Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 128/2021/0661/З |
Дугаар | 221/МА2022/0074 |
Огноо | 2022-01-19 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 221/МА2022/0074
С.М-ийн гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 668 дугаар шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ө-ын давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү
Илтгэсэн шүүгч С.Мөнхжаргал
Хэргийн оролцогчид:
Зөрчлийн хэргийн холбогдогч: С.М
Эрх бүхий албан тушаалтан: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч П.Н, улсын байцаагч Э.Э
Гомдлын шаардлага: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч П.Н, улсын байцаагч Э.Э нарын 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 0005675 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 668 дугаар шийдвэр,
Шүүх хуралдааны оролцогчид:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ө,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж
Хэргийн индекс: 128/2021/0661/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 668 дугаар шийдвэрээр “Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь заалтыг баримтлан С.М-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын хяналтын улсын байцаагчийн 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 0005675 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгон” шийдвэрлэсэн байна.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ө шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:
“... Анх 4678 УАС улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэр гүйцэтгэсэн иргэн, аж ахуй эрхлэгчид холбогдуулан зөрчлийн хэрэг нээсэн. Тус тээврийн хэрэгслийн хууль ёсны эзэмшигч нь Авто тээврийн үндэсний төвийн авсан лавлагаагаар иргэн С.М болох нь тогтоогдсон.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэнэ” гэж заасны дагуу иргэн С.М-ийг холбогдогч гэж үзэн мэдүүлэг авах ажиллагаа хийсэн. Өөрөөр хэлбэл, Улсын ерөнхий прокурорын баталсан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны эрх зүйн хэлбэрийн жагсаалт, загварт холбогдогчоор тогтоох тогтоол байдаггүй. Иймд дээрх анхан шатны шүүхийн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын хилийн Замын-Үүд боомтын улс хоорондын тээврийн үйл ажиллагаанд хийсэн удирдамжтай хяналт шалгалтаар энгийн үед нарийн ногооны тээврийн үнэ 2,200,000-2,500,000 төгрөгийн хооронд байсан. Мөн хяналт шалгалтаар нарийн ногооны үнийн судалгааг хийхэд Улаанбаатар хотын томоохон зах, худалдааны төв, сүлжээ дэлгүүрүүдэд худалдаалагдаж буй нарийн ногооны үнэ дунджаар 22 хувиар өссөн нь тогтоогдсон. Үнийн өсөлтийн шалтгаан нь тээврийн зардлын үнийн өсөлт болохыг худалдаалагчдаас холбогдох нотлох баримтаар баталгаажуулж авсан.
Цар тахалтай холбогдуулан үүссэн онцгой нөхцөл байдлын үед нарийн ногооны тээврийн үнийн 20,000,000 төгрөг болгож үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн болох нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон тул иргэн С.М-т торгууль оногдуулсан. Мөн иргэн С.М нь тээвэр гүйцэтгэх явцад гарсан зардлуудыг холбогдох нотлох баримтаар баталгаажуулж гарган өгөөгүй тул олсон орлогыг бүхэлд нь хууль бусаар олсон орлого гэж үзсэн болно.
Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т “Аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “Аж ахуй эрхлэгч гэж Монгол Улсад бүртгэлтэй, аж ахуй эрхэлж байгаа ашгийн төлөө болон ашгийн төлөө бус хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага, хувь хүнийг” гэж тус тус заасан байдаг.
Учир нь холбогдогч С.М нь давамгай байдалтай хуулийн этгээд биш ч Өрсөлдөөний тухай хуульд заасны дагуу аж ахуй эрхлэгч болох тул өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн үйл ажиллагаа явуулсан нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт заасны дагуу торгох шийтгэл оногдуулсан байхад шүүх дүгнэлт хийж хариуцагчийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1, 121.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 0668 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д заасныг баримтлан Шударга, өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын хяналтын улсын байцаагчийн 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 0005675 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий С.М-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ