| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 146/2020/0045/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/50 |
| Огноо | 2020-06-12 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Н.Өнөрбаяр |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 2020/ШЦТ/50
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж,
Улсын яллагч: Н.Өнөрбаяр,
Нарийн бичгийн дарга: Г.Ишээ,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Дашцэрэн,
Шүүгдэгч: Д.Г- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Н.Өнөрбаярын шүүгдэгч Ц- овогт Д-ийн Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2027000000034 дугаартай, 146/2020/0045/Э индекстэй хэргийг 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1973 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын ___ багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгүүлээгүй, /РД:___/, Ц- овогт Д-ийн Г-.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц- овогт Д-ийн Г- /РД:___/ нь 2020 оны 03 дугаар сарын сүүлээр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар багийн нутаг “___” гэх газрын ойд зөвшөөрөлгүйгээр шинэс мод хууль бусаар бэлтгэж, 2 метрийн урттай 400 ширхэг монгол гэрийн хана хийх зориулалттай цуулж бэлтгэн өөрийн эзэмшлийн ___ улсын дугаартай цагаан өнгийн Мини кав маркийн тээврийн хэрэгслээр 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд: Шүүгдэгч Д.Г-гийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт: Би ___ гэх газраас монгол гэрийн хана хийхээр 400 ширхэг цуудсыг 2 сарын хугацаанд бэлтгэсэн. Бэлтгэсэн цуудсаа өөрийн машинаар тээвэрлэж яваад эргүүлийн цагдаатай таарсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Иргэний нэхэмжлэгч М.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: Д.Г- нь миний хариуцсан талбайгаас зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн. Д.Г-гийн мод бэлтгэсэн гэх “___” гэх газар нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт орохгүй. Д.Г- нь байгаль орчны хяналтын улсын байцаагчийн гаргасан актаар тогтоогдсон торгуулийн мөнгийг төлчихвөл өөр нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй...” гэжээ. /хх-ийн 57 дугаар хуудас/,
Гэрч Х.Баасангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: Би тухайн үед Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын төвд хяналт шалгалтаар эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Сумын төвийн ___-гийн дээд талын даваагаар цагаан өнгийн ачааны ___ улсын дугаартай жижиг тэрэг гараад ирсэн. Би тухайн машиныг зогсоож шалгасан. Машиныг цэнхэр өнгийн хучлагаар бүтээсэн байсан. Машины бүтээлгийг сөхөж үзэхэд тэвшин дээрээ цуулбар мод ачсан. Жолооч Д.Г-гээс модныхоо зөвшөөрлийн бичгийг шалгана уу гэхэд үзүүлэх бичиг баримт байхгүй гэсэн гэжээ. /хх-ийн 62 дугаар хуудас/,
Сум дундын ойн ангийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 19 дугаартай Экологи эдийн засгийн үнэлгээ тогтоосон тухай дүгнэлтэнд: Нойтон шинэс модыг цуулж гэрийн хана хийдэг. Тус мод нь нойтон шинэс модны төрөлд орно. Экологи эдийн засгийн үнэлгээ 189,312 төгрөг болж байна...”гэжээ. /хх-ийн 13 дугаар хуудас/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-11 дүгээр хуудас/,
Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 81 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Д.Г- нь 2020 оны 03 дугаар сарын сүүлээр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар багийн нутаг “___” гэх газрын ойд зөвшөөрөлгүйгээр шинэс мод хууль бусаар бэлтгэж 2 метрийн урттай 400 ширхэг монгол гэрийн хана хийх зориулалттай цуулж бэлтгэн өөрийн эзэмшлийн ___ улсын дугаартай цагаан өнгийн Мини кав маркийн тээврийн хэрэгслээр 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэх гэмт хэргийг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Д.Г-г зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр модоо тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Г- нь нойтон шинэс мод хууль бусаар бэлтгэж, өөрийн эзэмшлийн ___ улсын дугаартай Мини кав маркийн тээврийн хэрэгслээр гарал үүслийн гэрчилгээгүйгээр модыг тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдэж, байгаль орчинд экологи эдийн засгийн үнэлгээгээр 189312 төгрөгийн хохирол учруулсан, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтад зааснаар ойн санд учруулсан хохирлыг тухайн төрлийн байгалийн нөөцийн экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлбөр ногдуулахаар заасан тул шүүгдэгчид 567936 төгрөгийн нөхөн төлбөр ногдуулсан байна.
Шүүгдэгч Бат-Өлзий сумын байгаль орчны санд нөхөн төлбөрт 695652 төгрөгийг төлсөн байна.
Шүүгдэгч анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бичиг баримт хураагдаж ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, бусад эрхийг нь хязгаарлаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Д.Г- нь хууль бусаар мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн эзэмшлийн 700,000 төгрөгийн үнэ бүхий ___ улсын дугаартай, Миний кав маркийн автомашиныг ашигласан нь Лэндс ХХК-ийн автомашины техникийн үнэлгээний тайлангаар 700000 /долоон зуун мянган/ төгрөгөөр үнэлсэн байна. /хх-ийн 45-47 дугаар хуудас/,
Иймд шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан өөрийнх нь эзэмшлийн 700000 төгрөгийн үнэлгээтэй, ___ улсын дугаартай, мини кав маркийн тээврийн хэрэгслийг хурааж, худалдан борлуулж үнийг нь улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 11,000 төгрөгийн үнэлгээтэй 1 ширхэг модон иштэй сүх, 35,000 төгрөгийн үнэлгээ бүхий модон бариултай гар хөрөө 1 ширхэг, 185,000 төгрөгийн үнэлгээ бүхий 2 мерийн урттай 400 ширхэг цуулбар модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц худалдан борлуулж үнийг нь улсын орлогод оруулах нь зүйтэй.
Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл, 36.5 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл. 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц- овогт Д-ийн Г-г зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр бэлтгэсэн модыг тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар
шүүгдэгч Ц- овогт Д-ийн Г-г 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бичиг баримт хураагдаж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, бусад эрхийг хязгаарлаагүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдан ирсэн модон иштэй сүх нэг ширхэг, гар хөрөө нэг ширхэг, 185,000 төгрөгийн үнэлгээтэй 2 метрийн урттай, 400 ширхэг цуулбар шинэс модыг хурааж үнийг нь улсын орлогод оруулах, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 700,000 төгрөгийн үнэлгээтэй ___ улсын дугаартай мини кав маркийн бага оврын ачааны автомшиныг хурааж худалдан борлуулж үнийг нь улсын орлогод оруулсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ДУЛМАА