Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 34

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.Хишигдэлгэр даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Хүсэлт гаргагч: Дундговь аймгийн Хулд сумын 1-р баг, Жирмийн 1-2 тоотод оршин суух, Манла овогт Шаравын Наранцэцэг /ЗЮ67011306/-ийн хүсэлттэй улсад ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Ш.Наранцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцов.

 

                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ш.Наранцэцэг шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1967 онд төрсөн. Одоо 50 нас хүрч байна. улсад 30 жил ажилласан. Үүнээс 1986 оны 07 сарын 23-наас 1989 оны 03 сарын 20-ны хүртэл Нийтийн аж ахуйн үйлчилгээний газар автограш усан тээвэр хариуцсан нягтлан бологчоор, 1989 оны 03 сарын 20-ноос 1990 оны 04 сарын 17-ныг дуустал Байгаль орчныг хамгаалах газар эдийн засагч боловсон хүчнээр, 1990 оны 04 сарын 18-наас 1994 оны 12 сарын 31-нийг дуустал Нефт баазад шатахуун хариуцсан нятлан бодогчоор тус тус ажиллаж байсан. Миний хөдөлмөрийн дэвтрийг нээсэн он сар ажилд орсон он, сар, өдрөөс зөрүүтэй, 1986 оны 07 сарын 23-ны өдрийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын даргын 153 тоот тушаал дээр Шарав гэхийг Норов гэж тухайн үед ажиллаж байсан ажилтаны буруутай үйл ажиллагаагаас 1990 оны 04 сарын 18-нд ажилд орсон тушаал зөрүүтэй болсон тул хөдөлмөрийн дэвтрийн бичилт, тушаал шийдвэрийг үндэслэн 1986 оны 07 сарын 23-наас 1994 оны 12 сарын 31-нийг хүртэл хугацааны ажилласан жилийг тогтоож өгнө үү гэжээ. 

 

Хүсэлт гаргагчийн хүсэлт, тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Ш.Наранцэцэг нь Дундговь аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газар 1986 оны 07 сарын 23-наас 1989 оны 03 сарын 20-ны өдөр хүртэл, Дундговь аймгийн Байгаль орчныг хамгаалах газарт 1989 оны 03 сарын 20-ноос 1990 оны 04 сарын 17-ны өдрийг хүртэл, Дундговь аймгийн Нефт баазад 1990 оны 04 сарын 18-наас 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан ба хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. 

  1. Дундговь аймгийн Нийтийн аж ахуйн газраас 1987 оны 07 сарын 20-ны өдөр Шаравын Наранцэцэгт олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт:  ‘’ОСНАА-н газрын даргын 1986 оны 07 сарын 26-ны өдрийн 153 тоот тушаалаар сургууль төгсөж ирсэн тул автограш усан тээврийн ня-богоор томилон ажиллуулав’’ гэж, ‘’НААУГ-ын даргын 1989 оны 03 сарын 20-ны өдрийн 107 тоот тушаалаар өөр ажилд шилжих болсон тул автограшийн ня-богийн ажлаас чөлөөлөв’’ гэж, ’’Байгаль орчныг хамгаалах газрын даргын 1989 оны 03 сарын 25-ны өдрийн 27-р тушаалаар БОХЯам төлөвлөлт удирдлага эдийн засгийн газрын зөвшөөрлийг үндэслэн эдийн засагч боловсон хүчнээр авч ажиллуулав’’гэж, ’’Аймгийн БОХГ-ын даргын 1990 оны 05 сарын 17-ны өдрийн 30 тоот тушаалаар Аймгийн Нефт хангамжийн баазад ня-богоор ажиллах болсон тул тус газрын эдийн засагч боловсон хүчний үүрэгч ажлаас чөлөөлөв ’’ гэж, ’’Нефт баазын даргын 1990 оны 04 сарын 17-ны өдрийн 21 тоот тушаалаар Тооцооны ня-богоор /шатахуун хариуцсан/ авч ажиллуулав’’ гэж, ’’ Дундговь аймгийн Нефт баазын даргын 1995 оны 01 сарын 01-ний өдрийн 05 тоот тушаалаар Ажилтан Ш.Наранцэцэг нь 1995 оны 01 сарын 01-н хүртэл тооцооны ня-богоор ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлж байсныг батлан хаалт хийж, дэвтрийг нь өөрт нь хадгалуулав’’ гэсэн бичилтийг хийжээ. /хэргийн 6-7-р хуудас/
  2. Дундговь аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын даргын 1986 оны 07 сарын 26-ны өдрийн Ажилд томилох тухай тушаалаар: ‘’Аймгийн ардын депутатуудын 1986 оны 7 сарын 23-ны өдрийн 9/1064 тоот зөвшөөрлөөр АҮК-ын ня-богоор томилогдон ирсэн Норов овогтой Наранцэцэгийг 1986 оны 07 сарын 23-наас эхлэн автограш усан тээврийн салбарт ня-богоор томилон ажиллуулав’’ гэжээ.
  3. Дундговь аймгийн Байгаль орчныг  хамгаалах газрын даргын 1989 оны 03 сарын 25-ны өдрийн 27 дугаар тушаал “Ажлаас чөлөөлөх, ажилд авах тухай тушаалын хуулбарт: ‘’4-рт Байгаль, орчныг хамгаалах 1989 оны төлөвлөгөө төсөв, БОХЯамны эдийн засаг төлөвлөлт удирдлагын газрын зөвшөөрлийг үндэслэн тус газрын эдийн засагч, боловсон хүчнээр Шарав овогтой Наранцэцэгийг 3 сарын 20-ноос авч ажиллуулав’’ гэжээ.
  4. Дундговь аймгийн Байгаль орчныг  хамгаалах газрын даргын 1990 оны 05 сарын 17-ны өдрийн 30 дугаар Ажлаас чөлөөлөх, түр шилжүүлэн ажиллуулах, ажилд түр авах тухай тушаалын хуулбарт: ‘’Тус газрын эдийн засагч н.Наранцэцэгийг аймгийн Нефт хангамжийн баазад ня-богоор шилжин ажиллах болсон тул 1990 оны 04 сарын 17-ноор тасалбар болгон ажлаас нь чөлөөлсүгэй’’ гэжээ. 
  5. БНМАУ-ын Зам тээврийн яамны Дундговь аймаг дахь Нефт баазын даргын 1990 оны 04 сарын 17-ны өдрийн 21 дугаар Ажлаас чөлөөлөх ба ажилд авах тухай тушаалын хуулбарт: ‘’2-рт Тооцооны ня-богоор ажиллах хүсэлтээ гаргасан Шарав овогтой Наранцэцэгийг 1990 оны 4 сарын 18-наас эхлэн шатахууны тооцооны ня-бо-гоор ажиллуулав’’ гэжээ.
  6. НБМАУ-ын Нефт импорт хангамжийн нэгтгэлийн харъяа Дундговь аймаг дахь Нефт баазын даргын 1995 оны 01 сарын 04-ний өдрийн 05 дугаар Хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийж эзэдэд нь олгох тухай тушаалын хуулбарт: ‘’Монгол улсын Нийгмийн даагалын багц хуулийг 1995 оны 01 сарын 01-нээс мөрдөх болсонтой холбогдуулан 1995 оны 01 сарын 01-нээр хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийж хааж дэвтрийг эзэдэд нь олгохыг боловсон хүчин /Ж.Баярсайхан/-д үүрэг болгосугай’’ гэжээ.
  7. Дундговь аймгийн Орон сууц, нийтийн аж ахуй газрын даргын 1987 оны 10 сарын 22-ны өдрийн  226 дугаар ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалын хуулбарт: ‘’Ш.Наранцэцэг 1987 оны 10 сарын 20-ны өдрөөс эхлэн жирэмсний амралтаа авсан тул оронд нь Т.Ичинхорлоог түр хугацаагаар автын ня-бо-оор томилсугай’’ гэжээ
  8. Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2017 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 08/19 дугаартай лавлагаагаар: ‘’ Дундговь аймгийн Нефт хангамжийн бааз нь 1978 оны 08 сарын 16-нд байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаад 2010 оны 09 сарын 30-нд Ник Дундговь нефт хангамж болон өөрчлөгдсөн болно’’ гэжээ. /хэргийн 14-р хуудас/
  9. Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2017 оны 01 сарын 13-ны өдрийн 08/34 дугаар лавлагаанд: ‘’Дундговь аймгийн Хот тохижилт нийтийн аж ахуйг трест нь 1991 оны 04 сарын 27-н бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаад 1991 оны 12 сарын 19-нд Ус суваг орон сууц ашигалалтын газар болж өөрчлөгдөн 2003 оны 08 сарын 01-нд Ус суваг Дундговь ХХК, 2005 оны 07 сарын 01-нд Дундговь-Ус ОНӨҮГ болон өөрчлөгдсөн болно’’ гэжээ /хэргийн 29-р хуудас/
  10. Гэрч Б.Отгонтөгс, Д.Ролзодмаа, Б.Цэрэндолгор нарын мэдүүлэг зэрэг болно.

Хүсэлт гаргагч Ш.Наранцэцэгийн Дундговь аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газар 1986 оны 07 сарын 23-наас 1989 оны 03 сарын 20-ны өдрийг  хүртэл, Дунговь аймгийн Байгаль орчныг хамгаалах газарт 1989 оны 03 сарын 20-ноос 1990 оны 04 сарын 17-ны өдрийг хүртэл, Дундговь аймгийн Нефт баазад 1990 оны 04 сарын 18-наас 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч овгийн зөрчилтэй, ажилд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал нь өөрт нь байхгүй буюу устсан, түүнчлэн ажиллаж байх үеийн тушаал нь Дундговь аймгийн Архивын тасгаас зарим  нэг тушаал нь гарч хэрэгт авагдсан байна.

 Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтанд үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Ш.Наранцэцэгийг Дундговь аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газар 1986 оны 07 сарын 23-наас 1989 оны 03 сарын 20-ны өдрийг  хүртэл, Дунговь аймгийн Байгаль орчныг хамгаалах газарт 1989 оны 03 сарын 20-ноос 1990 оны 04 сарын 17-ны өдрийг хүртэл, Дундговь аймгийн Нефт баазад 1990 оны 04 сарын 18-наас 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсныг хэргийн 6-8-р  хуудсанд авагдсан хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 9-13, 30-р хуудсанд авагдсан тушаалын хуулбар зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байгаа бөгөөд хэрэг авагдсан нотлох баримтууд нь гэрчийн мэдүүлэг болон хүсэлт гаргагчийн тайлбар болох нотолгооны хэрэгслээр мөн нотлогдож байна.

Иймд хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж, улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

          

           1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн  133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Манла овогт Шаравын Наранцэцэгийг Дундговь аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт 1986 оны 07 сарын 23-ны өдрөөс 1989 оны 03 сарын 20-ны өдөр хүртэл, Дундговь аймгийн Байгаль орчныг хамгаалах газарт 1989 оны 03 сарын 20-ны өдрөөс 1990 оны 04 сарын 17-ны өдөр хүртэл, Дундговь аймгийн Нефт баазад 1990 оны 04 сарын 18-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-нийг өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

      2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Л.ХИШИГДЭЛГЭР