Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 38

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 6-р хороо, 30-р байр 17 тоотод оршин суух Мангуд овогт Гэндэнпэлийн Оюунжаргалын ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2017 оны 01 сарын 16-ны өдөр хүлээн авч, 2017 оны 01 сарын 23-ны өдөр 139/2017/00038/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оюунчимэг, нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Хүсэлт гаргагч Г.Оюунжаргал шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1967 онд төрсөн. Улсад 20 жил ажилласан. Үүнээс Дундговь аймгийн Мандалговь хотын Худалдаа бэлтгэлийн трестийн албан газрын худалдагчаар 1986 оны 01 сарын 01-нээс 1991 оны 10 сарын 15-ны өдрийг хүртэл ажиллаж байсан. Тухайн үеийн ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй учир хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрчүүдийн мэдүүлэг зэргийг үндэслэн 1986 оны 07 сарын 01-ний өдрөөс 1991 оны 10 сарын 15-ны өдөр хүртэл Дундговь аймгийн Мандалговь хотын Худалдаа бэлтгэлийн трестийн албан газрын худалдагчаар ажилласан жилийг тогтоож өгнө үү

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оюунчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай эгч Г.Оюунжаргал нь 1986-1991 он хүртэл Дундговь аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд ажиллаж байсан юм. Энэ хугацаанд ажиллаж байсан боловч ажлаас гарсан тушаал нь байхгүй байгаа учраас тус шүүхээр 1986-1991 он хүртэлх ажилласан жилээ тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

           Хүсэлт гаргагч Г.Оюунжаргал нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг гаргажээ.

            Г.Оюунжаргал нь Дундговь аймгийн Мандалговь хотын Худалдаа бэлтгэлийн трестэд 1986 оны 07 сарын 01-нээс 1991 оны 10 сарын 15-н хүртэл албан газрын худалдагчаар ажиллаж байсан болох нь:  

           Дундговь аймгийн архивын тасгийн 2017 оны 01 сарын 13-ны өдрийн 17 тоот тодорхойлолт,

           Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2017 оны 01 сарын 13-ны өдрийн 08/35 тоот албан бичиг,

           Дундговь аймгийн Мандалговь хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1986 оны 07 сарын 08-ны өдрийн 87 дугаартай “Ажилд томилох” тухай тушаалын хуулбар,

           Г.Оюунжаргалын №159973 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

           Д.Тунгалагийн №642735 дугаартай Монголын Үйлдвэрчний Эвлэлийн гишүүний бат илэрхийлэх,

           Гэрч  Х.Мөнх-Эрдэнийн “...1986 онд бид сургуулиа төгсөж ирээд Дундговь аймгийн Мандалговь хотын Худалдаа бэлтгэлийн трестэд би худалдагчаар, Г.Оюунжаргал няраваар ажилд орсон. Г.Оюунжаргалтай 2002 он хүртэл хамт ажилласан. Дундговь аймгийн Мандалговь хотын Худалдаа бэлтгэлийн трестэд Г.Оюунжаргал 1991 оныг дуустал худалдагчаар ажилласан. Хамт ажиллаж байсан учраас ажиллаж байсан байдлыг нь сайн мэднэ” гэх мэдүүлэг,

Гэрч Д.Буянжаргалын “...Намайг 1990 онд сургуулиа төгсөж ирээд Дундговь аймгийн Мандалговь хотын Худалдаа бэлтгэлийн трестэд орж ажиллахад Г.Оюунжаргал няраваар ажиллаж байсан. 1991 оныг дуустал няраваар ажилласан. Г.Оюунжаргалын ажилд орсон он, сар, өдрийг мэдэхгүй байна. Намайг ороход л ажиллаж байсан. Хамт ажиллаж байсан учраас ажиллаж байсан байдлыг нь сайн мэднэ. Г.Оюунжаргал дадлага туршлагатай, хамт олондоо нэр хүнтэй байсан” гэх мэдүүлэг,

Гэрч Т.Оюунчимэгийн “...Би 1987 онд сургуулиа төгсч ирээд Дундговь аймгийн Мандалговь хотын Худалдаа бэлтгэлийн трестэд орж ажиллахад Г.Оюунжаргал няраваар ажиллаж байсан. 1991 оныг дуустал няраваар ажилласан. Г.Оюунжаргал надаас өмнө нэг жилийн өмнө буюу 1986 онд тус худалдаа бэлтгэлийн трестэд орж ажилласан. Хамт ажиллаж байсан учраас ажиллаж байсан байдлыг нь сайн мэднэ. Г.Оюунжаргалын тооцоог би боддог байсан юм. Г.Оюунжаргал ажилдаа маш сайн нярав байсан. Нярав сайн байвал нагтлангийн ажил хөнгөрдөг байсан. Их хариуцлагатай сайн нярав байсан. Хамт олондоо нэр хүндтэй байсан” гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Мангуд овогт Гэндэнпэлийн Оюунжаргал /ЗЮ67020501/-ын Дундговь аймгийн Мандалговь хотын Худалдаа бэлтгэлийн трестэд 1986 оны 07 сарын 01-нээс 1991 оны 10 сарын 15-н хүртэл албан газрын худалдагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.  

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Оюунжаргалын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

             3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                 Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ