Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 522

 

     2020       06          30                                   2020/ШЦТ/522

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,

            улсын яллагч Ц.Хулан,

            шүүгдэгч  Т.Н , түүний өмгөөлөгч П.Тамир нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цоолоо овгийн Т.Н од холбогдох эрүүгийн 1811018780579 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Цоолоо овгийн Т.Н , 1993 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 6-61 тоотод оршин суух хаягтай боловч Баянзүрх дүүрэг 25 дугаар хороо Гангарын 70-24 тоотод түр оршин суух,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2012 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 204 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, регистрийн дугаар,

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Т.Н  нь 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Байгаль орчин аялал жуулчлалын яамны гэрээт ажилтнаар ажиллаж байхдаа түүнд итгэмжлэн хариуцуулж өгсөн тус байгууллагын өмчлөлийн 2.047.700 /хоёр сая дөчин долоон мянга долоон зуу/ төгрөгийн үнэлгээ бүхий 7D марк 2 загварын зургийн аппарат, 1.054.380 /нэг сая тавин дөрвөн мянга гурван зуун ная/ төгрөгийн үнэлгээ бүхий Дэлл /Dell/ i7 маркийн зөөврийн компьютер, 2.061.518 /хоёр сая жаран нэгэн мянга таван зуун арван найм/ төгрөгийн үнэлгээ бүхий Осмо ОМ160 загварын хөдөлгөөнт дүрс бичигч камер зэргийг завшиж бусдад нийт 5.163.598 /таван сая нэг зуун жаран гурван мянга таван зуун ерэн найм/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.       

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т.Н  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “… намайг тус ажлыг хийж байхад аавын минь бие муудаад яаралтай мөнгөний хэрэг гараад тухайн зургийн аппарат, зөөврийн компьютер  зэргийг ломбардад тавьчихсан, уг мөнгийг аавынхаа эмчилгээнд зарцуулсан. Байгууллагын эд зүйлийг хувьдаа ашиглаж болохгүй мэдэж байсан. Хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Хохирлыг төлсөн. Хөнгөн ял шийтгэж өгнө үү...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр ирүүлсэн 03/4403 дугаартай албан бичиг, түүний хавсралт /хх 28-35/,

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ирүүлсэн 05/7398 дугаартай албан бичиг /хх 37/,

“Дамно” хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн ЧД2-20-343 дугаартай дүгнэлт /хх 53-54/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Сарангоо нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2018 оны 2 дугаар сарын 6-ны өдрөөс эхлэн Төгсбаяр овогтой Нямтогтох гэх залууг гэрээт ажилтнаар ажилд авсан юм. Тэгээд уг Т.Н  гэх залууд ажилд нь хэрэглэгдэх тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өгсөн байсан юм. Т.Н  нь 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс хойш ажилдаа ирэхээ болиод холбоо барьж чадаагүй юм. Тухайн үед Т.Н  албаны тоног төхөөрөмж болох 7D марк 2 загварын зургийн аппарат, Dell I7  маркийн зөөврийн компьютер, модем, LP брэндийн камерын батарей, Осмо ОМ160 загварын хөдөлгөөнт дүрс бичигч камер... эд зүйлсийг дур мэдэн авч явж хувьдаа завшсан байсан юм...”, “...уг модемыг 2017 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр хэрэглэх үед тухайн хариуцуулан ажиллаж байсан багийнхан 3 модем авчирч ашиглаж байсан юм. Тэгээд сонгуулийн ажил дуусаад дахин хэрэглэхгүй гээд надад 1 модемыг үлдээгээд явсан. Тэрийг би өөрийн хувийн хэрэглээнд зарцуулж байсан. Сүүлд Нямтогтохыг ажилдаа ашигла гээд өгсөн. Манай байгууллагын өмч, эд зүйл биш миний эд зүйл байсан юм. Уг модем нь 2017 онд ашиглаж байсан. Тэгээд ч би хэрэглэхгүй болохоороо Нямтогтоход өгсөн тул надад ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Dell m7dr загварын дүрс гаргагч проектор 1 ширхгийг уг нь Нямтогтоход хүлээлгэн өгөөгүй, гэхдээ эд зүйлс алга болоход хамт алга болсон болохоор Нямтогтохыг сэжиглэсэн. LP брэндийн камерын батарей 1 ширхэг нь байгууллагын 5d mark 2 камерт ашигласан, шилжүүлсэн гэх асуудлыг манай байгууллагаас хүлээн зөвшөөрч байна, 5d mark 2 камерын батарей муудаад сольсон байх боломжтой...” гэх мэдүүлэг /хх 43-46/,

Шүүгдэгч Т.Н  нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...надад сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна... тухайн үед ажиллаж байхад надад хариуцуулж өгсөн хэвлэлийн албаны тоног төхөөрөмжүүд болох Canon 7D mark 2 загварын камер, Осма Пласс загварын мэргэжlийн камер, Dell загварын I7 үзүүлэлттэй 2 дугаар үеийн зөөврийн компьютер, юнител группээс гаргадаг гэр интернэт төхөөрөмж /модем/ зэргийг авч яваад...”, “...Осма ЛП батарейг нь байгууллагын 5D mark 2 загварын камерын батарейны хүчин чадал дэмжигч төхөөрөмж /grip/-д дотор байгаа. Мөн Делл загварын проекторыг бол өрөөнөөс алга болсон гэж бодож байна. Тухайн үед би проекторыг авч яваагүй... Делл загварын проекторыг надад анхнаасаа хариуцуулж, дансалж өгсөн зүйл байхгүй. Би тухайн проекторыг ашиглаж байгаагүй. Хэзээ яаж, хэрхэн алга болсон талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх 135-138/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 70-71/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 68/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /66/, шүүгдэгч Т.Н од холбогдох шийтгэх тогтоолын хуулбар /хх 121-126/, хохирол барагдуулсан баримт, хохирогч Р.Сарангоогийн гомдол саналгүй гэх хүсэлт зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Т.Н  нь 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Байгаль орчин аялал жуулчлалын яамны гэрээт ажилтнаар ажиллаж байхдаа түүнд итгэмжлэн хариуцуулж өгсөн тус байгууллагын өмчлөлийн 2.047.700 /хоёр сая дөчин долоон мянга долоон зуу/ төгрөгийн үнэлгээ бүхий 7D марк 2 загварын зургийн аппарат, 1.054.380 /нэг сая тавин дөрвөн мянга гурван зуун ная/ төгрөгийн үнэлгээ бүхий Дэлл /Dell/ i7 маркийн зөөврийн компьютер, 2.061.518 /хоёр сая жаран нэгэн мянга таван зуун арван найм/ төгрөгийн үнэлгээ бүхий Осмо ОМ160 загварын хөдөлгөөнт дүрс бичигч камер зэргийг завшиж бусдад нийт 5.163.598 /таван сая нэг зуун жаран гурван мянга таван зуун ерэн найм/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр ирүүлсэн 03/4403 дугаартай албан бичиг, түүний хавсралт /хх 28-35/, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ирүүлсэн 05/7398 дугаартай албан бичиг /хх 37/, “Дамно” хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн ЧД2-20-343 дугаартай дүгнэлт /хх 53-54/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Сарангоогийн “...2018 оны 2 дугаар сарын 6-ны өдрөөс эхлэн Төгсбаяр овогтой Нямтогтох гэх залууг гэрээт ажилтнаар ажилд авсан юм. Тэгээд уг Т.Н  гэх залууд ажилд нь хэрэглэгдэх тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өгсөн байсан юм. Т.Н  нь 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс хойш ажилдаа ирэхээ болиод холбоо барьж чадаагүй юм. Тухайн үед Т.Н  албаны тоног төхөөрөмж болох 7D марк 2 загварын зургийн аппарат, Dell I7  маркийн зөөврийн компьютер, модем, LP брэндийн камерын батарей, Осмо ОМ160 загварын хөдөлгөөнт дүрс бичигч камер... эд зүйлсийг дур мэдэн авч явж хувьдаа завшсан байсан юм...”, “...уг модемыг 2017 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр хэрэглэх үед тухайн хариуцуулан ажиллаж байсан багийнхан 3 модем авчирч ашиглаж байсан юм. Тэгээд сонгуулийн ажил дуусаад дахин хэрэглэхгүй гээд надад 1 модемыг үлдээгээд явсан. Тэрийг би өөрийн хувийн хэрэглээнд зарцуулж байсан. Сүүлд Нямтогтохыг ажилдаа ашигла гээд өгсөн. Манай байгууллагын өмч, эд зүйл биш миний эд зүйл байсан юм. Уг модем нь 2017 онд ашиглаж байсан. Тэгээд ч би хэрэглэхгүй болохоороо Нямтогтоход өгсөн тул надад ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Dell m7dr загварын дүрс гаргагч проектор 1 ширхгийг уг нь Нямтогтоход хүлээлгэн өгөөгүй, гэхдээ эд зүйлс алга болоход хамт алга болсон болохоор Нямтогтохыг сэжиглэсэн. LP брэндийн камерын батарей 1 ширхэг нь байгууллагын 5d mark 2 камерт ашигласан, шилжүүлсэн гэх асуудлыг манай байгууллагаас хүлээн зөвшөөрч байна, 5d mark 2 камерын батарей муудаад сольсон байх боломжтой...” гэх мэдүүлэг /хх 43-46/, шүүгдэгч Т.Н ын  “...надад сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна... тухайн үед ажиллаж байхад надад хариуцуулж өгсөн хэвлэлийн албаны тоног төхөөрөмжүүд болох Canon 7D mark 2 загварын камер, Осма Пласс загварын мэргэжlийн камер, Dell загварын I7 үзүүлэлттэй 2 дугаар үеийн зөөврийн компьютер, юнител группээс гаргадаг гэр интернэт төхөөрөмж /модем/ зэргийг авч яваад...”, “...Осма ЛП батарейг нь байгууллагын 5D mark 2 загварын камерын батарейны хүчин чадал дэмжигч төхөөрөмж /grip/-д дотор байгаа. Мөн Делл загварын проекторыг бол өрөөнөөс алга болсон гэж бодож байна. Тухайн үед би проекторыг авч яваагүй... Делл загварын проекторыг надад анхнаасаа хариуцуулж, дансалж өгсөн зүйл байхгүй. Би тухайн проекторыг ашиглаж байгаагүй. Хэзээ яаж, хэрхэн алга болсон талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх 135-138/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Иймд шүүгдэгч Т.Н ыг бусдын итгэмжлэн хариуцсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Хохирол төлбөрийн хувьд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Сарангоо нь 5.163.598 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Т.Н  нь 6.200.000 төгрөгийг хохирогчид төлж хохирлыг бүрэн барагдуулсан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Сарангоо нь “...гомдол, санал байхгүй...” гэх тул шүүгдэгч Т.Н ыг бусдад төлөх төлбөргүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг арилсан гэж дүгнэв.

Шүүгдэгч Т.Н од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Мөн шүүхээс шүүгдэгч Т.Н од эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал буюу учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан үзэж, түүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх боломжтой гэж дүгнээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч Т.Н од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Шүүгдэгч нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулав.

Мөн шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг тайлбарлав.

Шүүгдэгч Т.Н од нь энэ хэрэгт 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл нийт 36 хоног цагдан хоригдсон, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Цоолоо овгийн Т.Н ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцсан эд хөрөнгийг завшиж бусдад нийт 5.163.598 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Т.Н од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н  нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг тайлбарласугай.

5. Шүүгдэгч Т.Н  нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт нийт 36 хоног цагдан хоригдсон, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.Н од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Т.Н ыг шүүх хуралдааны танхимаас сулласугай. 

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Н од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ХАЛИУН