Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 37

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч: Дундговь аймгийн Өлзийт суманд 1957 оны 09 сарын 10-нд төрсөн, 59 настай, бүрэн бус дунд боловсролтой, мал зүйч мэргэжилтэй, Мобиком, Юнитель, Жи-Мобайл сүлжээний гэрээт ажилтай, Дундговь аймгийн Өлзийт сумын 5-р баг, Рашаантын 8-3 тоотод оршин суух Жадамба овогт Дашжидийн Сумъяагийн ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2017 оны 01 сарын 06-ны өдөр хүлээн авч, 2017 оны 01 сарын 13-ны өдөр 139/2017/00028/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Д.Сумъяа, нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Хүсэлт гаргагч Д.Сумъяа шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1974 онд Дундговь аймгийн Өлзийт сумын 8-н жилийн сургуулийн 7-р анги төгсөөд илгээлтээр Дундговь аймгийн Өлзийт сумын 2 дугаар таван жил нэгдлийн Дэрт бригадад малчин болсон. Эцэг эхийн хамт мал маллаж байгаад 1976 онд цэргийн албанд яваад 1979 оны 06 сарын 18-нд цэргийн албанаас халагдаж ирээд Дундговь аймгийн Өлзийт сумын 2 дугаар таван жил нэгдэлд малчин, хэвлэл тараагчаар 1985 оны 10 сар хүртэл ажилласан. Тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй, архивт холбогдох тушаал шийдвэр нь байхгүй байгаа тул хамт ажиллаж байсан хүмүүсийн мэдүүлэг, цалингийн баримт зэргийг үндэслэн 1974 оны 08 сарын 01-нээс 1976 оны 07 сарын 15-н, 1979 оны 08 сарын 01-нээс 1985 оны 10 сарын 01-н хүртэл Дундговь аймгийн Өлзийт сумын 2 дугаар таван жил нэгдэлд малчин, хэвлэл тараагчаар ажилласан жилийг тогтоож өгнө үү гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

           Хүсэлт гаргагч Д.Сумъяа нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг гаргажээ.

            Д.Сумъяа нь Дундговь аймгийн Өлзийт сумын 2 дугаар таван жил нэгдэлд 1974 оны 08 сарын 01-нээс 1976 оны 07 сарын 15-н, 1979 оны 08 сарын 01-нээс 1985 оны 10 сарын 01-н хүртэл малчин, хэвлэл тараагчаар ажиллаж байсан болох нь:  

           Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2017 оны 01 сарын 05-ны өдрийн 08/14 тоот албан бичиг,

           Монгол Улсын Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2008 оны 08 сарын 12-ны өдрийн 95 дугаартай архивын лавлагааны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

           Дундговь аймгийн Өлзийт сумын Засаг даргын Тамгын газрын 2017 оны 01 сарын 05-ны өдрийн 02/02 дугаартай тодорхойлолт,

           Дундговь аймгийн Өлзийт сумын 2 дугаар таван жил нэгдлийн даргын 1982 оны 09 сарын 20-ны өдрийн 28 дугаартай тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

           Д.Сумъяагийн Дундговь аймгийн Өлзийт сумын 2 дугаар таван жил нэгдлээс олгосон №462 дугаартай, 1970 оны хөдөлмөрийн дэвтэр,

           Д.Сумъяагийн Дундговь аймгийн Өлзийт сумын 2 дугаар таван жил нэгдлээс 1981 оны 01 сарын 24-ний өдөр олгосон, 1980 оны хөдөлмөрийн дэвтэр,

           Д.Сумъяагийн 1974 оны 7, 8 сар, 1976 оны 4, 7 сар, 1979 оны 7, 10, 11 сар, 1980 оны 7, 8, 9, 11 сар, 1981 оны 1, 2, 4, 5, 6, 11 сар, 1982 оны 9, 11, 12 сар, 1983 оны 12 сар, 1984 оны 1, 11, 12 сар, 1985 оны 2, 5, 9, 10 саруудад авч байсан цалингийн тооцооны баримт,

           Гэрч  Б.Ганбатын “...Д.Сумъяа 1974 онд 7-р анги төгсөөд Дундговь аймгийн Өлзийт сумын Хоёрдугаар таван жил нэгдлийн Дэрт бригадад илгээлтээр гарч малчин болсон юм. Мөн хэвлэл тараадаг байсан. 1976-1979 онд цэрэгт явсан. 1979 онд цэргээс ирээд мөн тус нэгдэлд малчин болсон. 1985 он хүртэл малчин байсан юм. Тэгээд сургуульд явсан юм. Дундговь аймгийн Өлзийт сумын Хоёрдугаар таван жил нэгдлийн Дэрт бригадын дарга нь манай аав Л.Бадарчин гэдэг хүн байсан юм. Д.Сумъяа тус бригадын малчин, хэвлэл тараагч байсан юм. Тийм учраас Д.Сумъяагийн ажиллаж байсан байдлыг мэднэ” гэх мэдүүлэг,

Гэрч Д.Сайнбилэгийн “...Д.Сумъяа нь манай хоёр ахтай нэг ангид сурдаг байсан юм. Д.Сумъяа нь манай хоёр ахтай 1974 онд 7-р анги төгсөөд Дундговь аймгийн Өлзийт сумын Хоёрдугаар таван жил нэгдлийн Дэрт бригадад илгээлтээр гарч малчин болсон. 1976 онд Д.Сумъяа нь манай том ах болох Ц.Баярбаатартай цэрэгт явж байсан. 1979 онд цэргээс халагдаж ирсэн. 1979 онд цэргээс ирээд мөн тус нэгдэлд малчин, хэвлэл тараагчаар ажиллаж байсан. 1985 он хүртэл малчин, хэвлэл тараагчаар ажиллаж байгаад сургуульд явсан юм. Нэг нутаг, манай ахтай нэг анги, найзууд, нэгнийдээ байнга орж гардаг, нэг бригадын улсууд учраас ажиллаж байсан байдлыг нь мэднэ” гэх мэдүүлэг,

Гэрч Ж.Төрбатын “...Д.Сумъяа Дундговь аймгийн Өлзийт сумын Хоёрдугаар таван жил нэгдлийн Дэрт бригадад 1974 онд 7-р анги төгсөөд илгээлтээр гарч хоньчин болсон. Мөн хэвлэл тараагч хийдэг байсан. 1976-1979 онд цэрэгт явсан. 1979 онд цэргээс ирээд 1985 он хүртэл малчин байсан юм. Би 1974-1977 он хүртэл Дундговь аймгийн Өлзийт сумын Хоёрдугаар таван жил нэгдэлд малчин байсан. 1978-1990 он хүртэл Дундговь аймгийн Өлзийт сумын Худалдаа бэлтгэлийн ангид жолоочоор орж ажилласан. Нэг нутаг усны хүмүүс учраас ажиллаж байсан байдлыг нь мэднэ” гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Жадамба овогт Дашжидийн Сумъяа /ЗИ58021511/-ийн Дундговь аймгийн Өлзийт сумын 2 дугаар таван жил нэгдэлд 1974 оны 08 сарын 01-нээс 1976 оны 07 сарын 15-н, 1979 оны 08 сарын 01-нээс 1985 оны 10 сарын 01-н хүртэл малчин, хэвлэл тараагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.  

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Сумъяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

             3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                 Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ