Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 35

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч: Дундговь аймгийн Хулд суманд 1967 оны 05 сарын 03-нд төрсөн, 50 настай, бүрэн бус дунд боловсролтой, малчин, Дундговь аймгийн Хулд 4-р багт оршин суух, Чойдорж овогт Лхамын Отгонтуяагийн ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2016 оны 12 сарын 21-ний өдөр хүлээн авч, 2016 оны 12 сарын 27-ны өдөр 139/2017/00009/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Л.Отгонтуяа, нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Хүсэлт гаргагч Л.Отгонтуяа шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1967 онд төрсөн, 50 настай. Улсад 22 жил ажилласан. Үүнээс 1983-1990 он хүртэл Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдэлд мал маллаж байсан. Тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэр тамга, тэмдгийн зөрчилтэй тул хамт ажиллаж байсан хүмүүсийн мэдүүлэг, цалингийн тодорхойлолт зэрэг баримтыг үндэслэн 1983 оны 07 сарын 25-наас 1990 оны 12 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдэлд ажилласан жилийг тогтоож өгнө үү гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

           Хүсэлт гаргагч Л.Отгонтуяа нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг гаргажээ.

            Л.Отгонтуяа нь Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдлийн Булаг бригадад 1983 оны 07 сарын 15-наас 1990 оны 12 сарын 31-нийг дуустал хоньчноор ажиллаж байсан болох нь:  

           Дундговь аймгийн архивын тасгийн 2016 оны 11 сарын 15-ны өдрийн 241 тоот тодорхойлолт,          

           Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2016 оны 12 сарын 19-ны өдрийн 08/603 тоот албан бичиг,

           Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдлийн даргын 1983 оны 06 сарын 25-ны өдрийн 21 дугаартай “Илгээлтийн хүүхдийг ажилд томилох” тухай тушаалын хуулбар,

           Л.Отгонтуяагийн Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдлээс 1983 оны 06 сарын 25-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

           Дундговь аймгийн Хулд сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 11 сарын 30-ны өдрийн 3/849 дугаартай албан бичиг,

           Л.Отгонтуяагийн 1984 оны 1-7 сар, 10-12 сар, 1986 оны 1-12 сар, 1987 оны 1-12 сар, 1989 оны 1-12 сар, 1990 оны 1-12 саруудад авч байсан цалингийн тооцооны баримт,

           Гэрч  Ш.Хандсүрэнгийн “...Л.Отгонтуяа нь 1983 оноос 1992 оныг дуустал Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдэлд малчнаар ажилласан. Одоо ч малчин. Бид нэг дор, нэг усанд нутагладаг байсан юм. Л.Отгонтуяа малд нүдтэй сайн малчин байсан” гэх мэдүүлэг,

Гэрч Ц.Лхамсүрэнгийн “...Л.Отгонтуяа нь Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдлийн Бүлээн бригадад 1983-1990 оныг дуустал буюу нэгдэл тартал малчин байсан. Бага мал малладаг байсан юм. Би Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдлийн Бүлээн бригадад 1961-1990 он хүртэл малчин байсан. Нэг бригадын малчид байсан учраас ажиллаж байсан байдлыг нь сайн мэддэг” гэх мэдүүлэг,

Гэрч Д.Цэрэнпагмын “...Л.Отгонтуяа нь 1983-1990 оныг дуустал Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдэлд малчин байсан. Төллөх мал малладаг байсан юм. Би  Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдлийн Бүлээн бригадад 1973-1991 он хүртэл малчин байсан. Нэг дор, нэг усны малчид байсан учраас ажиллаж байсан байдлыг нь сайн мэддэг. Залуу улс гэхэд ажилтай, сайн малчин байсан” гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

             1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Чойдорж овогт Лхамын Отгонтуяа /ЗМ67050302/-ийн Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдлийн Булаг бригадад 1983 оны 07 сарын 15-наас 1990 оны 12 сарын 31-нийг дуустал хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.  

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Л.Отгонтуяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

             3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                 Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ