Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 0834

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан,

улсын яллагч С.Энхням,

шүүгдэгч Д.О............л.г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Боржигон овогт Дагвын О............л.гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан байдлаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2008 0000 01109 дугаартай 1 хавтаст хэргийг 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овогт Дагвын О............л.г, Монгол Улсын иргэн, Төв аймгийн Цээл суманд 1986 оны 7 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Зөв зуурмаг” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчиний 27 дугаар гудамжны 9 тоотод байнга, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо 38-8 тоотод түр оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар НЩ86071974.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Шүүгдэгч Д.О............л.г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 6 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо Дэвшилийн автобусны буудал дээр хохирогч Ж.Ж...............ржид “ахаа би таны үгэнд орно ганц үнсье” гэж хэлэн түүний уруул дээр үнсэхдээ уруулыг нь хазаж дээд уруулын шарх бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

1. Хохирогч Ж.Ж...............ржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 6 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө 02 цагийн орчим ажил тараад ажлын найз Б............нэ, О............л.г нартай хамт бид 3 ажлын гадаа 0.5 литрийн хэмжээтэй “Хараа” нэртэй архи 2 шилийг хувааж ууцгаасан...тэгээд бид 3 юунаас болж маргалдсанаа мэдэхгүй байна хоорондоо маргалдаад эхэлсэн тэгсэн О............л.г намайг “ахаа би таны үгэнд орно. Ахыгаа ганц үнсье” гэхээр нь би үнсүүлэх гээд тонгойтол миний уруулаас хазчихсан. Миний уруулаас цус гараад байхаар нь бид 3 шууд гэмтлийн эмнэлэг орж би уруулаа оёулсан...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9-11),

2. Гэрч Д.Б............нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 6 дугаар сарын 15-аас 16-нд шилжих шөнө 3 цагийн орчимд...Ж...............рж О............л.г намайг хазчихлаа гээд орилж байснаа машинд суугаад эмнэлэг явлаа гээд явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49-50)

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 7056 дугаар дүгнэлт

“...Хэсэг газрын үзлэгт: ...Дээд уруулд хагас дугуй хэлбэртэй 1.6см шарханд 4ш мэс заслын оёдолтой...ДҮГНЭЛТ

1. Ж.Ж...............ржийн бид дээд уруулд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Шарханд анхдагч цэгцлэлт хийгдсэн тул ямар зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэнийг тогтоох боломжгүй байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 18),

 

4. Шүүгдэгч Д.О............л.гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 6 дугаар сарын 15-аас 16-нд шилжих шөнө 3 цагийн үед Ж...............рж Б............нэ бид 3 ажлаасаа буугаад...0.5 литрийн хоёр шил хараа нэртэй архи хувааж ууцгаасан. Архиа ууж дуусчихаад би явлаа гээд зам гарах шиг болсон тэрнээс хойш санахгүй байна...би согтуудаа хазаж учруулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46-47),

 

- Хялбаршуулах журмаар шийдвэрлэх тухай хүсэлт (хавтаст хэргийн 54-55), Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх прокурорын тогтоол (хавтаст хэргийн 58), хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал (хавтаст хэргийн 59),

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 29, 30), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 23), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 31, 32) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Д.О............л.гт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Д.О............л.г нь Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо Дэвшилийн автобусны буудал дээр, 2020 оны 6 дугаар сарын 15-аас 16-нд шилжих шөнө, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, хувийн таарамжгүй харьцааны улмаас, шууд санаатай үйлдлээр, хохирогч Ж.Ж...............ржийг “ахаа би таны үгэнд орно ганц үнсье” гэж хэлэн түүний уруул дээр үнсэхдээ уруулыг нь хазаж дээд уруулын шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

- Хохирогч Ж.Ж...............ржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 6 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө 02 цагийн орчимд ажил тараад ажлын найз Б............нэ, О............л.г нартай хамт бид 3 ажлын гадаа 0.5 литрийн хэмжээтэй хараа нэртэй архи 2 шилийг хувааж ууцгаасан...тэгээд бид 3 юунаас болж маргалдсанаа мэдэхгүй байна хоорондоо маргалдаад эхэлсэн тэгсэн О............л.г намайг ахаа би таны үгэнд орно ахыгаа ганц үнсье гэхээр нь би үнсүүлэх гээд тонгойтол миний уруулаас хазчихсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9-11),

- Гэрч Д.Б............нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ж...............рж О............л.г намайг хазчихлаа гээд орилж байснаа машинд суугаад эмнэлэг явлаа гээд явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49-50)

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 7056 дугаар дүгнэлт “...Ж.Ж...............ржийн бид дээд уруулд шарх гэмтэл тогтоогдлоо. ...3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 18) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Д.О............л.г нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр хохирогч Ж.Ж...............ржийг хазаж эрүүл мэндэд нь гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.О............л.г нь хохирогч Ж.Ж...............ржийн уруул дээрээс хазсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба хазуулснаас болж хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

Тиймээс шүүгдэгч Д.О............л.гийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Ж...............рж нь эмчилгээний зардалд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй байх тул шүүгдэгч Д.О............л.гийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Д.О............л.гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгч нь улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.О............л.гт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Д.О............л.г, хохирогч Ж.Ж...............рж нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Иймд шүүгдэгч Д.О............л.гийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн гэх хувийн байдал болон тэрээр эрхэлсэн тодорхой ажилтай зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Д.О............л.гт торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг хуульд заасан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.

 

Эрүүгийн 2008 0000 01109 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.