Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 285

 

Б.Чулуунбаатарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2016/01024 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Чулуунбаатарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч С.Оюунчимэгт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 13 734 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Баасанбат

Хариуцагч: С.Оюунчимэг

Хариуцагчийн өмгөөлөгч: Н.Дашдулам

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баасанбат шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Чулуунбаатар нь С.Оюунчимэгтэй 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр зээлийн гэрээ байгуулж                      7 000 000 төгрөг зээлдүүлсэн. 2016 оны 03 дугаар сарын 08-ны өдрөөс хойших хүүг 6 хувиар тооцож 3 234 000 төгрөг, хариуцагч зээлийн төлбөрөө 2016 оны 03 дугаар сарын 08-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх төлбөр төлөөгүй тул уг өдрөөс хойш гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцоход алданги хэт өндөр гарч байсан тул зээлийн үндсэн төлбөр 7 000 000 төгрөгийн 50 хувиар бодож алданги 3 500 000 төгрөг, нийт 13 734 000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч С.Оюунчимэг шүүхэд, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие уг зээлийг Б.Чулуунбаатараас өөрөө аваагүй. 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдөр миний хүү н.Нямдаваа нь Б.Чулуунбаатартай зээлийн гэрээ байгуулан 12 000 000 төгрөг зээлснээс үлдэгдэл төлбөр 7 000 000 төгрөг дээр 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр нөхөж зээлийн гэрээ байгуулан сар бүр 420 000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Эдийн засаг хямралтай, наймаа муу болсноор зээлийн гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болсон. Б.Чулуунбаатар, н.Энхмандах нар надаас 480 000 төгрөгийн хөнжил, гудас авсан атлаа нэхэмжлэлээсээ хасаагүй, мөн 2016 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 800 000 төгрөг шилжүүлснийг тооцоогүй байна.

Би зээлийн гэрээ байгуулснаас хойш Б.Чулуунбаатарын Хаан банкны данс руу 4 560 000 төгрөг, Капитрон банкны дансанд 8 590 000 төгрөг, нийт 13 150 000 төгрөг төлснөөс 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр төлсөн 800 000 төгрөгийг зээлийн гэрээний үүргээс хасаж тооцоогүй байна. Б.Чулуунбаатарт би нийт 14 430 000 төгрөг төлсөн тул Б.Чулуунбаатарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч нэхэмжлэгчээс бодитойгоор 7 000 000 төгрөг аваагүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийг тус тус баримтлан хариуцагч С.Оюунчимэгээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 9 045 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Чулуунбаатарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 4 633 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 249 950 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 159 670 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

 2015 оны 09 дугаар сарын 08-ны өдөр надтай байгуулсан зээлийн гэрээний дагуу мөнгийг би аваагүй. Миний хүү н.Нямдаваа нь 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Б.Чулуунбаатартай гэрээ хийж мөнгө зээлсэн байсан. Би хүүгийнхээ өгсөн мөнгийг банкинд очиж данс руу нь хийж байсан. Гэтэл Б.Чулуунбаатар нь миний хүүтэй байгуулсан зээлийн гэрээ дууслаа мөнгөө төл гэж н.Нямдаваа руу удаа дараа залгаж байсан бөгөөд  7 000 000 төгрөгийн үлдэгдэл байна, энэ мөнгийг таньтай гэрээ байгуулж хүү болон үндсэн төлбөрөө авна гэсэн. Би гэрээ байгуулсан. Би гэрээ байгуулсан юм чинь мөнгийг нь төлөх ёстой гэж бодсон. н.Нямдаваа өөрөө төлнө. Би Б.Чулуунбаатарт хүүгээсээ мөнгө авч хангалттай төлсөн, одоо надад Б.Чулуунбаатарт төлөх мөнгө байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр хэргийг буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулжээ.

            Нэхэмжлэгч Б.Чулуунбаатар хариуцагч С.Оюунчимэгт холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 13 734 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч мөнгөн хөрөнгийг хүлээж аваагүй, төлөх төлбөргүй гэж маргасан.

            Нэхэмжлэгч Б.Чулуунбаатар болон хариуцагч С.Оюунчимэгийн хүү Н.Нямдаваа нарын хооронд 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, Н.Нямдаваа нь 12 000 000 төгрөгийг 4 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй зээлж авсан талаарх зээлийн гэрээ хэрэгт нотлох баримтаар авагдсан ба энэ талаар зохигчид маргаагүй.

            Энэ зээлийн гэрээний үүргийг тооцож 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Б.Чулуунбаатар, С.Оюунчимэг нар нь зээлийн гэрээ байгуулсан гэх хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгээгүй. 

2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс хойш 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд С.Оюунчимэг нь зээл, зээлийн хүү гэж тодорхойлж мөнгөн хөрөнгийг хариуцагчид төлж байсан зэрэг үйл баримтууд хэргийн 16-18, 38-65 дахь талд авагдсан Капитрон болон Хаан банкны орлогын баримт, депозит дансны хуулга гэх баримтаар тогтоогджээ.

Дээрх нөхцөл байдлуудыг шүүх дүгнэж 2014 оны зээлийн гэрээг тооцож, үлдэгдэл төлбөр дээр 2015 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, зээлийн хэмжээг 7 000 000 төгрөгөөр тодорхойлсон шинэ гэрээ байгуулсан гэж дүгнэснийг буруутгах боломжгүй байна. Иймд 2015 оны зээлийн гэрээний дагуу 7 000 000 төгрөгийг С.Оюунчимэг нь 2014 оны гэрээний дагуу хүлээн авсан тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан байх урьдчилсан нөхцөл хангагджээ. Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний үүргийг харилцан үүссэн гэж шүүх дүгнэсэн нь зөв байна.

Уг гэрээгээр талууд хүү тохиролцсон нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3, 282.8 дахь хэсэгт заасантай нийцжээ. 

Түүнчлэн зээлийн гэрээний 2.7 дахь хэсэгт зээлдэгч хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр тохиролцсон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцсэн, шаардах эрхтэй гэж шүүх зөв дүгнэжээ.

Зээлийн гэрээний дагуу зээлдэгч С.Оюунчимэг нь үндсэн зээлд 7 000 000 төгрөг, зээлийн хүүд 1 260 000 нийт 8 260 000 төгрөг төлөхөөс 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс хойш төлөгдсөн 600 000 төгрөгийг хасч тооцвол 7 660 000 төгрөг төлөх үүрэгтэй ба энэ хугацаанаас хойш төлбөр төлөгдөөгүй тул хариуцагч нь 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар гэрээгээр тохирсон алдангид 3 500 000 төгрөг, нийт 11 160 000 төгрөгийг шаардах эрхтэй ба энэ өдөр төлөгдсөн 610 000 төгрөг, бараа бүтээгдэхүүнээр төлсөн 440 000 төгрөгийг хасч тооцвол нийт үүрэг 10 110 000 төгрөгөөр тодорхойлогдохоор байна.

Шүүх 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд хариуцагч С.Оюунчимэгээс төлсөн төлбөрийг 2014 оны зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 5 120 000 төгрөг, зээлийн хүүд 2 880 000 төгрөг нийт 8 000 000 төгрөг төлөгдсөн, 7 000 000 төгрөгийн хэмжээгээр зээлийн гэрээ байгуулсныг харьцуулан дүгнэж илүү 120 000 төгрөг төлөгдсөн гэж дүгнэж, 2015 оны зээлийн хүүд        2 520 000 төгрөг төлөхөөс нь 2 530 000 төгрөгийг төлж илүү 10 000 төгрөг төлөгдсөн, 440 000 төгрөгийг бараа өгснийг хасч тооцоогүй байдлуудыг харгалзан үзэж, 2015 оны зээлийн гэрээгээр үндсэн зээл 6 030 000 төгрөг, алданги 3 015 000 төгрөг нийт 9 045 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн, энэ шийдвэрт нэхэмжлэгч тал гомдол гаргаагүй тул талуудын зарчмыг баримтлан шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна. 

Иймд мөнгөн хөрөнгийн бодитойгоор шилжүүлж аваагүй тул зээлийн гэрээний үүрэг хариуцахгүй гэх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2016/01024 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 159 670 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

      ШҮҮГЧИД                                     Д.БАЙГАЛМАА

                                                

                                                                                                Э.ЗОЛЗАЯА