Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 82

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалан, тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 33 дугаар гудамжны 07 тоотод оршин суух, Их мэргэд овогт Гантөмөрийн Хишигхүү /РУ88102401/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг 106 дугаар байрны 01 тоотод оршин суух, Зээрднүүд овогт Ганбаатарын Энхболд /ЗЛ87051010/-д хариуцагдах

“Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох”-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: харицагч Ш.Энхболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхмөрөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Хишигхүү нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: “Миний бие нь нөхөр Г.Энхболдтой 2007 онд танилцаж, гэр бүл болсон. Бидний хамтын амьдралын хугацаанд 2009 оны 08 дугаар сарын 26-нд охин Х.Энххүслэн төрсөн. Хамтын амьдралын эхний жилүүдэд хадам аавындаа амьдарч байсан. Удаан хугацаанд амьдрахад хэцүү болоод Эрдэнэтэд ирсэн. Үүнээс хойш тусдаа амьдраад 4 жил болсон. Одоо хамт амьдрах боломжгүй. Иймээс гэрлэлтээ цуцлуулна, насанд хүрээгүй охиноо өөрийн асрамжид авна. Охиндоо тэтгэлэг тогтоолгоно. Бидний хооронд эд хөрөнгийн маргаангүй. Шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна. Шүүх хуралдаанд өөрийн биеэр хүрэлцэн очиход хүүхэд харах хүнгүй, ээлжийн ажилтай, замын зардал муутай зэрэг шалтгаанууд байгаа болно. Иймд шүүх гаргасан нэхэмжлэлийг хангаж өгөх, мөн шүүх хуралд өөрийн биеэр очих боломжгүй байгаа хүсэлтийг хүргүүллээ” гэжээ.  

Хариуцагч Г.Энхболд шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд: “... Миний бие нь  Г.Хишигхүүтэй 2007 онд танилцаж, гэр бүл болж, охин Энххүслэн 2009 оны 08 дугаар сарын 26-ны өдөр төрж, бид албан ёсоор охиноо төрсний дараа гэрлэлтээ батлуулсан. Бид хамт амьдарч байгаад сургуулиа төгсөөд энд Төмөр замд хуваарилагдаж ирсэн. Хувийн таарамжгүй харьцаанаас болж тус тусдаа амьдрах болсон. Одоо цаашид хамт амьдрах боломжгүй, би охиноо бодож хамт амьдрах гэж их гуйсан гэвч болоогүй. Одоо олон жил тусдаа амьдарсан учраас эвлэрч амьдрах боломжгүй. Гэрлэлтээ цуцлуулж, охин Энххүслэнг эхийнх нь асрамжид өгч, тэтгэлэг төлнө. Бидэнд эд хөрөнгийн маргаан байхгүй. Энххүслэн нь миний охин мөн. Охин маань төрөхөд бид гэрлэлтээ батлуулаагүй байсан учраас эхээрээ овоглосон” гэв.

Шүүх нотлох баримтаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Хишигхүү нь хариуцагч Г.Энхболдод холбогдуулан гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Зохигчид 2007 онд танилцан хамтын амьдралтай болж, 2009 оны 12 дугаар сарын 18-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулсан байна. Тэдний дундаас 2009 оны 08 дугаар сарын 26-ны өдөр охин Энххүслэн төрсөн ба зохигчид зан харилцааны таарамжгүй байдлаас болж 2012 оноос тус тусдаа амьдран хамтын амьдралаа үргэлжүүлэх боломжгүй болсон нь зохигчдын тайлбар, №0120378/04 тоот гэрлэлтийн баталгааны хуулбар, №0310160 тоот хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна.

Зохигчид гэр бүлээ цуцлуулах асуудлаар маргаангүй, хоорондын таарамжгүй харьцаанаас тэдний хооронд үл ойлголцол бий болж 2012 оноос хойш тус тусдаа амьдарсан цаашид хэн аль нь эвлэрч амьдрах боломжгүй, гэрлэлтээ цуцлуулна гэж байх тул шүүх тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Г.Хишигхүү нь хариуцагч Г.Энхболдтой албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй байхдаа охин Х.Энххүслэнг төрүүлж өөрөөрөө овоглосон байх ба хариуцагч Г.Энхболд нь Х.Энххүслэнг өөрийн охиноо биш гэж маргаагүй, “охин Энххүслэнд тэтгэлэг төлнө” гэж зөвшөөрч байх ба нэхэмжлэгч шүүхэд эцэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй ч  шүүх охин Х.Энххүслэнгийн эцгээр Г.Энхболдыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ. Мөн охин Х.Энххүслэнг нь эхийнхээ асрамжид өсөж торниж байгаа тул эхийнх нь асрамжинд үлдээж, хариуцагч Г.Энхболдоос тэтгэлэг гаргуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Хүүхдийг шүүх хэдийгээр хуулийн дагуу нөхцөл байдлыг үнэлж эхийнх нь асрамжинд хууль ёсоор өгөхөөр шийдвэрлэж байгаа боловч, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд зааснаар хүүхэд эцэг эхийн хамт байх, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхийн хэн нэгнээс тусдаа амьдрах үедээ тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй тул эцэг Г.Энхболд нь охин Х.Энххүслэнд анхаарал халамж тавьж өсгөн хүмүүжүүлэх, тэжээн тэтгэх үүрэгтэйг зааж, зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэг жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлэгийн хэмжээнд тохирсон улсын тэмдэгтийн хураамж 28,627 төгрөг /1 жилд төлөх хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ 1,003,200 төгрөг/ гаргуулан төрийн санд оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132  дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д  зааснаар Их мэргэд овогт Гантөмөрийн Хишигхүү /РУ88102401/, Зээрднүүд овогт Ганбаатарын Энхболд /ЗЛ87051010/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2009 оны 08 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин Х.Энххүслэнгийн эцгээр Зээрднүүд овогт Ганбаатарын Энхболдыг тогтоосугай.

3. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2009 оны 08 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин Х.Энххүслэнг эх Г.Хишигхүүгийн асрамжид үлдээсүгэй.

4. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2009 оны 08 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин Энххүслэнг 11 нас хүртэл түүний оршин сууж байгаа тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 насанд/ хүртэл түүний оршин сууж байгаа тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлэг тогтоон эцэг Г.Энхболдоор сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

5. Зохигчид нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдсугай.

6. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63  дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Хишигхүүгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Энхболдоос 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Хишигхүүд олгож, хариуцагч Г.Энхболдоос улсын тэмдэгтийн хураамжид 28,627 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

7. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээ хэвээр үргэлжлэхийг дурдсугай.

8. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Н.Баярмаад даалгасугай. 

9. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

10. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардыыан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах  эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ    Б.НАРМАНДАХ