| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 137/2017/0109/И |
| Дугаар | 100 |
| Огноо | 2017-02-21 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 100
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж,
Хүсэлт гаргагч: Капитал банкны Замын-Үүд салбарын нэхэмжлэлтэй “Дамдинсүрэнгийн Батбаатар /РД: РЮ85021979/-ыг эрэн сурвалжлуулах тухай” хүсэлтээр үүсгэсэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхмөрөн, хүсэлт гаргагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Капитал банкны Замын-Үүд салбар нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Иргэн Д.Батбаатар 2014 оны 08 дугаар сарын 06-ны өдөр №ЗГ-699 тоот зээлийн болон барьцаат гэрээ байгуулж 12,000,000 төгрөгийг сарын 2,6%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн байдаг. Зээлдэгч Д.Батбаатар нь зээл авснаас хойш зээлийн гэрээний үүргээ удаа дараа зөрчин зээл, зээлийн хүүний төлбөрийг төлөхгүй банкыг өнөөдрийг хүртэл хохироосоор байна. Зээлийн үлдэгдэл 11,475,255 төгрөг, зээлийн хүү 8,838,962 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,038,594 төгрөг нийт 21,352,881 төгрөгийг үлдэгдэлтэй байгаа бөгөөд оршин суугаа газар болон хаяг нь тодорхойгүй байгаа тул эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д.Батбаатар 2014 оны 08 дугаар сарын 06-ны өдөр №ЗГ-699 тоот зээлийн болон барьцаат гэрээ байгуулж 12,000,000 төгрөгийг сарын 2,6%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч Д.Батбаатар нь зээл авснаас хойш 9 сард төлөлт хийгээд 10 сараас төлөлт хийгээгүй. Зээлийн үлдэгдэл 11,475,255 төгрөг, зээлийн хүү 8,838,962 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,038,594 төгрөг нийт 21,352,881 төгрөгийг үлдэгдэлтэй байгаа ба хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй, хаяг нь мөн тодорхойгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү. Ээжээс нь асуухаар мэдэхгүй Улаанбаатар хотод байгаа гэдэг. Ээжийнх нь нэрийг мэдэхгүй утас нь 89905141, эхнэр Ариунзаяа нь Дорноговь аймгийн Сайншандад байдаг асуухаар салсан мэдэхгүй гэдэг, эхнэрийнх нь утас 96280087 юм” гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлт гаргагч Капитал банкны Замын-Үүд салбарын хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Д.Батбаатар нь Капитал банкны Замын-Үүд салбараас 2014 оны 08 дугаар сарын 06-ны өдөр №ЗГ-699 тоот зээлийн гэрээ байгуулж 12,000,000 төгрөгийг сарын 2.6%-ийн хүүтэй, 24 сарын сарын хугацаатай зээл авсан нь зээлийн гэрээ, барьцааны гэрээ зэргээр тогтоогдож байх тул Д.Батбаатар нь шүүхэд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд Д.Батбаатарыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг зохих байгууллагад даалгах нь зүйтэй байна гэж үзлээ.
Дамдинсүрэнгийн Батбаатар /РД: РЮ85021979/ иргэний үнэмлэхний Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р баг төмөр замын 1-21 тоотод оршин суух бүртгэлтэй байсан талаар зээлийн гэрээнд тус тус тэмдэглэгдсэн болохыг дурдах нь зүйтэй байна. /ээжийнх нь утас 89905141, эхнэр Ариунзаяагийнх нь утас 96280087/
Хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамжинд 264,714 төгрөгийг төлсөн байх ба хуулийн дагуу төлөх ёстой 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, илүү төлсөн 194,514 төгрөгийг төрийн сангаас буцаан гаргуулж хүсэлт гаргагч Капитал банкны Замын-Үүд салбарт олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар Халиугчин овогт Дамдинсүрэнгийн Батбаатар /РД: РЮ85021979/-ыг эрэн сурвалжилсугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар Д.Батбаатарыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай.
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 264,714 төгрөгнөөс 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 194,514 төгрөгийг хүсэлт гаргагч Капитал банкны Замын-Үүд салбарт олгосугай.
4. Энэхүү шийдвэрийг нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ