Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2022/0054

 

 

 

“М э и” ХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 128/ШШ2021/0747 дугаар шийдвэрийг “М э и” ХК-ийн төлөөлөгч Ж.Д-ийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

            Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

            Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн

            Илтгэсэн шүүгч С.Мөнхжаргал

Хэргийн оролцогчид:  

            Нэхэмжлэгч “М э и” ХК,

                                 Ж.Д

            Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газар

            Гуравдагч этгээд “К” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: “К” ХХК-ийн хууль бусаар эзэмшсэн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, хуучин захын баруун талд байрлалтай 760 м.кв талбайтай агуулахын зориулалттай барилгын хөрөнгийн Ү-222001155 дугаарт бүртгэгдсэн бүртгэл болон 0051550 тоот гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоолгох тухай,   

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 128/ШШ2021/0747 дугаар

Шүүх хуралдааны оролцогчид:

            Нэхэмжлэгч Ж.Д

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул

Хэргийн индекс: 128/2021/0562/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 128/ШШ2021/0747 дугаар шийдвэрээр “1997 оны Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч “М э и” ХК болон Ж.Д нарын гаргасан ““К” ХХК-ийн хууль бусаар эзэмшсэн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, хуучин захын баруун талд байрлалтай 760 м.кв талбайтай агуулахын зориулалттай барилгын хөрөнгийн Ү-222001155 дугаарт бүртгэгдсэн бүртгэл болон 0051550 тоот гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоолгох тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон “шийдвэрлэжээ.   

2. Нэхэмжлэгч Ж.Д анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:

“1997 оны Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн 9 дүгээр зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт зааснаас бусад үл хөдлөх эд хөрөнгө тус бүрийг үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд ... бүртгэх бөгөөд уг бүртгэлд дор дурдсан зүйлийг тусгана” гээд уг хэсгийн 1-9 дэх заалтад “ ... үл хөдлөх эд хөрөнгийг бүртгүүлэх болсон үндэслэл, үл хөдлөх эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшил, ашиглалтад шилжүүлсэн, барьцаалсан тухай тэмдэглэл, үндэслэл, дээр дурдсан холбогдох бичиг баримтуудыг батлан гэрчилсэн нотариатчийн овог, нэр, регистрын дугаар, газар эзэмших, ашиглах гэрчилгээ” гэжээ.

Тэгвэл эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газар нь “Б” ХХК-д “Эрдэнэс-47” барилгыг худалдсан “М э и” ХК-ийн ерөнхий захирал 1996 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 126 дугаар тушаал нь хууль зөрчсөн нь илэрхий, ТУЗ-ын 1996 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн протоколыг үндэслэл болгосон нь илтэд зөрчсөн нь тодорхой байхад хүлээн авч бүртгэсэн нь илт хууль бус болсон.

Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан “Нөхөрлөл компанийн тухай Монгол Улсын хуульд үл хөдлөх эд хөрөнгийг бусдад худалдахдаа хувьцаат компанийн нийт гишүүдийн хурлаар шийдвэрлэхээр заасан байхад илтэд хууль зөрчиж бүртгэсэн нь тухайн үеийн эрх бүхий бүртгэлийн албан тушаалтнуудын буруутай үйлдэл мөн. Ийнхүү 1997 оны үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийг зөрчсөнийг зөвтгөх үндэслэлгүй юм.

“Б” ХХК-ийн нэр дээр илт хууль бус бүртгэл үйлдсэн, энэхүү баримт материал нь үл хөдлөх эд хөрөнгийн хувийг хэрэгт авагдсан байхад “К” ХХК-ийн нэр дээр “Эрдэнэс-47” барилгыг шилжүүлэн бүртгэсэн нь илт хууль бус юм. Энэхүү шилжүүлэн бүртгэсэн үйлдэл нь хууль бусаар олж авсан үл хөдлөх эд хөрөнгийг хууль ёсны болгож буй гэм үйлдэл мөн бөгөөд мөнгө угаах гэмт хэрэгтэй адилтгаж үзэх бүрэн үндэслэлтэй.

“М э и” ХК-ийн ерөнхий захирлын 1996 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 126 дугаар тушаал гарах үндэслэл болсон ТУЗ-ийн 1996 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн протокол хавтаст хэрэгт авагдсан боловч эхийг нь холбогдох байгууллагаас гаргуулаагүй, нотлох баримтуудыг дутуу бүрдүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Аливаа төрийн эрх бүхий байгууллага үйл ажиллагаандаа ялангуяа энэ тохиолдолд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газар нь үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэхдээ Компанийн тухай хууль, Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийг, мөн гаргаж байгаа баримт бичгийн хуульд нийцсэн эсэхийг хянан үүрэгтэй.

Энэ үүргээ мартаж дээрх маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг бүртгэхдээ хуульд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь гомдлын дагуу шалгаж тогтоосон Санхүүгийн зохицуулах хорооны 2012 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 8/2180 тоот дүгнэлт, Монгол Улсын үнэт цаасны хорооны ажлын албаны 1997 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 164 дүгээр албан тоотуудаар нотлогдож байна.

Энэхүү бүртгэл нь 1996 оных бөгөөд Шүүх одоо мөрдөж байгаа Захиргааны ерөнхий хуулийг хэрэглэж, захиргааны актыг илт хууль бус гэж үзсэн нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан хууль хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 128/ШШ2021/0747 дугаар шийдвэрийг нотлох баримт хуулийн шаардлага хангаагүй, нотлох баримт дутуу бүрдүүлсэн үндэслэлээр хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцаах, эсхүл шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.  

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянахад гомдлыг хангах үндэслэлгүй байх тул хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2. “М э и” ХК-иас Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан ““К” ХХК хууль бусаар эзэмшсэн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, хуучин захын баруун талд байрлалтай 760 м.кв талбайтай агуулахын зориулалттай барилгын хөрөнгийн Ү-2202001155 дугаарт бүртгэгдсэн бүртгэл болон 0051550 тоот гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

3. Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, хуучин захын баруун талд байрлах “Эрдэнэс-47” барилгыг “Монгол эд” ХК-ийн ерөнхий захирлын 1996 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 126 дугаар тушаалаар “Б” ХХК-д худалдаж, улмаар 1997 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ авсан байна. Үүний дараа “Б” ХХК татан буугдаж, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг шинээр байгуулагдсан “К” ХХК-д шилжүүлжээ.

4. Нэхэмжлэгчээс “... ерөнхий захирлын 1996 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 126 дугаар тушаал нь Төлөөлөн удирдах зөвлөлийн 1996 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн протоколыг үндэслэл болгосон нь илт хууль бус, үл хөдлөх эд хөрөнгийг бусдад худалдахдаа хувьцаат компанийн нийт гишүүдийн хурлаар шийдвэрлэхээр заасан байхад хууль зөрчиж бүртгэсэн нь буруу, энэ талаарх баримтууд хувийн хэрэгт авагдсан байхад “К” ХХК-д шилжүүлсэн нь илт хууль бус бөгөөд баримт бичгийг хянах үүргээ хариуцагч биелүүлээгүй” гэж давж заалдах гомдол гаргажээ.

5. “Б” ХХК, “К” ХХК-иуд “Эрдэнэс-47” барилгыг шилжүүлэн  авахдаа бүрдүүлсэн материалуудыг үзвэл (1 хавтаст хэргийн 64-78 тал, 125-126 тал, 128-129 тал) Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн /1997 он/ 9 дүгээр зүйлийн 5, 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан холбогдох баримтуудыг хариуцагчид өгсөн нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон бөгөөд эдгээр баримтыг үндэслэн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэж, гэрчилгээ олгосон хариуцагчийн үйлдэл хууль зөрчөөгүй, энэ талаарх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

6. Хэдийгээр “маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэхдээ хуульд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь Санхүүгийн зохицуулах хорооны 2012 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 3/2180 тоот дүгнэлт, Монгол Улсын үнэт цаасны хорооны ажлын албаны 1997 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 164 дүгээр албан тоотуудаар нотлогдож байна” гэж маргах боловч эдгээр баримтуудыг тухайн үед хариуцагч мэдэх боломжгүй, нэхэмжлэгч болон бусад этгээдийн зүгээс хариуцагчид мэдэгдээгүй байх тул хариуцагчийг илэрхий алдаатай, илт хууль бус бүртгэл хийсэн гэж үзэхээргүй байх бөгөөд хариуцагчийг буруутгах боломжгүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.      

7. Мөн нэхэмжлэгчээс “1996 оны 11 дүгээр сарын 26-ний өдрийн протокол хэрэгт авагдсан боловч эхийг холбогдох байгууллагаас гаргуулаагүй” гэж давж заалдах гомдол гаргасан боловч анхан шатны шүүхийн шийдвэрт нөлөөлөхөөргүй байх тул гомдлыг хангаж шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй.

8. Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо анхан шатны шүүхийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийг хэрэглэсэн гэж буруутгах боловч нэхэмжлэлдээ “илт хууль бус гэж үзсэн үндэслэлээ тодорхой заагаагүйгээс гадна анхан шатны шүүх Захиргааны ерөнхий хуулийн 47-д заасныг үндэслэн гаргасан нэхэмжлэл гэж үзэж,  “акт илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлд хөөн хэлэлцэх хугацаа тооцохгүй”-гээр нэхэмжлэлийг хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэсэн байх бөгөөд 2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийг хэрэглэх тохиолдолд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл бүрдэх тул нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулаагүйг буруутгах үндэслэлгүй байна.  

Иймд дээрх нөхцөл байдлаас үзвэл нэхэмжлэгч “М э и” ХК, Ж.Д нарын гомдлыг хангах үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 747 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ж.Д-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                   Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                        Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                                        С.МӨНХЖАРГАЛ