Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 0860

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ж............н,

улсын яллагч Г.Яндаг,

шүүгдэгч Ж.О............н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Харчу овогт Ж............ны О............ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 2008 0190 41034 дугаартай, 1 хавтаст хэргийг 2020 оны ........ сарын 21-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Харчу овогт Ж............ны О............н, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1989 оны ........ сарын 18-ны өдөр төрсөн, 30 настай, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлийн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ................оотод оршин суух бүргэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар ......................

 

Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Яллагдагч Ж.О............н нь 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ........ хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тариат Манхан” нэртэй хүнсний дэлгүүрээс иргэн Ц.Н.............гийн өмчлөлийн Самсунг Галакси on-7 загварын гар утас, мобайл мпос төхөөрөмж зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 320.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Хохирогч Ц.Н.............гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 3 дугаар сарын 12-ны өдөр би өөрийн ажиллуулдаг Сонгинохайрхан дүүргийн ........ хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тариат Манхан” нэртэй хүнсний дэлгүүрт байж байтал өдөр 12 цагийн орчимд манай хүнсний дэлгүүрт маск зүүчихсэн эрэгтэй хүн орж ирээд утсаар яриад нэлээн удаан зогсож байгаад “гоймон худалдаж авъя” гэж хэлсэн. Тэгээд гоймон худалдаж авахгүй байж байгаад чихрийн лангууны араас “Samsung Galaxy On7” загварын гар утас болон тухайн утсанд залгаатай байсан Төрийн банкны “МПОС” төхөөрөмжийг хамтад нь хулгай хийж аваад гарсан байсан. ...хулгайд алдагдсан гар утсыг 2019 оны 300.000 төгрөгөөр, мобайл “мпос” төхөөрөмжийг 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 120.000 төгрөгөөр тус тус худалдан авч байсан... ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23),

2. CD бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...20200312_131303 гэсэн дугаартай хавтас руу ороход 1 минут 05 секундийн бичлэг байх ба уг бичлэгийг эхлүүлэхэд өмднийхөө халаасанд хоёр гараа хийсэн 30-35 орчим насны эрэгтэй хүн байх ба уг хүн нь дээгүүрээ хар хүрэмтэй, доогуураа хөх жинсэн өмдтэй, хар гутал, хар үстэй, эрээн өнгийн масктай хүн байлаа. Түүний цаад талд хар урт хүрэм, бор гутал, хөх жинсэн өмдтэй, улаан эрээн масктай эрэгтэй хүн зогсоход... худалдагч...тухайн залуутай наймаа хийж байхад 30-35 орчим насны залуу лангууны ар тал руу тонгойж ...гар утас, мпос машин авч өмднийхөө халаасанд хийгээд...гарч байгаа бичлэг байлаа...” гэх баримт (хавтаст хэргийн 74), 

3. Гэрч Ш.Батсуудалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ж.О............н 1 сарын өмнө надад ганцаараа явж байгаад дэлгүүрээс гар утас, мпос төхөөрөмж хулгай хийчихсэн гэж хэлсэн. Өөр зүйл ярьж хэлээгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32),

- “...Уг бичлэг дээр лангууны араас эд зүйл авч байгаа хүн манай нөхөр О............н мөн байна. Би шууд хараад таньж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 76)

4. “Мастер Үнэлгээ” ХХК-ийн 2020 оны Хөрөнгийн үнийн 20/046, 20/094 дугаар тодорхойлолтуудад “...Samsung ON-7” загварын гар утас...200.000 төгрөг, ...Мобайл “мпос” 120.000 төгрөг...” гэх баримт (хавтаст хэргийн 36-37, 41-42),

5. Шүүгдэгч Ж.О............ны мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 3 дугаар сарын дундуур өдрийг нь сайн санахгүй байна. Гадуур ганцаараа архи ууж явж байгаад өдөр 12 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн ........ хорооны нутаг дэвсгэр болох ган хийцийн автобусны буудлын эцэс дээр байрлах “Тариат Манхан” нэртэй хоёр давхар улаан өнгийн тоосгон дэлгүүрт орж ширхгийн тамхи бэлэн гоймон асуутал байгаа гэж 40 гаран насны эмэгтэй худалдагч эгч хэлсэн. Тухайн үед мөнгөгүй байсан болохоор дэлгүүрт нь хэсэг зогсож байтал чихрийн лангууны ард талд гар утас болон залгаж холбосон мпос төхөөрөмж харагдахаар нь авна гэж бодоод худалдагчийг өөр лангууны ард очиж зогсож юм хийж байхад нь лангуун дээгүүр нь давж тонгойж байгаад лангууны доор байсан “Samsung Galaxy On-7” загварын хар өнгийн гар утас, түүнтэй холбоотой байсан “мпос” төхөөрөмж хоёрыг аваад ...дэлгүүрээс гарч яваад Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт...нийлүүлээд 33.000 төгрөгөөр зараад тухайн мөнгөөрөө 1 шил 0.75 литрийн хараа нэртэй архи авч ууж, үлдсэн мөнгөөр нь хоол авч идэж дуусгасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 65-68),

6. Эд мөрийн баримтаар тооцох тогтоол (хавтаст хэргийн 73),

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 80), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 50), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 56, 77), хувийн байдлын талаарх баримт (хавтаст хэргийн 78, 79), хохирол төлсөн баримт (хавтаст хэргийн 102) зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ж.О............нд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

  1. Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Ж.О............н нь Сонгинохайрхан дүүргийн ........ хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тариат Манхан” нэртэй хүнсний дэлгүүрээс, 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдөр, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, архины мөнгө олох зорилгоор, иргэн Ц.Н.............гийн өмчлөлийн Samsung Galaxy On7 загварын гар утас, Төрийн банкны МПОС төхөөрөмж зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 320.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь:

- Хохирогч Ц.Н.............гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 3 дугаар сарын 12-ны өдөр би өөрийн ажиллуулдаг Сонгинохайрхан дүүргийн ........ хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тариат Манхан” нэртэй хүнсний дэлгүүрт байж байтал өдөр 12 цагийн орчимд манай хүнсний дэлгүүрт маск зүүчихсэн эрэгтэй хүн орж ирээд утсаар яриад нэлээн удаан зогсож байгаад “гоймон худалдаж авъя” гэж хэлсэн. Тэгээд гоймон худалдаж авахгүй байж байгаад чихрийн лангууны араас Samsung Galaxy On7 загварын гар утас болон тухайн утсанд залгаатай байсан Төрийн банкны МПОС төхөөрөмжийг хамтад нь хулгай хийж аваад гарсан байсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23),

- CD бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...хар урт хүрэм, бор гутал, хөх жинсэн өмдтэй, улаан эрээн масктай эрэгтэй хүнтэй... худалдагч... наймаа хийж байхад 30-35 орчим насны залуу лангууны ар тал руу тонгойж ...гар утас, мпос машин авч өмднийхөө халаасанд хийгээд...гарч байгаа бичлэг байлаа...” гэх баримт (хавтаст хэргийн 74), 

- Гэрч Ш.Батсуудалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ж.О............н 1 сарын өмнө надад ганцаараа явж байгаад дэлгүүрээс гар утас, мпос төхөөрөмж хулгай хийчихсэн гэж хэлсэн. Өөр зүйл ярьж хэлээгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32),

- “...Уг бичлэг дээр лангууны араас эд зүйл авч байгаа хүн манай нөхөр О............н мөн байна. Би шууд хараад таньж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 76)

- “Мастер Үнэлгээ” ХХК-ийн 2020 оны Хөрөнгийн үнийн 20/046, 20/094 дугаар тодорхойлолтуудад “...Samsung ON-7” загварын гар утас...200.000 төгрөг, ...Мобайл мпос 120.000 төгрөг...” гэх баримт (хавтаст хэргийн 36-37, 41-42) ,

- Шүүгдэгч Ж.О............ны мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 3 дугаар сарын дундуур ...архи ууж явж байгаад өдөр 12 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн ........ хорооны нутаг дэвсгэр болох ган хийцийн автобусны буудлын эцэс дээр байрлах “Тариат Манхан” нэртэй хоёр давхар улаан өнгийн тоосгон дэлгүүрт орж ...худалдагчийг өөр лангууны ард очиж зогсож юм хийж байхад нь лангуун дээгүүр нь давж тонгойж байгаад лангууны доор байсан Samsung Galaxy On-7 загварын хар өнгийн гар утас, түүнтэй холбоотой байсан мпос төхөөрөмж хоёрыг аваад ...дэлгүүрээс гарч ...явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 65-68) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Ж.О............н нь хууль зүйн хувьд шунахайн сэдэлтээр, хялбар аргаар мөнгө болох зорилгоор, Samsung Galaxy On7 загварын гар утас, Төрийн банкны МПОС төхөөрөмж зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан болох нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Иймд шүүгдэгч Ж.О............н гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ж.О............наас 320.000 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч нь 100.000 төгрөгийг төлсөн байна.

Иргэний хуулийн 49........ зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай ...үйлдэл ...-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа ...мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус хуульчилсан байна. Иймд шүүгдэгч Ж.О............наас бусдад учруулсан хохирлын үлдэх 220.000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

  II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Ж.О............ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг,

Шүүгдэгч нь гэм буруугийн хувьд маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тиймээс улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтээс доогуур хэмжээгээр нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ж.О............н Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг удирдлага болгон гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг харгалзан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.О............ныг 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлд зааснаар Ж.О............нд нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдрийн наймаас дээшгүй хугацаагаар хийлгэхээр тогтоож, тэрээр нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй байна.

Эрүүгийн 2008 0190 41034 дугаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн CD 1 ширхэгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээх нь зүйтэй.

Хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.