Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 2020/ШЦТ/52

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж,

Улсын яллагч: Д.Алимаа,

Нарийн бичгийн дарга: Г.Ишээ, 

Шүүгдэгч: Д.М- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Д.Алимаа шүүгдэгч Т- овогт Д-ийн М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2027000490049 дугаартай, 146/2020/0048/Э индекстэй хэргийг 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1975 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Хархорин сумын ___-д ___ ажилтай, ам бүл 8, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган Орхон багийн ___ тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ___ регистрийн дугаартай, Т- овогт Д-ийн М-

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.М- нь 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган Орхон багийн нутаг дэвсгэрт хохирогч О.Э- нь Samsung J-6 маркийн гар утсаа гээснийг олж бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас хохирогч О.Э-ад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч Д.М- нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Цагдаагийн хэлтсийн хойно байх гүүрний урд талд улаан өнгийн том гар утас газраас олоод гэртээ байлгаж байгаад хотод байдаг охиндоо унаанд өгч явуулсан. Олсон зүйлийг Цагдаагийн газарт мэдэгдэлгүй авсан нь гэмт хэрэг болохыг ойлгосон. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээж байна гэв.

Хохирогч О.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Миний бие 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 16:30 цагийн орчим төв уурын зуухан дээр гарч байсан нөхөр С.О- дээр очсон. Тэнд байхдаа гар утасныхаа цагийг харахад 17 цаг болж байсан. Би нөхрийнхөөс ажлаас гараад хүргэх ах П.Д-гийн мотоцикльтой Б.Э.Х ХЗХоршоо руу зээл төлөхөөр явсан. Гэнэт гар утсаа санаад үзэхэд миний гар утас байхгүй байсан. Би Самсунг галакси Жи-6 маркийн гар утсаа Хархорин сумын Мобиком салбараас 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 690,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Миний утас улаан өнгөтэй, хар эрээн өнгийн хавтасгүй гэртэй байсан. Би гар утсаа 600,000 төгрөгөөр үнэлж байна гэжээ. /хх-ийн 17-20 дугаар хуудас/,

Гэрч С.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ...Би 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Хархорин сумын төв уурын зууханд ажилдаа гарч байсан. Тухайн өдөр манай цалин бууж байсан болохоор манай эхнэр О.Э- хүргэн ах П.Д- нар манай ажил дээр ирсэн. Манай эхнэр надаас зээл төлөхөөр мөнгө аваад 17 цаг болж байхад Б.Э.Х ХЗХоршоо руу явсан. Удалгүй 17:30 минутын орчим манай эхнэр над руу өөр дугаараас залгаж миний гар утсыг харсан уу гэж асуусан. Би ажил дээрээ эхнэрийнхээ утсыг үзэхэд байхгүй байсан. Манай ажил дээр ирэхдээ манай эхнэр гар утастайгаа байсан. Манай эхнэрийн гар утас нь улаан өнгийн, Самсунг галакси Жи-6 плас маркийн гар утас байгаа. 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Хархорин сумын Мобикомоос лизингээр шинээр нь худалдаж авч байсан...гэжээ. /хх-ийн 27-28 дугаар хуудас/,

Гэрч П.Д-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: “... Би 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Хархорин сумын 2 дугаар баг, ___ тоотод гэртээ байж байгаад 16 цагийн үед ажил руугаа цалингаа авахаар бэр О.Э-ын хамт явсан. Цалингаа авчихаад орой 17 цагийн үед ажлаас гарч Б.Э.Х ХЗХоршоо орж зээл төлөхөөр бэр О.Э-ын хамт явсан. Зээлээ төлчихөөд дээд өргөн чөлөөний ___ дэлгүүр орсон. Тэр үед О.Э- гар утсаа хаячихсан байна гэж хэлсэн. Бид хоёр Б.Э.Х ХЗХоршоо болон манай ажлаар орж гар утсыг нь үзэхэд байхгүй байсан. Би ажлаас О.Э-ын хамт хөдлөхөөсөө өмнө цаг хэд болж байна гэж О.Э-аас асуухад гар утасныхаа цагийг хараад 17 цаг болж байна гэж надад хэлсэн гэжээ.  /хх-ийн 29 дүгээр хуудас/,

Гэрч Ж.Д- мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:...Би тухайн улаан өнгийн Самсунг галакси жи-6 маркийн гар утсыг өөрийн хойд аав Д.М-ээс авсан. Намайг гар утасгүй болохоор надад тухайн утсыг өгсөн. Тухайн гар утсыг намайг барь гээд автобусаар өгч явуулсан байсан. Би тухайн гар утсыг хаанаас яаж авсан талаар аав Д.М-ээс асуугаагүй...гэжээ. /хх-ийн 31 дүгээр хуудас/,

Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн ӨХЦ20-16 дугаартай дүгэлтэнд: Самсунг галакси жи-6 плас маркийн гар утсыг 422,600 төгрөгөөр үнэлсэн байна. /хх-ийн 11-12 дугаар хуудас/,

Эд зүйл хураан авсан тэмдэглэл, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

Шүүгдэгч Д-ийн М-ийн ял шалгах хуудас, шүүгдэгчийн хувийн байдлын талаарх баримтууд /хх-ийн 32-38 дугаар хуудас/,

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 53 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Д.М- нь хохирогч О.Э-ыг Samsung J-6 маркийн гар утсаа гээснийг олж бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас хохирогч О.Э-ад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч О.Э-ын мэдүүлэг,  гэрч Ж.Д-гийн мэдүүлэг, гар утсыг хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гар утсыг үнэлсэн “Вендо” ХХК-ийн үнэлгээ зэрэг  нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож  байна.

Самсунг галакси жи 6 маркийн гар утсыг “Вендо” ХХК-ийн үнэлгээгээр 422600 төгрөгөөр үнэлсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3 дахь хэсэгт зааснаар бага хэмжээний хохиролоос дээш байна.

Иймд шүүгдэгч Д.М-ийг гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогчоос гар утсаа буцаан бүрэн бүтэн хүлээж авсан. Хохирол, гомдол, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан байна. /хх-ийн 50 дугаар хуудас/,

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчид эрүүгийн  хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, түүний хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд торгох ял оногдуулж шийтгэв.

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт хураагдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдав.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т- овогт Д-ийн М-ийг гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т- овогт Д-ийн М-ийг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг хуулиар тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгө үгүй, шүүгдэгчид цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Э.ДУЛМАА