Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 334

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “3” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  “М” ХХК.

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газар

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Сонгон шалгаруулалтын комиссын дарга.

Гуравдагч этгээд: “МФ” ХХК.

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн СШ 15 сонгон шалгаруулалтын 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн “Сонгон шалгаруулалтын комиссын 04 дүгээр дүгнэлтийн “Сонгон шалгаруулалтад оролцогчдын техникийн саналыг үнэлсэн талаар” хэсгийн “Хоёр”-т байх хүснэгтийн 3-д М ХХК-ийн “Техникийн саналын оноо”-г 35.0 гэж буруу үнэлсэн, “Үнийн санал нээсэн талаар” хэсгийн “Хоёр”-т байх хүснэгтийн 3-д М ХХК-ийн нийт оноог 71.7 гэж буруу дүгнэснийг хүчингүй болгож, М ХХК-ийн “Техникийн саналын оноо” 35.33 оноо, нийт 72.03 оноо авч 2 дугаар байранд орсон болохыг тогтоолгох, М ХХК-ийг сонгон шалгаруулалтад шалгарсныг мэдэгдэх, уг сонгон шалгаруулалтад 2 дугаар байранд шалгарсан М ХХК-ийг сонгон шалгаруулалтад шалгарсанд тооцож хайгуулын  тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмал, Газрын тосны газарт даалгах, Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 458 дугаар шийдвэр, МФ ХХК-д олгосон XV-020886 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр, нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Болд-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Эрдэнэчулуун, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батбаяр, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнх-Өлзий нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ: “Манай компани 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын зарлагдсан СШ 15-2 талбайн кодтой, Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг 620.75 га бүхий “Халзан Овоо” нэртэй талбайд оролцож техникийн оноо 35 /нийт оноо 71.7/ оноотойгоор 3 дугаар байранд шалгарсан. Ингэснээр нэг болон хоёрдугаар байранд орсон аж ахуйн нэгжид хайгуулын тусгай зөвшөөрөл авах эрх нээгдэж, манай компани уг сонго шалгаруулалтын талбайд буюу бал чулууны ордод хайгуулын тусгай зөвшөөрөл авах эрх хаагдан бидний эрх ашиг ноцтойгоор зөрчигдөж байна. Өмнө нь манай компани СШ11-10 талбайн кодтой Дорнод аймгийн Баянтүмэн сумын нутаг дахь Хашаатын цав талбайн сонгон шалгаруулалтад оролцож техникийн оноо 41.8 авч байсан ба сонгон шалгаруулалтад бүрдүүлж буй бичиг баримтууд нэг аж ахуйн нэгжийнх тул адилхан. СШ 15-2 сонгон шалгаруулалтад “МФ” ХХК оролцож техникийн оноо 38.7 /нийт оноо 71.8/ авч 2 дугаар байранд орсон байна. Өмнө нь тус компани нь СШ 12-3 талбайн код бүхий Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг дахь Хүрэн нэртэй талбайд оролцож техникийн оноо 33 авсан байна.

Компаниудын дээрх сонгон шалгаруулалтад оролцохдоо авч байсан техникийн оноог харьцуулахад “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын комисс” нь манай компанийн техникийн оноог зориуд нэмж сонгон шалгаруулалтыг илэрхий буруу дүгнэсэн байна.

Иймд Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн СШ 15-2 талбайн кодтой, Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг 620.75 га бүхий “Халзан Овоо” нэртэй талбайн сонгон шалгаруулалтын комиссын дүгнэлтийг хүчингүй болгож, техникийн оноог дахин бодитоор үнэлэхийг Ашигт малтмал газрын тосны газрын Сонгон шалгаруулалтын комиссын даргад даалгаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбаартаа:” Манай компанийн зүгээс  3 нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

1. Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн СШ 15-2 дугаар сонгон шалгаруулалтын 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Сонгон шалгаруулалтын комиссын 04 дүгээр дүгнэлтийн сонгон шалгаруулалтад оролцогчдын техникийн саналыг үнэлсэн талаарх хэсгийн 2-т байх хүснэгтийн 3-д “М” ХХК-ийн техникийн саналын оноог 35.0, Үнийн санал нээсэн талаарх хэсгийн 2-т байх хүснэгтийн 3-д “М” ХХК-ийн нийт оноог 71.7 гэж буруу дүгнэснийг хүчингүй болгож, “М” ХХК-ийн техникийн саналын оноог 35.33, нийт 72.03 оноо авч 2 дугаар байрт орсныг тогтоолгох.

2. “М” ХХК-ийг сонгон шалгаруулалтад шалгарсныг мэдэгдэх, уг сонгон шалгаруулалтад 2 дугаар байрт шалгарсан “М” ХХК-ийг шалгарсанд тооцож, хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах.

3. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын  27-ны өдрийн 458 дугаар шийдвэрээр “МФ” ХХК-д олгосон хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож өгнө үү.  Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Өөрчилсөн зүйл байхгүй.

Манай компани 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газраас зарласан Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг дахь 620.75 га бүхий “Халзан Овоо” нэртэй талбайн сонгон шалгаруулалтад оролцсон. Манай компанийн зүгээс өгсөн сонгон шалгаруулалтын саналд техникийн 35 оноо, үнийн саналтайгаа нийлээд 71.7 оноо өгч 3 дугаар байрт оруулсан. 1 дүгээр байрт орсон компани хайгуулын тусгай зөвшөөрөл авах эрх нь нээгдэнэ. Хэрэв эхний байрт шалгарсан компани авахгүй бол 2 дугаар байрт орсон компани тусгай зөвшөөрөл авах эх нээгддэг. Харин 2 дугаар байрт орсон компани тусгай зөвшөөрлийг авахгүй бол 3 дугаар байрт орсон компанид олгоно гэсэн ойлголт байхгүй. 3 дугаар байрт орсон учраас хайгуулын тусгай зөвшөөрөл авах эрх маань бүрэн хаагдсан. Энэ нь бидний эрхийг ноцтойгоор зөрчсөн юм.

Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох уг сонгон шалгаруулалтыг Уул уурхайн сайдын 2015 оны 10 дугаар тушаалаар баталж, 126 дугаар тушаалаар нэмэлт өөрчлөлт оруулсан Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмыг баримтлан явуулсан. Мөн Уул уурхайн сайдын 2015 оны 126 дугаар тушаалын 2 дугаар хавсралт болох Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын үнэлгээний хуудасны дагуу үнэлсэн. Ашигт малтмал, газрын тосны газрын даргын А/68 дугаар тушаалаар сонгон шалгаруулалтын урилгад Уул уурхайн сайдын 2015 оны 10 дугаар тушаалаар батлагдсан Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмыг баримтална гэж заасан байдаг. 2015 оны 126 дугаар тушаалын 2 дугаар хавсралтад тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын үнэлгээний хуудасны ажиллах хүчин гэсэн хэсэгт төсөлд ажиллах Монгол ажилтнуудын тоо, нийт ажилтнуудад эзлэх хувь нь 90 хувиас дээш бол 5 оноо, 90 буюу түүнээс доош бол 3 оноо өгнө гэж тодорхой заасан. Гэтэл манай компани 100 хувь Монгол ажилтантай бөгөөд тус төсөлд 100 хувь Монгол ажилтан ажиллахаар тусган оруулсан. Гэвч ажиллах хүчин хэсэгт комиссын 1 гишүүн 3 оноо өгч, буруу үнэлсэн. Ийнхүү 3 оноо өгч, буруу үнэлснээс шалтгаалан техникийн санал хэсгээс 0.33 оноог алдаад байгаа. Хэрэв энэ оноог авсан бол бид нийт 72.03 оноог авч манайх 2 дугаар байрт шалгарч тусгай зөвшөөрлийг авах эрх үүсэх байсан.

Энэхүү сонгон шалгаруулалтын дүгнэлтээс үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга 2017 оны 458 дугаар шийдвэр гаргаж “МФ” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрлийг олгосон. Уг тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байснаар манай компанид олгох ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй давхцал үүсэх нөхцөл бүрдээд байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Ашигт малтмал, газрын тосны газраас Засгийн газрын тогтоолын дагуу Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг дахь “Халзан Овоо” нэртэй талбайд сонгон шалгаруулалтыг нээлттэй зарласан. Сонгон шалгаруулалтад нэр бүхий 9 компани оролцсон. Саналыг нээх, үнэлэх ажиллагаа Уул уурхайн сайдын баталсан Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын хүрээнд явагдсан. Үнэлгээ хийхэд техникийн онооны хувьд нэхэмжлэгч компани 3 дугаар байрт жагссан. Техникийн оноог үнэлэхдээ Сонгон шалгаруулалтын комисс дээрх журмын хүрээнд үнэлгээний хуудасны дагуу үнэлгээг өгсөн. Үүнд ямар нэгэн журам зөрчсөн үйл ажиллагаа байхгүй.

Нэхэмжлэгчээс техникийн оноог буруу үнэлсэн, гуравдагч этгээд “МФ” ХХК-д оноо нэмж өгсөн гэх мэтээр үнэлгээтэй холбогдуулан маргаж байгаа. Сонгон шалгаруулалтын бүрэлдэхүүн өөрийн бүрэн эрхийн хүрээнд журамд заасан хязгаарын дагуу оноог өгөөд явах эрхтэй. Сонгон шалгаруулалтын комисс хуулиар олгосон бүрэн эрхтэй маргах эрх зүйн үндэслэл байхгүй.

1, 2 дугаар байрт орсон аж ахуйн нэгжид хайгуулын тусгай зөвшөөрөл авах эрх нээгдэнэ гэж дурдаж байна. 2 аж ахуйн нэгжид тусгай зөвшөөрөл авах эрх нээгддэггүй. Зөвхөн ялагч л тусгай зөвшөөрлийг авах боломжтой. Энэ тохиолдолд 1 дүгээр байрт шалгарсан аж ахуйн нэгж маань холбогдох төлбөрөө төлөөгүй учраас 2 дугаар байрт шалгарсан компани тусгай зөвшөөрлийг авах боломжтой болж байгаа. Хэрэв 1 дүгээр байрт шалгарсан компани тусгай зөвшөөрлөө авсан бол маргаад явах боломжгүй.

Гуравдагч этгээд “МФ” ХХК-ийн авсан оноотой холбогдуулан маргаж буй үндэслэл нь тухайн сонгон шалгаруулалтыг бүхэлд нь хууль зөрчсөн гэж үзэхээс илүүтэйгээр тусгай зөвшөөрлийг манайх авах ёстой гэсэн хууль зүйн үндэслэлгүйгээр маргаж байна. Сонгон шалгаруулалтын комиссын гишүүн ямар үнэлгээг өгөх нь сонгон шалгаруулалтын үнэлгээний хуудаст заасан хязгаарын хүрээнд гишүүний эрхийн асуудал байгаа. Нэхэмжлэгч оноог өгөхдөө манайд дутуу оноо өгчихлөө гэж маргаж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан захиргааны акт хууль зөрчсөн байх ямар үндэслэлд ороод байгаа нь тодорхойгүй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д ”ашигт малтмал хайх” гэж эрдсийн хуримтлалын байршил, тоо хэмжээг нарийвчлан тогтоох зорилгоор газрын гадаргуу, түүний хэвлийд геологи, хайгуулын судалгаа хийж, түүний нөөц, баялгийг ашиглах боломжийг судлан техник, эдийн засгийн үнэлгээ хийхийг хэлнэ гэж заасан.

Уул уурхайн сайдын 2015 оны 10 дугаар тушаалаар батлагдсан Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын 2 дугаар хавсралт дахь Үнэлгээний хуудаст заасан төсөлд ажиллах Монгол ажилтнуудын тоо, нийт ажилтнуудад эзлэх хувь гэсэн хэсэгт 5 оноог авах ёстой гэж байна. Үүнд нэхэмжлэгч компанийг хамгийн дээд оноог авах ёстой гэж үзэх ямар ч үндэслэл байхгүй. Тус компанийн сонгон шалгаруулалтад ирүүлсэн материал нь тухайн компанид ямар ажилтнууд байна вэ гэдгийг тодорхойлж байгаа болохоос биш хайгуулын төслийн үйл ажиллагаатай ямар ч хамааралгүй.

Сая шинээр нэхэмжлэгч компанийн ямар тусгай зөвшөөрөл эзэмшдэг, хайгуулын үйл ажиллагааны ямар туршлагатай юм бэ гэдгийг харуулах баримтыг өгсөн байгаа. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын мэдээллийн санд байгаа мэдээллээр “М” ХХК нь ямар нэгэн тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаагүй, өнөөдөр ч эзэмшээгүй байдаг. Харин 2016 онд Өмнөговь аймагт түгээмэл тархацтай ашигт малтмал буюу барилгын материалын хайгуулын тусгай зөвшөөрөл авсан гэсэн бүртгэлтэй байна. Мөн хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй ч гэсэн хайгуулын үйл ажиллагаа явуулж нөөцийн тайланг өгч байсан нэг ч тохиолдол байхгүй байна. Тэгэхээр нэхэмжлэгч компани сонгон шалгаруулалтын үнэлгээний хуудаст байгаа хайгуул, ашиглалтын үйл ажиллагааны туршлагатай гэсэн нь эргэлзээтэй болж байна. Үүнд комиссын гишүүд бүгд 5 оноо өгсөн, нэг гишүүн 6 оноог өгсөн. Үүнийг буруутгах ямар ч үндэслэл байхгүй.

Нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсноор оноог шүүхээр хянуулах гээд байгаа юм уу?. Эсхүл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хүрээнд сонгон шалгаруулалт хууль зөрчсөн учраас үндэслэлгүй гэж үзэх юм уу гэдгийг анхаарах шаардлагатай байна. Гэтэл нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсноор манайд 2 оноог нэмж өгөх ёстой гэж үзэж байгаа болохоос биш сонгон шалгаруулалтын үйл ажиллагааны акт хууль зөрчөөд гарчихжээ гэсэн ямар ч үндэслэл харагдахгүй байгаа. Эдгээр үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Манай компани нь 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр болсон СШ-12 кодтой Баян-өлгий аймгийн Ногоон нуур сумын нутаг дахь Хүрэн нэртэй талбайн сонгон шалгаруулалтад оролцож авсан техникийн оноогоор СШ-15 кодтой сонгон шалгаруулалтын үнэлгээг өгөх ёстой байсан гэж маргаж байгаа нэхэмжлэгчийн үндэслэл нь ямар ч хууль журамд нийцээгүй үндэслэл гэж үзэж байна.

Талбай бүр өөр өөрийн онцлогтой ба нэг сонгон шалгаруулалтад өгөөд шалгарч чадаагүй материалаа сайжруулах нь мэдээжийн зүйл бөгөөд тэгэх боломжийг хууль, журмаар олгосон, сонгон шалгаруулалтад шалгарахын тулд материалаа сайн бэлдэх нь тухайн оролцогчийн үүрэг бөгөөд өмнө нь сонгон шалгаруулалтад оролцоод бага оноо авсан материалаараа дахин өөр сонгон шалгаруулалтад оролцох нь хэтэрхий хайнга үйлдэл болох ба хариуцагч байгууллагаас манай компанийн техникийн саналыг оноог зориудаар нэмэгдүүлсэн зүйл байхгүй ба бидний бэлтгэсэн материалд өгсөн бодит үнэлгээ гэж үзэж байна.

Нэхэмжлэгчийн хувьд тавьж буй үндэслэл нь хуульд үл нийцэх үндэслэл ба хариуцагч байгууллагаас өмнө өөр талбайд үнэлсэн үнэлгээг мөн энэ талбайд өгөх ёстой байсан гэх байдлаар тулгаж байгаа нь комиссын гишүүд бие даасан хараат байдлаар үнэлгээг хийх эрхэд нь халдсан зүйл гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл үнэлгээ өгөхдөө өөр сонгон шалгаруулалтад өгсөн оноог дахин өгөх байдлаар зохицуулсан журам байхгүй тул дээрх нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэж байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Хариуцагчийн тайлбарыг дэмжиж байна. Сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа хууль, тогтоомжийн дагуу явагдсан. Хууль, журам зөрсөн үйл ажиллагаа харагдахгүй байна.

Комиссын гишүүд тус бүрдээ үнэлгээ өгөх асуудал байгаа. Ажиллах хүчин гэсэн хэсэгт 5 гишүүнээс 1 гишүүний өгсөн үнэлгээг маргааны гол үндэслэлээ болон тайлбарладаг. Хэрэгт сонгон шалгаруулалтад ирүүлсэн материал ирсэн байгаа. Үүнд ажиллах хүчний жагсаалт гэсэн 50 гаруй ажилтны нэрс, 5 ажилтантай холбоотой тушаал зэрэг материалыг ирүүлсэн. Ажилтнуудтай холбоотой баримтыг өгөх ёстой. Хүснэгт маягаар нэрсийг жагсааж бичээд төлөөлөл болон 5 хүний баримтыг хавсарган ирүүлж байгаа нь тус компанийг 100 хувь Монгол ажилтантай гэж үнэлэх үндэслэлгүй болж байна. Тэгэхээр комиссын гишүүн буруу үнэлсэн байна гэж үзэх боломжгүй, 5 оноог өгөх ёстой гэдэг нь нотлох баримтын хүрээнд харагдахгүй байна. Асуудал бүрд комиссын гишүүнд материалд үндэслэн оноо өгч байгаа. Үүнд буруу оноо өглөө гэж буруутгах үндэслэл байхгүй.

Нэхэмжлэгч компани 3-аас доошгүй жил хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулсан гэдэг нь баримтаар нотлогдохгүй байгаа. Гэтэл комиссын 2 гишүүн 10 оноог өгчихсөн байдаг. Үүний улмаас тус компанийн оноо дээшилж 3 дугаар байрт орох нөхцөлийг бүрдүүлсэн. Хэрэв комиссын гишүүдийн оноо бүрээр маргах юм бол комиссын үйл ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгох асуудал болохгүй. Өөрөөр хэлбэл энэ үндэслэлээр гуравдагч этгээдэд олгосон тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, комиссын гишүүдийн дүгнэлтийг хүчингүй болгож шууд нэхэмжлэгч компанийг шалгаруулах боломж хууль зүйн хүрээнд байхгүй. 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Сонгон шалгаруулалтын комисс хууль зөрчөөгүй, энэ захиргааны акт биш гэж тайлбарлаж байна. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дахь заалтыг харах ёстой. Захиргааны байгууллагаас нэр бүхий талбайд хайгуулын үйл ажиллагаа явуулах эрхийг олгож байгаа үйл явц учраас гарч буй комиссын дүгнэлт нь захиргааны акт болж байгаа юм. Мөн тусгай зөвшөөрлийг олгож байгаа 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 458 дугаар шийдвэр нь захиргааны акт болно. 

Энэ нь “М” ХХК-ийн эрх ашгийг зөрчиж байна. Сонгон шалгаруулалтын комисс тухайн талбайд үйл ажиллагаа явуулах эрхийг хэн авах вэ гэдгийг сонгон шалгаруулж байгаа захиргааны үйл ажиллагаа юм. Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-д заасан эрхийнхээ дагуу Уул уурхайн сайд Сонгон шалгаруулалт явуулах журмаа боловсруулан гаргасан. Уг журмын 11.3-д “...эхний байрт орсон оролцогч тусгай зөвшөөрлөө авч чадаагүй бол хамгийн өндөр үнэлгээ авсан дараагийн оролцогчид тусгай зөвшөөрөл олгох тухай шийдвэр гаргана” гэж заасан. Гэтэл 2 компани шалгарна гэж ярьж байна. Үүнд боломж гарч ирж байгаа юм. Сонгон шалгаруулалтын үйл явц үнэнч, шударга, тэгш байдлаар журмын дагуу явагдах ёстой.

Уул уурхайн сайдын 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 126 дугаар тушаалын хавсралтад оноо өгөх системийг зааж өгсөн. Ажиллах хүчин гэдэгт төсөлд ажиллах монгол ажилтнуудын тоо, нийт ажилтнуудад эзлэх хувь 90%-аас дээш Монгол ажилтантай бол-5, 90 буюу түүнээс доош бол-3 гэж заасан. Хариуцагчийн тайлбарлаж байгаагаар 0-5 оноог тавьж болно гэсэн зохицуулалтыг журам баталж байгаа эрх бүхий этгээдээс өгөөгүй. Журмыг баталж буй сайд маань 90%-аас дээш Монгол ажилтантай бол шууд 5 оноог, 90 буюу түүнээс доош бол 3 оноог өгөхөөр заасан. Ард талын хүснэгтэд 3-5 гэсэн интервал зааж байгаа боловч дотор талд нь тухайн заалтууд дээр хэдэн оноог өгөхийг тухайлан заасан. Энэ нь комиссын гишүүний бүрэн эрхэд халдаад байгаа зүйл биш. Уг журмаар үүнээс хэтэрч ажиллахгүй гэж зааж өгч байгаа.

Мөн хайгуулын ажлын туршлагын талаар тайлбарлаж байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд л хэргийг шийдвэрлэдэг. Бид нэхэмжлэлийн шаардлагаа үнэлгээ өгөх явцдаа үнэлгээний хорооны гишүүн алдаа гаргасан байна. Бид шүүхийг зохиомол байдлаар үнэлгээ өгүүлэх гээд байгаа юм биш. Интервалтай зүйлд заавал 5 оноог тавих ёстой гэж маргаагүй. Эрх бүхий этгээдээс баталсан журам, үнэлгээний хуудаст комиссын гишүүнд 5 оноог тавь гэж зааж өгсөн. Комиссын гишүүн журмын дагуу л ажиллах үүрэгтэй.

Үнэлгээ буруу хийгдсэн байгаа учраас бид хуулийн хугацаанд гомдлоо гаргасан. Бид сонгон шалгаруулалтын процесс ажиллагаа, нийт үйл ажиллагаанд холбогдуулан маргаагүй. Манай ажиллах хүчнийг үнэлэхдээ оноог буруу дүгнэчихлээ гэдэгт маргаж байна. 5 оноог тавих байтал 3 тавьж 0.33 оноог нэхэмжлэгч “М” ХХК алдсанаар 2 дугаар байрт орж эхний компани татгалзсан тохиолдолд журмын 11.3-д зааснаар манайд санал тавих эрхийг алдсан.

Сонгон шалгаруулалтын явцад комиссын гишүүд төслийг хүлээн авсан. Төслийг материалын бүрдэл дутуу гэдгээр татгалзсан зүйл гараагүй. Үнэлгээ өгөөд явсан. Тэгэхээр боловсон хүчин нь чадалтай биш гэсэн маргаан яригдахгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ хангагдахаар байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

            “М” ХХК-ийн захирал Г.Болд-Эрдэнэ Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн СШ 15-2 талбайн кодтой, Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг 620.75 га бүхий “Халзан овоо” нэртэй талбайн сонгон шалгаруулалтын техникийн оноог дүгнэсэн Ашигт малтмал газрын тосны газрын Сонгон шалгаруулалтын Комиссын дүгнэлтийг хүчингүй болгож, техникийн оноог дахин бодитоор үнэлэхийг тус газрын Сонгон шалгаруулалтын комиссын даргад даалгах нэхэмжлэлийн үндсэн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн СШ 15-2 талбайн кодтой, Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг 620.75 га бүхий “Халзан овоо” нэртэй талбайн сонгон шалгаруулалтын М ХХК-ийн техникийн оноог 35 гэж дүгнэсэн Ашигт малтмал, Газрын тосны газрын Сонгон шалгаруулалтын Комиссын дүгнэлтийг хүчингүй болгож, манай компанийн техникийн оноог буруу дүгнэснийг залруулан техникийн оноо 35.29 нийт 71.99 авч 2-р байранд орсонд тооцож, сонгон шалгаруулалтад шалгарсныг мэдэгдэхийг уг сонгон шалгаруулалтын комисст, уг сонгон шалгаруулалтад 2 дугаар байранд орсон М ХХК-д Сонгон шалгаруулалтад шалгарсанд тооцож хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг болон МФ ХХК-д олгосон XV-020886 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохыг Ашигт малтмал, Газрын тосны газарт тус тус даалгах гэж, мөн 2018 оны 05 дугаар сарын 11-ны өдөр Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн СШ 15 сонгон шалгаруулалтын 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн “Сонгон шалгаруулалтын комиссын 04 дүгээр дүгнэлтийн “Сонгон шалгаруулалтад оролцогчдын техникийн саналыг үнэлсэн талаар” хэсгийн “Хоёр”-т байх хүснэгтийн 3-д М ХХК-ийн “Техникийн саналын оноо”-г 35.0 гэж буруу үнэлсэн, “Үнийн санал нээсэн талаар” хэсгийн “Хоёр”-т байх хүснэгтийн 3-д М ХХК-ийн нийт оноог 71.7 гэж буруу дүгнэснийг хүчингүй болгож, М ХХК-ийн “Техникийн саналын оноо” 35.33 оноо, нийт 72.03 оноо авч 2 дугаар байранд орсон болохыг тогтоолгох, М ХХК-ийг сонгон шалгаруулалтад шалгарсныг мэдэгдэх, уг сонгон шалгаруулалтад 2 дугаар байранд шалгарсан М ХХК-ийг сонгон шалгаруулалтад шалгарсанд тооцож хайгуулын  тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмал, Газрын тосны газарт даалгах гэж тус тус тодруулсан бөгөөд Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 458 дугаар шийдвэр, МФ ХХК-д олгосон XV-020886 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

Нэхэмжлэгч 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн СШ 15-2 талбайн кодтой, Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг 620.75 га бүхий “Халзан овоо” нэртэй талбайн сонгон шалгаруулалтын М ХХК-ийн техникийн оноог  дүгнэсэн Сонгон шалгаруулалтын комиссын дүгнэлт Уул уурхайн сайдын 2015 оны 10 дугаар тушаалаар баталсан “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ыг зөрчиж бага оноо өгсөн, ийнхүү манай компанид бага оноо өгснөөр “МФ” ХХК-д хууль бусаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон гэж маргажээ.

            Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж үлдсэнийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Ашигт малтмал, газрын тосны газраас Ашигт малтмалын тухай хууль болон Засгийн газрын 2014 оны 239, 2015 оны 511, 2017 оны 37 дугаар тогтоолуудыг үндэслэн Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг Халзан овоо нэртэй 620.75 га талбайд 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хайгуулын тусгай зөвшөөрөл авах сонгон шалгаруулалтыг нийтэд нээлттэй зарлаж 9 аж ахуйн нэгж түүний дотор “М” ХХК, “МФ” ХХК иуд саналаа ирүүлж өрсөлдсөн байна.

Тусгай зөвшөөрөл олгох СШ 15-2 талбайн кодтой Сонгон шалгаруулалтад оролцсон аж ахуйн нэгжүүдийн ирүүлсэн саналд  Сонгон шалгаруулалтын комиссын гишүүд 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр үнэлгээ өгч нэр бүхий компаниудаас “Өнө Орших Булаг” ХХК 79.1 оноогоор 1 дүгээр байр, “МФ” ХХК 71.8 оноогоор 2 дугаар байр, “М” ХХК 71.7 оноогоор 3 дугаар байрт шалгарсан хэдий ч нийт оноогоор 1 дүгээр байранд шалгарсан “Өнө Орших Булаг” ХХК хайгуулын тусгай зөвшөөрөл авахаас татгалзсан тул 2 дугаар байранд орсон “МФ” ХХК-д тусгай зөвшөөрлийг олгожээ.

Ашигт малтмал, газрын  тосны газрын Сонгон шалгаруулах комисс энэ удаагийн сонгон шалгаруулалтыг явуулахдаа Ашигт малтмалын тухай хууль, Уул уурхайн сайдын 2015 оны 10 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ийг үндэслэл болгосон байна.

Энэхүү журмын 11 дүгээр зүйлийн 11.3-д “Шалгарсан оролцогч тусгай зөвшөөрөл авахаас татгалзаж буйгаа мэдэгдсэн........бол Төрийн захиргааны байгууллага хамгийн өндөр үнэлгээ авсан дараагийн оролцогчид тусгай зөвшөөрөл олгох тухай шийдвэр гаргана.” гэсний дагуу  Кадастрийн хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 458 дугаар шийдвэрээр гуравдагч этгээд “МФ” ХХК-д тусгай зөвшөөрлийг олгосон хэдий ч нэхэмжлэгч М ХХК сонгон шалгаруулалтын комиссын оноо өгсөн үйл явц хууль, журмыг зөрчиж үнэлгээ өгсөн гэж маргаж байна.

Сонгон шалгаруулах комисс нэхэмжлэгч компаний сонгон шалгаруулалтад оролцож ирүүлсэн материалыг дээрх журмын дагуу хянан үзэж үнэлэхдээ  тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын үнэлгээний хуудасны ажиллах хүчний талаарх “Төсөлд ажиллах монгол ажилтнуудын тоо, нийт ажилтнуудад эзлэх хувь 90%-аас дээш монгол ажилтантай бол -5 оноо” өгнө гэснийг зөрчиж комиссын нэг гишүүн 3 оноо өгснөөс техникийн оноо дутаж нэг байраар ухарсан нь тухайн ордод тусгай зөвшөөрөл авах эрхийг зөрчсөн гэх нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлтэй гэж дүгнэв.

Уул уурхайн сайдын /хуучин нэрээр/ 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 10 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Тусгай зөвшөөрөл олгох, сонгон шалгаруулалтын журам”-ын 6 дугаар зүйлийн 6.1-д Сонгон шалгаруулалт зохион явуулах комиссын бүрэлдэхүүнийг Төрийн захиргааны байгууллагын даргын тушаалаар батлах бөгөөд комиссын гишүүд нь сонгон шалгаруулалтын саналд үнэлгээ өгч, комисс дүгнэлт гаргана гэж заасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын даргын тушаалаар дээрх талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг зохион байгуулах комиссыг байгуулсан байна.

Нэхэмжлэгч “М” ХХК болон гуравдагч этгээд “МФ”  ХХК тус тус Ашигт малтмал, газрын тосны газраас зарлагдсан СШ 15-2 талбайн кодтой, Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг 620.75 га бүхий “Халзан овоо” нэртэй талбайн сонгон шалгаруулалтад өрсөлдөж сонгон шалгаруулалтын саналын материалаа хууль, журамд заасны дагуу бүрдүүлэн өгснийг захиргааны байгууллага хүлээн авч дүгнэсэн байна.

Тусгай зөвшөөрөл олгох, сонгон шалгаруулалтын журмын 8.2-д Сонгон шалгаруулах комиссын гишүүд нь сонгон шалгаруулалтын саналд үнэлгээ өгөх ...  гэж зааснаар дээрх тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын саналд өгөх үнэлгээний маягтын дагуу  комиссын гишүүд өөр өөрсдийн үнэлгээгээ өгсөн бөгөөд комиссын гишүүн О.Батхүү нь өөрийн бөглөсөн М ХХК-ийн үнэлгээний хуудсан дээрх ажиллах хүчний талаарх “Төсөлд ажиллах монгол ажилтнуудын тоо, нийт ажилтнуудад эзлэх хувь 90%-аас дээш монгол ажилтантай бол -5 оноо” өгнө гэснийг зөрчиж 3 оноог өгсөн нь хавтаст хэрэгт авагдсан уг үнэлгээний хуудсаар тогтоогдож байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-т заасныг хэрэгжүүлж Төрийн захиргааны төв байгууллагын баталсан тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмаар ажиллах хүчний талаарх “Төсөлд ажиллах монгол ажилтнуудын тоо, нийт ажилтнуудад эзлэх хувь 90%-аас дээш монгол ажилтантай бол -5 оноо” өгнө гэж үнэлгээний маягтаар баталгаажуулж зохицуулжээ.

Гэтэл комиссын гишүүн үнэлгээний маягтад заасан энэ хэсгийн 5 оноог үндэслэлгүйгээр бууруулж 3 оноо өгсөн нь нэхэмжлэгч компани үнэлгээний талаар маргах үндэслэл болсон байна.

Түүнчлэн нэхэмжлэгч компаний хайгуулын тусгай зөвшөөрөл авах сонгон шалгаруулалтын төсөлд ирүүлсэн мэргэжлийн боловсон хүчний талаарх материалыг хууль, журам зөрчсөн, дутуу бүрдүүлж ирүүлсэн гэж үзээгүй хүлээн авч шалгаруулсан атлаа комиссын нэг гишүүн ямар үндэслэлээр 3 оноо өгсөн нь тодорхойгүйн дээр үнэлгээний маягтаар баталгаажуулсан 5 оноо өгөх журмын заалттай нийцээгүй гэж дүгнэв.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч төсөлд ажиллах мэргэжлийн болон компаний ажилтнууд 100% монгол ажилтан байгаа талаарх нэрсийн  жагсаалтыг гаргаж мэргэжлийн ажилтнуудын эрх зүйн байдлыг тодорхойлсон баримтуудын хамт ирүүлж нийт ажилтнуудад эзлэх монгол ажилтны хувь 90%-аас дээш гэж нотолсныг комиссын олонх гишүүд 5 оноо өгч дүгнэсэн байхад комиссын өөр нэг гишүүн эсрэгээр үнэлэлт өгч тухайн компаний нийт авч болох оноонд нөлөөлсөн нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн хууль бус гэж үзэх үндэслэлтэй.

Тодруулбал комиссын нэг гишүүн үндэслэлгүй бага оноо өгснөөр нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд М ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл авах, эсэх эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж дүгнэв.

Сонгон шалгаруулах комиссын гишүүн төслийн саналыг ирүүлсэн материалын хүрээнд үнэлж дүгнэн бие даан шийдвэр гаргах эрхтэй хэдий ч энэ эрхээ хэрэгжүүлэхдээ хууль. журамд нийцүүлэн биелүүлэх үүрэгтэй.

Ийнхүү тухайн сонгон шалгаруулалтад материалаа ирүүлсэн нэхэмжлэгч  компаний төслийн саналыг дүгнэхдээ ашигт малтмалын асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллагын баталсан журам, сайдын 10 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан үнэлгээний хуудасны төслийн баримт бичгийн үнэлгээ өгөх шаарлагатай нийцээгүй байдлаар үнэлсэн дүгнэлтийг үндэслэн  “МФ” ХХК-д олгосон Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 458 дугаар шийдвэр МФ ХХК-д олгосон XV-020886 тоот хайгуулын тусгай зөвшөөрөл тус тус хууль бус байна.

  Нэгэнт шүүх тухайн сонгон шалгаруулалтын үнэлгээ өгөх үйл явц хууль, журам зөрчиж явагдсан гэж дүгнэсэн тул энэхүү хууль бус дүгнэлтийг үндэслэн гуравдагч этгээдэд хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон Кадастрын хэлтсийн даргын 458 дугаар шийдвэр, энэ шийдвэрийн дагуу олгосон XV-020886 тоот хайгуулын тусгай зөвшөөрөл тус тус хууль бус гэж дүгнэн нэхэмжлэгч М ХХК болон гуравдагч этгээд МФ ХХК-иудын саналын хүрээнд дахин үнэлгээ хийхийг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Сонгон шалгаруулалтын комисст даалгаж шийдвэрлэв.

Шүүх ийнхүү оролцогч компаниудын ирүүлсэн саналын хүрээнд дахин үнэлгээ хийхийг даалгаж шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй.” гэснийг зөрчөөгүй гэж дүгнэсэн болно.

Харин нэхэмжлэлийн шаардлагын М ХХК-ийн “Техникийн саналын оноо” 35.33 оноо, нийт 72.03 оноо авч 2 дугаар байранд орсон болохыг тогтоолгох, М ХХК-ийг сонгон шалгаруулалтад шалгарсныг мэдэгдэх, уг сонгон шалгаруулалтад 2 дугаар байранд шалгарсан М ХХК-ийг сонгон шалгаруулалтад шалгарсанд тооцож хайгуулын  тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмал, Газрын тосны газарт даалгах гэсэн хэсгийг хангах хууль зүйн боломжгүй.

Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, Уул уурхайн (хуучин нэрээр) сайдын 2015 оны 10 дугаар тушаалаар батлагдсан “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар сонгон шалгаруулалтын оролцогчдын саналд үнэлгээ өгч, дүгнэлт гаргах  эрх Ашигт малтмал, газрын тосны газрын даргын тушаалаар батлагдсан Сонгон шалгаруулах комисст байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагын Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн СШ 15 сонгон шалгаруулалтын 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн “Сонгон шалгаруулалтын комиссын 04 дүгээр дүгнэлтийн “Сонгон шалгаруулалтад оролцогчдын техникийн саналыг үнэлсэн талаар” хэсгийн “Хоёр”-т байх хүснэгтийн 3-д М ХХК-ийн “Техникийн саналын оноо”-г 35.0 гэж буруу үнэлсэн, “Үнийн санал нээсэн талаар” хэсгийн “Хоёр”-т байх хүснэгтийн 3-д М ХХК-ийн нийт оноог 71.7 гэсэн болон Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 458 дугаар шийдвэр, МФ ХХК-д олгосон XV-020886 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг тус тус хүчингүй болгож, дахин үнэлгээ хийхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагын М ХХК-ийн “Техникийн саналын оноо” 35.33 оноо, нийт 72.03 оноо авч 2 дугаар байранд орсон болохыг тогтоолгох, М ХХК-ийг сонгон шалгаруулалтад шалгарсныг мэдэгдэх, уг сонгон шалгаруулалтад 2 дугаар байранд шалгарсан М ХХК-ийг сонгон шалгаруулалтад шалгарсанд тооцож хайгуулын  тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмал, Газрын тосны газарт даалгах гэсэн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.13-д заасныг баримтлан ТОГТООХ нь:

 

1.Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2, 20 дугаар зүйлийн 20.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч М ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын  Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн СШ 15 сонгон шалгаруулалтын 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн “Сонгон шалгаруулалтын комиссын 04 дүгээр дүгнэлтийн “Сонгон шалгаруулалтад оролцогчдын техникийн саналыг үнэлсэн талаар” хэсгийн “Хоёр”-т байх хүснэгтийн 3-д М ХХК-ийн “Техникийн саналын оноо”-г 35.0 гэж буруу үнэлсэн, “Үнийн санал нээсэн талаар” хэсгийн “Хоёр”-т байх хүснэгтийн 3-д М ХХК-ийн нийт оноог 71.7 гэсэн болон Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 458 дугаар шийдвэр, МФ ХХК-д олгосон XV-020886 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг тус тус хүчингүй болгож, дахин үнэлгээ хийхийг хариуцагчид даалгаж нэхэмжлэлийн шаардлагын М ХХК-ийн “Техникийн саналын оноо” 35.33 оноо, нийт 72.03 оноо авч 2 дугаар байранд орсон болохыг тогтоолгох, М ХХК-ийг сонгон шалгаруулалтад шалгарсныг мэдэгдэх, уг сонгон шалгаруулалтад 2 дугаар байранд шалгарсан М ХХК-ийг сонгон шалгаруулалтад шалгарсанд тооцож хайгуулын  тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмал, Газрын тосны газарт даалгах гэсэн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             А.НАСАНДЭЛГЭР