 дугаартай шийтгэх тогтоолоор “... Б.Лг албан тушаалтанд хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлаж хээл хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон” байна.

3.12. Хэдийгээр хариуцагч нь Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15-д зааснаар аймгийн Боловсролын газрын саналыг авалгүйгээр нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлснийг шууд зөвтгөх боломжгүй ч гагцхүү энэ үндэслэлээр маргаан бүхий актуудыг хүчингүй болгох үндэслэлгүй, дээр дурдсан үйл баримтууд, хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нь хариуцагчтай үр дүнгийн гэрээ байгуулаагүй, байгуулахаар хандаж байгаагүй, Төрийн албаны тухай хуульд заасан ард түмэнд үйлчлэх, төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх зэрэг төрийн албаны нийтлэг болоод тусгай зарчмыг зөрчсөн гэж үзэхээр байна.

3.13. Мөн анхан шатны шүүх “... сумын Засаг даргаас нэхэмжлэгчид ажлаас чөлөөлөх үндэслэлүүдийн талаар урьдчилан мэдэгдээгүй, энэ талаар түүний тайлбар, саналыг аваагүй бөгөөд энэхүү үйл баримтын талаар маргаангүй” гэж дүгнэсэн байх боловч 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн “Төсвийн газрын дарга, эрхлэгч нартай хийсэн уулзалтын тэмдэглэл”-ээс үзвэл Б.Л-ийн зөрчил дутагдалтай холбоотой асуудал яригдаж байсан, үүнтэй холбогдуулж нэхэмжлэгч нь тайлбар, мэдүүлэг гаргах боломжтой байсан атал өөрөө хурлыг орхин гарсан, мөн өдрийн “Албан газрын дарга нарт өгсөн үүргийн биелэлтийг тооцсон хүснэгт”-эд алдаа зөрчлийг хувиар тооцож гаргасан, үүнтэй нэхэмжлэгчээс маргаагүй. 

3.14. Иймд хариуцагч нь боловсролын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах бүрэн эрхийн хүрээнд гаргасан Б/02, Б/10 дугаар захирамжуудын улмаас нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдсөн, эсхүл хөндөгдөж болзошгүй гэж үзэхээргүй, өөрөөр хэлбэл маргаж буй актууд нь үндэслэл бүхий, зорилгодоо нийцсэн байх тул хууль бус байсан болохыг тогтоож, хүчингүй болгох үндлэслэлгүй байна.

3.15. Нэгэнт дээрх байдлаар нэхэмжлэгчийн “Увс аймгийн Өмнөговь сумын Засаг даргын ... Б/10 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, мөн Засаг даргын Б/02 дугаар захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй тул “шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй. 

3.16. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.О-ийг татгалзан гаргах” хүсэлт гаргасныг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.6-д “Ерөнхий шүүгч дангаар хэрэг хянан шийдвэрлэх явцад түүнийг татгалзсан, эсхүл тухайн шүүхийн бүх шүүгчдийг татгалзсан бол шүүгчдийн зөвлөгөөн олонхийн саналаар шийдвэрлэнэ” гэж зааснаар шийдвэрлэх бөгөөд энэ тохиолдолд уг хүсэлтийг тус шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Шүүгчдийн зөвлөгөөнөөр Ерөнхий шүүгч Т.О-ийг оролцуулан шийдвэрлэсэн нь буруу, гэвч энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэх үндэслэл болохгүй, мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.2-т “Тухайн шүүхийн бүх шүүгчийг татгалзан гаргасан, эсхүл бүх шүүгч уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуульд заасан үндэслэлээр дахин оролцох боломжгүй болсон тохиолдолд хэргийг анхан шатны өөр захиргааны хэргийн шүүхээр хянан шийдвэрлүүлэхээр тухайн шүүхийн Ерөнхий шүүгч шилжүүлнэ” гэж заасанд хамаарахааргүй байна. 

3.17. Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, хэргийн бодит нөхцөл байдалд бүрэн дүүрэн дүгнэлт хийгээгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

4. Шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... хэргийн оролцогч нарт шүүхийн шийдвэрийг гардуулахдаа ялгавартай хандаж, захиргааны байгууллагад үйлчилж, зориудаар гардуулаагүй, давж заалдах гомдол орж ирсэн хугацааг үндэслэлгүйгээр өөрчилж, түүнийгээ дардсаар баталгаажуулан хугацаа хэтэрсэн гомдлыг хүлээн авсан, ... хариуцагч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн” гэх үндэслэлээр давж заалдах гомдлыг буцаалгах хүсэлтийг хянан үзээд хангах үндэслэлгүй гэж үзсэн болно.

            4.1. Тодруулбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т “Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болно”, 108.3-д “Шүүхийн шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 107 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна”, 108.4-т “Шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авна”, 108.5-д “Энэ хуулийн 108.4-т заасан хугацаанд гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй” гэж тус тус заасан.

            4.2. Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзвэл анхан шатны шүүх 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн шийдвэрийг 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр бичгээр албажуулан гаргаснаар хариуцагч нь мөн өдрөөс 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд шийдвэрийг гардан авч, 12 дугаар сарын 13-ны өдрийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй байх ба анхан шатны шүүх 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр шийдвэрийг хариуцагчид шуудангаар хүргүүлсэн, хариуцагч давж заалдах гомдлыг 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр цахимаар ирүүлсэн, эх хувийг мөн өдөр шууданд хийсэн үйл баримтуудаас үзвэл давж заалдах гомдол гаргах хуулийн хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 53 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 54 дүгээр зүйлийн 54.1, Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Л-ийн “Увс аймгийн Өмнөговь сумын Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” Б/10 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, тус захирамжаар хүчингүй болсон 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн “Ажлаас чөлөөлж, үүрэг гүйцэтгэгчээр томилох тухай” Б/02 дугаар захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгох, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч С.Ө-гийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                                     С.МӨНХЖАРГАЛ    

ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                                       Н.ДОЛГОРСҮРЭН