Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 36

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч: Дундговь аймгийн Дэрэн суманд 1960 оны 11 сарын 05-нд төрсөн, 56 настай, дээд боловсролтой, биологийн багш мэргэжилтэй, “Гэрэлт ирээдүй номын өргөө” төрийн бус байгууллагад багш ажилтай, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 3-р хороо, Бага нарангийн 45-2-8 тоотод оршин суух Боржигин овогт Алтангэрэлийн Наранцэцэгийн ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2017 оны 01 сарын 10-ны өдөр хүлээн авч, 2017 оны 01 сарын 17-ны өдөр 139/2017/00034/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч А.Наранцэцэг, нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Хүсэлт гаргагч А.Наранцэцэг шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1960 онд төрсөн, 56 настай. Миний бие 1980 оны 07 сарын 15-наас 1983 оны 08 сарын 01-н хүртэл Дундговь аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын гутлын тасагт гуталчнаар ажиллаж байсан. Ажлаас гарсан тушаал байхгүй учир хамт ажиллаж байсан хүмүүсийн мэдүүлэг, Мандалговь хотын ахуй үйлчилгээний Комбинатын даргын тушаал, Үйлдвэрчний эвлэлийн батлах, Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн батлах, хөдөлмөрийн дэвтэр, баярын бичиг, залуучуудын гавшгайч бригадын гишүүний гэрчилгээ, хамт ажиллаж байсан хүмүүсийн гэрэл зураг зэрэг баримтыг үндэслэн 1980 оны 07 сарын 15-наас 1983 оны 08 сарын 01-н хүртэл Дундговь аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын гутлын тасагт гуталчнаар ажилласан жилийг тогтоож өгнө үү гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

           Хүсэлт гаргагч А.Наранцэцэг нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг гаргажээ.

            А.Наранцэцэг нь Дундговь аймгийн Мандалговь хотын ахуй үйлчилгээний комбинатад 1980 оны 07 сарын 15-наас 1983 оны 08 сарын 01-нийг хүртэл гутлын тасагт гуталчнаар ажиллаж байсан болох нь:  

           А.Наранцэцэгийн Дундговь аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газраас 1989 оны 07 сарын 15-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

           А.Наранцэцэгийн №118133 дугаартай Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн төв хорооны бат илэрхийлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

           А.Наранцэцэгийн №462403 дугаартай Монголын Үйлдвэрчний Эвлэлийн гишүүний бат илэрхийлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

           Дундговь аймгийн Мандалговь хотын ахуй үйлчилгээний комбинатын даргын 1980 оны 12 сарын 08-ны өдрийн 437 дугаартай тэтгэмж олгох тухай тушаалын хуулбар,

           А.Наранцэцэгийн 1981, 1982 онуудад авч байсан Баярын бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

           А.Наранцэцэгт 1988 оны 05 сарын 18-ны өдөр олгосон Залуучуудын гавшгайч бригадын гишүүний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

           Гэрч  Ц.Цэрэндолгорын “...А.Наранцэцэг нь Дундговь аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын гутлын тасагт 1980 оны 7 сарын 15-нд ажилд орж 1983 оны 8 сарын 1-н хүртэл гуталчнаар ажилласан. Би Дундговь аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын гутлын тасагт 1966-1994 он хүртэл гуталчнаар ажиллаад тэтгэвэрт гарсан. Хэрэгт авагдсан зургуудын тухайд эхний зураг нь 1982 оны зураг байна. Манай залуу ажилчдын зураг байна. Техник мэргэжлийн сургуулийг дөнгөж төгсч ирээд манай гутлын тасагт орж ирж байсан залуучууд байна. Баруун гар талаас хоёр дахь нь А.Наранцэцэг байна. Дараагийн гурвуулаа авхуулсан зурган дээр баруун гар талынх нь А.Наранцэцэг, голынх нь Ж.Сүрэнжав нар байна” гэх мэдүүлэг,

Гэрч Ж.Сүрэнжавын “...А.Наранцэцэг нь 1980 оны 7 сараас Дундговь аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын гутлын тасагт гуталчин байсан. 1983 он хүртэл гуталчнаар ажилласан. Ажлаас гарсан сар, өдрийг нь сайн мэдэхгүй байна. Би Дундговь аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын гутлын тасагт 1980-1997 он хүртэл гуталчнаар ажилласан. Хэрэгт авагдсан зургуудын тухайд гутлын тасгийн ажилчдын зураг байна. Эхний зурагны баруун гар талаас хоёр дахь нь А.Наранцэцэг байна. Дараагийн гурвуулаа авахуулсан зураг нь Дундговь аймгийн Адаацаг сумын Сүм хөх бүрдийн амралтын газар амарч байхдаа авхуулсан зураг байна. Баруун гар талынх нь А.Наранцэцэг, голынх нь би, зүүн гар талд нь О.Энхцэцэг байна” гэх мэдүүлэг,

Гэрч Ц.Тогтохбаярын “...А.Наранцэцэг бид 10-н жилийн сургуулиа хамт төгсөөд 1980 оны 7 сараас илгээлтээр Дундговь аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын гутлын тасагт гуталчнаар орж ажилласан. А.Наранцэцэг 1983 он хүртэл гуталчнаар ажиллаж байгаад 1983 оны намар ажлаасаа гарч сургуульд явсан. Би Дундговь аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын гутлын тасагт 1980-1990 он хүртэл гуталчнаар ажилласан. А.Наранцэцэг ажил төрөлдөө их сайн байсан. Нормын ажлаа хийж байх хугацаандаа шалгалтанд бэлддэг, норм төлөвлөгөөгөө давуулан биелүүлдэг байсан. Хэрэгт авагдсан зургуудын тухайд гутлын тасгийн ажилчдын зураг байна. 1980-1981 оны зураг байна. Эхний зурагны баруун гар талаас нэг дэх нь би байна, хоёр дахь нь А.Наранцэцэг, зүүн гар талаас А.Наранцэцэгийн багш Дашзэвгэ байна. Дараагийн гурвуулаа авахуулсан зураг нь Дундговь аймгийн Адаацаг сумын Сүм хөх бүрдийн амралтын газар амарч байхад авхуулсан зураг байна. Баруун гар талынх нь А.Наранцэцэг, Ж.Сүрэнжав, О.Энхцэцэг нар байна” гэх мэдүүлэг, гэрэл зургууд зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Боржигин овогт Алтангэрэлийн Наранцэцэг /ХЙ60110506/-ийн Дундговь аймгийн Мандалговь хотын ахуй үйлчилгээний комбинатад 1980 оны 07 сарын 15-наас 1983 оны 08 сарын 01-нийг хүртэл гутлын тасагт гуталчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.  

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч А.Наранцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

             3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                 Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ