| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 137/2016/0103/И |
| Дугаар | 99 |
| Огноо | 2017-02-20 |
| Маргааны төрөл | Асран тэтгэх, Гэрлэлт цуцалсан, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 99
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалан, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 7-р хороо Хилчин 1-р гудамж 11 тоотод оршин суух, Илжигин овогт Баатарын Сэлэнгэ /МЮ85062489, утас: 86198008/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорноговь аймгийн Эрдэнэ сумын 5-р баг Аман усны 3-2 тоотод оршин суух Халх овогт Энхбатын Очирхуяг /ЛЖ86100411/-т хариуцагдах
“Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох”-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Сэлэнгэ, хариуцагч Э.Очирхуяг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхмөрөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Сэлэнгэ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Б.Сэлэнгэ нь 2005 онд нөхөр болох Э.Очирхуягтай танилцаж, 2006 оны 10 дугаар сарын 25-ний өдөр гэрлэлтээ албан ёсоор батлуулж гэр бүл болсон. Биднийг хамт амьдрах хугацаанд 2006 оны 09 дүгээр сарын 24-нд хүү О.Бат-Ирээдүй, 2009 оны 09 дүгээр сарын 22-нд хүү О.Мөнхзанги, 2013 оны 05 дугаар сарын 28-нд охин О.Энэрэл нар төрсөн. Бид цаашид амьдрах боломжгүй, зан харилцааны хувьд таарч тохирохгүй байгаа учир сүүлийн 3 жил буюу 2013 оноос хойш тусдаа амьдрах болсон. Миний бие өөрийн хүүхдүүдийг Э.Очирхуягийн асрамжид өгөлгүйгээр гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна. 3 хүүхэддээ тэтгэлэг тогтоолгоно. Бид нарын хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй” гэжээ.
Нэхэмжлэгч Б.Сэлэнгэ шүүх хуралдаанд: “... Бид хамт амьдарч байх хугацаанд хувийн таарамжгүй харилцаанаас болж хэрүүл маргаантай, Э.Очирхуяг нь зоддог байсан. Сүүлд бид хоёр ярилцаад гэрлэлтээ цуцлуулахаар шийдсэн. Гэрлэлтээ цуцлуулна, хүүхдүүдээ өөрийн асрамжинд авна гэж байсан хоорондоо ярилцаад хоёр хүүгээ аавынх нь асрамжинд, охиноо өөрийн асрамжинд авч хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхээ больсон. Цаашид эвлэрч амьдрах боломжгүй, эд хөрөнгийн маргаан байхгүй” гэв.
Хариуцагч Э.Очирхуяг шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд: “Бид 2005 онд танилцаж, 2006 онд гэрлэлтээ батлуулсан. 2006 оны 09 дүгээр сарын 24-нд хүү О.Бат-Ирээдүй, 2009 оны 09 дүгээр сарын 22-нд хүү О.Мөнхзанги, 2013 оны 05 дугаар сарын 28-нд охин О.Энэрэл нар төрсөн. Гэрлэлтээ цуцлуулна. Хоёр хүүгээ өөрийн асрамжинд авч, охиноо эхийнх нь асрамжинд өгнө. Эд хөрөнгийн маргаан байхгүй. Хамт амьдарч байх хугацаанд Б.Сэлэнгэ нь өөр хүнтэй болж хэрүүл, маргаантай, энэ хүнийг би зодож гэмтээж байсан. Нэг удаа би уучилж байсан боловч дахиад өөр хүнтэй холбогдсон. Үүнээс болж бид хэрүүл маргаантай байх болсон. Бид хоёр хоёулаа түргэн ууртай. Цаашид эвлэрч хамт амьдрах боломжгүй” гэв.
Шүүх нотлох баримтаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Сэлэнгэ нь хариуцагч Э.Очирхуягт холбогдуулан гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Зохигчид 2005 онд танилцаж, 2006 оны 10 дугаар сарын 25-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулж, 2006 оны 09 дүгээр сарын 24-нд хүү О.Бат-Ирээдүй, 2009 оны 09 дүгээр сарын 22-нд хүү О.Мөнхзанги, 2013 оны 05 дугаар сарын 28-нд охин О.Энэрэл нар төрсөн ба зохигчид зан харьцааны, таарамжгүй харилцаанаас болж 2013 оноос тус тусдаа амьдран хамтын амьдралаа үргэлжүүлэх боломжгүй болсон нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн баталгааны лавлагаа болон хүүхдийн иргэний үнэмлэхний хуулбар зэргээр тогтоогдож байна.
Зохигчид гэр бүлээ цуцлуулах асуудлаар маргаангүй, хоорондын таарамжгүй харьцаа, бие биедээ үл итгэх, нэг нэгэндээ хүндэтгэлгүй хандсанаас тэдний хооронд үл ойлголцол бий болж 2013 оноос хойш тус тусдаа амьдарсан одоо хэн алин нь цаашид эвлэрч амьдрах боломжгүй, гэрлэлтээ цуцлуулна гэж байх тул шүүх тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч “хүүхдүүдээ өөрийн асрамжид авч, тэтгэлэг тогтоолгоно” гэсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “2006 оны 09 дүгээр сарын 24-нд төрсөн хүү О.Бат-Ирээдүй, 2009 оны 09 дүгээр сарын 22-нд төрсөн хүү О.Мөнхзанги нарыг эцэг Э.Очирхуягийн асрамжинд, 2013 оны 05 дугаар сарын 28-нд төрсөн охин О.Энэрэлийг өөрийн асрамжинд авч тэтгэлэг тогтоолгохгүй” гэсэн болно.
Хүүхдүүдийг шүүх хэдийгээр зохигчдын тохиролцоог үндэслэж эцэг, эхийнх нь асрамжинд өгөхөөр шийдвэрлэж байгаа боловч, хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд зааснаар хүүхэд эцэг эхийн хамт байх, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхийн хэн нэгнээс тусдаа амьдрах үедээ тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй тул эцэг Б.Мөнхболд, эх Б.Сэлэнгэ нар нь хүү О.Бат-Ирээдүй, О.Мөнхзанги, охин О.Энэрэл нарт анхаарал халамж тавьж өсгөн хүмүүжүүлэх, тэжээн тэтгэх үүрэгтэйг зааж, зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу шийдвэрлэсэн болно.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Илжигин овогт Баатарын Сэлэнгэ /МЮ85062489/, Халх овогт Энхбатын Очирхуяг /ЛЖ86100411/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2006 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн хүү О.Бат-Ирээдүй, 2009 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн хүү О.Мөнхзанги нарыг эцэг Н.Очирхуягийн асрамжид, 2013 оны 05 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин О.Энэрэлийг эх Б.Сэлэнгийн асрамжид тус тус үлдээсүгэй.
3. Зохигчид нь хүүхдийн тэтгэлэг болон дундын өмчлөлийн эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдсугай.
4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Сэлэнгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Очирхуягаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Сэлэнгэд олгосугай.
5. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээ хэвээр үргэлжлэхийг дурдсугай.
6. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Н.Баярмаад даалгасугай.
7. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
8. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ