Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 2020/ШЦТ/48

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж,

Улсын яллагч: Г.Цолмонгэрэл,

Нарийн бичгийн дарга: Т.Энхжин

Шүүгдэгчийн өмгөөлөгч: П.Дониддолгор, /онлайнаар/

Хохирогч: О.Э-

Хохирогч: Б.Т-

Хохирогч: М.А-

Хохирогч: Б.Д-

Хохирогч: Ө.Ж-

Гэрч: З.М-

Шүүгдэгч: М.О- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Өвөрхангай аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон, Х- овогт М-ын О-д холбогдох эрүүгийн 1926000660236 дугаартай, 146/2020/0039/Э индекстэй хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Хужирт сумын 5 дугаар багт оршин суух хаягтай,

урьд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 171 дугаартай шийтгэх топгоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, гавъяа шагналгүй, РД:___, Х- овогт М-ын О-,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М-ын О- нь 2018 оны 08 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Архангай аймгийн Хашаат сумын Номгон 2 дугаар багийн нутаг ___ гэх газраас иргэн О.Э-ийн өмчлөлийн 24 тооны адууг хулгайлж 40,900,000 /дөчин сая есөн зуун мянган/ төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн орчим Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Баян-Улаан 4 дүгээр багийн нутаг ___ гэх газраас иргэн Б.Т-ын 3 тооны, Б.Д-ын 4 тооны, М.А-гийн 1 тооны, Ө.Ж-ын 1 тооны нийт 9 тооны буюу олон тооны малыг хулгайлж 25,300,000 /хорин таван сая гурван зуун мянган/ төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 06 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хужирт сумын Шунхлай 5 дугаар багийн ___ гудамжинд үйл ажиллагаа явуулдаг “___” хүнсний дэлгүүрт хууль бусаар нэвтрэн орж 483,000 /дөрвөн зуун наян гурван мянган/ төгрөгийг бэлнээр, 45,000 төгрөгийн үнэ бүхий 32 инчийн зурагтын 9 суваг гардаг хүлээн авагч зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Ш.Д-д нийт 528,000 /таван зуун хорин найман мянган/ төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн орчим Өвөрхангай аймгийн Хужирт сумын Шунхлай 5 дугаар багийн нутаг ___ тоотод оршин суух иргэн Ш.Н-гийн эзэмшлийн грашид хууль бусаар нэвтрэн орж улсын дугааргүй цэнхэр өнгийн Мустанг-5 маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 1,875,000 /нэг сая найман зуун далан таван мянган/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэнд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар яллах, цагаатгах дараах нотлох баримтуудыг  шинжлэн судлав.

Үүнд:  Шүүгдэгч М.О- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би хулгайн гэмт хэрэг үйлдсэн үйлдлээ зөвшөөрч байна. 24 тооны адууг хулгайлаагүй бусад үйлдлээ зөвшөөрч байна гэв.  

Хохирогч О.Э-ийн мөрдөх шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт “...2018 оны 08 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө манайх Архангай аймгийн Хашаат сумын Номгон баг ___ гэх газраас 24 тооны адуу алдсан. Тухайн үед Архангай аймгийн Хашаат сумын хэсгийн төлөөлөгчид мэдэгдээд 2018 оны 08 дугаар сарын 10-ны өглөө 15 тооны адуу буцаж ирсэн.

Үүнд:  Им тамгагүй бөгтөр хар гүү, им тамгагүй шарга морь, им тамгагүй том шар хээр гүү, им тамгагүй зээрд халзан гүү, дан саран дээр бичмэл X үсгэн тамгатай хул халзан байдас, дан саран дээр бичмэл X үсгэн тамгатай хонгор байдас, Давхар саран тамгатай хээр байдас, давхар саран тамгатай бидэртэй халиун байдас, им тамгагүй хар даага, зөв гуян дээрээ ланзан тамгатай өсгий цагаан хээр азарга, им тамгагүй их дэлтэй буурал халзан морь, им тамгагүй мандар хар алаг морь, им тамгагүй бөгтөр зээрд морь, зөв талын гуян дээр бичмэл X үсгэн тамгатай хул хээр морь, тал саран дээр бичмэл X үсгэн тамгатай 4 хөл цагаан зээрд халзан морь, зөв талын гуян дээр саран дээр хас тамгатай халиун морь, тамгагүй хээр морь, тамгагүй зээрд морь, тамгагүй хээр байдас, тамгагүй мэнгэтэй зээрд морь, тамгагүй том хул морь, им тамгагүй өсгий цагаан хүрэн үрээ, им тамгагүй монхор хээр морь, им тамгагүй хар бор үрээ нийт 24 тооны адууг алдсан. Эдгээр 24 тооны адуунаас 15 тооны адуу буцаж ирсэн. 9 тооны адуу эргэж ирээгүй. 1 морь, 8 гүү байсан. Им тамгагүй шарга морь, бидэртэй халиун үрээ, бөгтөр том хар зүсмийн гүү, өсгий цагаан зээрд халзан гүү, шар гүү, хонгор гүү зөв талын гуян дээрээ саран дээр бичмэл “X” үсгэн тамгатай, зөв гуяндаа давхар саран тамгатай хээр байдас, зөв талын гуян дээрээ саран дээр бичмэл “X” үсгэн тамгатай хул халзан байдас, хар сарваа буцаж ирээгүй. 2018 оны 11 дүгээр сарын үеэр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын хэсгийн төлөөлөгч над руу залгаад танай хулгайд алдсан адууг олчихлоо гэж ярьсан...”гэх мэдүүлэг /2 хх-ийн 130-132, 133-134, 135-137 дугаар хуудас,

Хохирогч О.Э- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би тарны гүүрний орчим амьдарч адуугаа жуулчинд унуулж хөлс авч амьдралаа залгуулдаг. 24 тооны адуугаа хулгайд алдсан. Их зардал гаргаж адуугаа эрж хайсан, зардлын баримт байхгүй. Сумын цагдааг хүртэл авч машинтай явж Улаанбаатар хотын Эмээлтийн орчим адуугаа 2 хоног хайсан. 24 тооны адуунаас цувж ирсээр 15 тооны адуу буцаж ирсэн. 9 тооны адуу ирээгүй. 9 тооны адууны хохиролд 13 сая төгрөг нэхэмжилж байна. Миний шарга морь их номхон хүүхдүүд 4-5 сундалдсан явж байдаг. Тэргэнд ордог, номхон учраас жуулчдад унуулж ашиг олдог байсан. Би 5 сая төгрөгөөр үнэлж нэхэмжилж байна.  Хохирлоо авмаар байна. Маш их гомдолтой байна гэв.

Хохирогч Б.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт “... 2019 оны 09 дүгээр сарын 04-ний орой 18 цагийн үед би адуугаа харахад ___ гэх газар байсан. Тэгээд 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өглөө адуугаа харахад байхгүй байсан. Бат-Өлзий сумын Цагдаагийн хэсгийн дарга З.М- гэх хүнтэй Хужирт сумын цагдаагийн тасаг дээр очиж гарал үүсэл авсан адууны зураг гэрчилгээг харахад 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хот руу ачуулсан байсан. Тухайн үед судалж үзэхэд М.О- гэх залуу гарал үүслийн бичиг авч ачуулсан байсан. Би өөрийн адуун дотроос 3 тооны морь алдсан. Дорнод аймгийн Булган сумаас шүдлэн байхад нь уях гэж авчирсан цавьдар халзан соёолон үрээ, Хэнтий аймгийн Баянхутаг сумаас 2018 оны 03 дугаар сард 3,000,000 төгрөгөөр худалдаж авсан халтар хязаалан үрээ, миний унаган адуу болох хээр халзан хязаалан үрээ зэргийг хулгайд алдсан...”гэх мэдүүлэг, /1 хх-ийн 22-23, 24-25 дугаар хуудас/,

Хохирогч Б.Т- шүүхийн хэлэлүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 09 дүгээр сарын 04-ний орой аймаг яваад 07-ны өглөө гэртээ ирсэн. Тэр хооронд манай 3 тооны адуу хулгайд алдагдсан байсан. Хохиролд 5500000 төгрөг нэхэмжилж байна. Хохирлоо авмаар байна. Гомдолтой байна гэв. 

Хохирогч Б.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт “... 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр би ээжийгээ аймгийн төв орж үзүүлэхээр явсан. Тэгээд аймгийн төвд 2 хоноод ирэхэд манай адуунаас 4 тооны морь алга болсон байсан. Бат-Өлзий сумын цагдаагийн хэсгийн дарга З.М- нэг өдөр Хужирт сумын цагдаагийн хэсэгт дуудаж адууныхаа зургийг хар гэсэн. Б.Т-, Ө.Ж-, М.А- бид дөрөв очиж үзэхэд бидний 9 тооны адуу ачигдсан байсан. Манай адуун дотроос 4 тооны морь алдагдсан. Аймаг суманд уралдаж байсан хонгор зүсмийн хязаалан үрээ, сумын 2 медальтай сартай хүрэн зүсмийн шүдлэн үрээ, хээр, хүрэн зүсмийн нас гүйцсэн моринууд алдагдсан...”гэх мэдүүлэг, /1 хх-ийн 31-32, 33 дугаар хуудас/,

Хохирогч Б.Д- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 4 тооны адуугаа хулгайд алдсан. Миний морьдууд уяж уралдуулдаг хурдан морьд байсан. Хохиролд 18,000,000 төгрөг нэхэмжилж байна. Гомдолтой, хохирлоо авмаар байна гэв.

Хохирогч М.А-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт “... 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хот руу явахад манай адуу ___ ард байсан. 2018 оны 09 дүгээр сарын 10-ын үеэр Улаанбаатар хотоос иртэл манай адуунаас нас гүйцсэн хул зүсмийн ширээтэй чойндон тамгатай гүү байхгүй болсон байсан. Тэгээд цагдаа нарт хэлж захисан байсан чинь Хужирт суман дээр З.М- гэж хүн дуудсан. Би тухайн үед Хужирт сум руу явж зургийг нь үзэж амжаагүй. Харин сүүлд манай гэрт авч ирж үзүүлэхэд Улаанбаатар хот руу ачигдсан адуун дотор миний хул гүүний зураг байсан...”гэх мэдүүлэг, / хх-ийн 38-39-40 дүгээр хуудас/,

Хохирогч М.А- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би нэг тооны гүүгээ хулгайд алдсан. Хохирлоо аваагүй. Хохиролд 1 сая төгрөг нэхэмжилж байна гэв.

Хохирогч Ө.Ж-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт “... 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр харахад манай үрээнүүд ___ гэх газар байсан. Б.Т-, Б.Д- нарын адууг харахад өвөлжөөнийхөө бэлд байсан. Тэгээд 2018 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр адуугаа харахад манай үрээнүүдээс дэлтэй зээрд зүсмийн “Ж” үсгэн тамгатай хязаалан үрээ байхгүй байсан. Би 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр адуугаа хайж явахад ___ гэх газар хэдэн хүн сууж байхад сураглахаар очтол Хоохын Ц-, Гаргүй А-, Халзан Л- гэх Л-, Ч-гийн Б-, Д- гэх том толгойтой манай нутгийн залуу, Соёо Л-гийн хүү Ш- гэх залуус байсан. Дунд нь миний танихгүй нэг залуу байсан. Тухайн танихгүй залуутай танилцахад өөрийгөө А- гэдэг Уянга сумынх гэж танилцуулж байсан. Хужирт суманд очиход А- гэдэг Уянга сумынх гэж танилцуулж байсан танихгүй залуу М.О- болж таарсан...”гэх мэдүүлэг, /1 хх-ийн 45-46, 47 дугаар хуудас/,

Хохирогч Ө.Ж- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Зээрд зүсмийн “Ж” үсгэн тамгатай хязаалан үрээгээ хулгайд алдсан. Хохиролд 800000 төгрөг нэхэмжилж байна гэв.

Хохирогч Ш.Д-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт“... 2018 оны 06 дугаар сарын 21-ний өглөө манай худалдагч П.Д- ___ тоот дугаараас залгаад “___” нэртэй дэлгүүрын хойд талын амралтын өрөөний хамгаалалтыг эвдээд цонхыг нь онгойлгоод орсон байна. Худалдагчийн кассны цоожийг эвдээд дотор нь байсан зээлийн дэвтрийн завсраас зээл төлсөн 353,000 төгрөг, дэлгүүрийн задгай мөнгө 130,000 төгрөг нийт 483,000/дөрвөн зуун наян гурван мянган/ төгрөг авсан байсан. Мөн 32 инчийн хар өнгийн зурагтны 9 суваг гардаг хүлээн авагчийг хугалаад аваад явахдаа худалдагчийн кассны хажууд нэмэх хасах автирк, дугуйн лапатик, гэрэл зэргийг үлдээгээд явсан байсан...гэх мэдүүлэг /1 хх-ийн 204-206, 207-208 дугаар хуудас/,

Хохирогч Ж.О-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт:... 2019 оны 11 дүгээр сарын 10-ны үеэр манай нөхөр Ш.Н- Төв аймгийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Эко алтан заамар” ХХК-д ажилдаа явахдаа улсын дугааргүй цэнхэр өнгийн “Мустанг-5” маркийн мотоциклоо Хужирт сумын 5 дугаар багийн нутаг ___ тоотод байх өөрийн эзэмшлийн грашдаа тавиад рулийг нь түгжчихээд түлхүүрийг нь өөрийн гэр болох байшиндаа үлдээгээд явсан. Би грашнаас өдөр болгон нүүрс авдаг байсан. Тухайн үед манай мотоцикль байсан. Хамгийн сүүлд 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр харахад байсан. Тэрнээс хойш анзаараагүй. Манай нөхөр 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ажлаасаа ирээд 12-ны өдөр мотоциклоо гаргаж унах гэтэл байхгүй байсан. Грашийн болон мотоциклын түлхүүр манай гэрт жижиг хайрцаган дотор байдаг байсан...гэх мэдүүлэг /2 хх-ийн 67-70 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Э.А-ы мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэгт: ...  Би 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 19 цагийн үед Хужирт сумын 3 дугаар багийн нутаг ___ гэх газар байх манай гэртээ М.О- гэх залуутай цэнхэр өнгийн улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоциклийн наймаа хийсэн. Би М.О-д 600,000 төгрөг өгсөн...гэх мэдүүлэг /2 хх-ийн 77-78 дугаар хуудас/,

Гэрч М.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт:  М.О- 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдөр адуу хонь өгнө гээд надаас 1,000,000 төгрөг зээлж авсан. 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өглөө таараад адуугаа олохгүй байна олохоороо танд хэлнэ гээд чимээгүй болсон. 2019 оны 09 дүгээр сарын 06-ны орой Б- над руу залгаад М.О- адуугаа олоод ирсэн байна очиж үзэх үү гэхээр нь голын цаад талын айлын хашаанд очиж хүрэн үрээ, хул гүү, хээр морь, хүрэн морь, хонгор халзан морь, сартай хүрэн үрээ, ягаан хонгор морь, хээр нийт 9 тооны адууг 4,800,000 төгрөгөөр авсан. Би 1,000,000 төгрөг аваад 3,800,000 төгрөгийг М.О-д өгсөн...гэх мэдүүлэг, /1 хх-ийн 62-63 дугаар хуудас/,

Гэрч З.М-гийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “... 2018 оны 08 дугаар сарын эхээр Архангай аймгийн Хашаат сумын иргэн О.Э- над руу залгаад ___ баруун талаас 24 тооны адуугаа алдсан, 2 морь нь баруун талаасаа гүйж ирлээ, сайн сураг тавьж байгаарай гэж хэлсэн. Миний бие Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд ажиллаж байгаад хэрэг шалгах ажлаар Хужирт сум руу орж малын хулгайн хэрэг шалгаж яваад Хужирт сумын иргэн М-ын О- гэж залуу О.Э- гуайн адууг хулгайлж Хужирт суманд авчирч махны ченж хийдэг залуу М-гийн Э- гэж залууд хагас адууг нь зарсан талаар олж тогтоон хохирогчид мэдэгдэж хэргийг Архангай аймаг руу шилжүүлсэн, О.Э- гуайн адууг ___ талаас мотоцикльтой ганцаараа туугаад Хужирт суманд авчирч зарсан, үлдсэн адууг нь буцаагаад хөөсөн тухай хэрэг шалгаж байх явцад М.О- гэх залуу өөрөө хэргээ хүлээн ярьсан гэв. / 2 хх-ийн 159-160 хуудас/

Гэрч Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: 2018 оны 09 дүгээр сарын үед  орой 17-18  цагийн орчим манай гэрт ирээд адуугаа туугаад ирлээ. Манай адууг нүүрний эзэнгүй хашаанд хашилцаад өг гэсэн. Би хамт яваад адууг хашилцсан. Тухайн адуунуудыг ачихад их амархан машины тэвшин дээр өөрсдөө үсрээд гарчихаад байсан. Сүүлд сонсоход уядаг адуунууд байсан гэж байсан. М.О- хөдөө нэг гэр нь байдаг адуутай гэж хэлж байсан гэх мэдүүлэг / 1 хх-ийн 58-59 дүгээр хуудас/

Гэрч  П.Д-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: ... 2018 оны 06 дугаар сарын 21-ний өглөө ажилдаа ирээд хаалгаа онгойлгож орж ирэхэд кассийн доод талын шүүгээ эвдэлсэн байхаар нь хаагуур хулгай орсон байна гээд шалгахад амралтын өрөөний цонх онгорхой байсан. Дэлгүүрийн эзэн Ш.Д-д утсаар хэлсэн. Дэлгүүрийн задгай мөнгө дэвтэрт бичснээр 126800 төгрөг, авлагад авсан 353000 төгрөг байхгүй болсон байсан. М.О- 285000 төгрөг авсан гэж худлаа хэлж байна. Нийт 479800 төгрөг байхгүй болсон гэх мэдүүлэг /1 хх-ийн 210-212 дугаар хуудас/

Гэрч  Ц.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: “... Би 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Ш.Н-гийн аав, ээж нарт грашнаас  нүүрс оруулж өгөх гээд ороход мотоцикль байсан. Тэрнээс хойш хараагүй. М.О-тай манай өөдөөс харсан нэг гудамжинд хоорондоо 100 метрийн зайтай амьдардаг. М.О- нь 2018 оны 08 дугаар сарын үед адуу аваад ирчихсэн байсан. М.О- өөрийнхөө хашаанд хашиж байгаад 2-3 адуу ачуулж байсан. Тухайн адуунуудын нэг адуу бараан зүсмийн, нэг нь бүгээн зүсмийн адуу байсан. Машин дээр 10 гаран адуу ачсан байсан...гэх мэдүүлэг /2 хх-ийн 74-75 хуудас, 154-155 дугаар хуудас/,

Гэрч М.Э- мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... 2018 оны 08 дугаар сарын эхээр адуу авсан. Яг хэдний өдрийг санахгүй байна. М.О- надад 4 тооны адуу зарсан. Гэрийнхээ хашаан дотроос ачуулсан. Тухайн үед хашаанд 10 гаран тооны адуу байсан. Том шарга морийг надад зарсан. Тухайн үед М.О-аас энэ сайхан морийг зарж яах гэсэн юм гэхэд жуулчдад унуулдаг морь байгаа юм. Одоо хөгширсөн болохоор зарж байгаа юм гэж хэлсэн...гэх мэдүүлэг, /2 хх-ийн 157-158 дугаар хуудас/,

Гэрч Ш.Н- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: Би 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Нарантуул захаас 1850000 төгрөгөөр мотоциклийг худалдаж авсан. Цэнхэр өнгийн мустанг-5 маркийн мотоцикль байгаа юм. 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр грашдаа хийгээд рулийг нь түгжээд явсан. Мотоциклио унах гэтэл байхгүй байсан...гэх мэдүүлэг /2 хх-ийн 76 хуудас/

Гэрч Э.Амарсайхан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 19 цагийн үед Хужирт сум 3 дугаар багийн нутаг ___ гэх газар манай гэрт М.О- гэх залуу цэнхэр өнгийн, улсын дугааргүй, мустанг-5 маркийн мотоциклийн наймаа хийсэн. М.О-д мотоциклийн үнэд 600000 төгрөг бэлнээр, мөн ногоон өнгийн мотоциклио өгсөн. М.О- миний мотоцикль, банкны мөнгө болчихоод мотоциклио зарна гэж хэлсэн гэх мэдүүлэг, /2 хх-ийн 77-78 хуудас/

Гэрч Ж.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: 2018 оны 08 дугаар сарын үед М.О-ын адууг ачилцсан нь үнэн. Засмал дэлтэй. Том шарга морь байсан. Надтай хамт байсан Д- сайхан морь байна гээд бид нар ярилцаж байсан. Тухайн шарга морийг нэлээн хөөж байгаад машинд ачилцсан. 4-5 адуу машинд ачсан байсан. М.О-ын хашаанд 10 гаран тооны адуу үлдсэн. Тэр үлдсэн адуун дотор бидэртэй халиун үрээ, хоёр хар гүү, өсгий цагаан зээрд халзан гүү, бор голтой хонгор гүү миний санаж байгаагаар байсан... гэх мэдүүлэг /2-ийн 147-148 дугаар хуудас/,

Гэрч М.О- мөрдөн шалгах ажиллагаанд мэүүлэхдээ: 2018 оны 08 дугаар сарын эхээр М.О-ын хашаанд адуу хашаатай байсан. Манай хашааг нураах гээд цаанаас хашааны булан руу шахаад байсан. Намайг М.О- дуудсан. Тэдний хашаанд Э-, түүний талийгаач эхнэр, өрөөсөн гаргүй Б- гэдэг залуу байсан. Ж.М- байсан. Хашаанд багцаагаар 10 гаран тооны адуу байсан. Азарга нь бөөн сүүлтэй хээр зүсмийн том бүдүүн сайхан адуу байсан. Шарга билүү халиун зүсмийн морь байсан. Бусад нь бараан зүсмийн адуунууд байсан.  Бага насны адуу буюу унага байхгүй байсан. Машин дээр хэдэн тооны адуу байсан талаар сайн мэдэхгүй. Үлдсэн адуу нь 10 гаран тооны байсан...гэх мэдүүлэг. /2 хх-ийн 150-152 хуудас/,

Хөрөнгө даатгал хохирлын үнэлгээний “Хас үнэлгээ” ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн №245 дугаартай “40,900,000 /дөчин сая есөн зуун мянган/ төгрөг” гэх үнэлгээний тайлан, / 2 хх-ийн 169 дүгээр хуудас/,

Хөрөнгийн үнэлгээ, төслийн “ЛЭНДС” ХХК-ийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн №09/13 дугаартай “... Үнэлгээгээр тогтоосон дүн 5,500,000 /таван сая таван зуун мянган төгрөгөөр тогтоов гэх үнэлгээний тайлан, /1 хх-ийн 65-67 дугаар хуудас/,

Хөрөнгийн үнэлгээ, төслийн “ЛЭНДС” ХХК-ийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн №04/16 дугаартай “... Үнэлгээгээр тогтоосон дүн 18,000,000 /арван найман сая төгрөгөөр тогтоов гэх үнэлгээний тайлан,  /1 хх-ийн 69-71 дүгээр хуудас/,

Хөрөнгийн үнэлгээ, төслийн “ЛЭНДС” ХХК-ийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн №09/13 дугаартай “... Үнэлгээгээр тогтоосон дүн 1,000,000 /нэг сая төгрөгөөр тогтоов гэх үнэлгээний тайлан, /1 хх-ийн 72-74 дүгээр хуудас/,

Хөрөнгийн үнэлгээ, төслийн “ЛЭНДС” ХХК-ийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн №09/14 дугаартай “... Үнэлгээгээр тогтоосон дүн 800,000 /найман зуун мянга/-н төгрөгөөр тогтоов гэх үнэлгээний тайлан, /1 хх-ийн 75-77 дугаар хуудас/,

Хөрөнгийн үнэлгээ, төслийн “ЛЭНДС” ХХК-ийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн №07/60 дугаартай Үнэлгээгээр тогтоосон дүн 45,000 /дөчин таван мянга/-н төгрөгөөр тогтоов гэх үнэлгээний тайлан, /1 хх-ийн 220-222 дугаар хуудас/,

Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ний 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн №ӨХ01/020 дугаартай автомашин техникийн үнэлгээний тайлан, /2 хх-ийн 82-83 дугаар хуудас/,

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн ахлах шинжээч, цагдаагийн хошууч Э.Цэдэвсүрэнгийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 201 дугаартай шинжээчийн дүгнэлт, /1 хх-ийн 226-229 дүгээр хуудас/,

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээч, цагдаагийн ахмад Ө.Батжаргалын 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 52 дугаартай "... 1. Шинжилгээнд ирүүлсэн эрүүгийн 182700110 тоот хэргийн материалын 32-35 дугаар хуудаснуудад байх 2018 оны 07 дугаар сарын 069-ны өдөр гаргасан криминалистикийн ахлах шинжээч, цагдаагийн хошууч Э.Цэдэвсүрэнгийн 201 тоот дүгнэлтэнд дээрх хэмжээсүүд нь харьцуулах шинжилгээнд загвараар ирүүлсэн М- овогтой О-ын биеийн өндөр, биеийн жинтэй тохирч байна...”гэх шинжээчийн дүгнэлт, /1 хх-ийн 238-242 дугаар хуудас/,

        Алдагдсан эд зүйлийн хувийн онцлог шинжүүдийн талаарх материалууд /1 хх-ийн 154-162 дугаар хуудас/,

“___” супер маркетын орлого, зарлагын гар бичмэлийн дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл, /2 хх-ийн 15-17 дугаар хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 181-187, 2 хх-ийн 53-59 дүгээр хуудас/,

Эд зүйлийг түр хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, /2 хх-ийн 61-62 дугаар хуудас/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 188-197 дугаар хуудас  зэрэг болно.

Шүүгдэгч М.О- нь 2018 оны 08 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Архангай аймгийн Хашаат сумын Номгон 2 дугаар багийн нутаг ___ гэх газраас иргэн О.Э-ийн өмчлөлийн 24 тооны адууг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч О.Э-ийн мэдүүлэг, гэрч М.Отгонбаяр, Ц.Мягмар-Очир, Д.Батболд, М.Энхбаяр, З.М- нарын мэдүүлэг, Хас үнэлгээ ХХК-ийн хохирлын үнэлгээ зэрэг нотлох баримтуудаар,

2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн орчим Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Баян-Улаан 4 дүгээр багийн нутаг ___ гэх газраас иргэн Б.Т-ын 3 тооны адууг, Б.Д-ын 4 тооны адууг, М.А-гийн 1 тооны адууг, Ө.Ж-ын 1 тооны адууг нийт 9 тооны адууг буюу олон тооны малыг хулгайлж 25,300,000/хорин таван сая гурван зуун мянган/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хохирогч Б.Т-, Б.Д-, М.А-, Ө.Ж- нарын мэдүүлэг, гэрч М.Э-, Д.Б- нарын мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээ, төслийн “ЛЭНДС” ХХК-ийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн №09/13 дугаартай “... Үнэлгээгээр тогтоосон дүн 5,500,000/таван сая таван зуун мянган төгрөгөөр тогтоов гэх үнэлгээний тайлан, Хөрөнгийн үнэлгээ, төслийн “ЛЭНДС” ХХК-ийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн №04/16 дугаартай “... Үнэлгээгээр тогтоосон дүн 18,000,000/арван найман сая төгрөгөөр тогтоов гэх үнэлгээний тайлан, Хөрөнгийн үнэлгээ, төслийн “ЛЭНДС” ХХК-ийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн №09/13 дугаартай “... Үнэлгээгээр тогтоосон дүн 1,000,000/нэг сая төгрөгөөр тогтоов гэх үнэлгээний тайлан,  Хөрөнгийн үнэлгээ, төслийн “ЛЭНДС” ХХК-ийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн №09/14 дугаартай “... Үнэлгээгээр тогтоосон дүн 800,000 /найман зуун мянга/-н төгрөгөөр тогтоов гэх үнэлгээний тайлан, М.Э-аас хуулбарлан авсан малын гарал үүслийн гэрчилгээ, адуунуудын гэрэл зургууд зэрэг нотлох баримтуудаар,

2018 оны 06 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хужирт сумын Шунхлай 5 дугаар багийн ___ гудамжинд үйл ажиллагаа явуулдаг “___” хүнсний дэлгүүрт хууль бусаар нэвтрэн орж 483,000 /дөрвөн зуун наян гурван мянга/-н төгрөгийг бэлнээр, 45,000 төгрөгийн үнэ бүхий 32 инчийн зурагтын 9 суваг гардаг хүлээн авагч зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Ш.Д-д нийт 528,000/таван зуун хорин найман мянга/-н төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хохирогч Ш.Д-ы мэдүүлэг, гэрч  хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч П.Д-гийн мэдүүлэг,  “Лэндс” ХХК-ийн үнэлгээний тайлан, 52, 201 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, гэрэл зургууд зэрэг нотлох баримтуудаар

2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн орчим Өвөрхангай аймгийн Хужирт сумын Шунхлай 5 дугаар багийн нутаг 2-217 тоотод оршин суух иргэн Ш.Н-гийн эзэмшлийн грашид хууль бусаар нэвтрэн орж улсын дугааргүй цэнхэр өнгийн Мустанг-5 маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 1,875,000 /нэг сая найман зуун далан таван мянга/-н төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хохирогч Ж.О-ийн мэдүүлэг, гэрч Ц.М-, Ш.Н-, Э.А- нарын мэдүүлэг, Вендо ХХК-ийн үнэлгээний тайлан, эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Х- овогт М-ын О-ыг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэргийг, бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хариуцлага оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн олон тооны мал хулгайлах үйлдэл нь 2020 оны 01 дүгээр сарын 16-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд нэмэлт өөрчлөлт оруулснаас өмнөх үйлдэл байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн  1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр зүйлчилж ирүүлсэн прокурорын зүйлчлэл хуульд нийцсэн, тохирсон байна.

Хохирогч О.Э- 24 тооны адуугаа хулгайд алдаж, 40900000 төгрөгийн хохирол учирснаас 15 тооны адуу буцаж ирсэн, 9 тооны адууны хохиролд 13,000,000 төгрөг нэхэмжилж байна. 1 тооны морийг 1,200,000 төгрөгөөр, 7 гүүнээс 5 нас гүйцсэн гүү тус бүрийг 1,200,000 төгрөгөөр, 2 байдас тус бүрийг 800,000 төгрөгөөр, 1 даагыг 500,000 төгрөгөөр нийт 9,300,000 төгрөгөөр Хас үнэлгээ ХХК-ийн хохирлын үнэлгээ гаргасныг үндэслэлтэй байна гэж үзэж шүүгдэгч М.О-аас 9,300,000 төгрөгийг гаргуулж хохирогч О.Э-д олгохоор, хохирогч О.Э- 9 тооны адууны хохирол 13,000,000 төгрөг нэхэмжилсэн тул 3,700,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хохирогч Б.Т- 3 тооны адууны хохиролд 5,500,000 төгрөг нэхэмжилсэн, “Лэндс” ХХК-ийн үнэлгээгээр 3 тооны адууг 5,500,000 төгрөгөөр үнэлсэн нь үндэслэлтэй гэж үзэж шүүгдэгч М.О-аас 5,500,000 төгрөг гаргуулж хохирогч Б.Т-т олгохоор,

Хохирогч Б.Д- 4 тооны адууны хохиролд 18,000,000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд “Лэндс” ХХК-ийн үнэлгээ, адууны шагналын баримтуудыг үндэслэж шүүгдэгчээс 18,000,000 төгрөг гаргуулж хохирогч Б.Д-д олгохоор,

“Лэндс” ХХК-ийн адууны үнэлгээр хохирогч М.А-гийн нас гүйцсэн 1 тооны гүүний хохиролд 1,000,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж олгохоор, хохирогч Ө.Ж-од 1 тооны хязаалан үрээний хохиролд 800,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж олгохоор, хохирогч Ш.Д-д 528000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж олгохоор тус тус  шийдвэрлэв.

Хохирогч нар адуугаа эрж хайсан зардлаа авмаар байна гэх боловч нотлох баримт гаргаж ирүүлээгүй тул адуугаа эрж хайсан зардлыг шийдвэрлээгүй болно.  

Хохирогч Ж.О-т 1,875,000 төгрөгийн үнэлгээтэй, цэнхэр өнгийн, мустанг 5 маркийн мотоциклийг буцааж өгсөн тул төлөх төлбөргүй байна. 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдснийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал, хохирол төлөөгүй, хувийн байдал зэргийг харгалзаж, оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтоосон.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй,   эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, бичиг баримт хураагдаж ирээгүй, бусад эрхийг хязгаарлаагүйг дурдав.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн хураагдаж ирсэн 9 суваг гардаг хүлээн авах төхөөрөмж 1 ширхэг, жижиг гэрэл 1 ширхэг, лападка 1 ширхэг, автирк 1 ширхэг зэргийг устгаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Өвөрхангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорихоор шийдвэрлэв.     

Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг түүний өөрийн өмчлөлийнх болох нь тогтоогдсон бол хурааж улсын орлогод оруулах хуулийн зохицуулалттай хэдий ч 9 тооны адууг хулгайлах үйлдэлдээ шүүгдэгч өөрийн эзэмшлийн мотоцикльтой явсан гэж мэдүүлэх боловч мотоцикль хэний эзэмшлийнх болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй,  мотоциклийг бодит байдлаар харж үнэлээгүй, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ мотоцикль унаж явсан гэдгийг  нотлох баримтаар нотлоогүй, шүүгдэгч мотоциклио 2018 онд хулгайд алдсан гэж мэдүүлсэн байх тул үнийг нь гаргуулж улсын орлогод оруулах нь хуульд нийцэхгүй гэж үзлээ.

 

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4,  36.3 дугаар зүйлийн 1, 36.5 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.12 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х- овогт М-ын О-ыг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэргийг, бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Х- овогт М-ын О-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 /дөрвөн/  жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х- овогт М-ын О-д оногдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг  6 /зургаан/  жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.О-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хохирогч О.Э-ийн хохирол 3,700,000 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч М.О-аас 35,728,000 төгрөгийг гаргуулж хохирогч О.Э-д 9,300,000 төгрөг, Б.Т-т 5,500,000 төгрөг, Б.Д-д 18,000,000 төгрөг, М.А-д 1,000,000 төгрөг, Ө.Ж-од 800,000 төгрөг, хохирогч Ш.Д-д 528000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Э.А-д 600,000 төгрөгийг тус гаргуулж олгосугай.

6. Шүүгдэгч М.О- энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, бичиг баримт хураагдаж ирээгүй, бусад эрхийг хязгаарлаагүйг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1, 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 9 суваг гардаг хүлээн авах төхөөрөмж 1 ширхэг, жижиг гэрэл 1 ширхэг, лападка 1 ширхэг, автирк 1 ширхэг  зэргийг устгасугай.

8. Шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол энэ өдрөөс эхлэн Өвөрхангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьсугай. 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Э.ДУЛМАА