Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 319

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч:  “СУ” ХХК.

Хариуцагч: Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, 

Хариуцагч:Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Тендерийн үнэлгээний хороо.

Гуравдагч этгээд: “БТ” ХХК. 

Нэхэмжлэлийн шаардлага: “Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн “Өндөр өртөгтэй зарим тусламж үйлчилгээнд хэрэглэгдэх эмнэлгийн хэрэгсэл, протез худалдан авах” 2018/******* дугаар бүхий нээлттэй тендер шалгаруулалтын Тендерийн үнэлгээний хорооны 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн №02 дугаартай /хурлын тэмдэглэл/ дүгнэлтийн “Багц 1-д” “БТ” ХХК тухайн багцын шаардлага хангаж байна.”, мөн өдрийн №03 дугаартай /хурлын тэмдэглэл/ дүгнэлтийн “Багц 1-д “БТ” ХХК-ийн тендер “хамгийн сайн” үнэлэгдсэн, гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэв.”,  захиалагчийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн №238 дугаар гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийн “Багц 1-д “БТ” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэв.” гэсэн хэсгүүдийг тус тус  хүчингүй болгох, Багц 1-д хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогч “СУ” ХХК-д гэрээ байгуулах эрх олгож шийдвэрлэхийг захиалагчид даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Намсрай, нэхэмжлэгч “СУ” ХХК-ийн захирал Б.Б , түүний өмгөөлөгч Л.Б , хариуцагч Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А , Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн тендерийн үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын өмгөөлөгч Ж.Б , Гуравдагч этгээд “БТ” ХХК-ийн захирал М.Б , түүний өмгөөлөгч Г.Ж нар оролцлоо. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ: “Тус компани нь Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвөөс 2018 оны 01 сарын 22-ны өдөр зарласан “Өндөр өртөгтэй зарим тусламж үйлчилгээнд хэрэглэгдэх эмнэлгийн хэрэгсэл, протез худалдан авах” 2018******* дугаар бүхий тендер шалгаруулалтын 1 дүгээр багцад оролцсон.

Захиалагч нь 2018 оны 03 сарын 15-ны 238 тоотоор:

1.“БТ ХХК нь “хамгийн сайн” үнэлэгдсэн тул 1 дүгээр багцад 248,260,000 төгрөгөөр гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэв.

2.“СУ” ХХК нь чанарын үнэлгээгээр 67,0 оноо авч, хуулийн 28.7.5 заалтыг хангаагүй тул шалгараагүй болно” гэсэн хариу өгсөн.

Үүнийг бид эс зөвшөөрч 2018 оны 03 сарын 16-ны өдөр 01/73 тоот 5 үндэслэл бүхий гомдлыг Сангийн яам, түүний хууль эрх зүйн газарт гаргасан.

Гэтэл Сангийн яам хуулийн хугацааг 3 хоногоор хэтрүүлэн 2018 оны 04 дүгээр сарын 04-ны өдөр 6-1/1673 дугаартай хариу өгөхдөө “захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна” гэсэн хариуг өгсөн.

Иймд бид захиалагчийн шийдвэр болон түүнийг эс зөвшөөрсөн манай гомдлыг хуульд зааснаар шүүхээс өмнөх шатанд урьдчилан шийдвэрлэсэн Сангийн яамны шийдвэрийг эс зөвшөөрч дараахь үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Үүнд:

1.Тендерийг нээсэн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс тендерийг шалгаруулсан 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд тендерт шалгарсан гэх “БТ” ХХК нь “эмнэлгийн хэрэгсэл импортлох, ханган нийпүүлэх тусгай зөвшөөрөл аваагүй байсан. Аж ахуйн үйп ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-д “Тусгай зөвшөөрөл шаардагдах үйл ажиллагааг эрхлэх эрх энэ хуульд заасны дагуу тусгай зөвшөөрлийг авсан өдрөөс үүснэ” гэж заасан байна.

Өөрөөр хэлбэл, Тендерийг шалгаруулах үед “Биомэд трейд” ХХК нь тусгай зөвшөөрөлгүй байсан. Харин 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Эрүүл мэндийн яамнаас тусгай зөвшөөрөл анх удаа олгогдсон байна. 

2. Тендерийн баримт бичгийн ТОӨХ 12.1 (а) - (ё), 19 (в)-д “Нийлүүлэх гэж буй эмнэлгийн хэрэгслийн лицензийн хуулбар"-ыг шаардсан байтал “БТ” ХХК —д тендерийн 1 -р багцад хамаарах 14 нэр төрлийн бараанд олгосон импортын лиценз байгаагүй. Учир нь Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс импортын лиценз олгохдоо аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл, худалдааны гэрээ, нэхэмжлэл, импортлох барааны чанарын сертификат зэргийг үндэслэл болгож, шалгаж байж лиценз олгодог.

3. Захиалагчийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт ТОӨЗ 18.1 (г)-д заасан “ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл сүүлийн нэг жил гэдэг” шаардлагын хувьд “БТ” ХХК -д ижил төстэй ажил буюу ангиографийн судсан дотуурх оношилгоо, эмчилгээний эмнэлгийн хэрэгсэл нийлүүлсэн туршлага байхгүй байна. Харин захиалагч байгууллага болох Эх, Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвтэй “тусгай зөвшөөрөлгүй хэрнээ” 2017 оны 07 сарын 03 - ны өдөр шууд гэрээ байгуулан амьсгалын аппаратын хэрэгсэл нийлүүлж байсан байна. Өөрөөр хэлбэл, “БТ” ХХК -д тусгай зөвшөөрөлгүй байхад гэрээ байгуулсан нь Эрүүл мэндийн яамны лавлагаа мэдээллээр тодорхой харагдаж байна. Мөн Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 3 дугаар зүйлд “эм” гэж юу вэ, “эмнэлгийн хэрэгсэл” гэж юу вэ, тоног төхөөрөмж гэж юу вэ гэдгийг тодорхойлсон бөгөөд аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг тус тусад олгодог болсон. Эндээс үзэхэд эмнэлгийн тоног төхөөрөмж, түүний сэлбэг хэрэгсэл нийлүүлсэн туршлагыг эмнэлгийн хэрэгсэл нийлүүлсэн туршлага гэж үзэх боломжгүй байна.

4. Захиалагчийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт ТОӨЗ 18.2 (б) –д заасан “Гүйцэтгэгчээр ажилласан байх жилийн тоо 2016 ба 2017 он гэсэн шаардлагын хувьд “Биомед трөйд” ХХК нь 2016 он болон 2017 онд тухайн гэрээтэй ижил төстэй ажлыг “үндсэн гүйцэтгэгчээр” гүйцэтгэсэн баримт байхгүй байна.

Ийм байтал хууль зөрчин “Биомед трөйд” ХХК-ийг шалгаруулсан тендерийн үнэлгээний хороо болон захиалагчийн хууль бус шийдвэрийн улмаас “СУ” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь дараахь байдлаар зөрчигдлөө. Үүнийг тодорхой бичсэн байхыг шүүх шаарддаг тул дэлгэрэнгүй бичлээ. Үүнд:

• Тендерт шударгаар өрсөлдсөн боловч, захиалагч нь “БТ” ХХК-д давуу байдал олгон, хууль зөрчиж, тэднийг шалгаруулснаар тэгш байдал алдагдлаа,

• Бид тэгш өрсөлдөх боломжгүй болж, хууль бусаар бусдад ажлаа булаалгаж, Монгол улсад “авилгагүйгээр” шударгаар ажил олж хийх эрх зөрчигдлөө,

• Шударга бус тендерт оролцсоноор манай ажилчид үр дүнгүй, хий дэмий ажил их хийлээ, олон хүний хөдөлмөр, цаг хугацаа хий дэмий үрэгдлээ,

• Гадаад улстай байгуулсан гэрээ хэрэгжих боломжгүй боллоо,

• Гадаад түнш биднийг ажлаа хууль бусаар алдсан гэж ойлгохгүй байгаа тул гадаад түншийн өмнө чадваргүй хэмээн нэр хүндээ алдаж байна,

• Цаас, принтерийн хор, шаардлагатай лавлагаа цуглуулах, орчуулга, гадаадаас шаардлагатай бичиг баримт цуглуулж, импортын лиценз авах, гадаадаас дээж загвар онгоцоор ирүүлэх, гадаадтай харилцах, утсаар ярих, төлөөлөгч явж гэрээ хийх зэрэгт гаргасан мөнгөн зардлаар хохирлоо,

• Хийх ажлаа бусдад хууль бусаар алдсан тул орлогогүй боллоо,

• Орлогогүй учир ажилчиддаа цалин өгч чадсангүй, нийгмийн даатгалыг нь төлж чадсангүй,

• Монгол улс хуульгүй улс болсон тул төрд, төрийн албан хаагчдад итгэх итгэлээ алдлаа,

• Шударга хөдөлмөрлөх сонирхолгүй боллоо,

Одоогийн байдлаар “СУ” ХХК нь зөвхөн өөрт байгаа баримтын хэмжээнд шүүхэд нэхэмжлэл гаргасан тул Захиргааны шүүх нотлох баримт цуглуулах үүргийн дагуу хариуцагч талаас холбогдох нотлох баримтууд гаргуулсны дараа танилцсаны үндсэн дээр бид нэхэмжлэлийн шаардлага тодруулах, ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалах, эвлэрэх боломжтой.

1.“Өндөр өртөгтэй зарим тусламж үйлчилгээнд хэрэглэгдэх эмнэлгийн хэрэгсэл, протез худалдан авах" 2018******* дугаар бүхий тендер шалгаруулалтын 1 дүгээр багцад "БТ" ХХК-ийг "хамгийн сайн" тендерээр шалгаруулан үнэлгээний хорооны дүгнэлтийг хүчингүй болгож өгнө үү.

2. Тендерийн  1-р багцад "БТ" ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгч 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, ихэсгэхдээ:

 “1-дүгээрт: Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн үнэлгээний хорооны 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 022 дугаартай хурлын тэмдэглэл, багц №1 “БТ” ХХК-ийн тухай багцын шаардлага хангаж байна гэх хэсгийг, 

2-дугаарт: Тендерийн үнэлгээний хорооны 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 03 дугаартай дүгнэлт багц №1 “БТ” ХХК-ийн гэрээ байгуулах, эрх олгох шийдвэр хэсгийг, 

3-дугаарт: Захиалагчийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн №238 дугаар шийдвэрийн багц №1 “БТ” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлүүлэх хэсгийг тус тус хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Тендерт оролцогчдын тендерийг эхлээд захиалагчаас өмнө үнэлгээний хороо хянадаг. Тендерийн үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эхлээд тендерийг хянан үздэг. 2 дах үе шатанд тус хуулийн 28 дугаар зүйлд зааснаар тендерийг үнэлдэг. 3 дах үе шат нь тус хуулийн 29 дүгээр зүйлд зааснаар гэрээ байгуулах эрх олгодог. Гэтэл Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн үнэлгээний хороо нь багц №1-д “БТ” ХХК-ийн ирүүлсэн тендерийн материалыг шаардлага хангаж байна хэмээн дүгнээд, мөн тэр өдрөө хамгийн сайн тендерийн материал явуулсан байгууллагаар шалгаруулж тэр өдрөө шууд гэрээ хийх эрх олгов гэж шийдвэрлэсэн. Үнэлгээний хороо нь тендерийн материалыг хянах шатандаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйл, 14 дугаар зүйлд болон 17 дугаар зүйлд заасан шаардлагуудыг хангаж байна уу гэж шалгаж үздэг. “БТ” ХХК-ийн тендерийг үнэлэх үед тус компани нь аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл байгаагүй. Мөн эмнэлгийн багж хэрэгсэл оруулж ирэх импортын тусгай зөвшөөрөл байгаагүй. Ижил төстэй ажил, үйлчилгээ гэрээгээр гүйцэтгэсэн туршлага байхгүй. Ийм учраас тендерийг хянан үзэх шатанд энэ компанийг хасах ёстой байсан. Гэтэл энэ асуудлыг авч хэлэлцэлгүйгээр шууд үнэлгээнд оруулсан. Хэрвээ энэ компаний асуудлыг авч хэлэлцээд тендерийн хяналтын шатанд хуульд зааснаар хассан тохиолдолд “СУ” ХХК-ний үнийн үнэлгээ 70 гэсэн хамгийн дээд оноог авах байсан. Мөн өөрөө импортолдог гэдэг утгаараа нэмж 5 оноо аваад, нийтдээ 75 оноогоор хамгийн өндөр оноотойгоор “СУ” ХХК шалгарах ёстой байсан. “БТ” ХХК-г шалгаруулснаараа бүтээгдэхүүний чанарын шаардлагыг нь авч үзэх ёстой байсан.” гэжээ.

Хариуцагч Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Тендерийн үнэлгээний хорооны дарга шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “СУ ХХК нь 2018 оны 03-р сарын 16-ны өдөр Захиалагчийн 238 тоот мэдэгдлийг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасан. Бидний зүгээс гомдолтой танилцсаны үндсэн дээр дараах тайлбарыг гаргаж байна.

Тус багцад БТ ХХК, СУ ХХК оролцож чанарын үнэлгээгээр СУ ХХК 67.0 оноо авч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдаж авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.5 дугаар заалт эм, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж худалдан авахад чанар ба үнэлгээний харьцуулалтаар өндөр оноо бүхий тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзнэ...”-ыг хангаагүй тул шалгараагүй болно.

СУ ХХК нь тухайн тендер шалгаруулалттай холбогдуулан гомдол гаргахдаа “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдаж авах тухай” хуулийн 54-р зүйлд зааснаар захиалагчид гомдол гаргах ёстой байсан, гэтэл 55-р зүйлд зааснаар гомдол гаргасан нь хуулийн зохицуулалтыг алдагдуулж хуулийн 54-р зүйлийг зөрчсөн гэж үзэж байна.

Сангийн яамны 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 6-1/1673 дугаартай “Гомдол хянасан тухай” албан тоот “... Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /цаашид хууль гэх/-ийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу хянан үзлээ. Тендер шалгаруулалтын 1 дүгээр багцад оролцсон “СУ” ХХК 2018 оны 4-р сарын 02-ны өдрийн 6-1/1673 тоот албан бичгээр СУ ХХК-г шалгаруулаагүй захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна, багцын тендер [шалгаруулалтыг хууль, журмын дагуу цааш үргэлжлүүлэхийг үүгээр мэдэгдье... гэсэн хариу ирүүлсэн. Энэхүү шийдвэр нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдаж авах тухай хуулийн 55.2-т заасны дагуу эцсийн шийдвэр байдаг. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2018 оны 2 дугаар сарын 22-ний өдрийн 2018******* тоот тендер шалгаруулалтанд “БТ” ХХК-ний тендерийн баримт бичгийг хянан үзэхэд ******* дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээтэй, XX-14/23/0150 дугаартай Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ нь Би Эм Ти Би ХХК-ийн нэр дээр байсан.

БТ ХХК нь тайлбар ирүүлсэн бөгөөд уг тайлбартаа Би Эм Ти Би ХХК нь 2017 оны 11-р сарын 22-ноос эхлэн компаний тухай хуулийн 10.2-т заасны дагуу БТ ХХК болгож нэрээ өөрчлөн бүртгүүлсэн. 2014 оноос 2017 оны 11-р сар гартал Би Эм Ти Би ХХК компани нэрээр үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд хувьцаа эзэмшигч нь нэг болж өөрчлөгдөж оноосон нэрийн өөрчлөлтийг хийхээр шийдвэрлэсэн ба компаний нэр өөрчлөхөөс өмнөх бүх үйл ажиллагаа, гэрээ, борлуулалт, татвар зэрэг нь БТ ХХК-д хамаарч байгаа болно.

Би Эм Ти Би ХХК-ийн эзэмшиж байсан Эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, дагалдах хэрэгслийн тусгай зөвшөөрөл нь 2017 оны 12-р сарын 26-нд хугацаа дуусаж, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулж, эзэмшигчийн нэрийг солиулж авахаар хүсэлтээ Эрүүл мэндийн яаманд өгсөн бөгөөд Эрүүл мэндийн яамнаас тодорхойлолт авч хавсаргав гэж бичсэн байсан.

Энэхүү тайлбар болон Эрүүл мэндийн яамны 2018 оны 2-р сарын 08-ний өдрийн 16/511 тоот албан бичиг, Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн төв архивын газрын 2017 оны 11-р сарын 08-ний өдрийн 002823591 тоот албан бичгүүдийг үндэслэн Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ огт байхгүй гэж үзэх нь үндэслэл муутай гэж үзсэн.

Мөн Тендерийн баримт бичигт Тайланд улсын зүрхний судсан дотуурх оношлогоо, эмчилгээний хэрэгслийг албан ёсоор үйлдвэрлэдэг Vascular Innovations Co.Ltd компаний үйлдвэрлэгчийн итгэмжлэл, импортлох барааны чанарын сертификат, нийлүүлэх бүтээгдэхүүний чөлөөт худалдааны гэрчилгээ, техникийн тодорхойлолтыг хавсаргасан зэрэг нь тухайн багцад БТ ХХК зүрхний ангиографийн судсан дотуурх оношлогоо, эмчилгээний хэрэгслийг импортлох бүрэн боломжтой гэж дүгнэсэн.

2014 оны 12 дугаар сарын 26-ний өдрөөс 2017 оны12 дугаар сарын 26-ний өдөр хүртэл Би Эм Ти Би ХХК нэрээр үйл ажиллагаагаа явуулж байгаад оноосон нэрийн өөрчлөлт хийсэн тул нэр өөрчлөхөөс өмнөх бүх үйл ажиллагаа нь БТ ХХК-д хамаарч байгаа нь тендерийн баримт бичгийн ТОӨЗ 18.1 (г) заалтын шаардлагыг хангасан тул үнэлгээ хийсэн.

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв нь 2017 оны 6-р сарын 30-ний өдөр 201711008/3/15 дугаартай тендерийн гэрээг Би Эм Ти Би ХХК-тай байгуулсан бөгөөд тухайн үед мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй БТ ХХК- тай гэрээ байгуулаагүй болно.

Тендерийн баримт бичгийн ТОӨЗ 18.2 (б)-д зааснаар Би Эм Ти Би ХХК (БТ ХХК)-ний 2016, 2017 онд ижил төстэй ажлын гүйцэтгэгчээр ажилласан туршлагыг харуулах баримт ирүүлснийг хянан үзэж үнэлсэн.

Иймд СУ ХХК-ний нэхэмжлэлтэй Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн тендерийн үнэлгээний хорооны дүгнэлт, гэрээ байгуулах эрх олгосон захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчийн шаардлагаа тодруулан, ихэсгэсэнтэй холбогдуулан гаргасан тайлбартаа: “

1.Тус төвийн 2018******* дугаартай тендерийн Багц 1-д БТ ХХК-ийн ирүүлсэн тендерийг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа,

ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27.3 заалтын дагуу шаардлагад нийцсэн тендер гэж үзсэн.

2. Тус тендерийн Багц 1-д БТ ХХК-ийн ирүүлсэн тендерт “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 28.1, 28.7.3 заалтын дагуу үнэлгээ хийж, тендерийн баримт бичгийн 35.4 заалтын дагуу чанарын үнэлгээ хийхэд чанар ба үнэлгээний харьцуулалтаар 71 оноо авсан бөгөөд хуулийн 28.7.4, 28.7.5-дугаар заалт, тендерийн баримт бичгийн ТОӨЗ-ийн 35.6 -д заасны дагуу “хамгийн  сайн” үнэлэгдсэн тендер гэж үзсэн.

3. БТ ХХК-ний ирүүлсэн тендерт “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 27, 28 дугаар зүйл, тендерийн баримт бичгийн ТОӨЗ-ийн 31, 35 заалтын дагуу хянан, үнэлгээ хийж хуулийн 29.1 заалт, тендерийн баримт бичгийн ТОӨЗ- ийн 39.1 заалтын дагуу гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэсэн

4. Нэхэмжлэгч этгээд нь “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, I ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 заалтыг үндэслэл болгохдоо хуулийн заалтыг буруугаар ойлгон хэрэглэж байна гэж үзэж байна. Учир нь тухайн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 заалтанд “...«Хамгийн сайн» үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогч гэрээ байгуулахаас татгалзсан, эсхүл энэ хуулийн 20.7.2-т заасан нөхцөл үүссэн бол түүнд олгосон гэрээ байгуулах эрхийг захиалагч хүчингүй болгож, удаахь “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчтой энэ хуульд заасны дагуу гэрээ байгуулах бөгөөд ийм оролцогч байхгүй бол 30.4-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргана...” гэж заасан байдаг. Тус төвийн 2018******* дугаартай тендерийн 1-р багцад “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн БТ ХХК нь гэрээ байгуулахаас татгалзаагүй, хуулийн 20.7.2-т заасан нөхцөл үүсээгүй тул тухайн нөхцөлд хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 заалтыг хэрэглэх боломжгүй гэж үзэж байна.

Иймд СУ ХХК-ний 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах, ихэсгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 2018******* тоот тендер шалгаруулалтад тендерийн баримт бичгийг хянан үзсэн. Хянан үзэхэд  “БИ ЭМ ТИ БИ” ХХК нь ******* гэсэн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, ХХ******* дугаартай эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн гэрчилгээтэй байсан. “БТ” ХХК нь тайлбар ирүүлсэн бичигтээ “БИ ЭМ ТИ БИ” ХХК нь 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлээд Компаний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-д заасны дагуу “БТ” ХХК болгон нэрээ өөрчлөн бүртгүүлсэн байсан. Ингээд 2017 оны 11 гартал энэ нэрээрээ байж байгаад хувьцаа эзэмшигчдийн асуудлаас болоод нэг хүний нэр дээр өөрчлөгдөж, оноосон нэрийн өөрчлөлт хийхээр шийдвэрлэж компаний нэрийг өөрчлөхөөс өмнөх бүх үйл ажиллагаа болох гэрээ болон татварын асуудлыг “БТ” ХХК хамаарч байсан. “БИ ЭМ ТИ БИ” ХХК нь эзэмшиж байсан эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж дагалдах хэрэгслийн тусгай зөвшөөрлөө 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр тусгай зөвшөөрлийн хугацаа дуусч, тусгай зөвшөөрлийн хугацаагаа сунгасан. Эзэмшигчийн нэрээ өөрчлүүлэх хүсэлтээ Эрүүл мэндийн яаманд өгсөн бөгөөд Эрүүл мэндийн яамнаас тодорхойлолт хавсаргасан гэсэн байсан. Иймд тусгай зөвшөөрлийн гэрчилгээ огт байхгүй гэж үзэх үндэслэл байгаагүй. Иймээс 1 дүгээр шатны хянан шалгах шалгалтын хуралд оруулсан. Хянан шалгах үнэлгээний дараа чанарын үнэлгээнд ордог. Ер нь импортын лиценз гэдэг нь тухайн бүтээгдэхүүнийг Монгол улсын хилээр импортлон оруулахад шаардлагатай Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс олгодог нэг удаагийн зөвшөөрлийн бичиг байдаг. Тендерийн бичиг баримтад ТОӨХ-ын 12-1 А-Я хүртэл 19-Б3-ын дагуу хянан үзсэн. Тус багцад 14 төрлийн бараа бүтээгдэхүүн байгаа. Энэ 14 төрлийн бараа бүтээгдэхүүнээс 4 нэрийн бүтээгдэхүүн нь импортын лицензтэй, 7 нэрийн бүтээгдэхүүн нь чөлөөт худалдааны гэрчилгээтэй байсан. Тухайн багц нь импортын зөвшөөрөлгүй бүтээгдэхүүнд чанарын үнэлгээгээр оноо өгөөгүй. Оноо өгөөгүй учраас эднийх 28,6 хувиар 0 оноо авсан. 

2014 оны 12 дугаар сарын 26-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл “БИ ЭМ ТИ БИ” ХХК нэрээр үйл ажиллагаагаа явуулж байсан бөгөөд оноосон нэрд өөрчлөлт хийсэн тул нэр өөрчлөхөөс өмнөх үйл ажиллагаа нь “БТ” ХХК- д хамаарч байсан гэдгийг бичсэн. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв нь 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаартай тендерийн гэрээг “БИ ЭМ ТИ БИ” ХХК-тай байгуулахаар санал өгсөн. Бид ямар ч зөвшөөрөлгүй компанитай гэрээ байгуулах санал өгсөн гэж үзэхгүй байгаа. Үүний дараа Сангийн яаманд гомдол гараад Сангийн яамнаас байцаагч ирж шалгасан. Шалгасны дагуу захиалагчийн зөв гэж үзсэн.” гэжээ.

Хариуцагч Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А  шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Н.А  миний бие нь тус шүүхээр хянан шийдвэрлэгдэж байгаа Санчир- Ундрах ХХК-ний нэхэмжлэлтэй захиргааны хэрэг маргаанд хариуцагч Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа билээ. СУ ХХК-ний 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн нэхэмжлэлтэй танилцаж, дараах тайлбарыг гаргаж байна.

1.Төвийн Ерөнхий захирлын 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/04 дугаартай “Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2018 оны өндөр өртөг бүхий зарим тусламж, үйлчилгээнд шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл, сэргээн засах зориулалтаар хийгдэх протез, ортопедийн ханган нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хороо байгуулах тухай” тушаалаар 7 гишүүний бүрэлдэхүүнтэй нээлттэй тендерийн үнэлгээний хороог байгуулсан.

2.Үнэлгээний хороо нь “Төрийн болон орон нутгийн өсчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийг мөрдөж, хэрэгжилтийг ханган ажилласан. Захиалагч тендерийн үр дүнтэй танилцуулсны үндсэн дээр 10 багцад “Хамгийн сайн” үнэлэгдсэн 6 компанид 2018 оны 03 дугаар сарын 15- ны өдрийн 238 дугаартай албан тоотоор гэрээ байгуулах эрхийг олгосон.

3.СУ ХХК нь Сангийн яаманд гомдол гаргасан. Сангийн яам 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 6-1/1673 дугаартай “Гомдол хянасан тухай” албан бичигт ...Тендер шалгаруулалтын 1 дүгээр багцад оролцсон “СУ” ХХК болон 5 дугаар багцад оролцсон “Нуган” ХХК-ийн ирүүлсэн саналаас хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.5-д “...чанар ба үнэлгээний харьцуулалтаар өндөр оноо бүхий тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж үзнэ” гэж заасны дагуу татгалзсан захиалагчийн шийдвэр тус тус үндэслэлтэй байна. Иймд дээрх багцуудын тендер шалгаруулалтыг хууль, журмын дагуу цааш үргэлжлүүлэхийг үүгээр мэдэгдье... гэсэн хариу ирүүлсэн.

Иймд СУ ХХК-ний нэхэмжлэлтэй Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн тендерийн үнэлгээний хорооны дүгнэлт, гэрээ байгуулах эрх олгосон захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.” гэжээ.

  Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А : Захиалагч нь тендерийн материалтай танилцаж 10 багцад хамгийн сайн үнэлэгдсэн зургаан компанид 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 238 шийдвэрээр гэрээ байгуулсан. “СУ” ХХК нь Сангийн яаманд гомдол гаргасан. Сангийн яам гомдлын хариуд: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.7.5-д заасны дагуу “хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзнэ” гэж заасны дагуу захиалагчийн татгалзсан шийдвэр нь үндэслэлтэй байна гэж үзсэн. “СУ” ХХК-ийн нэхэмжлэлтэй Эх хүүхдийн үндэсний төвийн Үнэлгээний хорооны гэрээ байгуулах эрх олгох захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.” гэжээ.

Гуравдагч этгээд “Биомед” ХХК-иас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ““СУ” ХХК-ийн нэхэмжлэлтэй Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн үндэсний Төв, Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн үндэсний Төвийн Тендерийн үнэлгээний хороо холбогдох захиргааны кэрэгт гуравдагч этгээдээр оролцож байгаа бөгөөд уг нэхэмжлэгчийн гаргасан ввюмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна “БТ” ХХК-д нэхэмжлэлд заасан үндэслэлүүд үүсээгүй нөхцөл байдлыг харгалзан үзэж “СУ” ХХК- ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Гуравдагч этгээдээс 2018 оны 02 дугаар сард Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс зарлагдсан өндөр өртөгтэй тендерт оролцсон. Манай компани нь 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр “БИ ЭМ ТИ БИ” гэсэн нэртэйгээр Эрүүл мэндийн  яамнаас эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийг ханган нийлүүлэх тусгай зөвшөөрлийг авсан. 2017 оны 11 дүгээр сард хоёр үүсгэн байгуулагчаас нэг үүсгэн байгуулагч болж өөрчлөгдсөнөөр оноосон нэрээ өөрчилсөн. Үүний дагуу 2017 оны 11 дүгээр сард Улсын бүртгэл, оюуны өмчийн газарт “БТ” ХХК болж нэрээ өөрчлүүлэн гэрчилгээгээ бүртгүүлсэн. “БИ ЭМ ТИ БИ” компаний нэр дээр явагдаж байсан бүх үйл ажиллагаа болон борлуулалт татварын тайлан зэрэг нь “БТ” трейд ХХК-д хамаарч байгаа. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн тендерт оролцох үед тусгай зөвшөөрлийн хугацаа нь 12 дугаар сарын 26-ны өдөр дуусаад, сунгах хүсэлтээ 12 дугаар сарын 05-ны өдөр Эрүүл мэндийн яаманд гаргасан. Ингээд Эрүүл мэндийн яамны тусгай зөвшөөрөл олгох комисс нь хуралдахгүй байсаар байгаад 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр гэрчилгээ хэвлэгдэж гарсан. Эрүүл мэндийн яамны тусгай зөвшөөрлийн комисс нь 02 дугаар сард хуралдсан гэдэг. Иймээс манай зүгээс Эх хүүхэд эрүүл мэндийн үндэсний төвөөс зарлагдсан тендерт хууль зөрчсөн байдлаар оролцсон гэж үзэхгүй байна. Эдгээр санал болгосон бараа бүтээгдэхүүнүүд нь 2015, 2016 онуудад нийлүүлэгдэж байсан, чанарын шаардлага хангасан бараа бүтээгдэхүүнүүд юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж авах боломжгүй.” гэв. 

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр “БИ ЭМ ТИ БИ” гэдэг нэрээ “БТ” нэрээр сольсон. Компаний тухай хуульд заасны дагуу компаний нэр өөрчлөгдсөн. Иймд шинэ компани байгуулагдсан, тендерт оролцох тусгай зөвшөөрөлгүй компани тендерт оролцсон зүйл байхгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагадаа дурдаад байгаа тусгай зөвшөөрөлгүй компани үйл ажиллагаа явуулсан, үүнийг шалгаруулсан гэх үндэслэлгүй. 

“БТ” ХХК-г тусгай зөвшөөрлөө тендерт оролцохдоо дурдаагүй гэдэг. “БТ” ХХК нь холбогдох зөвшөөрөл бичиг баримтуудыг хавтаст хэрэгт хавсаргасан. Эмнэлгийн бараа, бүтээгдэхүүн импортлох тусгай зөвшөөрөл “БТ” ХХК-д байгаа ба энэхүү зөвшөөрлийн гэрчилгээг хавтаст хэрэгт хавсаргасан. 

“БТ” ХХК нь өмнөх “БИ ЭМ ТИ БИ” нэрээрээ өмнөх онуудад зарлагдаж байсан тендерийн шалгаруулалтад оролцож, бараа бүтээгдэхүүнээдээ Нийслэлийн харьяа эмнэлгүүдэд, улсын төв клиник эмнэлгүүдэд нийлүүлж байсан бараа бүтээгдэхүүн, тендерт оролцоод шалгарч, гэрээ байгуулаад нийлүүлж байсан баримт бичиг, саналаа өгсөн. Гэтэл нэхэмжлэгч тал зөвхөн “БТ“ ХХК гэдэг нэрийг хараад “БТ” гэдэг нэр байгаагүй юм чинь ерөөсөө тендерт оролцох зааварчилгааны 12-г-д заасан туршлагын мэдээлэл байхгүй гэж үзэж байгаа нь үндэслэлгүй. 

Өргөдлийн хүснэгт 18б-д заасан гүйцэтгэгчээр ажилласан байх жилийн тоог 16 ба 17 гэсэн шаардлагыг хангахгүй байна гэдэг шаардлага тавьдаг. Гэтэл “БТ” ХХК нь 2017 онд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд бараа бүтээгдэхүүнээ нийлүүлсэн. Тэгэхээр ямар нэгэн туршлагагүй, гэнэт бий болсон компани тендерт оролцсон гэх үйл баримт нотлогдохгүй. Эдгээр нэхэмжлэлийн шаардлагууд нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан. Тодруулахдаа: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т заасан “«Хамгийн сайн» үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогч гэрээ байгуулахаас татгалзсан, эсхүл энэ хуулийн 20.7.2-т заасан нөхцөл үүссэн бол түүнд олгосон гэрээ байгуулах эрхийг захиалагч хүчингүй болгож, удаах “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчтой энэ хуульд заасны дагуу гэрээ байгуулах бөгөөд ийм оролцогч байхгүй бол 30.4-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргана” гэсний дагуу удаах хамгийн сайн гэж үнэлэгдсэн манай байгууллагыг шууд гэрээ байгуулах эрхийг шүүхийн шийдвэрээр зааж өгнө үү гэсэн агуулгаар тодруулсан. Энэ нь хууль зүйн боломжгүй. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т маш тодорхой зааж өгсөн. Ямар тохиолдол энэ асуудлыг ярих вэ гэдгийг. Тус хуулийн 20 дугаар зүйлийн 20.7.2-т “«хамгийн сайн» үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогч гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэлд заасан хугацаанд гүйцэтгэлийн баталгааг ирүүлээгүй, эсхүл гэрээ байгуулахаас татгалзсан” энэ заалттай холбоотой асуудлаар хэрэв асуудал үүссэн бол дараагийн хамгийн сайн гэж үнэлэгдсэн аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулах асуудлыг ярьж болно. Үүнээс бусад асуудлаар удаах гэдэг асуудал байж болохгүй. Энэ асуудал үүссэн тохиолдолд дахин тендер зарлах шинээр үйл ажиллагаа явуулах асуудлыг зохицуулж өгсөн. Тендерт шалгараагүй нь буруу байна гээд тендерт ирүүлсэн баримт бичиг нь тухайн тендерт зарлагдсан шаардлагыг хангаж байна гэж үнэлсэн, үүнийг шууд манайх шалгарах ёстой байсан гэж ойлгох нь учир дутагдалтай юм. Хариуцагч талаас шалгаруулсан асуудлаар тодорхой тайлбарласан. Ямар жишгээр үнэлсэн нь хэргийн баримтууд дотор байна, мөн үнэлгээнүүдийг хэрхэн өгснөө тодорхой тайлбарлаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ;

Нэхэмжлэгч “СУ” ХХК-ийн захирал Б.Б  Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн “Өндөр өртөгтэй зарим тусламж үйлчилгээнд хэрэглэгдэх эмнэлгийн хэрэгсэл, протез худалдан авах” 2018/******* дугаар бүхий нээлттэй тендер шалгаруулалтын Тендерийн үнэлгээний хорооны 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн №02 дугаартай /хурлын тэмдэглэл/ дүгнэлтийн “Багц 1-д” “БТ” ХХК тухайн багцын шаардлага хангаж байна.”, мөн өдрийн №03 дугаартай /хурлын тэмдэглэл/ дүгнэлтийн “Багц 1-д “БТ” ХХК-ийн тендер “хамгийн сайн” үнэлэгдсэн, гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэв.”,  захиалагчийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн №238 дугаар гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийн “Багц 1-д “БТ” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэв.” гэсэн хэсгүүдийг тус тус  хүчингүй болгох, Багц 1-д хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогч “СУ” ХХК-д гэрээ байгуулах эрх олгож шийдвэрлэхийг захиалагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчөөс Тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээгүй, зарим төрлийн эм, эмнэлгийн хэрэгсэл оруулж ирэх лицензгүй, зүрхний төрөлхийн гажгийн мэс заслын эмнэлгийн хэрэгсэл импортлох туршлагагүй “БТ” ХХК-ийг шалгаруулсан нь хууль бус гэж маргажээ.

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж үлдсэнийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн “Өндөр өртөгтэй зарим тусламж үйлчилгээнд хэрэглэгдэх эмнэлгийн хэрэгсэл, протез худалдан авах” 2018/******* дугаар бүхий нээлттэй тендерийн Багц 1-Зүрхний төрөлхийн гажгийн мэс заслын хэрэгсэл худалдан авч нийлүүлэх шалгаруулалтад “БТ” ХХК болон “СУ” ХХК–иуд материалаа ирүүлэн оролцож Тендерийн үнэлгээний хорооны дүгнэлтээр тухайн багцад “БТ” ХХК хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн гэж үзэж шалгаруулан гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, харин “СУ” ХХК Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.5-д заасныг хангаагүй тул татгалзаж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч тендерийн үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс энэ тендерийн тухайн багцад ирүүлсэн 2 компанийн материалыг хянаж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар хамгийн бага үнийн санал ирүүлсэн “БТ” ХХК-ийн үнийн саналыг харгалзан шалгаруулсан гэж, харин нэхэмжлэгч болон түүний  өмгөөлөгчөөс тендерт оролцогч 2 компани тухайн багцын ханган нийлүүлэгчийг шалгаруулах тендерийн босго үнийн дотор үнийн санал ирүүлсэн байхад Тендерт оролцогчид өгөх зааварчилгаа болон тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд заасан зарим баримт  бичгийн шаардлагыг хангаагүй байхад зөвхөн бага үнийн саналаар ялагчийг тодруулсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж тус тус тайлбарлажээ.  

Тендерийн үнэлгээний хорооны 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн №02 дугаартай /хурлын тэмдэглэл/ дүгнэлтийн “Багц 1-д” “БТ” ХХК тухайн багцын шаардлага хангаж байна.” гэсэн хэсэг, мөн өдрийн №03 дугаартай дүгнэлт/хурлын тэмдэглэл/-ийн “Багц 1-д “БТ” ХХК-ийн тендер “хамгийн сайн” үнэлэгдсэн, гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэв.”,  захиалагчийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн №238 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийн “Багц 1-д “БТ” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэв.” гэсэн холбогдох хэсгүүд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т “Энэ хуулийн 16.1-д заасан баримт бичгээс тухайн тендер шалгаруулалтад ирүүлэх шаардлагатай баримт бичиг, тэдгээрт тавигдах шаардлагыг тендерийн баримт бичигт заана.” гэсний дагуу Тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа, Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд заасан шаардлагыг бүрэн хангаагүй, хуулийн дээрх заалттай нийцээгүй байна.

Тухайлбал  Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн “В Тендер бэлтгэх” гэсэн хэсэгт Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 12.1(а)-(ё), 19(в)-д заасан баримт бичгээс гадна дараах материалыг нэмж бүрдүүлнэ. “1. Нийлүүлэх гэж буй эмнэлгийн хэрэгслийн лицензийн хуулбар:” (Тендерийн баримт бичгийн 22 хуудас) гэжээ.

Гэтэл “БТ” ХХК тендерийн материалдаа Тайланд улсын зүрхний судсан дотуурх оношлогоо, эмчилгээний хэрэгслийг үйлдвэрлэдэг Васкуляр инновашн (Vascular Innovations Co.Ltd) компаний үйлдвэрлэгчийн итгэмжлэлийг ирүүлсэн хэдий ч “Монос фарм трейд” ХХК-ний эм, эмнэлгийн хэрэгсэл,тоног  төхөөрөмж, урвалж, оношлуур ханган нийлүүлэх 2017 оны 09 дүгээр сард хүчинтэй байх хугацаа дууссан бүтээгдэхүүний лиценз(цахимаар ирүүлсэн баримт бичигт судлагдсан)-ийг хавсарган ирүүлсэн нь Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн дээрх заалтыг хангасан гэж үзэхээргүй байна.

Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Тендерт оролцогчийн техникийн чадавхи, туршлагыг ажил, бараа, үйлчилгээний агуулга, онцлог, тоо хэмжээг харгалзан дараахь үзүүлэлтийн аль нэгийг үндэслэн тогтооно;”, 16.1.7-д “барааны хувьд эрх бүхий байгууллагаас олгосон чанарын гэрчилгээ..” гэсэн зохицуулалттай нийцээгүй.

Өөрөөр хэлбэл Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд Тендерт оролцогчдод өгөх зааварчилгаанд заасан баримт бичгээс гадна “Нийлүүлэх гэж буй эмнэлгийн хэрэгслийн лицензийн хуулбар”-ыг нэмж бүрдүүлнэ гэсэн атлаа үйлдвэрлэгчийн баталгаа, худалдааны гэрчилгээ, техникийн тодорхойлолт хавсарган ирүүлснээр тус багцын 14 нэрийн бүтээгдэхүүнийг импортлох боломжтой гэж дүгнэсэн нь хууль бус гэх нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлтэй. 

Тодруулбал эм, эмнэлгийн хэрэгслийн импортын лиценз гэдэг нь тухайн бүтээгдэхүүнийг хилээр оруулахыг зөвшөөрдөг эрх бүхий захиргааны байгууллагаас олгодог зөвшөөрлийг хэлдэг бол үйлдвэрлэгчийн баталгаа нь тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг, тендерийн баримт бичигт заасан бүтээгдэхүүний шаардлагыг хангаж байгаа эсэхийг гэрчилсэн баримт бөгөөд хэрэв гэрээ байгуулагдсан тохиолдолд нийлүүлэх боломжтой талаар баталгаа гаргасан баримт юм. Энэ утгаараа үйлдвэлэгчийн баталгаа нь импортын лицензийг орлох боломжгүй байна.

Түүнчлэн “БТ” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хугацаа 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр дуусгавар болж энэ эрх сэргээгдээгүй байхад тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахаар Эрүүл мэндийн яаманд хандсан тухай тус яамны тодорхойлолтыг үндэслэн тусгай зөвшөөрлийн гэрчилгээ огт байхгүй гэж үзэх үндэслэл муутай гэж үзэн уг компанийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерийн материал ирүүлсэн гэж дүгнэн шалгаруулсан Тендерийн үнэлгээний хорооны дүгнэлт үндэслэлгүй.

Учир нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-д “Тусгай зөвшөөрөл шаардагдах үйл ажиллагааг эрхлэх эрх энэ хуульд заасны дагуу тусгай зөвшөөрлийг авсан өдрөөс үүснэ.” ,7 дугаар зүйлийн 7.1-д “Энэ хуулийн 15 дугаар зүйлд заасан тусгай зөвшөөрлийг хуульд өөрөөр заагаагүй бол төрийн захиргааны холбогдох төв байгууллага олгоно.”, 15 дугаар зүйлийн 15.12.2-т “хүний эм, эмнэлгийн хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмж, протез үйлдвэрлэх, худалдах, импортлох;” гэж тус тус зохицуулжээ.

Харин  “Биомет трейд” ХХК-ийн тухайд энэхүү тендер шалшаруулалт явагдах үед тусгай зөвшөөрөл эзэмших эрх дуусгавар болсон дахин шинээр энэ эрх үүсээгүй байсан нь хариуцагчийн тайлбар уг компанид 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр эмнэлгийн тоног төхөөрөмж импортлох, ханган нийлүүлэх чиглэлээр тусгай зөвшөөрөл олгосон ТХ-18/23/3696 дугаар бүхий гэрчилгээгээр нотлогдсон байна.

Өөрөөр хэлбэл Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр зарласан “Өндөр өртөгтэй зарим тусламж үйлчилгээнд хэрэглэгдэх эмнэлгийн хэрэгсэл, протез худалдан авах” 2018/******* дугаар бүхий нээлттэй тендер шалгаруулалтыг дүгнэх үед буюу 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар “БТ” ХХК эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй байхад тус компаний ирүүлсэн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулсан Үнэлгээний хорооны 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн №02 дугаартай /хурлын тэмдэглэл/ дүгнэлтийн “Багц 1-д” “БТ” ХХК тухайн багцын шаардлага хангаж байна.” гэсэн хэсэг, мөн өдрийн №03 дугаар дүгнэлт (хурлын тэмдэглэл)-ийн болон захиалагчийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 238 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” шийдвэрийн холбогдох хэсэг тус тус хууль бус гэж дүгнэв.

Энэ нь Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 17.1-д “Тендерт оролцогч нь эрх бүхий эсэхийг дараахь мэдээлэл, нотлох баримтад үндэслэн тогтооно. Үүнд: ....(в) “Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд шаардсан эм, эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэх тусгай зөвшөөрөл;”, Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн “В Тендер бэлтгэх” гэсэн хэсгийн ТОӨЗ 17.1 (в) “Эмнэлгийн хэрэгсэл, протез импортлох, ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөл” гэсэн шаардлагыг хангаагүй байна.

Ийнхүү тус багцад тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа болон тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд заасан шаардлагыг бүрэн хангаагүй баримт бичиг ирүүлсэн “БТ” ХХК-ийг шалгаруулсан нь Төрийн болон орон утгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчигээ, худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараахь шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ.”, 27.1.1-д “энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага;”, 27.3-д “Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ.”, 27.4-д “Энэ хуулийн 27.3-д зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана.” гэснийг зөрчсөн гэж дүгнэв.

Харин нэхэмжлэлийн шаардлагын Багц 1-д хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогч “СУ” ХХК-д гэрээ байгуулах эрх олгож шийдвэрлэхийг захиалагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Учир нь тендерт оролцогчийн ирүүлсэн тендерийг хянан үзэж дүгнэлт гаргаж, гэрээ байгуулах шийдвэр гаргах эрх Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1-д зааснаар зөвхөн Үнэлгээний хороонд хадгалагдаж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас   Тендерийн үнэлгээний хорооны 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн №02 дугаартай /хурлын тэмдэглэл/ дүгнэлтийн “Багц 1-д” “БТ” ХХК тухайн багцын шаардлага хангаж байна.” гэсэн хэсэг, мөн өдрийн №03 дугаартай /хурлын тэмдэглэл/ дүгнэлтийн “Багц 1-д “БТ” ХХК-ийн тендер “хамгийн сайн” үнэлэгдсэн, гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэв.”,  захиалагчийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн №238 дугаар гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийн “Багц 1-д “БТ” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэв.” гэсэн хэсгүүдийг тус тус  хүчингүй болгож, Багц 1-д хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогч “СУ” ХХК-д гэрээ байгуулах эрх олгож шийдвэрлэхийг захиалагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон тус тус шийдвэрлэв.

                 

                   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухахй хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13-д заасныг баримтлан ТОГТООХ нь:

 

1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.7, 16.2, 46 дугаар зүйлийн 46.1.1, 27 дугаар зүйлийн 27.1, 27.1.1, 27.3, 27,4, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4, 7 дугаар зүйлийн 7.1, 15 дугаар зүйлийн 15.12.2-т заасныг тус тус баримтлан “СУ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын Тендерийн үнэлгээний хорооны 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн №02 дугаартай /хурлын тэмдэглэл/ дүгнэлтийн “Багц 1-д” “БТ” ХХК тухайн багцын шаардлага хангаж байна.” гэсэн хэсэг, мөн өдрийн №03 дугаартай /хурлын тэмдэглэл/ дүгнэлтийн “Багц 1-д “БТ” ХХК-ийн тендер “хамгийн сайн” үнэлэгдсэн, гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэв.”,  захиалагчийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн №238 дугаар гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийн “Багц 1-д “БТ” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэв.” гэсэн хэсгүүд хууль бус болохыг тогтоож тус тус  хүчингүй болгож, Багц 1-д хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогч “СУ” ХХК-д гэрээ байгуулах эрх олгож шийдвэрлэхийг захиалагчид даалгах гэсэн хэсгийг  хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                А.НАСАНДЭЛГЭР