Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 83

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Нармандах би

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р баг 7-р хэсэгт байрлах “БЭТОТ” ХХК /захирал Цул овогт Баатарын Тэмүүлэн /РД: ХЛ80020919, Утас: 88119209 /-нд холбогдох,

“Татварын өр 4,282,807 төгрөг” гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 06-ны  өдөр хүлээн авч, 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Татварын хэлтэс нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зочид буудал, рестораны үйл ажиллагаа эрхэлж олсон орлогоороо тайлагнасан хувь хүний орлогын албан татвар 1,634,020 төгрөг, үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар 1,920,000 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 725,889 төгрөг, газрын төлбөр 2,900 төгрөгийн өр барагдуулахаар татвар төлөгчтэй удаа дараа утсаар ярьж шаарлага тавьсан. Банкин дахь харилцах дансыг хааж, өр барагдуулах тухай мэдэгдэх хуудас гардуулсан боловч одоог хүртэл барагдуулахгүй байгаа тул ТЕХ-ийн 70 дугаар зүйлд заасны дагуу 4,282,807 төгрөгийг нэхэмжилж байна” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Амаржаргал шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Тус Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Н.Амаржаргал би Дорноговь аймгийн Татварын хэлтсийн Замын-Үүд сумын татварын тасгийн нэхэмжлэлтэй иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн төлөөлөгчөөр оролцож байгаа ба хариуцагч БЭТОТ ХХК-ний захирал Б.Тэмүүлэнгийн гаргасан хариу тайлбартай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. БЭТОТ ХХК нь зочид буудал, рестораны үйл ажиллагаа эрхэлж олсон орлогоороо тайлагнасан бөгөөд хувь хүний албан татварт 1,634,020 төгрөг, үл хөдлөх хөрөнгийн албан татварт 1,920,000 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 725,889 төгрөг, газрын төлбөр 2,900 төгрөгийн өрийг барагдуулаагүй бөгөөд татварын өрийг удаа дараа төлөхийг шаардсан боловч төлөөгүй тул тус сумын татварын тасгаас уг төлбөрийг гаргуулахаар шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан байна. Хариуцагч “БЭТОТ” ХХК-ний захирал Б.Тэмүүлэн нь хариу тайлбартаа нэхэмжлэлд дурдагдсан төлбөрөө бүрэн төлөхөө хүлээн зөвшөөрсөн байх тул нийт 4,282,807 төгрөгийг гаргуулж хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч “БЭТОТ” ХХК-ний захирал Б.Тэмүүлэн нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Манай “БЭТОТ” ХХК-иас нэхэмжилсэн хувь хүний албан татвар 1,634,020 төгрөг, үл хөдлөх хөрөнгийн албан татвар 1,920,000 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 725,889 төгрөг, газрын төлбөр 2,900 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа тул энэ асуудлыг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ  нь:

Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Татварын хэлтэс нь хариуцагч “БЭТОТ” ХХК-нд холбогдуулан татварын өр 4,282,807 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагч “БЭТОТ” ХХК-ний захирал Б.Тэмүүлэн нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тухай тайлбар ирүүлсэн ба тайлбартаа хувь хүний албан татвар 1,634,020 төгрөг, үл хөдлөх хөрөнгийн албан татвар 1,920,000 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 725,889 төгрөг, газрын төлбөр 2,900 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна. 

Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Татварын хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар чөлөөлөгдсөн бөгөөд  хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг төлнө гэж зөвшөөрч байх тул түүнийг тэмдэгтийн хураамжид 4,282,807 төгрөгөнд төлөх хувиас 50 хувь хөнгөлж 41,737.5 төгрөгийг гаргуулан төрийн санд оруулахаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74   дүгээр зүйлийн 74.1,  74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэлийн шаардлага татварын өр 4,282,807 төгрөгийг хариуцагч “БЭТОТ” ХХК нь төлөхөөр бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй  болгосугай.

2. Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар 83,475 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 41,737.5 төгрөгийг хариуцагч “БЭТОТ” ХХК-иас гаргуулж улсын орлогод оруулсугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ   Б.НАРМАНДАХ