| Шүүх | Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Одцэрэнгийн Однямаа |
| Хэргийн индекс | 165/2017/0084/Э |
| Дугаар | 2018/ДШМ/01 |
| Огноо | 2018-01-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Нямбилэгт |
Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 2018/ДШМ/01
Д.Ганцэцэгт холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Тэгшсуурь даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч О.Однямаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд
Прокурор Э.Нямбилэгт,
шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Энхбаяр нарыг оролцуулан,
Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баттулга даргалж шийдвэрлэсэн, 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2017/ШЗ/174 дүгээр шүүгчийн захирамжтай, шүүгдэгч Д.Ганцэцэгт холбогдох 1717000890045 дугаартай 1 хавтас 78 хуудас бүхий эрүүгийн хэргийг эс зөвшөөрч хяналтын прокурор Э.Нямбилэгтийн гаргасан эсэргүүцлийг үндэслэн Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Однямаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Д.Ганцэцэг нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 19 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2-р баг, Шивээгийн 1-143 тоотод иргэн /нөхөр/ Э.Ганболдтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан толгойн тус газар сандлаар чулуудаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүх: Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн яллагдагч Д.Ганцэцэгт холбогдох 1717000890045 дугаартай хэргийг прокурорт буцааж, давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгч Д.Ганцэцэгт урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хяналтын прокурор Э.Нямбилэгт шүүхэд гаргасан эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Яллагдагч Д.Ганцэцэгт холбогдох эрүүгийн хэргийг ЭХТА-н 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн.
Шүүх урьдчилан хэлэлцүүлгийг товлон зарлаад хэргийг дараах 3 үндэслэлээр прокурорт буцаасан.
Яллагдагч Д.Ганцэцэгийн үйлдсэн хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, аюулын зэргийн болон нөхцөл байдлын үнэлгээ зэрэг нотлох баримтуудад дүгнэлт хийхэд гэр бүлийн гишүүд хоорондын таарамжгүй харилцаа буюу “малын гэдэс арилгаж чаддаггүй юм уу” гэж хэлснээс болж маргалдан, улмаар тохиолдлын шинжтэй, нэг удаагийн үйлдлээр буюу сандал авч шидсэнээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогддог.
Харин эхнэр Д.Ганцэцэгийн дээрх үйлдэл нь байнгын шинжтэй, нөхөр буюу хохирогч Э.Ганболдыг байнга зоддог, хүсэл зоригийнх нь эсрэг үйлдэл хийхийг шаарддаг гэх зэрэг үндэслэл үүссэн гэж үзэх үндэслэлгүй юм.
Дээрх байдлыг гэрч нар мэдүүлсэн учраас яллагдагчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр зүйчлэх нь үндэслэлтэй гэж үзээд ЭХТА-н 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйчилсэн.
Гэр бүлийн гишүүн болох хохирогч Э.Ганболд, яллагдагч Д.Ганцэцэг нарын хооронд урьд өмнө нь гэр бүлийн хүчирхийлэлийн шинжтэй харилцаа байдаг эсэх талаар хохирогч Э.Ганболд, яллагдагч Д.Ганцэцэг нараас хуульд заасан эрх, үүргийг танилцуулан мэдүүлэг авахад урьд нь гэр бүлийн хүчирхийлэлийн шинжтэй үйлдэл гаргаж байгаагүй талаараа мэдүүлсэн.
Дээрх мэдүүлэг нь хэрэгт авагдсан гэрч Ц.Надмидын Ганцэцэг, Ганболд нар амьдраад 20 гаран жил болж байна. Хоорондоо эвтэй харьцаатай байдаг. Урьд нь хоорондоо цохилцож, зодолдож байгаагүй.
Д.Ганцэцэг нь зан байдлын хувьд зүгээр, ямар нэгэн уур уцаар байддаггүй гэсэн мэдүүлэг, гэрч Д.Ганбат нь Ганцэцэг ямар нэг ааш зан гаргаад байдаггүй, дуу цөөтэй, томоотой хүүхэд байгаа юм. Энэ хоёр юунаас болж маргалдсаныг мэдэхгүй байна. Ганболд, Ганцэцэг нар хоорондоо барагтай бол хэрэлдэж, маргалдаад байдаггүй хүмүүс байгаа юм гэсэн мэдүүлэг, аюулын зэргийн үнэлгээ, нөхцөл байдлын үнэлгээ зэрэг нотлох баримтуудаар Д.Ганцэцэг, Ганболд нарын мэдүүлэг нь давхар нотлогдож байна.
Яллагдагчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор холбогдох мэдээллүүдийг авч хэрэгт хавсаргасан, гэрчээр Ц.Надмид, Д.Ганбат, яллагчдагч Д.Ганцэцэг нарыг байцаах зэргээр тодруулсан болно.
Мөн дээрх ажиллагааг ямар үндэслэл бүхий баримтыг үндэслэн хийлгэх гэж байгаа нь тодорхойгүй, өөрийн таамаглалаар яллагдагчийн эрх зүйн байдлыг дордуулахаар дээрх ажиллагааг хийлгүүлэх гэж байгаа нь ойлгомжгүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Д.Ганцэцэгийн иргэний үнэмлэхний болон эд хөрөнгө, гэрлэлтийн лавлагааг гаргуулахаар Говьсүмбэр аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст албан бичгээр хандсаны дагуу лавлагааг албан бичгээр ирүүлсэн.
Дээрх гэрлэлтийн лавлагааг ирүүлэхдээ хуулбар хэлбэрээр ирүүлсэнийг прокурор хянаад лавлагааг албан ёсоор гаргуулан авч, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд нотлох баримтаар гаргаж өгөх, хуулбар баримттай нь харьцуулан шинжлэн судлах хүсэлтийг гаргасан боловч шүүхээс ямар үндэслэлээр нотлох баримтыг авахгүй талаараа тайлбарлаагүй.
Энэ талаар шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой тусгагдсан байгаа. Мөн яллагдагч Д.Ганцэцэг нь Улаанбаатар хот руу хүүхдээ эмчилгээнд яаралтай авч явах шаардлагатай байгаа учраас хэргийг түргэн шуурхай шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан учраас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн.
Мөн яллагдагч Д.Ганцэцэгт холбогдох хэрэгт хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлгүй байна.
Иймд шүүгчийн захирамж нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийг хүлээн авснаас хойш 72 цагийн дотор хэргийг шийдвэрлэнэ”, 33.1 дүгээр зүйлийн 4, 6 дахь хэсгийг тус тус зөрчсөн байх тул Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2017/ШЗ/174 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичлээ гэжээ.
Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.
Яллагдагч Д.Ганцэцэг нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасан тухайн хуулийн үйлчлэлд хамаарах этгээд болох нөхөр Э.Ганболдыг зодож, хөнгөн хохирол учруулсан үйлдлийг нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хохирогчид хөнгөн хохирол учруулсан гэж үзэх үндэслэлтэй байх ба энэ үндэслэлээр анхан шатны шүүхээс хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр хэргийг прокурорт буцаасан нь зөв байна.
Хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн хэргийг шүүх 72 цагийн дотор шийдвэрлэж, шийтгэх болон цагаатгах тогтоолын аль нэгийг гаргахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 17.5 дугаар зүйлд хуульчилсан байх боловч 17.4 дүгээр зүйлийн 17.4. 6-д “ ..., эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргана.” гэсний дагуу анхан шатны шүүхээс хэргийг буцаасан байна гэж үзэх үндэслэлтэй байна.
Өөрөөр хэлбэл энэ хэрэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 17.4.4–т заасан нөхцөл байдлуудад прокурор хэргийг гарсан хэргийн бодит байдалд нийцүүлэн зөв зүйлчлэн ирүүлэх нь нэгэн адил хамаарна гэж ойлгогдохоор байна гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.
Харин анхан шатны шүүх хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэрэгт урьдчилсан хэлэлцүүлэг зарласан нь буруу боловч прокурорын эсэргүүцэлд бичсэнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн асуудал биш байх бөгөөд энэ нь хэргийн оролцогчдын эрх, ашигт нөлөөлөхөөргүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчих” гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох шаардлагагүй байна гэж үзлээ.
Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2017/ШЗ/147 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хяналтын прокурор Э.Нямбилэгтийн гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ТЭГШСУУРЬ
ШҮҮГЧИД Н.БОЛОРМАА
О.ОДНЯМАА